МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-07
Дугаар 196
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
. . . дүүргийн . . . дүгээр хорооны Сансар хотхоны 85 өрхийг төлөөлж Б.Б, Л.А, Б.М нар шүүхийн шүүгч Д.У-т холбогдуулан өргөдөл гаргасанд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулж, гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд:
“Шүүгч Д.У нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг зөрчсөн болох нь шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн атал уг захирамжийг 4 сар гаруйн дараа гаргаж шинжээчид хүргүүлснээр нотлогдож байна.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Шүүгч Д.У өргөдөлтэй холбогдуулан тайлбар ирүүлээгүй байна
ҮНДЭСЛЭХ нь:
.... дүүргийн ... дүгээр хорооны Сансар хотхоны 85 өрхийг төлөөлж Б.Б, Л.А, Б.М нар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 752 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гишүүний санал гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, 113 дугаар тогтоолоор сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шалгуулахаар буцаан шийдвэрлэсэн ба илтгэгч гишүүн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 22 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үйлджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл “И Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон хойшлуулж, гуравдагч этгээдээр оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүй орхиж шийдвэрлэсэн байх ба тус иргэний хэрэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэл болсон үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу маргаан бүхий газарт очиж шүүхээс үзлэг хийсэн болох нь баримтаар нотлогдож, шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсныхаа дагуу шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус дараагийн шүүх хуралдааны товоо мэдэгдэж, товлосон хугацаандаа буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ЗТ2020/00224 дүгээр тогтоолд “...1. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, зарлахгүй байх, хэргийн оролцогчдыг шүүхэд дуудахгүй байхаар тогтоосугай...” гэсний дагуу 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр мөн шүүгчийн 03999 дүгээр захирамжаар МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 00224 дүгээр тогтоолын дагуу шүүх хуралдааны товыг өөрчилж, жич товлохоор хойшлуулсанд шүүгчийг буруутгах боломжгүй байна.
Харин 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 181/ШЗ2021/03999 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авч Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гарч шүүхэд ирүүлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба дээрх шинжээч томилсон 181/ШЗ2021/03999 дүгээр захирамжийг 4 сар 6 хоногийн дараа шинжээчээр томилсон Барилгын төсөвчдийн холбоонд хүргүүлсэн нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2153 албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47, 80 дугаар зүйлд заасныг баримтална.
Энэхүү зохицуулалтаар захирамжийг бичгээр гарах өдрөөс 4 сар гаруйн дараа гаргаж шинжээчээр томилогдсон холбоонд хүргүүлжээ.
Түүнчлэн Барилгын төсөвчдийн холбооны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 45/2 тоот албан бичгээр холбогдох шүүгчид хандан шинжээчээр нэр бүхий хүмүүс ажиллахаар болсон тухай мэдэгдэж, иргэний хэргийг холбогдох материалын хамт тус холбоонд ирүүлэхийг хүссэн, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25/2 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтээ ирүүлсэн байна.
Шүүгч Д.У нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр илтгэгч гишүүний эрх, үүрэг тайлбарласан баримтыг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “сахилгын хэрэг үүсгэх тухай” 752 дугаар захирамжийг өргөдөл гомдлын хамт хүлээн авч гарын үсэг зуран баталгаажуулсан байх ба сахилгын хорооны ажлын албанаас гар утсаар удаа дараа холбогдон хариу тайлбар болон нотлох баримт гарган ирүүлэх хуульд заасан хугацааг тайлбарласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгч Д.У 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 181/ШЗ2021/03999 дугаартай шүүгчийн захирамжийг календарийн 129 хоногийн дараа холбогдох шинжээчээр томилогдсон байгууллагад гарган хүргүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26, 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүхийн шүүгч Д.У-д “цалингийн хэмжээг дөрвөн сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ