МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2022-05-04
Дугаар 4
Улаанбаатар хот
Магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Ц.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр магадлалыг эс зөвшөөрч шүүгч Ц.Б-ийн гаргасан гомдлоор, Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б, шүүгч Н.Д, Т.М-Э нарт холбогдох сахилгын хэргийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр магадлалын 1 дэх заалтаар: Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, Т.М-Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгыг хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д заасныг баримтлан Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгч Ц.Б сахилгын хороонд гаргасан гомдолдоо: “...Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 111 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаан ирүүлсэн, дээрх хэргийг тухайн үед мөрдөгдөж байсан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0247 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ын 5.1-д заасны дагуу Шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оронд давж заалдах шатны шүүхийн тоймын дарааллаар системээс гараар надад хуваарилагдсан, мөн дахин хэлэлцүүлэхээр буцаасан Ш.Э-ийн нэхэмжлэлтэй хэргийн оронд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг надад тус тус хуваарилагдсан байх бөгөөд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг надад хэрхэн хуваарилагдсан талаар холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг аваагүй. Тус шүүхэд ашиглаж байгаа Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг 2013 оноос нэвтрүүлж, ашиглаж ирсэн бөгөөд тус шүүхэд ашиглаж байгаа дээрх программ нь хуульд заасан “шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан” байдлаар хуваарилах техникийн боломжгүйгээс давах болон хяналтын шатны шүүхээс тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн хэрэг шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу системээс гараар надад хуваарилагдсан. Тодруулбал уг программ нь давах болон хяналтын шатны шүүхээс тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн хэргийг тоймын дарааллаар гараар хуваарилах тохируулгатай бөгөөд ийнхүү санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамжийн /техникийн/ боломжгүйгээс шалтгаалж, Шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан дээрх хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу надад хуваарилсныг уг хэргийг зориуд санаатайгаар өөр дээрээ авсан мэтээр буруутгасан нь огт үндэслэлгүй байна. Миний бие нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд энэ талаар тайлбар, холбогдох хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг хавсаргаж хүргүүлсэн, мөн Сахилгын хорооны хуралдаанд өөрийн биеэр оролцож, энэ талаарх тайлбар, холбогдох хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтээ дэмжиж тайлбар гаргасан бөгөөд миний энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, энэхүү магадлалд “системээс надад гараар хуваарилсан” талаарх миний тайлбар, холбогдох нотлох баримтыг огт авч үзээгүй, энэ талаар магадлалд дүгнэлт хийгээгүй атлаа илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд заасан “давж заалдах шатны шүүхээс хянагдсан хэргийн шийдвэр хүчингүй болж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн хэргийг хуваарилахдаа гараар хуваарилсан байх бөгөөд шүүгч Ц.Б-ийн “системээс надад хуваарилагдсан болно” гэж тайлбарласантай зөрж байгаа нь шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангаагүйгээс иргэдэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг үүсгэх байдлыг бий болгосон” гэж дүгнэснийг үндэслэл бүхий байна гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ. Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна”, 105.2.3-т “сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч ... томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах”, 106 дугаар зүйлийн 106.1-д “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар илтгэгч гишүүн хуульд заасан энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Б.Т-ийн нэхэмжлэлтэй хэргийн хуваарилалтад би оролцоогүй, шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг хуваарилах журмыг санаатай зөрчсөн үйлдэл гаргаагүй, хуульд заасан зөрчлийн шинжийн санаатай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүгч намайг Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан “ энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, сахилгын шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2- т “...шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д заасан “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх ...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Магадлалын тодорхойлох хэсэгт Сахилгын хорооны хуралдаанд миний гаргасан хэрэг хуваарилах дараалал, журмыг зөрчөөгүй талаарх тайлбар, хүсэлтийг огт бичээгүй, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дугаар магадлал нь хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 113 дугаар зүйлийн 113.8.2-т зааснаар миний гомдлыг бүхэлд нь хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр магадлалын зарим хэсэг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд...” гэж заасныг хангаагүй байна.
Илтгэгч гишүүн “...шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан журмын 5.1-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж шийдвэр хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хуваарилахгүй бөгөөд “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлд”-д бүртгэж, мөн адил хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан шүүгчид гараар хуваарилна” гэж заасан бөгөөд тамгын газрын зүгээс 7 хоног бүр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шүүхийн шийдвэр хянагдсан байдлын талаар тойм гаргаж, уг тоймын дагуу хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн шүүгчид дахин хэлэлцүүлэх хэрэг хуваарилагддаг байна. ...дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг хуваарилахдаа гараар хуваарилсан байх бөгөөд шүүгч Ц.Б-ийн “системээс надад хуваарилагдсан болно” гэж тайлбарласантай зөрж байгаа нь шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдах нөхцөлийг хангаагүйгээс иргэдэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг үүсгэх байдлыг бий болгосон...” гэж дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-д заасан “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” зөрчлийг гаргасанд тооцож нотлох дүгнэлт үйлджээ.
Харин Сахилгын хорооны хуралдааны магадлалд илтгэгч гишүүний дүгнэлтэд тусгаагүй үндэслэлээр буюу “Дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг /хүчингүй болсон хэргийг/ хуваарилсан бүртгэлийн дэвтрийн 24-рт иргэн Б.Т-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газарт холбогдох хэргийг, 25-рт “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Ц.Б шүүгчид тус тус дараалан хуваарилсан зэргээс үзвэл дээрх хуулийн урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хэргийг хуваарилах гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.5.3-т “үндэслэх хэсэгт нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналын талаар хууль зүйн үндэслэл, нотлогдсон байдлын талаар заах” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох” 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг шүүгч гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчсөн тохиолдолд хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчил болох бөгөөд харин уг журам хуульд заасан урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хэргийг хуваарилах зарчмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0247 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол /дүгнэлт/, хүсэлт /өргөдөл/, хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ын 5.1-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж шийдвэр хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хуваарилахгүй бөгөөд “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлд”-д бүртгэж, мөн адил хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан шүүгчид давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тоймын дарааллаар системээс гараар хуваарилна...” гэж заасныг шүүгч санаатай зөрчсөн байхыг ойлгох бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтооход шалгах ажиллагааг чиглүүлэх учиртай.
Зүй нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021.03.22-2021.03.26-ны өдөр хүртэл шийдвэр хянагдсан байдлын талаарх тоймоос үзвэл шүүгч Ц.Б-ийн шийдвэрлэсэн Ж.Н-ын нэхэмжлэлтэй, “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүд хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан байх бөгөөд уг хэргүүдийн оронд давж заалдах шатны шүүхийн тоймын дарааллаар Б.Т-ийн нэхэмжлэлтэй болон “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг дээрх журмын 5.1-д зааснаар хуваарилж “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэл”-ийн 24 болон 25 дугаарт бүртгэсэн эсэхийг тогтоох, хэрэв ийнхүү хуваарилсан нь журмын 5.1-д заасныг зөрчсөн бол санаатай зөрчсөн шүүгчийн гэм бурууг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох хангалттай нотлох баримт бүрдээгүй, журмын 5.1-д зааснаар хуваарилсан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй байхад уг алдааг Сахилгын хорооны хуралдаанаас зөвтгөлгүй, нотлох дүгнэлтэд дурдсан үндэслэлээс өөр шалгагдаж тогтоогдоогүй үндэслэл заан сахилгын шийтгэл оногдуулсан байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд шүүгч Ц.Б-ийн гомдлыг хангаж, магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Харин Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, Т.М-Э нарт болон шүүгч Ц.Б-д холбогдох бусад гомдлын тухайд зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хуульд тусгайлан заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН