МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-26
Дугаар 9
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад холбогдох хэрэгт гарсан Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ц.Нэргүйбаатар Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Миний бие нь 2019 оны 05-р сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05-р сарын 01, 07-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр зарим актуудыг хүчингүй болгож зарим актуудыг нь хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан. Ц.Нэргүйбаатар миний биеийг хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй гэж тухайн санхүүгийн актуудыг үндэслэж ажлаас халсан болохоос тухайн актуудыг Ц.Нэргүйбаатар төлөхөөр акт тогтоогдсон гэж ажлаас халаагүй. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа нь 83323796 төгрөгийг Ц.Нэргүйбаатараас гаргуулахаар шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулан Ц.Нэргүйбаатар миний биеийг тухайн актуудыг төлж барагдуул гэсэн шүүхийн мэдэгдлийг хүлээн аваад туслахтай нь холбогдоход шүүгч тухайн актуудыг Ц.Нэргүйбаатар төл, өөрөө төлөхгүй бол Иргэний хэргийн шүүхэд хандаж буруутай этгээдүүдээр нь төлүүл гэсэн хариу өгсөн. Гэтэл шүүгч Н.Амарзаяа нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг дур мэдэн Ц.Нэргүйбаатар төл гэж мэдэгдэл өгөөд байгааг ойлгохгүй байна. Иргэн миний нэхэмжлэлээр тухайн маргаан үүссэн болохоос төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүйг анхаарна уу. Хэрэв шүүхийн шийдвэрт тухайн актын төлбөр болох 83,323,796 төгрөгииг Ц.Нэргүйбаатар төл гэсэн шийдвэр гарсан бол миний бие нь тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг иргэн Ц.Нэргүйбаатар миний биеийг төл гэж мэдэгдэл өгөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Жишээ нь тухайн тавьсан актуудаас дурдахад 2019 оны 05-р сарын 01-ны өдрийн 17/02/17/04/13 дугаартай акт, ...шалгалтаар тогтоосон 1766000 төгрөгийг хавсралтаар тогтоосон хүмүүсээр нөхөн төлүүлж 2019 оны 06 дугаар сарын 15-ны дотор аймгийн төсвийн орлогын төрийн сан банкин дахь 100010000955 тоот дансанд төвлөрүүлэхийг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар, нягтлан бодогч Ж.Бадамгарав нарт хариуцуулав гэсэн актууд байдаг. Тухайн зарим актуудыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг Санхүүгийн хяналт аудитын газар нь үндэслэж Иргэний хэргийн шүүхэд хандаж акт тогтоогдсон буруутай этгээдүүдээр төлүүлэх, аль эсвэл тухайн актын төлбөрийг одоо үүрэг гүйцэтгэж байгаа Биеийн тамир спортын газрын дарга, нягтлан бодогч нарт үүрэг өгч төлүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байтал анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг гуйвуулж шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн мэдэгдэл өгч байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул тухайн шүүгчийн эрх мэдлээ хэтрүүлэн иргэн Ц.Нэргүйбаатар миний биеийг хохироож байгаа үйлдлийг шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгч Н.Амарзаяа сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч Ц.Нэргүйбаатарт холбогдуулж гүйцэтгэх хуудас бичсэн нь үндэслэлгүй байсныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хариуцагч нарын хүсэлтийг төлбөрийн актын биелэлт баталгаажуулахтай андуурч гүйцэтгэх хуудас бичиж алдаа гаргасан байна. Түүнээс албан тушаалын эрх мэдлээ урвуулах ямар нэгэн ашиг сонирхол байхгүй байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Ц.Нэргүйбаатараас уучлал хүсэж байгааг дамжуулж өгөхийг хүсье. Ц.Нэргүйбаатарт холбогдуулан 2021 оны 07 сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичсэнийг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр хүчингүй болгосон. Ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, Ц.Нэргүйбаатарт ноцтой хохирол учраагүй байх гэж бодож байна. Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн” гэсэн үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн байна. Зөрчил арилсан байгаа байдал, гомдол гаргагчид хор хохирол, үр дагавар учирсан эсэх, хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эсэхийг харгалзан үзэхийг хүсч байна” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шүүгч анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас, мэдэгдэл бичиж хүргүүлэх эрх хэмжээтэй боловч уг хуулийн зохицуулалтаас харахад хариуцагчаас хохирол, төлбөр гаргуулах, захиргааны акт гаргахыг даалгах талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хариуцагчид холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, мэдэгдэл хүргүүлэхээр байна. Гэтэл Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2020/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 576 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр тогтоол зэргээс харахад ажлаас чөлөөлсөн захирамж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, маргаан бүхий нөхөн төлбөрийн актуудын заримыг хэвээр үлдээж, зарим акт болон актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчид ямар нэгэн үүрэг даалгаагүй, төлбөр гаргуулахаар тогтоогоогүй байхад нэхэмжлэгчид холбогдуулан гүйцэтгэх хуудас, мэдэгдэл бичих эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгч Н.Амарзаяа нь дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин үндэслэлгүйгээр гүйцэтгэх хуудас бичиж, мэдэгдэл хүргүүлсэн үйлдэл нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн нь нотлогдож байна гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үндэслэлтэй байх тул хүлээн авч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй байна.
Ц.Нэргүйбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга болон Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 01, 07-ны өдрийн нийт 23 актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 576 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хариуцагч Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нарын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлтийг үндэслэж ерөнхий шүүгч Н.Амарзаяа нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 118/ГХ2021/0007 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байх ба Ц.Нэргүйбаатарт 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Хариуцагч захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана”, 127.2-т “Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргаж, хариуцагчид хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт гүйцэтгэх хуудас, мэдэгдэл олгохдоо тухайн шийдвэрээр үүрэг хүлээлгэсэн хариуцагчид холбогдуулан бичих нь тодорхой ойлгогдож байх бөгөөд сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид үүрэг хүлээлгээгүй шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчид өөрт нь холбогдуулж гүйцэтгэх хуудас бичсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчил мөн, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд шүүгч хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах боловч хуульд захирагдах зарчмыг цаг ямагт баримтлах үүрэгтэй шүүгч хүн хэн ч маргахгүй хуулийн илтэд тодорхой заалтыг зөрчсөнийг сахилгын зөрчил гэж үзнэ.
Шүүгчийн шүүн таслах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцогдоно.
Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасан тул шүүгч Н.Амарзаяад сахилгын шийтгэл оногдуулахдаа Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 118/ЕШ2021/0073 дугаар захирамжаар тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 118/ГХ2021/0007 дугаар гүйцэтгэх хуудас, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот мэдэгдэл хүчингүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН