info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-16

Дугаар 202

Улаанбаатар хот

 Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, өргөдөл гомдол гаргагч Д.Батжаргал, Д.Оюунгэрэл нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтдээ:

“ ... 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд зохигч болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж, баримт үйлдэн, гарын үсэг зуруулан, хэрэгт хийх шаардлагатай байдаг.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус баримт дээр хариуцагч нар гарын үсгээ зурсан боловч хариуцагч Д.Б 03 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан, хариуцагч “А...Ч” ХХК-ийн төлөөлөгч Д.О гарын үсэг зурсан боловч огноо тавигдаагүй байна.

Иймд хариуцагч нарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байх тул шүүгч Ж.С нь тухайн үед үйлчилж байсан Шүүхийн шүүгчийн ёс зүйн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна...; ...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ц.А, “А...Ч” ХХК-ийн захирал Д.О, Д.Б нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эвлэрлийн гэрээ, Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан байна. Тус гэрээг залилан мэхлэх шинж чанартай хуурч, төөрөгдүүлж хийсэн гэх өргөдлийн үндэслэлийг Шүүхийн сахилгын хороо шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй,  тодруулбал энэ нь Сахилгын хорооны чиг үүрэгт хамаарахгүй тул холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх нь өргөдөл гаргагчид нээлттэй болохыг дурдах нь зүйтэй...; ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “...хариуцагч “А...Ч” ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот албан бичгээр Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр “А...Ч” ХХК болон Д.Б нарыг байлцуулахгүйгээр эвлэрлийг баталж өгнө үү, хавтаст хэргийн материалтай танилцах шаардлагагүй” гэсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна”, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

Дээрх 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжид 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иймд өргөдөл гаргагчийн дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...; ...“А...Ч” ХХК-аас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/00724 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/09830 дугаартай шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тус захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын тайлбарыг тусгасан байх ба энэ тайлбар нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн огноотой байна.

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/12405 дугаартай шүүгчийн захирамжаар “А...Ч” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Өргөдөлд дурдсанчлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын тайлбар нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой байх бөгөөд тухайн хүсэлтэд шүүхийн дардас дарагдаагүй, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны “Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр”-т дээрх тайлбар нь бүртгэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд өргөдөл гаргагчаас нэхэмжлэгчийн тайлбар захирамжаас хойш ирсэн байхад шүүгчийн захирамжид тусгаж байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч нь ...аливаа асуудалд бодитой ...үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах” зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Сахилгын хэргийн үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх үйл баримт байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна...; ...Хариуцагч “А...Ч” ХХК-аас 2017 оны 03 дугаар сарын 30-ны 183/ШЗ2017/00724 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байх ба дээрх хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2021/15436 дугаартай шүүгчийн захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар илт үндэслэл муутай болох нь тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр мөн хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Дээрх захирамжид гаргасан гомдлыг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаартай шүүхийн тогтоолоор “хоорондоо харилцан хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүх зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2021/15436 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Хариуцагч нарын “...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисугай..” гэснийг “...Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай...” гэж өөрчлөлт оруулсан байна. 

Өмнө дурдсанчлан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай шүүгчийн захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд илт үндэслэл муутай гэж үзэхээр байна. Гэтэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу өөрийн гаргасан захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

“А...Ч” ХХК-аас дээр дурдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/00724 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай удаа дараа хүсэлт гаргасан ба шүүгч Ж.С 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш32019/00811 дүгээр захирамж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32019/03258 дугаар захирамж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32019/11146 дугаар захирамж, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32020/09830 дугаар захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/12405 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэж байсан. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үйл баримт бөгөөд үүнийг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч мөн дүрмийн 5.1.3-т заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг дурдах нь зүйтэй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Хас банк” ХХК-ны нэхэмжлэлтэй “А...Ч” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/00724 дүгээр “Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргажээ. Тус захирамжийн тодорхойлох хэсэгт тусгаснаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотыг үндэслэн зохигчдын гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэх судласан гэсэн байх тул тухайн үндэслэлээр  захирамжийг хянуулах, хүчингүй болгуулах тухай хүсэлтийг “А...Ч” ХХК 2019 онд 3 удаа, 2020 онд 2 удаа гаргахад холбогдох шүүгч хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн захирамжуудыг удаа дараа гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх үйл баримтууд байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл.Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.

Харин “А...Ч” ХХК-ны дахин гаргасан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/00724 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг ... дүүргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэх тухай” 183/ШЗ2021/15436 дугаартай захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар илт үндэслэл муутай болох нь тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хангахгүй орхижээ.

Уг захирамжид гаргасан гомдлыг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 183/ШТ2022/00025 дугаар тогтоолоор “...хоорондоо харилцан хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүх зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй...” гэж дүгнэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2021/15436 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Хариуцагч нарын “...2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисугай..” гэснийг “...Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3.Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийг зөрчсөн байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан байх тул 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.С-д цалингийн хэмжээг гурван сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

3. Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

5. Энэхүү магадлалыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Б.СУГАР

ГИШҮҮД                                        Ц.ДАВХАРБАЯР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН