МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-08
Дугаар 260
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“М ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...“М ф ББСБ” ХХК болон “Б К” ХХК нар нь “С г” ХХК-тай 2018 оны 11 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул 2020 оны 12 сарын 07-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр нийт 944,033,334 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “И” ХХК-ийн эзэмшлийн газар болох барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд уулзаж ярилцсаны үр дүнд 2021 оны 03 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар хариуцагч “С г” ХХК болон “И” ХХК нартай эвлэрч, хуульд нийцсэн эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгч Д.Д 2021 оны 03 сарын 22-ны өдөр 00679 дугаартай захирамжаар баталсан. 2022 оны 07 сарын 08-ны өдөр ерөнхий шүүгч Д.Д 12389 дугаартай захирамж гаргаж, дээр дурдсан талуудын эвлэрлийг баталсан 2021 оны 03 сарын 22-ны өдрийн өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгосон. Ингэхдээ Б.Э гэх өмгөөлөгчийн 2022 оны 06 сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэж, тус хэргийн хариуцагч “И” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсгийг удирдлага болгож, урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д нь ашиг сонирхлын зөрчилтэйгөөр 2022 оны 07 сарын 08-ны өдөр 12389 дугаартай захирамж гаргасан байж болзошгүй тухайд: Тус хэрэгт хүсэлт гаргасан өмгөөлөгч Б.Э нь хэрэгт хамааралгүй этгээд бөгөөд иргэн Ц.М-ыг төлөөлж буй итгэмжлэлээ өгсөн байдаг. Шүүгч Д.Д нь хэргийн зохигч биш, “И” ХХК-г төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 07 сарын 08-ны өдөр 12389 дугаартай захирамж гаргахдаа “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэсэн талаараа дурддаг. Эндээс шүүгч Д.Д нь мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан гэж харагдахаар байгаа хэдий ч бидний авсан албан бус мэдээллээр өмгөөлөгч Б.Э болон шүүгч Д.Д нар нь танилын, найзын, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц харилцаатай гэж ойлгосон. Түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн ажиллагаа нь өөрөө хариуцагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ыг хувь иргэний хувьд төлөөлж буй Б.Э-тай нэг ашиг сонирхолтой гэж хардах дараах нөхцөл байдлууд үүсээд байна. Б.Э нь “И” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй, төлөөлж байгаа гэдгийг нотлох итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байхад шүүгч Д.Д Б.Э-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасан "илт үндэслэл муутай" гэсэн үндэслэлээр урьд гаргасан өөрийн захирамжийг хүчингүй болгож байгаа нь шүүгч зориудаар хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж байна гэж ойлгож болохоор байна. Хэрвээ хариуцагч “И” ХХК нэхэмжлэлийг гардаж аваагүй бол энэ нь шүүгчийн хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа болохоос шүүгч талуудын байгуулсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг хүчингүй болгох үндэслэл гэж үзэхгүй байна. Хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэргийг удаашруулах зорилготой гэдэг нь илт тодорхой байсан бөгөөд шүүгч Д.Д-ийн зүгээс энэхүү эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгож байгаа үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг удаашруулах, дахин эхлүүлэх, хүүгүй эх үүсвэр бүрдүүлэн, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хариуцагчийн зорилгод нийцүүлсэн үйлдэл гэж хардаж байна. 2022 оны 08 сарын 09-ний өдөр бидэнд Д.Д шүүгчийн 2022 оны 07 сарын 08-ны өдөр гаргасан 12389 дугаартай захирамжийн талаар шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн. Энэхүү захирамж нь барьцаа хөрөнгийн анхны дуудлага худалдаа зарлагдсан өдрөөр огноолж, барьцаа хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдсаны дараа албажин гарч байгаа нь тохиолдлын зүйл биш, зориудаар хугацааг тааруулсан байх магадлалтай гэж бид үзэж байна. 2022 оны 8-р сарын 17-ны байдлаар гэхэд бидний зүгээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 12389 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргахаар шүүхийн байранд очиход ... дүүргийн мэдээллийн программд “М Ф ББСБ” ХХК болон “Б К” ХХК нарын нэхэмжлэлтэй “С г” ХХК, “И” ХХК нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээгдээгүй, үүний улмаас гомдлыг бүртгэх боломжгүй байсан. Энэ талаар ерөнхий шүүгчийн туслах Д.А-д хэлж Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээлгэх хүсэлт хүргүүлсэн ба манай зүгээс гомдлоо хугацаандаа гаргасан талаар тэмдэглэл үйлдүүлэхээр шүүгчийн туслах болон шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд хандахад тэмдэглэл үйлдэхээс татгалзсан. Энэ талаараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг зөвшөөрөх үед манай гомдлыг бүртгэж, тэрхүү өдрөөр гомдол гаргасан гэж тооцно гэж хэлсэн. Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас эрх ашиг маань зөрчигдөж байгаа талаар тус шүүхийн тамгын газарт хандсаны эцэст мэдээлэл лавлагааны ажилтнаар гомдол хүлээж авсан он сарыг тэмдэглүүлж үлдээсэн. Ийм нөхцөл байдалтай байхад хэргийн материалд хариуцагч “И” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан баримт байхгүй байгаа нь хүртэл эргэлзээ төрүүлсээр байна. Нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.Д нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, захирамж гаргахдаа хууль хэрэглээний алдааг зориудаар гаргасан байж болзошгүй, өмгөөлөгч Б.Э-тай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц харилцаатай байж болзошгүй зэрэг нь шүүгч Д.Д-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл...” 50.1.28 дахь хэсэг “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй" гэсэн шүүгчид хориглосон заалт, тус хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн алдаа гаргасан байж болзошгүй юм. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-ийн дээр дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй үйлдлийг шалгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгч Д.Д Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...“М ф ББСБ” ХХК, “Б к” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тойргийн журмаар шүүгч надад хуваарилагдсан бөгөөд нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хуульд зааснаар хариуцагч нарыг дуудаж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг ерөнхий шүүгчийн туслах О.А явуулсан ба анхан шатны аль ч шүүхэд шүүхийн процесс ажиллагааг шүүгчийн туслах бие даан явуулдаг. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч “С г” ХХК, “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэлийн хувь гардаж авахаар шүүхэд ирсэн ба хариуцагч нарын төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулах үед “С г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, “И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, “С г” ХХК-ийн итгэмжлэлийг авчирч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байдаг. Тухайн үед төлөөлөгч нь “И” ХХК-аас итгэмжлэл авч чадсангүй, захирал нь байхгүй байгаад гарын үсэг зуруулж чадсангүй, маргааш юм уу нөгөөдрөөс аваад ирье. Нэгэнт шүүхэд ирснийх аль алийг нь гардаад авчихъя гэж манай туслахад хэлээд нэхэмжлэл гардуулсан хоёр ширхэг баримтад тус тусад нь гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед “С г” ХХК, “И” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэлийн хувийг гардан авсан байна. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах тэр үед Дэлхий дахинд дэгдэж байсан шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал Монгол Улсад идэвхтэй тархаж байсан бөгөөд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Улсын Онцгой комиссоос гаргасан цар тахлын эсрэг авах арга хэмжээний дагуу тус шүүх ч мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байсан. Тухайн цаг үед хэргийн оролцогчдыг шүүхэд олон удаа ирүүлэх, дахин дахин явуулах нь эрсдэлтэй гэж үзэж, Г.Г-ын “И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм авчирсныг үзэж, итгэмжлэлээ 2-3 хоногийн дараа авч ирье гэсэн түүний үгэнд итгэж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хоёр тал эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна гэж шүүгчийн туслах гэрээг надад танилцуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг хуулийн этгээдүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох “М ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С, “Б к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, “С г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г, “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М нар гарын үсгээ зурсан, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байсан. Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг тэдний шүүхэд ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргээс харж, төлөөлөх эрхтэй этгээдүүд эвлэрч гарын үсгээ зурсан байна, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Тухайн үед шүүгчийн туслах О.А хоёр хариуцагч нь нэг ашиг сонирхолтой, нэг нь зээл авсан, нөгөө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан этгээд ба энэ нь нэхэмжлэлээс ч харагддаг, хоёр хариуцагч нэг төлөөлөгч томилсон, гардуулах ажиллагаа хийгдсэн эвлэрлийн гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, тамгаа дарсан байна гэж танилцуулж, улмаар миний бие эвлэрлийн гэрээг батлах болсон юм. Шүүгчийн туслах хэргийн нэг хариуцагч болох “И” ХХК-аас итгэмжлэлийг нөхөж аваагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа алдаатай болсон. Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г эвлэрлийн гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан бол итгэмжлэлийг дахин харж, алдааг засах боломж тэр үед гарах байсан ба энэ нь шүүгч өөрийгөө зөвтгөж байгаа асуудал биш гэдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Үүний дараа хариуцагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргасны дагуу шүүх хэргийг архиваас татаж, нэгэнт “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийг төлөөлж, нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч итгэмжлэлийг хэлсэн ёсоор өгөөгүйгээс шүүх процессын алдаагаа засах нь зүйтэй гэж хэргийг хүчингүй болгосон болно. “М ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э буюу тухайн хэрэгт хамааралгүй этгээдийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байх боломжтой гэх агуулгаар гаргасан гомдлын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “... Энэ хуулийн 123.1-т заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно ...” гэж заасан ба шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хүсэлтийн дагуу бус шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаагаа залруулж, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирамжаа хүчингүй болгосон нь шүүгч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамааралтай, уг хэрэгт ашиг сонирхлын зөрчил бий болсон гэж үзэхгүй юм.” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд, “М ф ББСБ” ХХК, “Б к” ХХК нь “С г” ХХК, “И” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 994,033,331 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/16724 дугаар захирамжаар тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулснаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00679 дүгээр захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгоод 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2021/06201 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00679 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байх бөгөөд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12389 дүгээр захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч талаас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дээрх захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШТ2022/00459 дүгээр тогтоолоор хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн байна.
Нэг. Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон эсэхийг шалгахад: Өмгөөлөгч Б.Э-г 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр дуудан ирүүлж, Ерөнхий шүүгч Д.Д-тэй найз нөхөд, садан төрлийн холбоо болон ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдүүлэг авахад, тус шүүгчтэй найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй, мөн шүүгч Д.Д-ийн шийдвэрлэсэн хэргийн шүүх хуралдаанд сүүлийн 5 жилийн хугацаанд оролцоогүй гэх мэдүүлгийг тус тус өгсөн бөгөөд тайлбарын дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1416 дугаартай албан бичгээр лавлагаа авахад “...2020-2022 он хүртэлх хугацаанд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-ийн шийдвэрлэсэн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Э оролцсон маргаан байхгүй” гэх хариуг ирүүлсэн. Мөн холбогдох шүүгч тайлбартаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-тай хамааралгүй, уг хэрэгт ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” ойлгох бөгөөд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэлээр өөрийн гаргасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь тус шүүгчийг хүсэлт гаргасан этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Хоёр: Ц.М нь “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн эсэх, тэрээр тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдсан эсэхийг тодруулахад: Холбогдох иргэний хэрэгт “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, /2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Ц.М-ыг гүйцэтгэх захирлаар томилсон/, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд “И” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар гүйцэтгэх захирал Ц.М тус тус бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан байна.
Гурав. Нэхэмжлэл хариуцагчид гардуулсан талаар: Иргэний хэрэгт үзлэг хийхэд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/16724 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-т нэхэмжлэл гардуулсан байна. Энэ тухай шүүгчийн туслах гэрчийн мэдүүлэгтээ “... Тухайн цаг үе нь корона вируст цар тахлын үе байсан бөгөөд, хэргийн оролцогчдыг шүүхэд олон удаа ирүүлэх, дахин дахин явуулах нь эрсдэлтэй гэж үзэж, мөн Г.Г нь шүүхэд ирсэн дээрээ нэгмөсөн 2 хариуцагчийн нэхэмжлэлийг гардаж авъя, “И” ХХК-ийн захирал гадагшаа явсан учир итгэмжлэлд гарын үсэг зуруулж чадсангүй гээд “И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм авчирсныг үзэж, итгэмжлэлээ 2-3 хоногийн дараа авчиръя гэсэн түүний үгэнд итгэж нэхэмжлэлийн хувийг гардуулсан” гэсэн бөгөөд тухайн иргэний хэрэгт нэхэмжлэл гардуулсан тухай 2 баримтад Г.Г гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан, итгэмжлэлийг нөхөж авчирч өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2 хуулийн этгээдийг хариуцагчаар тодорхойлжээ. Мөн дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна, 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, 67.1.2-т “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах” гэж мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж зааснаар хариуцагчид нэхэмжлэл гардуулах нь иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн хийх ажиллагаанд хамаарч байна. Гэтэл Ерөнхий шүүгч Д.Д 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулахдаа өөрийн туслахаар дамжуулан 2 хариуцагчтай хэргийн нэг хариуцагч буюу “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гардуулж, харин “И” ХХК-д гардуулах нэхэмжлэлийг хуульд заасан төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулаагүй байна. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй гэх хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байх бөгөөд эрх зүйн үйлчлэл нь Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн /2014 онд батлагдсан/ 3.3 дугаар зүйлийн 1. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан зөрчлийг гаргажээ. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл, мэдээлэл гишүүдэд хуваарилагдсан тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэх бөгөөд Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “ Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “М ф ББСБ” ХХК, “Б к” ХХК нарын нэхэмжлэлтэй “С г” ХХК, “И” ХХК-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 994,033,334 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 00679 дүгээр захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06201 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12389 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00679 дүгээр захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх захирамжийг гаргасан ерөнхий шүүгч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэгч “М ф ББСБ” ХХК гомдол гаргаж, үндэслэлээ “... хариуцагч “И” ХХК нэхэмжлэлийг гардаж аваагүй нь шүүгчийн хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа болохоос хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш, хууль хэрэглээний алдааг зориудаар гаргасан, хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, өмгөөлөгч Б.Э-тай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй” гэж тодорхойлжээ.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан нь тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт бөгөөд тухайн шүүгч “С г” ХХК, “И” ХХК-д холбогдох хэргийн нэг хариуцагчид нэхэмжлэл гардуулах ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нөхцөл байдлыг “илт үндэслэл муутай” гэдэгт хамааруулан тайлбарлаж хууль хэрэглэсэн энэ тохиолдолд шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх Сахилгын хороонд олгогдоогүй.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь тухайн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч, хуулиар нэрлэн заасан зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ үүссэн нөхцөл байдал болон хуулийг тайлбарлаж, өөрийн захирамжаа илтэд үндэслэл муутай гэх үндэслэлээр хүчингүй болгох эрх олгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг хуулийн илт тодорхой заалт гэж үзэхгүй.
Харин хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж гарсан эрхийн актад гомдол гаргах хэлбэрээр алдааг залруулах боломжтой байдаг бөгөөд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШТ2022/00459 дүгээр тогтоолоор ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00679 дүгээр захирамжид гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Мөн шалгах ажиллагааны явцад шүүгчийг өмгөөлөгч Б.Э-тай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Дээрхийг нэгтгэвэл өргөдөл мэдээлэлд дурдсан үндэслэл нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.28, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл болохгүй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр. “М ф ББСБ” ХХК, “Б к” ХХК нарын нэхэмжлэлтэй “С г” ХХК, “И” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах нь хариуцагч “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Г-т 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гардуулсан нь холбогдох хуулийг зөрчсөн талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Иймд хариуцагч “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэл гардуулсан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх боловч дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан тул сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүнийн саналыг хүлээн авч, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.Давхарбаяр
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн