МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-28
Дугаар 18
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ж.Н-ийн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Б, Д.Э нарт холбогдуулан 2022 оны ... дугаар сарын 4 -ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн 2022 оны ... дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад, гишүүний 2022 оны ... дүгээр сарын 7-ны өдрийн 13.. дугаартай захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны .. дүгээр сарын 6-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд иргэн Ж.Н нарын хариуцагч "...-20” СӨХ, Э.А нарт холбогдуулан гаргасан "...-20” СӨХ-ийн 201... оны ..9 дүгээр сарын ...1-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын ...4-ний өдрийн 17... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2 дахь заалтаар Э.А-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, 4 дэх заалтаар шийдвэрийн 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж, 5 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны ... дугаар сарын ...8-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг ... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ... дугаар сарын 5-ны өдрийн 006... дугаар захирамжаар “давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн өдрөө буюу 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр “2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 17... дугаар шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт” гаргасныг шүүгч А.Б 2022 оны ... дугаар сарын 8-ны өдрийн 109... дугаар захирамжаар хангахаас татгалзсан, уг захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх, хүчингүй болгуулах хүсэлтийг үндэслэн 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 134... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, шийдвэрт гомдол гаргах хугацааг 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрөөс 10 хоногоор тогтоосон, энэ захирамжид нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хянаад ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 002... дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
... давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2022 оны ... дүгээр сарын ...6-ны өдөр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгч Д.Э 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 140... дугаар захирамжаар хангаж, хугацааг сэргээж шийдвэрлэсэн, уг захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 158... дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэ захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянаад ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын.1-ний өдрийн 002... дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээр дурдсан захирамжуудыг гаргасан ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Б, Д.Э нарт холбогдуулан нэхэмжлэгч Ж.Н гомдол гаргаж, үндэслэлээ “... шүүгч А.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрт тодорхой бичигдсэн байхад ямар нэг захирамж гарсан байна, түүнд гомдол гаргах эрх зөрчигдсөн мэтээр хийсвэрээр хандсан, эхний хүсэлт, хоёр дахь хүсэлт хоёрын утга агуулга нь өөр байхад нэг утга агуулга бүхий хүсэлт гэж үзэж гомдол гаргах хугацааг сэргээн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүгч Д.Э нь шүүгч А.Б-ын 134... дугаар захирамжид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцэх хурал хийгдээгүй, захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад хуулийн үндэслэлгүй давж заалдах хугацааг сэргээж хариуцагч нарт ашигтай байдлаар хувийн сонирхлоор хандсан, урд нь миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан төдийгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан” гэж тодорхойлжээ.
Шүүгч А.Б-д холбогдох гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 17... дугаар шийдвэрийн 4 дэх заалтад дээр дурдсан хуулийн зохицуулалтаар гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэсэн, ийнхүү заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрт бүхэлд нь бус, зөвхөн 2 дахь заалтад гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгч А.Б хүлээн авч 2022 оны ... дугаар сарын 8-ны өдрийн 109... дугаар захирамжаар “... шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан атлаа, 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 134... дугаар захирамжаар “...2 дахь заалтад мөн өдрөөс 10 хоногийн дотор буюу 2022 оны ... дугаар сарын 3-ны өдрийн дотор гомдол гаргах 10 хоногийн хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүсэлт гаргасан байжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлтийг шийдвэрлэхдээ хангахгүй орхисон нь илт үндэслэл муутай болсон” гэж дүгнээд 109.. дугаар захирамжид өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй байна.
Гэвч ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 002... дүгээр тогтоолоор “...10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээ үгүйсгэж илт үндэслэл муутай болсон гэсэн дүгнэлт хийсэн нь тодорхой бус, эргэлзээ бүхий байна” гэж дүгнээд 134... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүгч А.Б-ыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд зохигч талууд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж хянуулах боломжтой төдийгүй алдааг залруулсан энэ тохиолдолд “ноцтой” зөрчил гаргасан гэж үзэхгүй, “удаа дараа” байх хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг өөр хуулийн зохицуулалттай хамтатган хэрэглэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг давхардуулан олгосноос хэргийн оролцогчдод ойлгомжгүй байдал үүсгэсэн, өөр өөр гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гарах шалтгаан нөхцөл болсныг шүүх цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгч Д.Э-д холбогдох гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, 120.3-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 006... дугаар захирамжаар “давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2022 оны ... дүгээр сарын 6-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргасны дагуу шүүгч Д.Э 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 140... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 158 ... дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид гаргасан гомдлыг хянаад тухайн шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 1-ний өдрийн 002 ... дүгээр тогтоолоор “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэж захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь зөв ...” гэж дүгнээд хэвээр үлдээсэн байх тул шүүгч Д.Э-г хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, хариуцагчид хувийн ашиг сонирхлоор хандсан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, шүүгч Д.Э 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 140... дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэхдээ шүүгч А.Б-ын өөрчлөлт оруулсан 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 134... дугаар захирамжийг дурдахаас гадна “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны ... дугаар сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрийг Монгол шуудангаас хүлээн авч, улмаар давж заалдах гомдлоо 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр шуудангийн салбарт хүлээлгэн өгсөн болох нь хүлээлгэн өгсөн дугтуй дээрх Монгол шуудангийн огноо бүхий дардсаар нотлогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ хугацаа сэргээлгэх хүсэлтдээ “... Шүүгчийн туслахаас “Шүүхийн шийдвэрээ авъя” гэхээр шүүгч эмнэлэгт хэвтсэн байгаа тул шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарахаар хэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заагдсан хугацаанд шийдвэр албажиж гараагүй болно. Шүүгч эмнэлгээс гарч ажилдаа ороод шүүхийн шийдвэрээ албажуулж 2022 оны ... дугаар сарын 3-ны өдөр баталгаат шуудангаар хариуцагчийн төлөөлөгчийн гэрийн хаягаар хүргүүлсэн байна. ... Миний бие шүүхийн шийдвэрийг шуудангаас 2022 оны ... дугаар сарын 7-ны өдөр 19 цаг 55 минутад гардан авсан ...” гэж тайлбарлаж байна” гэж дүгнэн гол үндэслэлээ болгосон байх тул өргөдөлд дурдсан “шүүгч А.Б-ын 134.. дугаар захирамжид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцэх хурал хийгдээгүй, захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад хуулийн үндэслэлгүй давж заалдах хугацааг сэргээсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, холбогдох хуулийг хэрэглэсэн нь зөв буруу эсэхэд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй билээ.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2022 оны ... дүгээр сарын 6-ны өдөр, ... дүгээр сарын 3-ны өдөр, мөн 17... дугаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2022 оны ... дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч шүүх хүлээн авсан дардас дарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул өргөдөлд дурдсан “хариуцагчийн төлөөлөгч нараас хүсэлт гаргасан гэж нөхөн хийлгэсэн” гэх үндэслэлд шүүгч нарыг буруутгах боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчид холбогдох өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд өргөдөлд дурдсан архивч Н.М-д холбогдох гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Б, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Д.Э тайлбартаа: “... Шүүгч Д.Э миний бие уг хэргийн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2022 оны ... дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянаад 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдөр 18../Ш32022/140... дугаартай “Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх тухай” шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж буюу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн. Гомдол гаргах хугацааг сэргээсэн үндэслэл нь “... шүүгч Э.А эмнэлгээс гарч ажилдаа ороод шүүхийн шийдвэрээ албажуулж 2022 оны ... дугаар сарын 3-ны өдөр баталгаат шуудангаар хариуцагчийн төлөөлөгчийн гэрийн хаягаар хүргүүлсэн байна. ... Миний бие шүүхийн шийдвэрийг шуудангаас 2022 оны ... дугаар сарын 7-ны өдөр 19 цаг 55 минутад гардан авсан .., ... улмаар давж заалдах гомдлоо 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр шуудангийн салбарт хүлээлгэн өгсөн ...” гэх түүний тайлбар, Монгол шуудангаас шийдвэрийг хүлээн авсан баримт болон давж заалдах гомдлоо шуудангийн салбарт хүлээлгэн өгсөн дугтуй дээрх Монгол шуудангийн огноо бүхий дардсаар нотлогдож байна. Түүнчлэн тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 18... /Ш32022/134.. дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны ... сарын 8-ны өдрийн 18... /Ш32022/109.. дугаартай гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргах эрхийг мөн өдрөөс эхлэн сэргээн тоолохоор өөрчлөлт оруулж, түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн 134... дугаартай захирамжийн үндэслэл нь мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг гардан авсан хугацаа, гомдол гаргах хугацааг “... шүүхээс 2022 оны ... сарын 3-ны өдөр шуудангаар Ж.А-ийн оршин суух хаягаар хүргүүлсэн байх ба, тэрээр 2022 оны ... сарын 7-ны өдөр гардаж авсан болох нь түүний хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байна ...” гэж үндэслэл зааж сэргээсэн тогтоогдож байна” гэж өөрийн гаргасан захирамжийн үндэслэх хэсэгт энэ агуулгаар тусгасан болно. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр шуудангийн салбарт хүлээлгэн өгснийг шүүх хүлээн авч хэргийг ... давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байсан ба ... давж заалдах шатны шүүхээс 2022 оны ... дугаар сарын 5-ны өдөр 2../Ш32022/006... дугаартай “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр давж заалдах гомдол гаргаж хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар хэргийг буцаан анхан шатны шүүхэд ирүүлснээс хойш гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй. Иймд гомдол гаргагч Ж.Н-ийн “... давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон захирамж байсаар байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэн аль нь ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн баримтыг ирүүлээгүй байхад сэргээж хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан ...” гэх гомдол үндэслэлгүй болно. Түүнчлэн миний бие Ж.Н нарын нэхэмжлэлтэй, “... -20” СӨХ-д холбогдох энэхүү иргэний хэрэг маргааныг 2020 оны ... дүгээр сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж 18.../ШШ2020/030.. дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд уг шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байдаг. Шүүгч Д.Э миний бие талуудаас гаргасан хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд мөн гомдолд дурдагдсан талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ дээрх байдлаар дүгнэж, хариуцагч талын давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгчийн ёс зүйг зөрчсөн, сахилгын хэрэг зөрчил гаргасан үйлдэл биш гэж үзэж байгаа тул гомдол гаргагч Ж.Н-ийн гаргасан гомдол, өргөдлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Тус шүүхийн 2022 оны ... сарын 4-ний өдрийн 18../ШШ2022/017... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Э.А-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, 4 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тогтоолын 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасан байсан.
Шүүгч би хүсэлтийг хүлээн аваад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан баримттай хэргээс танилцахад шүүхээс 2022 оны ... сарын 3-ны өдөр шуудангаар Ж.А-ийн оршин суух хаягаар хүргүүлсэн байх ба тэрээр 2022 оны ... сарын 7-ны өдөр гардаж авсан болох нь түүний хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдсон.
Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад зааснаар Ж.А нь шүүхийн шийдвэрийг 2022 оны ... сарын 7-ны өдөр гардаж авсан хугацаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан 10 хоногийн хугацааг тооцоход 2022 оны ... сарын 7-ны өдрөөс 2022 оны ... сарын 7-ны өдөр гомдол гаргах хугацаа дууссан байсан. Тэрээр шийдвэрийг гардан авсан хугацаанаас хойш дээрх 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан тул Ж.А-ийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2022 оны ... сарын 8-ны өдрийн 18.../Ш32022/109.. дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 2022 оны ... сарын ..6-ны өдөр, мөн ... сарын ..2-ны өдөр хариуцагч Э.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар нь шүүгчийн 2022 оны ... сарын ..8-ны өдрийн 18../Ш32022/109.. дугаар захирамжийг “хүчингүй болгуулах, эсхүл өөрчлүүлэх” тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтдээ “... Ж.Н нарын нэхэмжлэлтэй Э.А-т холбогдох иргэний хэргийг шүүх 2022 оны ... дугаар сарын 4-ний өдөр шийдвэрлэж 18../ШШ2022/017... тоот шийдвэр болон тухайн өдрийн ...дугаартай захирамж гаргасан байх ба өнөөдрийг хүртэл захирамжийнх нь барааг олж хараагүй, захирамж албажиж бичгийн хэлбэрээр гараагүй. Хуульд заагдсанаар захирамжид гарсан өдрөөс нь буюу 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрөөс 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ба өнөөдрийг хүртэл албажиж гараагүй захирамжид яаж гомдол гаргахаа мэдэхгүй учир захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан.
А.Б шүүгч та 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн захирамжид 2022 оны ... дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны ... дугаар сарын ..7-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан, хугацаа хэтрүүлсэн гэж захирамж гаргажээ.
... Иймд 2022 оны ... дугаар сарын ..8-ны өдрийн 18.../Ш32022/109.. дугаартай захирамжаа ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заагдсанаар хүчингүй болгох, эсхүл өөрчилж гомдол гаргах хугацаа сэргээж, эрх зөрчигдөхөөс хамгаалж өгнө үү”, “Тус шүүхийн шүүгч Э.А нь 2022 оны ... дугаар сарын ..4-ний өдөр 017.. дугаартай шийдвэр, захирамж нэгэн зэрэг гаргаад захирамжид дугаар аваагүй, захирамжаа бичгийн хэлбэрээр гаргаагүй байж 10 хоногийн дотор захирамжид гомдол гаргах эрхтэй гэсэн. Шүүх хуралдааны бичлэгт тодорхой байгаа. Ингээд захирамжид гомдол гаргахын тулд уншиж сонсгосон өдрөөс өнөөдөр хүртэл захирамжийг нэг ч удаа гэсэн нүдээр үзэх гээд болохгүй болохоор нь гомдол гаргах эрх сэргээж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасан.
Иймд ... А.Б шүүгч 34-44 хоногийн дотор гомдол гаргах эрх хэтрүүлсэн гэх захирамжуудынхаа талаар тус тус ИХШХШТХ-ийн 121-р зүйлийн 121.1 дэх хэсэгт заагдсанаар бичгийн хэлбэрээр тайлбар гаргаж өгнө үү" гэсэн байдаг. Хүсэлтийг хүлээн аваад танилцахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад тогтоох хэсгийн 4 дэх заалтад зааснаар “... захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах...” хугацааг сэргээлгэх, өөрөөр хэлбэл тус шүүхийн 2022 оны ... сарын 4-ний өдрийн 18../ШШ2022/017... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад мөн өдрөөс 10 хоногийн дотор буюу 2022 оны ... дугаар сарын 3-ны өдрийн дотор гомдол гаргах 10 хоногийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр уг хугацааг сэргээлгэх агуулга бүхий хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтийг хүлээн авч хянаад шүүх 2022 оны ... сарын 4-ний өдрийн 18../ШШ2022/017.. дугаар шийдвэрийг Ж.А-д 2022 оны ... сарын 3 -ны өдөр шуудангаар хүргүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад мөн өдрөөс 10 хоногийн дотор буюу 2022 оны ... сарын 3-ны өдрийн дотор гомдол гаргах боломжгүй байсан байна гэж үзэн хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг сэргээж 2022 оны ... сарын 8-ны өдрийн 18.../Ш32022/109.. дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар 2022 оны ... сарын 3-ны өдрийн 18.../Ш32022/134... дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн эхний хүсэлтийг түүний хавсаргасан баримтад үндэслэн шийдвэрийг гардан авсан өдрөөс тооцон гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн бол, тэрээр 2 дахь хүсэлтдээ өмнөх хүсэлтийн агуулгаа тодруулан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах ...” хугацааг сэргээлгэхээр хандсан тул уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно. Шүүгч би хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг л сэргээсэн ба, оролцогч цаашлаад гомдол гаргах эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тухайн шүүх гомдлыг хүлээн авах, хянах эсэх нь дараагийн процесс юм.
Шүүгчийн 2022 оны ... сарын ... 3-ны өдрийн 18../Ш32022/134.. дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасныг тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хянан, шүүхийн 2022 оны ... сарын ...4-ний өдрийн 18../ШТ2022/002.. дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гомдол гаргагч Ж.Н гомдолдоо “... 2022 оны ... сарын 6-ны өдрөөс 2022 оны ... сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн төлөөлөгч нараас хүсэлт гаргасан гэж хүсэлтийг нөхөн хийлгэж, баримт бүрдүүлж, шүүгч А.Б нь 2022 оны ... сарын 8-ны өдрийн 109... дугаар захирамждаа 2022 оны ... сарын ..3-ны өдөр 134.. дугаар захирамжаар өөрчлөлт оруулж” хэмээн бичсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар 2022 оны ... сарын 6-ны өдөр, мөн 2022 оны ... сарын 2-ны өдөр тус тус хүсэлт ирүүлснийг мэдээлэл лавлагааны ажилтан тухайн өдөр дардас бүхий тамгаар баталгаажуулан шүүгчид хуваарилсан байдаг. Түүнээс хариуцагчийн төлөөлөгч нараас хүсэлт гаргасан гэж хүсэлтийг нөхөн хийлгэж, баримт бүрдүүлсэн зүйл байхгүй.
Гомдол гаргагч “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2022 оны ... сарын 4-ний өдөр шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэж хүсэлт бичдэг боловч тэдний сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч нарт гардуулж хариу тайлбар гаргах хугацаанд хариу тайлбар авсан баримт хэрэгт байсаар байтал шүүгч А.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт өгөөгүй” гэжээ.
Тус хэрэгт миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг л хүлээн авч шийдвэрлэсэн ба хавтаст хэргээс хүсэлтэд холбогдох шийдвэр гадуулсан болон хүргүүлсэн баримтыг л хянаж үзэхээс өөрөөр хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт өгөх эрх надад хуулиар олгогдоогүй болно. Мөн гомдол гаргагч гомдолдоо “... Шүүгч А.Б нь 2022 оны ... сарын 4-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаагүй, шүүхээс шүүгчийн захирамж гараагүй байхад гарсан гэж хүсэлтдээ дурдсан, эхний хүсэлт, хоёр дах хүсэлт хоёрын утга агуулга нь өөр байхад нэг утга агуулга бүхий хүсэлт гэж үзэж гомдол гаргах хугацаа сэргээж байгаа үйлдэл нь дээрх шүүхийн ажилтан М, шүүгч А.Б, Д.Э нар үгсэн хуйвалдаж хууль дээдлэх ёсыг умартаж” хэмээн бичсэн байх ба 2022 оны ... сарын 4-ний өдрийн хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэртэй танилцсан ба тэмдэглэл шийдвэрийн аль алинд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тогтоолын 2 дахь заалтад гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тусгасан байсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ж.Н “... шүүгч А.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрт тодорхой бичсэн байхад захирамж гаргасан, түүнд гомдол гаргах эрх зөрчигдсөн мэтээр хийсвэрээр хандсан, хоёр хүсэлтийн утга агуулга өөр өөр байхад нэг утга агуулга бүхий хүсэлт гэж үзэн гомдол гаргах хугацаа сэргээснээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн; шүүгч Д.Э нь шүүгчийн 134.. дугаар захирамжид гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүх хуралдаан хийгдээгүй, захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээснээр хариуцагчид ашигтай байдал бий болгож, хувийн ашиг сонирхлоор хандсан, урд нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан төдийгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа үйлдэл” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Н, Р.Т, Г.Э нар нь хариуцагч “... -20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Э.А-т холбогдуулан “... -20” СӨХ-ны 2019 оны ... дүгээр сарын 1-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Уг иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А нь 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 18../ШШ2022/0... дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж”, 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”, 3 дахь заалтаар “улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэн”, 4 дэх заалтаар “тус шийдвэрийн 2 дахь заалтад гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг”, 5 дахь заалтаар “шүүхийн шийдвэрт 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг” тус тус заасан ба шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нарт 2022 оны ... дугаар сарын 3-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхийн шийдвэрийг 2022 оны ... дугаар сарын 7-ны өдөр гардан авч, 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ... шүүхийн 2022 оны ... дугаар сарын 5-ны өдрийн 2.../ШЗ2022/006... дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаас татгалзжээ.
Мөн өдрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А “шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч А.Б-ын 2022 оны ... дугаар сарын ..8-ны өдрийн 18../ШЗ2022/109.. дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2022 оны ... дүгээр сарын 6-ны өдөр “шүүгчийн 18.../ШЗ2022/109... дугаартай захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулж, гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасныг А.Э, Ж.А нар 2022 оны ... дүгээр сарын 2-ны өдөр “шүүгч Э.А дугаар аваагүй, бичгээр гаргаагүй захирамжийнхаа талаар шүүгч А.Б 34-44 хоногийн дотор гомдол гаргах эрх хэтрүүлсэн гэх захирамжуудынхаа талаар тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар бичгийн хэлбэрээр тайлбар гаргах тухай” хүсэлт тус тус гаргажээ.
Дээрх хүсэлтүүд нь шүүгч А.Б-д 2022 оны ... дүгээр сарын ..6, ..2-ны өдрүүдэд хуваарилагдсан байх ба шүүгчийн 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 18.../ШЗ2022/134... дугаартай захирамжаар гомдол гаргах хугацааг 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрөөс 10 хоногоор сэргээсэн байна.
Нэхэмжлэгч талаас шүүгчийн 18../ШЗ2022/134.. дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба тус шүүхийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 18.../ШТ2022/002... дугаартай тогтоолоор шүүгчийн 18.../ШЗ2022/134... дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А “давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгч Д.Э-ийн 2022 оны ... дүгээр сарын 23-ны өдрийн 18.../ШЗ2022/140... дугаартай захирамжаар тухайн өдрөө эхлэн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн.
Уг захирамжийг нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ж.Э нар эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүгч Д.Э-ийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 18.../ШЗ2022/158... дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүгчийн 18.../ШЗ2022/158... дугаартай захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 18../ШТ2022/002.. дугаартай тогтоолоор шүүгчийн 18.../ШЗ2022/158... дугаартай захирамжийг хэвээр үлдээсэн байна.
1. Шүүгч А.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрт тодорхой бичсэн байхад захирамж гаргасан, түүнд гомдол гаргах эрх зөрчигдсөн мэтээр хийсвэрээр хандсан, хоёр хүсэлтийн утга агуулга өөр байхад нэг утга агуулга бүхий хүсэлт гэж үзэн гомдол гаргах хугацаа сэргээснээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх тухайд:
Анхан шатны шүүхийн 2022 оны ... сарын 4-ний өдрийн 18.../ШШ2022/017... дугаар шийдвэрийн 4 дэх заалтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг тусгажээ.
Шүүгчийн захирамжийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай тусгах учиртай.
Хариуцагчийн талаас “шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгч А.Б 2022 оны ... дугаар сарын 8-ны өдрийн 18.../ШЗ2022/109... дугаартай захирамжаараа “...10 хоногийн хугацааг тоолоход 2022 оны ... дугаар сарын ..7-ны өдөр гомдол гаргах хугацаа дууссан, ... гомдлоо шүүхэд гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэн хангахаас татгалзсан бол шүүгчийн 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 18.../ШЗ2022/134... дугаартай захирамжаар “... өмнө ирүүлсэн хүсэлтээ тодруулсан, ... “Монгол шуудан” ХК-иас шийдвэр гардан авсан баримтыг хавсаргасан. ... шүүгчийн 18.../ШЗ2022/109... дугаартай захирамж нь илт үндэслэл муутай болсон байх тул тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, ...гомдол гаргах эрхийг нь сэргээх нь зүйтэй” гэсэн байх боловч шүүгч ямар үндэслэлээр “илт үндэслэл муутай болсон” гэж үзсэнээ тодорхой тайлбарлаагүй, байгааг ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзэхээр байна.
Гэвч нэхэмжлэгч талаас шүүгчийн 18.../ШЗ2022/134... дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, 18../ШТ2022/002.. дугаартай тогтоолоор “... гомдлоо шүүхэд гаргаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээ үгүйсгэж, илт үндэслэл муутай болсон гэсэн дүгнэлт хийсэн нь тодорхой бус, эргэлзээ бүхий байна” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэдэг нь илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох ба энэхүү заалтын зөрчил нь хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангасан байх, үүний нэг нь зөрчил буюу хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гарсан байхыг шаардана.
Шүүгч А.Б-ын захирамжийн үндэслэл хэсэг ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь “ноцтой” байдал үүсэхгүй ба уг захирамжийг тус шүүхийн 18.../ШТ2022/002... дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, өөрийн дотоод итгэлээр үнэлэсэнд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй болно.
2. Шүүгч Д.Э нь шүүгчийн 18.../ШЗ2022/134... дугаар захирамжид гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүх хуралдаан хийгдээгүй, захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээснээр хариуцагчид ашигтай байдал бий болгож, хувийн ашиг сонирхлоор хандсан, урд нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан төдийгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхийн шийдвэрийг 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ... шүүхийн 2022 оны ... дугаар сарын 5-ны өдрийн 2.../ШЗ2022/006... дугаартай захирамжаар “...хариуцагч талд 2022 оны ... дугаар сарын 3-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байх ба давж заалдах гомдол гаргах хугацаа нь 2022 оны ... дугаар сарын 7-ны өдөр дууссан байна. Гэтэл хариуцагч 2022 оны ... дугаар сарын 8-ны өдөр гомдол гаргаж хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн. ... Давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн байдлаа нотолсон тохиолдолд гомдол гаргах хугацаагаа сэргээлгэхээр анхан шатны шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй болно” гэж дүгнэн давж заалдах гомдлыг хангахаас татгалзжээ.
Хариуцагч тал “давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргасны дагуу шүүгч Д.Э 2022 оны ... дүгээр сарын 3-ны өдрийн 18.../ШЗ2022/140... дугаартай захирамжаар “... хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үзэн хүсэлтийг хангасан байх ба нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ж.Э нарын гаргасан “уг захирамжийг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг 2022 оны ... дугаар сарын 4-ний өдрийн 18.../ШЗ2022/158... дугаартай захирамжаар “...шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэн хангахаас татгалзсан байна.
Шүүгчийн 18.../ШЗ2022/158... дугаартай захирамжид гаргасан гомдлыг тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын ..1-ний өдрийн 18.../ШТ2022/002... дугаартай тогтоолоор “...илт үндэслэл муутай гэдэгт шүүгчийн захирамж бодит байдалд нийцээгүй, үг, үсэг, тооны буюу техникийн шинжтэй алдаатай бичигдсэн байдлыг ойлгоно. Шүүгч өөрийн гаргасан 18.../ШЗ2022/140... дугаартай захирамжийг хянаад ...захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь зөв” гэж дүгнэн хэвээр үлдээсэн байх тул шүүгч Д.Э-г хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, хариуцагчид хувийн ашиг сонирхлоор хандсан гэж үзэхгүй.
Шүүгч Д.Э нь 2022 оны ... дүгээр сарын ..3-ны өдрийн 18.../ШЗ2022/140... дугаартай захирамждаа “шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-д хүргүүлсэн, шийдвэрийг хүлээн авсан, давж заалдах гомдолоо шуудангаар хүргүүлсэн талаарх Монгол шуудангийн дугтуйн дээрх огноо бүхий дардас, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийн тайлбар зэргийг үндэслэсэн байх тул “шүүгч А.Б-ын 18.../ШЗ2022/134... дугаартай захирамжид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцэх хурал хийгдээгүй, захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад хуулийн үндэслэлгүй давж заалдах хугацааг сэргээсэн” гэх өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг өөр хуулийн зохицуулалттай хамтатган хэрэглэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг давхардуулан олгосноос хэргийн оролцогчдод ойлгомжгүй байдал үүсгэсэн, өөр өөр гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гарах шалтгаан нөхцөл болсныг шүүх цаашид анхаарах шаардлагатай гэх илтгэгч гишүүний саналыг дурдах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны ... дүгээр сарын 6-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Б, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН