МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-15
Дугаар 263
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, ажиглагчаар өргөдөл мэдээлэл гаргагч А.У /цахимаар/ нарыг оролцуулан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б-т холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн А.У сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “А.У миний бие 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б-ын захирамжаар хоригдсон билээ. Намайг хоригдсон цагаас хойш өнөөдрийг хүртэл миний ар гэрт эргэлт уулзалтын бичиг өгөхгүй хясан боогдуулж, мөн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт өгсөн боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй миний эрхийг дэндүү бүдүүлгээр зөрчиж байна. Ерөнхий шүүгч Ж.Б-ын туслах миний ээж, миний өмгөөлөгчид шүүгч эргэлт уулзалтын бичиг битгий өг гэсэн, шүүгч өөрөө амарч байгаа тийм болохоор боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Амралтаа авсан шүүгчийг орлон шийдвэр гаргах эрхтэй шүүгч заавал байх ёстой. Мөн шүүгч амарч байгаа гэсэн шалтгаанаар эргэлтийн бичиг өгөхгүй, хавтаст хэрэгтэй танилцуулахгүй байна гэдэг нь өөрөө хууль бус юм. Миний бие шүүхийн шатнаас гадаад улсад явж эмчилгээ хийлгэсэн нь буруу боловч өөрийн биеэр Монгол Улсад буцан ирж одоо шүүх хурлаа хүлээн 461-т цагдан хоригдож байна. Миний бие таслан сэргийлэх арга хэмжээ мөнгөн барьцаатай байсан ба шүүхийн шатнаас оргон зайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дэх зүйлд хамаарахгүй энэ нь өөрөө гэмт хэрэг биш юм. Гэтэл ерөнхий шүүгч Ж.Б-ын туслах намайг оргон зайлсан зүйл анги нэмнэ, шүүгч аймар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална гэх мэт зүйл ярьж өмгөөлөгч тэрийг нь надад ирж хэллээ. Энэ нь цагдан хоригдож байгаа миний сэтгэл зүйд маш хүнд тусаж байна. Миний ээж долоо хоног бүр ... дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн гадаа очиж Ж.Б шүүгчийн туслахаас эргэлтийн бичиг гуйж өнжиж байна гэсэн. Миний өвчтэй ээжийг давхар хохироож надтай хамт шийтгэж байгаа нь Ардчилсан Монгол улсын хуульд байж болохгүй алдаа юм. Миний бие өрх толгойлсон ээж бөгөөд 0-17 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Бага хүүхэд минь одоо 9 сартай том хүүхэд минь 10 жилийн сурагч. Цагдан хоригдсоноос хойш хоёр хүүхдийнхээ сургийг сонсож чадахгүй ар гэрээс минь эргэлт ирэхгүй эх хүн би амьдын тамд байна. Миний бие 2021 оны 06 сард Нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлт үйлдсэн 2041000170221 дугаартай эрүүгийн хэрэгтэй танилцаж байсан, шүүхийн шатанд хавтаст хэрэгтэй танилцаж байгаагүй. ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.У надад хамаарах 2041000170221 дугаартай эрүүгийн хэргийг салгаж тусгаарласан байна. А.У надад хамааралтай хавтаст хэрэг хэд байгаа, хэргийн материалд миний гаргаж өгсөн нотлох баримт бүрэн байгаа эсэх талаар шүүх хурлаас өмнө яаралтай танилцах хүсэлтийг гаргаж байсан боловч одоо хүртэл миний хүсэлтийг шийдвэрлэж өгсөнгүй. Миний гаргаж буй гомдлын хоёр шалтгаан Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл мөн юм. Монгол Улсын шүүхийг хувийн байгууллагын захирал шиг удирдаж байгаа бусдад дургүй сэтгэлээр ар гэрийг нь давхар хохироож байгаа ерөнхий шүүгч Ж.Б-т шүүгч хүнд байх ёс зүйн шинж чанар огт алга. Иймд шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хороо миний гаргасан гомдлыг хянан шалгаад Ж.Б шүүгчид шударгаар зохих хариуцлагыг тооцож өгнө үү...” гэжээ.
Шүүгч Ж.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.У нь өөрийгөө ... Ерөнхий Газарт ажилладаг ... цолтой, мөн Нийслэлийн Прокурорын газарт ажилладаг, нэр бүхий албан тушаалтнуудтай танил, мөнгөөр ажилд оруулж өгч чадна гэж нэр бүхий иргэдийг удаа дараагийн үйлдлээр хуурч, бусдад нийт 152.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, Мөн шүүгдэгч А.У нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд атлаа тухайн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Б агсны нас барсан хэрэг явдлын асуудлаар эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байсан УИХ-ын гишүүн Н.Н-аас мөнгө, ашиг хонжоо олох зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ... дүүргийн 15 дугаар хороо ... төвд өмгөөлөгч Ж.Б-ийг чагнах хэрэгсэл ашиглан хууль бусаар мөрдөн мөшгөсөн үйлдлийг бусадтай бүлэглэн зохион байгуулж, гардан гүйцэтгэсэн гэмт хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэгдэж хэрэг нь Нийслэлийн Прокурорын газраас манай шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжиж ирсэн бөгөөд шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгчдийн зүгээс шалтгаалсан нөхцөл байдлаар шүүх хурал хойшлогдож байсаар А.У, Э.О нарт холбогдох эрүүгийн 2041000170221 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд тус шүүх хянан хэлэлцэж дээрх нэр бүхий 2 шүүгдэгчийг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж Залилах, бүлэглэн бусдыг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараа шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах тул хохирол төлбөр төлөх ажлын 5 хоногийн хугацаа олгохыг хүссэн” хүсэлтийг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар түр завсарлуулсан. Гэвч уг шүүх хуралдаанд шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгч Г.Д нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүгдэгчийн сонгон авсан бусад өмгөөлөгчид болох Б.М, М.А нарын өмгөөлөгчдийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 11-ний шүүх хуралдаан дээр “бидний үйлчлүүлэгч А.У жирэмсний хүндрэл өгч доошоо цус алдсан учир яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн, одоо эмнэлэгт хэвтэж байгаа гэх баримт тайлбарыг хийж шүүх хуралдааныг дахин хойшлуулж байсан боловч шүүгдэгч А.У нь шүүх хурал товлон зарлагдсан энэ өдөр дээр дурдсан өвчний шалтгаанаар эмнэлэгт хэвтээгүйгээр үл барам Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор Монгол улсын хилээр нэвтрэн гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн билээ. Ингээд шүүгдэгч А.У нь удаа дараагийн үйлдлээр бусдыг их хэмжээгээр залилсан болон бусдыг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайг нь шүүхээс тогтоосны дараа “хохирол төлбөр төлнө” гэж шүүхээс хугацаа авмагцаа хил даван оргон зайлж шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан тул тус шүүхээс явуулсан албан бичиг, түүнийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас явуулсан эрэн сурвалжлах ажиллагаагаар түүнийг олж тогтоон 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэн өгсөн тухай 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8ж/6814 дугаартай албан бичгээр манай шүүхэд мэдэгдсэн. Иймд шүүгдэгч А.У-ыг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хувийн байдлыг нь харгалзан түүнд уулзалт, эргэлтийн зөвшөөрөл олгох боломжгүй талаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр мэдэгдэж байсан. Мөн гомдолд дурдсан “...Ерөнхий шүүгч Ж.Б-ын туслах намайг оргон зайлсан зүйл анги нэмнэ. шүүгч аймаар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална гэх мэт зүйл ярьж өмгөөлөгч тэрийг нь надад ирж хэллээ...” гэжээ. Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даргалан явуулж байгаа шүүгчийн хувиар шүүгдэгч А.У-ын гомдолд ярьж бичсэн шиг зүйлийг хэн нэгэнд хэлж ярьж байсан удаа огт байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Түүнчлэн миний туслах Н.Б-ын тухайд ч шүүгдэгч А.У-ын ар гэр болон түүний өмгөөлөгч нарт тэгж хэлж байсан удаа байхгүй. Мөн шүүгдэгч А.У нь гомдолдоо “хавтаст хэргийн материалтай танилцуулахгүй байна” гэсэн байна Шүүгдэгч А.У нь урьд өөрийн холбогдсон хэргийн материалтай 2021.09.07-ны өдөр танилцсан ба сүүлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас хавтаст хэргийн материалтай танилцъя гэж над руу хүсэлт ирүүлээгүй байна” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
1. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл яллагдагч А.У нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжин ирэхэд шүүхээс яллагдагч А.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дахь хэсэгт “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасныг тайлбарлан өгч баримтад гарын үсэг зуруулжээ. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/1152 дугаар шүүгчийн захирамжаар “... шүүгдэгч Э.О, шүүгдэгч А.У нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутад үргэлжлүүлэхээр” шийдвэрлэсэн бөгөөд тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.У ирээгүй байна. Үүнтэй нь холбогдуулан улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний 2022/ШЗ/1234 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч А.У-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар албан бичгээр шүүгдэгч А.У-ыг Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан эсэх талаар лавлагаа гаргуулахаар Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2-46/2385 дугаар албан бичгээр “А.У нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр УБ-Сөүл чиглэлийн Ом-7301 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх лавлагааг ирүүлжээ. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас шүүгдэгч А.У-д холбогдох хэргийг 2041000170221 дугаартай хэргээс тусгаарлаж, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/1279 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.У-д холбогдох тусгаарласан эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.У-ыг эрэн сурвалжлах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст даалгаж, шүүгдэгч А.У-ыг эрэн сурвалжилж олсон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1045 дугаар албан бичгээр шүүгдэгч А.У нь Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн эсэх лавлагааг авахаар Хил хамгаалах ерөнхий газар луу явуулсан бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2-4в/3662 дугаар албан бичгээр “А.У нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан, Алтанбулаг авто замын боомтоор 06 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх лавлагааг ирүүлжээ. Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “шүүгдэгч А.У-ыг эрэн сурвалжилж олж тогтоон захирамжийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн” гэх агуулга бүхий 8ж/6814 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. Дээрх үйл баримтуудаас үзвэл шүүгдэгч А.У нарт холбогдох шүүх хуралдаанаас шүүгдэгч А.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоног шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг 05 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан. Гэтэл шүүгдэгч А.У нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүйгээс гадна таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин улсын хилээр гарч явсан байна. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шүүгдэгч А.У-ыг эрэн сурвалжлан олж тогтоон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч, тэрээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна. Шүүгдэгч А.У нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ар гэрт нь уулзалтын бичиг өгөхгүй өөрийнх нь эрхийг зөрчиж байна гэх гомдлыг гаргасан бөгөөд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1165 дугаар албан бичгээр “... шүүгдэгч А.У таны шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хувийн байдлыг харгалзан танд уулзалт, эргэлтийн зөвшөөрөл олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг хүргүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”, 1.1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан” бол, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно”, 19.5 дахь хэсэгт “Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзахад энэ зүйлийн 19.2, 19.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзвэл цагдан хоригдож байгаа шүүгдэгчтэй уулзах уулзалтын бичиг өгөх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал тул шүүгдэгчтэй уулзах уулзалтын бичиг өгөөгүй гэх үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/876 дугаар албан бичигт “цагдан хоригдож буй А.У нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өөрийн өмгөөлөгчтэй 11 удаагийн уулзалт хийсэн” гэх албан бичгийг ирүүлснээс үзвэл шүүгдэгч А.У өөрт нь хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчтэйгөө саадгүй уулзаж байсныг дурдах нь зүйтэй.
2. Түүнчлэн өргөдөл гаргагч “А.У надад хамааралтай хавтаст хэрэг хэд байгаа, хэргийн материалд миний гаргаж өгсөн нотлох баримт бүрэн байгаа эсэх талаар шүүх хурлаас өмнө яаралтай танилцах хүсэлтийг гаргаж байсан боловч одоо хүртэл миний хүсэлтийг шийдвэрлэж өгсөнгүй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна”, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж заажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч А.У нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш шүүгдэгч А.У нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 10 дугаар сарын 21-ний өдөр, 10 дугаар сарын 24-ний өдөр, 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцаж баримтад гарын үсэг зуржээ. Шүүгдэгч А.У-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй өмгөөлөгч нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалтай тус тус танилцаж баримтад гарын үсгээ зурсан байна. Мөн шүүгдэгч А.У нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж байгаагүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн шүүгчийн туслах Н.Б “... Хүсэлт гаргаагүй. 05 сард шүүх хуралдаан нь орсон. 08 сард эрэн сурвалжлагдаж байгаад цагдан хоригдсон. Цагдан хорих байрнаас хэргийн материалтай танилцъя гэсэн хүсэлт ирүүлээгүй. Сая 10 сарын 26-ны өдөр шүүх хурал нь болсон. Хэргийн материалтай А.У нь 2021 онд танилцсан. 12 хавтаст хэрэгтэй танилцлаа гээд гарын үсэг зурсан байсан” гэх мэдүүлгийг өгсөн. Иймд өргөдөл гаргагчийн “хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байна” гэх өргөдөл нь үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлээр Ерөнхий шүүгч Ж.Б-ыг буруутгах боломжгүй юм.
3. Өргөдөл гаргагч “... ерөнхий шүүгч Ж.Б-ын туслах намайг оргон зайлсан зүйл анги нэмнэ, шүүгч аймар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална гэх мэт зүйл ярьж, өмгөөлөгч тэрийг нь надад ирж хэллээ. Энэ нь цагдан хоригдож байгаа миний сэтгэл зүйд маш хүнд тусаж байна” гэжээ.
Шүүгч Ж.Б “Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даргалан явуулж байгаа шүүгчийн хувиар шүүгдэгч А.У-ын гомдолд ярьж бичсэн шиг зүйлийг хэн нэгэнд хэлж ярьж байсан удаа огт байхгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Түүнчлэн миний туслах Н.Б-ын тухайд ч шүүгдэгч А.У-ын ар гэр болон түүний өмгөөлөгч нарт тэгж хэлж байсан удаа байхгүй” гэх тайлбарыг, шүүгчийн туслах Н.Б “... Би огт тийм зүйл яриагүй. М.А өмгөөлөгч нь надтай ярьсан. Ээжид нь уулзалтын бичиг өгөөч гэж хэлсэн. Уулзалтын бичиг өгөх боломжгүй гэж хэлсэн. Өөр зүйл анги нэмнэ гэж зүйл яриагүй” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг, өмгөөлөгч М.А “... Ийм зүйл яриагүй. Шүүгчийн туслахтай эргэлтийн бичиг хийлгүүлэх асуудлаар утсаар ярьсан” гэх мэдүүлэг зэргээр өргөдөл гаргагчийн “оргон зайлсан зүйл анги нэмнэ, шүүгч аймар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална гэж хэлсэн” гэх өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1273 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Ж.Б-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б-т холбогдуулан шүүгдэгч А.У гомдол гаргаж, үндэслэлээ “... хоригдсон цагаас хойш өнөөдрийг хүртэл миний ар гэрт эргэлт уулзалтын бичиг өгөхгүй хясан боогдуулсан, хэргийн материалтай шүүх хурлаас өмнө яаралтай танилцах хүсэлтийг гаргаж байсан боловч одоо хүртэл миний хүсэлтийг шийдвэрлэж өгсөнгүй, шүүгчийн туслах нь “... оргон зайлсан зүйл анги нэмнэ, шүүгч аймар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална” гэж ярьсан талаар өмгөөлөгч ирж хэлсэн” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1-д “Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”, 1.1 “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан”, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно”, 19.5-д “Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзахад энэ зүйлийн 19.2, 19.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч А.У нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл түр завсарлуулсан хугацаанд шүүх хурал товлогдсон өдөр улсын хилээр гарч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цагдан хоригдсон, энэхүү нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн ар гэрт уулзалт, эргэлтийн зөвшөөрөл олгох боломжгүй талаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1165 дугаар албан бичгээр хариу өгсөн шүүгчийн үйл ажиллагааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гэж үзэхгүй талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Тодруулбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хоригдсон этгээдийг төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно гэсэн нь цагдан хоригдож байгаа шүүгдэгчтэй уулзах уулзалтын бичгийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан, түүний удирдах дээд албан тушаалтан хүсэлт гаргасан бүхэнд заавал өгөх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш байх бөгөөд шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан нөхцөл байдлыг харгалзан тодорхой хугацаанд уулзалтын бичиг өгөөгүйг зөрчилд тооцох боломжгүй болно.
Түүнчлэн, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн материалтай удаа дараа танилцсан болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, “... оргон зайлсан зүйл анги нэмнэ, шүүгч аймар ууртай ялын хамгийн дээд хэмжээгээр тасална” гэж шүүгч хэлсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт гэрч Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.А нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.Давхарбаяр
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн