info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-11-08

Дугаар 16

Улаанбаатар хот

Магадлалыг хүчингүй болгож,  дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.У-ийн гомдлоор, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар магадлалын 1 дэх заалтаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26,  57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл, 2 дахь заалтаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т “огцруулах” сахилгын шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгч Д.У сахилгын хороонд гаргасан гомдолдоо: “...30 жил Нийслэлийн ... дүүргийн шүүхийн шүүгчээр тасралтгүй, ямар нэг алдаа зөрчилгүй ажиллаж, хамт олон шүүхийн төлөө ямагт манлайлан, ажлыг зохион байгуулж гүйцэтгэж ирсэн шүүгчийг зөвхөн огцруулах сонирхлоор гүтгэж доромжилж ямар нэг аргаар огцруулах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Шүүгчийн үг, хүсэл зориг юу ч биш болгож байгаад дэндүү муухай байна. Миний бие 2022 оны 1 сарын 03-наас одоог хүртэл хүнд өвчний улмаас шаналж ухаангүй байхад хүртэл гар утсанд мессеж явуулчхаад хуралддаг, шийтгэл ногдуулдаг. Хүнд өвчтэй байгаа тул хөл дээрээ босож ажилдаа орж тайлбар баримт бүрдүүлэх боломжтой болох хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгөх, мөн өөрт холбогдох хэргүүдийг нэгтэн шалгуулахаар хүсэлтээ бичгээр хүргүүлэхэд энэ хурлыг даргалах дарга нь би өөрөө байна, хүсэлтийг чинь хүлээж авч хангаж өглөө гэж хэлж, хүлээн авсан мөртлөө 27-ны өдөр хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргачхангуутаа хуралдаж огцруулах шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэж байна. Өвчтэй хүн учраа хэлж баримт явуулахаар огт дурсахгүй, үнэлэлгүйгээр, эзгүйд шийдүүлэх хүсэлт явуулсан гэж биччихээд шийтгэл ногдуулж байгааг хуульч хүний хувьд хэлэх үг олдохгүй байна. Би тийм хүсэлт явуулаагүй. Хурал даргалагчийн хэргийг түдгэлзүүлж өгөх, мөн хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг минь хүлээн авч танилцаад биеэрээ хэлж, хүсэлтийг хүлээн авч хангалаа гэж хэлснийг сонсоод, баярлаж, 27-ны өдөр өнчин тархины имрай шинжилгээ хийлгэж энэ тухайгаа тус хорооны ажилтанд харин хүнээр мессеж бичүүлж хүргүүлсэн. Тус сахилгын хороо өөрөө өвчтэй гэсэн үндэслэлээр ажиллагааг түдгэлзүүлсэн мөртлөө энэ хугацаанд тайлбар баримт гаргах боломжтой гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Нүд харж чадахгүй, дуу цаашаа орчихоод байгаагаа баримтаа хүргүүлж учраа ойлгуулж бичсэнийг шууд эсрэг дүгнэсэн. Шүүхийн ажлыг хаяад, зугтаж алга болсон, хамаг хэргийг хаана хэнд байгаа нь тодорхойгүй, өгөхгүй шүүхийн өрөө сейф цоожлоод алга болсон этгээд болох хэний ч утсыг авахгүй, олдохгүй байсан Үүрийнтуяаг олж аваад гэрчлүүлээд, тэр этгээдийн үгээр буруутгаж дүгнээд байгааг үл зөвшөөрч байна. Шүүхийн тамгын газраас энэ этгээд хэрхэн ажиллаж байсан, ямар хуурамч амлалт өгч ажил унагаж ажлыг удаашруулан, холион бантан болгож байсан нь харин хангалттай баримт тамгын газарт байгаа. Хэргийн хөдөлгөөн данс хаалтыг туслах хийх байтал огт хийдэггүй, үүн дээрээ сахилгын арга хэмжээг тамгын газраас удаа дараа авч байсан. Би ажлаа хийхгүй хаяж явах бус хамаг хүчээ шавхан илүү их олон цагаар ажиллаж байсан боловч амьдралд тохиолдсон зовлон өвчин шаналлаас сэтгэл зүйн хүнд цохилтод орсноос гараас ажил гарахгүй болж, хий ачаалал ихтэй хүнгүй болсон үед чөлөөлөгдөж түвдэлгүй ажилласнаас өөрийгөө л асуудалд оруулсан. Хувийн шалтгаанаар чөлөө авч байгаагүй /ээжийгээ асарч л 11 хоног чөлөө авсан/ 35 жил ажиллаж ирсэн. Ухаантай ухаангүй хүнд байсан ч би чадлаараа тайлбар хүсэлт гаргаж хүргүүлж байсан. Аль ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт гар дээр өгөхгүй, е-mongolia-аас лавлагаагаа ав гээд байгаа ч лавлагаа орохгүй байгаа тул өрхийн эмнэлэг, Улсын төв 2-р эмнэлэг болон Гэмтлийн эмнэлгийн хариуцаж эмчилж байгаа эмч нараас учирлаж магадалгаа авснаа тус хороонд хүргүүлсэн, одоо ч тодорхойлолтууд е-mongolia-д ороогүй байна. Хэрэв ингэж хүнд өвдөөгүй байсан бол би ийм байдалд орохгүй, өөрөө хэрэг баримттайгаа танилцан, хуралдаа бэлтгэж орох байсан. Би хүний ажилд саад болохгүйг хичээж, буцаах баримтыг дуугүй л гарын үсэг зураад явуулж байсан. Би насаараа хүний амьдралын ээдрээ маргааныг гагцхүү хуулийн үндэслэлээр эрх зүйн дүгнэлт гаргаж ирсэн ба өвчин гачигдалтай хүний асуудлыг аль болох бүрэн мэдээлэл өгч ойлгуулж байж маргааныг эцэслэн шийдвэрлэсээр ирсэн. Миний нурууны гэмтлээс өндийж суух, хөл гишгэх хөдөлж чадахгүй, бие тэнхрэхгүй дуу ч гарахгүй, дээр нь нүд харахгүй үнэхээр хэцүү байгаагаа учирлаж байсан. Байгаа баримтаа чадлаараа цуглуулж үнэн учраа хэлж бичиж явуулсан, одоо надад эмчийн үзлэгийн дэвтэр ч алга, мэс заслын гэрэл зураг ч үлдээгүй, байгаа баримтуудаа хүргүүлсэн, гэтэл үнэлсэнгүй. Иймд миний гомдлыг хянаж, үндэслэлгүй буруутгаж шийтгэж гарсан 206 дугаар магадлал, хүсэлт шийдсэн тогтоолыг хүчингүй болгож, надад өөрт холбогдох сахилгын хэргийн ажиллагаанд оролцох эрх боломжийг олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар магадлал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд...” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өргөдөл гаргагч Н.Д-ийн 2022 оны  01 дүгээр сарын 19-ний өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т холбогдуулан “...нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 3 сар гаран шүүхийн шийдвэрээ авч чадалгүй шүүхийн үүд сахиж шүүгчийн туслахтай хэрэлдэж, аргаа барж шүүгчтэй уулзах хүсэлт гаргасан боловч намайг хүлээн авч уулзахгүй хэр нь миний шийдвэрийг гаргаж өгөхгүй зугтаагаад одоо туслах нь хүртэл утсаа огт авахгүй байгааг ойлгохгүй байна” гэх агуулгаар гаргасан гомдолд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 487 дугаар захирамжаар  сахилгын хэрэг үүсгэжээ.

Шалгах ажиллагааны явцад Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 548 дугаар захирамжаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т 2020, 2021, 2022 онуудад хуваарилагдсан нэхэмжлэл, иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хугацаа, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан хугацаа, шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан баримтыг иргэний хэрэг тус бүрээр хугацаагаар нь, мөн шүүгчийн ажлын цагийн бүртгэлийг тус тус нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлэх”-ийг даалгасан байх ба ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 251 дүгээр албан бичгээр 2020, 2021, 2022 онуудын ажлын цагийн бүртгэлээс бусад  баримтуудыг ирүүлсэн байна.

 Илтгэгч гишүүн нь дээрх нотлох баримтууд болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асууж авсан гэрчийн мэдүүлгүүд, шүүгч Д.У-т холбогдуулан сахилгын хороонд гаргасан өргөдөл мэдээллийг шийдвэрлэсэн байдал, урьд хэд хэдэн удаа сахилгын шийтгэл ногдуулсан байдлыг  үнэлээд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаартай нотлох дүгнэлт үйлдсэн байх ба дүгнэлтдээ “...шүүхийн шийдвэр гарснаас хойш 46 хоногийн дараа нэхэмжлэгч Н.Д гардан авсан нь тогтоогдож байх хэдий ч шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан 14 хоногийн хугацааг удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар зөрчиж байгаа нь холбогдох  нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой их хэмжээний зөрчлүүд илэрсэн..., ...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хугацаа хэтрэлттэй шийдвэрийг түүвэрлэн үзэхэд 2020-2021 онуудад нийт 441 хэрэг шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулах хуулийн хугацааг 30 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн 218 хэрэг байгаагаас 46 хэргийн шийдвэрийг 60-243 хүртэлх хоногоор хэтрүүлэн гардуулсан, ...одоог хүртэл шийдвэрийг бичгээр үйлдэж, хэргийн оролцогчдод гардуулаагүй 23 хэрэг байна, ...шүүгч Д.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэх заалтыг удаа дараа зөрчиж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д зөрчил гэж тодорхойлсон хэдий ч шийдвэр гаргах хугацааг удаа дараа зөрчиж буй үйлдэл нь хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах гэж шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдэд эдийн болон цаг хугацааны хувьд хүндрэл, чирэгдэл учруулж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж буй үйлдэл” гэжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасан тул шалгах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийн шинжтэй үйл баримтыг шалгах бүрэн эрх илтгэгч гишүүнд хуулиар олгогдсон гэж үзнэ.

Харин “...тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн 55.1-д заасан сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээлэл /цаашид "өргөдөл, мэдээлэл" гэх/-ийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасантай нийцүүлбэл шалгах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийн шинжтэй үйл баримтад тухайлан сахилгын хэрэг үүсгэж, сахилгын хэргийг үүсгэсний дараа хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан ажиллагаа хийгдэнэ гэж ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдсон шүүгчид шалгах ажиллагааны явцад илэрсэн өөр зөрчилд сахилгын хэрэг үүсгэн, үүсгэсэн захирамжаа гардуулж, шинэ зөрчилтэй холбогдуулан сахилгын хэргийн оролцогчид тайлбар гаргах, нотлох баримт өгөх боломж олгох нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан сахилгын хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх үндэслэл болно.

Гэтэл иргэн Н.Д-ийн өргөдөлд сахилгын хэрэг үүсгэсэн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 487 дугаар захирамжийг шүүгчийн туслах Д.А-аар дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн, шүүгч Д.У 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гардан авч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байх ба өөр ямар нэг зөрчилд сахилгын хэрэг үүсгээгүй байна.

Иймд сахилгын хэргийн оролцогч шүүгч нь “2020-2021 онуудад шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулах хуулийн хугацааг 30 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн 218 хэрэг байгаагаас 46 хэргийн шийдвэрийг 60-243 хүртэлх хоногоор хэтрүүлэн гардуулсан, ...одоогийн байдлаар шийдвэрийг бичгээр үйлдэж, хэргийн оролцогчдод гардуулаагүй 23 хэрэг байгаа” гэх зөрчилд буруутгагдаж байгаа талаараа мэдээгүй гэж үзэх ба энэ тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлсэн, 105 дугаар зүйлийн 105.2-т заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй.

Сахилгын хорооны хуралдаанаас дээрх алдааг залруулаагүй атлаа илтгэгч гишүүний Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх зөрчилд буруутгасан нотлох дүгнэлтийн хэмжээнээс хальж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “огцруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгч Д.У-ийн “...өөрт холбогдох сахилгын хэргийн ажиллагаанд оролцох эрх боломжийг олгож өгнө үү” гэх гомдлын зарим хэсгийг хангаж магадлалыг хүчингүй болгон, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.3, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасугай.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хуульд тусгайлан заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Г.Цагаанцоож

ГИШҮҮН                                                               Д.Эрдэнэчулуун