info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-09-26

Дугаар 13

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Б.Сугар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, шүүгч С.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ...дүгээр магадлалыг эс зөвшөөрсөн шүүгч С.Б-ийн гомдлыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүн нь О.Э-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ...дүгээр магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.1-т зааснаар шүүгч тус бүрт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн прокурорын газраас О.Э-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ... шүүхийн шүүгч Л.Г хүлээн авч, хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүх хуралдаан даргалагчаар, бүрэлдэхүүнд тус шүүхийн шүүгч С.Б, Н.Б нар оролцжээ. Тус шүүх хуралдааны дуу, дүрсний “Recording” нэртэй фолдерт 2 бичлэг байна. Үүнд:

1. Фолдерт буй mainfeed_dual_400 гэсэн бичлэг 1:00:02 минут үргэлжилж байх бөгөөд 00:05:02, 0:12:40, 0:15:54, 0:26:25, 0:30:07, 0:33:00, 0:35:05, 0:37:24, 0:39:49, 0:42:13, 0:43:42, 0:47:00, 0:48:14, 0:49:41, 0:53:12, 0:59:36 минутад шүүгч Л.Г, 0:29:28, 0:45:22, 0:53:44 минутад шүүгч Н.Б нар тус бүр гар утсаа хэрэглэж буй үйлдэл,

Фолдерт буй mainfeed_dual_400-2 гэсэн бичлэгт шүүх хуралдаан үргэлжлэн орж байх ба 0:01:22, 0:02:29, 0:11:01, 0:14:27, 0:15:56, 0:20:16, 0:24:08, 0:26:41, 0:32:28, 0:33:36 дахь минутад шүүгч Л.Г, 0:01:38, 0:31:30 дахь минутад шүүгч Н.Б, 0:09:25, 0:20:13, 0:21:25, 0:26:08 дахь минутад шүүгч С.Б тус бүр гар утсаа хэрэглэж буй нь тод харагдаж байна.

2. Recording (1) нэртэй фолдерт 4 бичлэг байгаагаас:

-Фолдерт буй mainfeed_dual_400 гэсэн бичлэгийн үргэлжлэх хугацаа 1:00:06 минут, 0:11:21, 0:30:07, 0:45:40, 0:52:15 минутад шүүгч Л.Г, 0:09:44, 0:20:53, 0:44:15, 0:46:43, 0:49:49, 0:50:32 минутад шүүгч Н.Б гар утас хэрэглэж байгаа нь харагдаж байна.

-Фолдерт буй mainfeed_dual_400-2 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба бичлэгийн 0:00:22 минутад шүүгч Н.Б шүүх хуралдааны танхимд орж ирж байна. Уг бичлэгийн үргэлжлэх хугацаа 1:00:07 минут бөгөөд бичлэгийн 0:04:38, 0:11:21, 0:14:11, 0:17:04, 0:20:38, 0:27:45, 0:51:25 минутад шүүгч Л.Г, 0:21:32, 0:41:35 минутад шүүгч Н.Б гар утсаа хэрэглэж байна. 0:19:34 минутад шүүгч С.Б даргалагч шүүгчээс зөвшөөрөл аван шүүх хуралдааны танхимаас гарч, 0:37:54 минутад орж ирэн, 0:38:15 минутад мөн гар утас хэрэглэж байгаа нь тод харагдаж байна.

-Фолдерт буй mainfeed_dual_400-3 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба 1:00:03 минут үргэлжлэх бичлэгийн 0:19:21, 0:21:11, 0:23:26, 0:24:56, 0:42:54 /гар утсанд нь дуудлага ирэхэд утсаа авч ярьсан/, 0:50:51, 0:54:38 минутад шүүгч Л.Г, 0:22:54, 0:34:08, 0:51:36, 0:54:20, 0:59:41 минутад шүүгч Н.Б, 0:33:06, 0:47:09 минутад шүүгч С.Б гар утас хэрэглэж байна.

-Фолдерт буй mainfeed_dual_400-4 гэсэн бичлэгийг үзэхэд шүүх хурал үргэлжлэн орж байх ба 0:45:34 минут үргэлжлэх бичлэгийн 0:02:11, 0:03:00, 0:12:03, 0:24:19, 0:29:45 минутад шүүгч Л.Г гар утас хэрэглэж байгаа нь тод тусгагджээ.

Тодруулбал, шүүх хуралдааны явцад шүүгч Л.Г нийт 38 минут 14 секунд, шүүгч Н.Б нийт 34 минут 25 секунд, шүүгч С.Б нийт 13 минут 43 секунд гар утас хэрэглэсэн нь дээрх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дугаар тал/.

Холбогдох шүүгчид шүүх хуралдааны явцад гар утсаа олон удаагийн давтамжтай хэрэглэж байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” зөрчилд хамаарна гэж үзсэн Сахилгын хорооны магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шүүгч Л.Г, С.Б, Н.Б нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан, шүүгч Л.Г, Н.Б нар гомдол гаргаагүй байна.

3. Харин шүүгч С.Б магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “ ... шүүх хуралдаан ажлын цагаар бүтэн 1 өдөр үргэлжилсэн бөгөөд хэрэгт хамааралтайгаар буюу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас бусад хуулийг /Legalinfo.mn/ харах, хэргийн хохирлын тооцоо гаргах, хэрэг гарах үеийн валютын ханшийн мэдээ харах зэргээр өөрийн эзэмшлийн гар утсыг хэрэглэсэн ... ” гэсэн агуулга дурдсан ба тэрээр энэхүү тайлбарыг өмнө нь гаргаж байжээ.

Сахилгын хорооны магадлалд “ ... шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт шүүх хуралдаан эхэлж  иргэдийн төлөөлөгч тангараг унших үед, шүүгдэгчийн биеийн байцаалттай танилцах явцад, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч тайлбар, улсын яллагч гэм буруугийн дүгнэлт унших, шүүгдэгч мэдүүлэг өгөх, хохирогчийн өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар асуулт асууж, шүүгдэгч хариулах үед холбогдох шүүгч нар нь олон удаагийн давтамжтайгаар утас хэрэглэж байгааг тухайн хэрэгт хамааралтайгаар утас хэрэглэсэн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх ба шүүх хуралдаан тогтоосон дэг, хуульд заасан журам, дарааллын дагуу явагдах учиртай.  

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин тавдугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан ба шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу явагдсаны дараа шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргадаг. Тодруулбал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох зэрэг асуудлыг шүүх зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэнэ. Иймд холбогдох шүүгчийн “ ... хэрэгт хамааралтайгаар гар утас хэрэглэсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

4. Шүүгч С.Б-д оногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагавар зэргийг харгалзан үзэх тухай Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-т нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгч С.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

           

ДАРГАЛАГЧ                                               Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                       Д.МЯГМАРЦЭРЭН  

Б.СУГАР

 

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.