info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-02-02

Дугаар 23

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, ажиглагчаар “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/0011 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Д.Эрдэнэчулуун илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...1. ... шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2022/6574 дүгээр захирамжид гаргасан гомдлыг шүүгч С.М шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй гэх тухайд:

... шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг Д.Х шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2022/6574 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч “Б А” ХХК эс зөвшөөрч, тус компанийн захирал Д.А-ын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 58/2022 дугаар албан бичгээр ... шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.М-ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1784 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад товлож, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 1399 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Э, илтгэгч шүүгчээр С.М, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.Л-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.   Товлогдсон шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч С.М-ыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 700 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулжээ. “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын шүүгч С.М-аас татгалзсан татгалзлыг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1454 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Мөн уг захиргааны хэргийн нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн захирал Д.А 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 59/2022 дугаар албан бичгээр шүүгч Э.Л-ээс татгалзсаныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам” батлагдаж, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, дараалал тогтооход баримтлах хэсэг өөрчлөгдсөн тул Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 1456 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, илтгэгч шүүгчээр С.М, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.С нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр товлон зарласан ба гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ж шүүх бүрэлдэхүүнээс, нэхэмжлэгч “Б А” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүгч Н.Д-ээс татгалзаж, мөн өдрийн 221/ШТ2022/743 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулжээ. Хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1569, 1568 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжуудаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлоход гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э “шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргаснаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221/ШЗ2022/1988 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байна. Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн захирал Д.А “шүүгч Н.Д, А.С нарыг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасан тул тус шүүхийн мөн өдрийн 844 дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.

Мөн нэхэмжлэгч “Б А” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 67/2022 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 80/2022 дугаар албан бичгүүдээр “шүүгч Н.Д-г татгалзан гаргах тухай” хүсэлтийг, харин гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар албан бичгээр “шүүгч С.М-ыг татгалзан гаргах тухай” хүсэлтийг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар албан бичгээр “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргажээ. Дээрх хүсэлтүүдийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1877 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Улмаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад товлоход гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүгч Н.Д, А.С нарыг татгалзан гаргах тухай хүсэлтийг дахин гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2022/1039 дүгээр тогтоолоор хангахаас татгалзсан. Мөн шүүгч А.С, Н.Д нар өөрсдөө “шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах тухай” хүсэлтээ гаргасан тул шүүх бүрэлдэхүүнийг шинээр томилуулах шаардлага бий болж, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2022/1017 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/ЕШ2022/2001 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Б, илтгэгч шүүгчээр С.М, шүүх хуралдаан даргалагчаар Д.О нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Шүүх  бүрэлдэхүүнийг албажуулснаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон ба “Т Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-оос шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШТ2023/0003 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор мөн хойшлуулсан байна. Шүүгч С.М 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2023/0015 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзжээ. Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон ба тус шүүхийн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, дараалал тогтооход баримтлах хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ЕШ2023/0030 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Т, илтгэгч шүүгч С.М, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч О.О нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б нар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай хүсэлт, гуравдагч этгээдээс мөн өдөр шүүгч С.М, О.О нарыг татгалзан гаргах тухай хүсэлт болон  шүүгч О.О 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах тухай” хүсэлтээ өгсөн тул тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/ШЗ2023/0037 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ. /с.х-ийн 103, 107-108 тал/

Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар шүүгч О.О-ийн хүсэлтийг хангаж, харин шүүгч С.М-ыг татгалзан гаргах тухай хүсэлтийг “шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгчээс аливаа байдлаар шүүгч А.С, Н.Д нарт тэдгээрийг татгалзан гарах хүсэлт гаргасан нөлөөлсөн гэж үзэхээргүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэн татгалзсан байна. Улмаар Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ЕШ2023/0100 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ерөнхий шүүгч Б.Т, илтгэгч шүүгч С.М, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. Дээрхээс үзвэл ... -ны шүүхэд “Б А” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б А” ХХК-аас шүүгч Э.Л-с 1 удаа, шүүгч Н.Д-гээс 4 удаа, шүүгч А.С-ээс 1 удаа, гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүгч С.М-аас 5 удаа, шүүгч О.О-ээс 1 удаа, шүүх бүрэлдэхүүнээс 2 удаа татгалзан гаргах хүсэлтийг тус тус гаргаж байжээ. Мөн “Т Т” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 2 удаа хүсэлт гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “шүүгч С.М-ыг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Харин шүүх бүрэлдэхүүнд хэргийг хурдан шуурхай хуулийн дагуу хянан шийдвэрлэх хүсэл сонирхол байх боловч шүүгч нараас шалтгаалахгүй, хэргийн оролцогчдоос нэгэнт шийдэгдсэн асуудлын талаар дахин, дахин хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж байгааг дурдах нь зүйтэй.

2. ... шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “Б А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлэхэд шүүгч С.М “Ерөнхий шүүгч энэ хүсэлтийг шийдвэрлэчихсэн гэсэн атлаа хэт нэг талыг баримталж, дахин дахин нэхэмжлэгчээс асуух, мөн шүүх бүрэлдэхүүнээс “та нар өөрсдөө татгалзан гарах боломж байгаа гэхчлэн сонсогдохоор асууж, нэхэмжлэгчийн хөтлөн хүсэлтийг “бусад 2 бүрэлдэхүүнээс татгалзан гаргах” болгон өөрчлүүлсэн гэх тухайд,

Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1244 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн 844 дүгээр шүүхийн тогтоол, Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1877 дугаар захирамж зэргээс үзвэл өргөдөлд дурдсан “хэт нэг талыг баримталж, дахин дахин нэхэмжлэгчээс асуусан” гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн 84.1.1-84.1.6 дахь заалтад шүүгч үл оролцох буюу өөрөө татгалзан гарах үүргийг заасан бол мөн зүйлийн 84.4 дахь хэсэгт “энэ хуулийн 84.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, тэмдэглэлд тусгуулан татгалзан гарах үүрэгтэй” гэдгийг хуульчилжээ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “нэхэмжлэгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй”, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.4 дэх хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэргийн оролцогчдоос дээрх хуулиар олгосон эрхийнхээ дагуу удаа дараа “шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг ижил үндэслэлүүдээр гаргаж байсан байна. Мөн шүүгч А.С, Н.Д, С.М, О.О нар өөрсдөө татгалзан гарах тухай хүсэлтээ гаргаж байжээ. Хэргийн оролцогч болон шүүгч нарын хүсэлтүүдийг тухай бүрд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж зааснаар холбогдох хуулийг баримтлан тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж байсан байна.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус заасан. Тухайн өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгч С.М “шүүгчид зориуд нөлөөлөөд байгаа юм уу, шийдсэн юмыг дахин яриад байх юм” гэж даргалагчид хандан хэлсэн нь дээрх хуулийг хэрэгжүүлэн  хэргийн оролцогчдыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байгаа эсэхийг шүүх хуралдааны даргалагчаас асууж, тодруулсан гэж үзнэ. Мөн шүүгч С.М өргөдөлд дурдсан “шүүх бүрэлдэхүүнээс -Та нар өөрсдөө татгалзан гарах боломж байгаа гэхчлэн сонсогдохоор асууж, нэхэмжлэгчийн хөтлөн хүсэлтийг “бусад 2 бүрэлдэхүүнээс татгалзан гаргах” болгон өөрчлүүлсэн” гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана”, 94.2 дахь хэсэгт “татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан. Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч А.С, илтгэгч шүүгч С.М нараас “шүүх бүрэлдэхүүн эсхүл бүрэлдэхүүний 2 шүүгчээс татгалзсан татгалзлын тайлбар, хүсэлттэй холбоотой бусад хэргийн оролцогч нарыг тайлбарыг сонсож, нэхэмжлэгч талын татгалзлын үндэслэлийг өмнөх эсхүл шинэ үндэслэлийн аль нь болохыг тодруулан асуусан байна. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А нь шүүгч С.М-ын нөлөөгөөр хүсэлтээ өөрчилсөн бус харин өөрийн өмгөөлөгчийнхөө үгийг даган “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтээ, анх хэлсэн “шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийг татгалзан гаргах тухай”  болгон өөрчилжээ. Иймд “Т Т” ХХК-ийн захирал Д.Ж-гийн өргөдлийн дагуу шалгах ажиллагаа явуулахад ... шүүхийн шүүгч С.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдож, тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.

Шүүгч С.М сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ... шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6574 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хуульд заасан хугацаанд шүүх хуралдааныг товлож явуулсан боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Т Т” ХХК-иас удаа дараа шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр гаргасантай холбоотойгоор мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгч тухайн хүсэлтүүдийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдаан хойшилж байсан тул шүүгч миний зүгээс зориуд шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй болно. Өргөдөлд дурдсан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А-аас гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг ямар үндэслэлээр гаргаж байгаа, урьд нь шийдвэрлэсэн үндэслэлээр дахин гаргаж байгаа эсэх талаар тодруулан асууж, шүүгчээс татгалзах хүсэлт удаа дараа гаргасны улмаас хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа талаар тайлбарласан. Үүний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчээс татгалзаж байгаа талаар тодруулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч н.А-аас шүүгч Н.Д-г өөрөө татгалзан гарч болдоггүй юм уу гэх мэтээр хэлэхэд нь шүүгч хуульд заасан татгалзан гарах үндэслэл байхгүй байхад татгалзан гарах үүрэггүй талаар хэлсэн. Би бусад шүүгч нарт ямар нэгэн байдлаар нөлөөлөх, тэднээс асуулт асуух зэрэг үйл явдал болоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасан зөрчил гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас ...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6574 дүгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлээгүй, ...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн татгалзлыг өөрчлүүлсэн, хөтөлж асуусан, бүрэлдэхүүнд орсон бусад шүүгч нарт нөлөөлсөн гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Нэг. 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6574 дүгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлээгүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, “Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг ... шүүхийн шүүгч Д.Х 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2022/6574 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 21-24 тал/

Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ...54.2 ... дахь хэсэгт заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б А” ХХК-аас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус захирамжид гомдол гаргасан байна.

... шүүх дээрх гомдлын дагуу хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.М-ын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1784 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад товлож, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 1399 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Э, С.М (илтгэгч шүүгч), шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.Л-г томилсон шийдвэрийг албажуулсан байна. /с.х-ийн 25-29 тал/

Товлогдсон шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-аас шүүгч С.М-ыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 700 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар Ерөнхий шүүгч татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Уг хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1454 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 30-33, 38-40 тал/ Мөн нэхэмжлэгч “Б А” ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүгч Э.Л-ээс татгалзсаныг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1455 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 41-43 тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам” батлагдаж, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, дараалал тогтооход баримтлах хэсэг өөрчлөгдсөн тул мөн өдрийн 1456 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, С.М /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.С нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. /с.х-ийн 44, 120-122 тал/

Шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр товлосон боловч  гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүх бүрэлдэхүүнээс, нэхэмжлэгч “Б А” ХХК-аас шүүгч Н.Д-г тус тус татгалзан гаргах хүсэлт гаргаж, мөн өдрийн 221/ШТ2022/743 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулжээ. /с.х-ийн 46, 49-50 тал/ Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1568, 1569 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжуудаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 52-56 тал/

Улмаар шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлож, гуравдагч этгээд “Т Т” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж, мөн өдрийн 221/ШЗ2022/1988 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байна. /с.х-ийн 59-60 тал/

Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б А” ХХК-аас шүүгч Н.Д, А.С нарыг татгалзан гаргах хүсэлт гаргаж, 844 дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ. /с.х-ийн 64-65 тал/

Мөн нэхэмжлэгч “Б А” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 18, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгч Н.Д-ээс татгалзан гаргах, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүгч С.М-ыг татгалзан гаргах хүсэлтийг тус тус гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1569, 1877 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжуудаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 71-77 тал/

Улмаар шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад товлоход гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүгч Н.Д, А.С нараас татгалзан гаргах хүсэлтийг дахин гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2022/1039 дүгээр тогтоолоор хангахаас татгалзжээ. /с.х-ийн 79, 83-85, 89-90 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч А.С, Н.Д нар өөрсдөө татгалзан гарах тухай хүсэлт гаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2022/1017 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/ЕШ2022/2001 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Б, С.М /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар Д.О нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /с.х-ийн 81-82, 86-88 тал/

Шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон боловч “Т Т” ХХК-аас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, 221/ШТ2023/0003 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ. /с.х-ийн 92-94 тал/

Шүүгч С.М нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Т Т” ХХК-аас гаргасан өргөдлийн дагуу сахилгын хэрэг үүсгэсэн тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2023/0015 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзжээ. /с.х-ийн 95-97 тал/ Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон ба тус шүүхийн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, дараалал тогтооход баримтлах хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ЕШ2023/0030 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Т, илтгэгч шүүгч С.М, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч О.О нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /с.х-ийн 140-142 тал/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б нар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай хүсэлт, гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүгч С.М, О.О нарыг татгалзан гаргах хүсэлт, шүүгч О.О шүүх бүрэлдэхүүнээс өөрөө татгалзан гарах тухай хүсэлтээ өгсөн тул тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/ШЗ2023/0037 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ. /с.х-ийн 103, 107-108 тал/

Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар шүүгч О.О-ийн татгалзан гарах хүсэлтийг хангаж, харин “Т Т” ХХК-аас гаргасан шүүгч С.М-аас татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 110-112 тал/

Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ЕШ2023/0100 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ерөнхий шүүгч Б.Т, С.М /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. /с.х-ийн 109, 143 тал/

Дээрхээс дүгнэвэл, ... шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6574 дүгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэх хуралдаан нийт 7 удаа хойшилсон байх бөгөөд нэхэмжлэгч “Б А” ХХК-аас шүүгч Э.Л-ээс 1 удаа, шүүгч Н.Д-ээс 4 удаа, шүүгч А.С-ээс 1 удаа, гуравдагч этгээд “Т Т” ХХК-аас шүүгч С.М-аас 5 удаа, шүүгч О.О-ээс 1 удаа, шүүх бүрэлдэхүүнээс 2 удаа татгалзан гаргах хүсэлтүүд гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байна.

Мөн “Т Т” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 2 удаа гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасны дагуу хойшлуулжээ.

Ийнхүү хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсанд шүүгч С.М-ыг буруутгах боломжгүй бөгөөд шүүгч захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлээгүй гэх өргөдөл үндэслэлгүй.

Хоёр. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн татгалзлыг өөрчлүүлсэн, хөтөлж асуусан, бүрэлдэхүүнд орсон бусад шүүгч нарт нөлөөлсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

.... шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 844 дүгээр тогтоол, 1244 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүгч А.С даргалж шүүгч Н.Д, С.М нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна.

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд,

Бичлэгийн 2 минут 13 секундэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-аас “...шүүгч А.С, Н.Д нараас татгалзаж байна”, 10 минут 11 секундэд “...би С.М шүүгчийн ярьж байгаа юмыг эсэргүүцэж байна. Энэ шүүх хурал ямар ч үнэнийг шүүх хурал биш байна гэдгийг би итгэл үнэмшлээрээ тодорхой хэлмээр байна...” гэж,

12 минут 12 секундэд Даргалагчаас “нэхэмжлэгч тал 2 шүүгчээс татгалзсан татгалзал нь хэвээрээ юу” гэхэд Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-аас “би 2 татгалзлаа өөрчлөөд бүрэлдэхүүнээр нь татгалзаж байна” гэж,

12 минут 36 секундэд Даргалагчаас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан хэддүгээр үндэслэлээр татгалзаж байгаа юм бэ? Өмнөх үндэслэл арилаагүй байна гэдэг үндэслэлээр дахин татгалзаад байгаа юм уу? Цоо шинэ үндэслэл гаргаж ирж байгаа юм уу? ...”, 17 минут 15 секундэд Даргалагчаас “Таны санааг ойлголоо. Өмнөх үндэслэл өөрчлөгдсөн юм уу, өөрчлөгдөөгүй юм уу. Өөр үндэслэл байвал авч хэлэлцье...” гэхэд 18 минут 28 секундэд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-с “...бүрэлдэхүүнийг татгалзаж байгаа үндэслэлийг би мэдэхгүй, зүгээр 2 шүүгчээс татгалзал бол байгаа. Тэр үндэслэлийг тайлбарласан. Миний хувьд бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл байхгүй...”, гэж,

20 минут 54 секундэд Даргалагчаас “харин тэгээд шийдээгүй асуудал байна уу гээд тодруулж асуугаад байгаа байхгүй юу, шийдээгүй үндэслэл байна уу, та бүрэлдэхүүнээс татгалзана гээд байгаа ш дээ. Өмгөөлөгч чинь 2 шүүгчээс гэж байна. Та явцын дунд бүрэлдэхүүнээс гээд ярьсан” гэхэд Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...би өөрөө энэ шүүх хуралд итгэхгүй байгаа учраас өнөөдөр татгалзаад байгаа байхгүй юу. Би шүүх бүрэлдэхүүн биш өмгөөлөгчийнхөө үгийг дагаад 2 шүүгчээс татгалзъя” гэж,

22 минут 47 секундэд Даргалагчаас “...2 шүүгчээс татгалзсан анхны хүсэлт хэвээрээ гэсэн үг юм уу” гэхэд, Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “тийм” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл шүүх бүрэлдэхүүн хуралдааны явцад хэргийн оролцогчийн гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлтийг өөрчлүүлсэн, хөтөлж асуусан, шүүгч С.М  бүрэлдэхүүнд орсон бусад шүүгч нарт нөлөөлсөн гэх үйл баримт тогтоохгүй байна. Харин нэхэмжлэгч талын гаргасан шүүгчээс татгалзах хүсэлтийг тодруулах зорилгоор шүүх бүрэлдэхүүн эсхүл шүүгч А.С, Н.Д нарын алинаас нь татгалзаж байгаа эсэх, татгалзаж байгаа үндэслэл нь өмнө гаргаж шийдвэрлүүлсэн хүсэлтүүдээс өөр эсэхийг тодруулж асуусан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “нэхэмжлэгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд сахилгын хэрэгт цугласан баримтаас үзэхэд хэргийн оролцогчдоос шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа татгалзаж байсан болох нь тогтоогдсон. Иймд шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 7.1-д заасан нөхцөл байдлыг тодруулах үүргийн хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан татгалзан гаргах хүсэлттэй холбогдуулан асуулт асуусан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Ийнхүү өргөдөлд дурдсан үйл баримт нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгч С.М нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/0011 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, “Т Т” ХХК-ийн өргөдлөөр үүссэн .... шүүхийн шүүгч С.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Д.АРИУНТУЯА

Ц.ДАВХАРБАЯР