МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-08
Дугаар 258
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар өмгөөлөгч Т.М-ын өргөдлөөр, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.О, шүүгч Д.Ц, М.М нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“... Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Монгол овгийн Гомбодоржийн Дашцэрэнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны тов тогтоох тухай” ... дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон байх ба уг шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Т.М-оос гаргасан хүсэлтийг ханган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Харин тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14.30 цагт эхэлсэн шүүгдэгч Ц.М, М.Н, Б.Х, Б.Х, Ж.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан мөн өдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилж, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарласан, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан мөн 22.00 цаг хүртэл үргэлжилж ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарласан /2022 оны 06 дугаар сарын 18, 19-ний өдрүүд нийтээр амрах амралтын өдөр байсан/, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас эхлэн үргэлжилсэн хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөх асуудлаар ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулан, шүүх хуралдаан 15.00 цагт дуусжээ.
Уг шүүх хуралдааны дараа ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр тогтоолоор 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг хүртэл завсарлуулсан Ц.Б нарын нэр бүхий 14 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдааныг 15 цаг 20 минутад эхэлж, 17 цаг 20 минутад дууссан байх ба шүүгдэгч Г.Д-д холбогдох шүүх хуралдааныг 17.45 цагт эхэлж, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ... дугаар тогтоолоор шүүгдэгч Г.Д-г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно”, 3-т “Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно” гэж зааснаар шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, энэ шүүхийн тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М-ын гаргасан гомдлыг хэлэлцээд ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, албадан ирүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрх ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ... дугаар тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Т.М гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүхийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарлагдсан мэтээр миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр авч хүний эрхийн болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагт хэлэлцэхээр шийдвэрлэсэн, уг хуралдааны товоо шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хуульд заасны дагуу мэдэгдсэн, мөн өдрөө шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Т.М нар товлосон хугацаанд очсон нь тогтоогдож байх бөгөөд урьд өдөр нь эхэлсэн шүүх хуралдаан дуусаагүй шалтгаанаар товлосон цагтаа хурал эхлээгүй нь ээдрээ төвөгтэй хэрэг маргааныг шийдвэрлэдэг шүүхийн ажлын онцлогтой холбоотой байна.
Харин шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр мэдэгдсэнээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэнд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно”, 3-т “Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно” гэж заасан үндэслэл бий болсон гэж үзсэн тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ... дугаар тогтоолын холбогдох хэсгийг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар хүчингүй болгож, алдааг залруулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд шүүн таслах ажиллагааны тасралтгүй байх зарчмыг хангаж шүүгдэгч Г.Д-д холбогдох 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагт товлогдсон хуралдааныг хойшлуулах боломжгүй байсан нөхцөл байдал, өмнөх шүүх хуралдаан дуусаагүй тохиолдолд товлон зарласан шүүх хуралдааныг хэрхэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаагүй тул 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр хуралдааны тов мэдэгдсэнээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэнд тооцсон шүүгчийн үйл ажиллагааг хууль хэрэглээтэй холбоотой гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, холбогдох хуулийг хэрэглэсэн нь зөв буруу эсэхэд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж засагдах боломжтой төдийгүй засагдсан энэ тохиолдолд шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн “ноцтой” зөрчил гаргасан гэж үзэхгүй, “удаа дараа” байх хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Д-д ... аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялтай гэмт хэрэг байх тул хуулийн илт тодорхой заалт зөрчигдөөгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэр бүхий шүүгч нар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Шүүгч Х.О, Д.Ц, М.М нар нь тайлбартаа:
“... ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь ... аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Г.Д-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг тогтоосон.
Тус шүүх хуралдаан нь товлогдсон өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт эхэлж шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Т.М-оос ирүүлсэн "...Үйлчлүүлэгч байгууллагад байрлан ажиллаж зөвлөгөө өгөх ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах ажиллагаа гэж үзэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
Шүүх хуралдааныг хойшлуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна” гэж зааснаар талуудын санал, хүсэлтийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Д-д холбогдох шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагт хийхээр товлон шүүх хуралдааныг хойшлуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж хуульчилсан.
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14.30 цагт товлосон шүүгдэгч Ц.М, М.Н, Б.Х, Б.Х, Ж.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлосон хугацаандаа эхэлсэн.
Тус шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 22.00 цаг хүртэл үргэлжилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг хэлнэ, мөн хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж хуульчлан заасан үндэслэлээр ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан.
Шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас үргэлжлэн хэлэлцэж, мөн дахин тухайн өдрөө хэлэлцүүлэг дуусалгүй 22.00 цаг хүртэл үргэлжилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, мөн 2022 оны 06 дугаар сарын 18, 19-ний өдрүүд нийтээр амрах амралтын өдөр буюу хагас, бүтэн сайн өдрүүд байсан тул ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан.
Тус шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас үргэлжлэн хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт танилцуулах ажиллагаа дуусаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хохирол нөхөн төлөх асуудлаар ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авч тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулж, шүүх хуралдаан 15.00 цагт дууссан болно.
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт товлогдсон шүүгдэгч Ц.Б /нэр бүхий 14 шүүгдэгч/ нарт холбогдох шүүх хуралдаан товлогдсон өдөр, цагтаа эхэлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, гэм буруугийн’ дүгнэлт танилцуулах ажиллагаа дуусаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хохирогч нарт хохирол нөхөн төлөх асуудлаар ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15.20 цагт эхэлж 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.20 цагт дууссан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж хуульчилсан тул дээр дурдсан өмнөх шүүх хуралдаан дууссан тул шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М нь “шүүхэд зарлагдсан Г.Д-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Дээрх хэргийн шүүх хуралдаан “шүүх бүрэлдэхүүний өмнөх хурал дуусаагүй” шалтгаанаар хойшилж байгаа бөгөөд дараагийн шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 20, 21, 23, 27, 28, 2022 оны 07 дугаар сарын 01, 04-ний өдрүүдээс бусад өдөр товлож өгнө үү. Эдгээр өдрүүдэд миний бие Нийслэл болон Төв аймагт шүүх хуралдаанд оролцохоор өөрийн ажлыг төлөвлөсөн байгаа” гэж шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлсэн байсан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А, шүүгдэгч Г.Д нар шүүхэд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, 1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй талаараа хүсэлт, нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй.
Тус шүүх нь шүүгдэгч Г.Д-д холбогдох шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагт хийхээр товлон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь шүүх хуралдаан товлосон, шүүх хуралдаан хойшлуулсан шүүхийн тогтоол, шүүх хурлын тэмдэглэл, шүүгчийн туслах Г.И-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Өмнөх шүүх хуралдаан дуусаагүй, эсхүл өмнөх шүүх хуралдаан ажлын цаг дууссаны дараа дууссан тохиолдолд товлогдсон шүүх хуралдааныг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан болон энэ талаар журамласан, зохицуулалт, тодорхой хуулийн заалт, журам байхгүй.
Шүүхийн практикт шүүгчийн туслах нь хэргийн оролцогч нарт өмнөх шүүх хуралдаан дуусаагүй байгаа талаар тайлбарлаад, шүүх хуралдаан дууссаны дараа дараагийн шүүх хуралдаан эхлэх талаар нь хэлж ойлгуулдаг. Тогтсон практикийн дагуу шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч С.Б, насанд хүрээгүй хохирогч О.С, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, насанд хүрээгүй хохирогч Ж.А-гийн хууль ёсны төлөөлөгч Х.Г, насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Л.Л, иргэдийн төлөөлөгч Т.Н нар хүрэлцэн ирсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А, шүүгдэгч Г.Д нар шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт ирүүлээгүй болно. Шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг заавал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг шийдвэрлэдэг болно. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Т.М нь эрүүгийн ... дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.О, шүүгч Д.Ц, М.М нарт холбогдуулан “... өмнө орсон шүүх хуралдаан завсарлаагүй гэх шалтгаанаар ... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 минутад товлогдсон шүүх хуралдаан цагтаа эхлээгүй ... 18:00 минут хүртэл хүлээсэн боловч шүүх бүрэлдэхүүн өмнөх хурлаасаа гарч ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг товлохдоо миний хуралтай давхцуулахгүй байх талаар хүсэлтийг шүүхэд өгч, үйлчлүүлэгчийн хамт Улаанбаатар хот руу буцсан ... гэтэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан болох талаар хуульд зааснаар дуудаагүй ... шүүх бүрэлдэхүүн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр шүүх хуралдаан зарлагдсан мэтээр миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, үндэслэлгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн ...” гэх агуулгатай өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлжээ.
Сахилгын хэргийг хянаж үзвэл:
1. ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар захирамжаар Г.Д-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг шүүгч Д.Ц даргалж, Ерөнхий шүүгч Х.О, шүүгч М.М нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор өмгөөлөгч Т.М-ын хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл хойшлуулж, товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байна.
2. ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 3 шүүгчийн орон тоотой[1], шүүгч Д.Ц, Ерөнхий шүүгч Х.О, шүүгч М.М нарын шүүх бүрэлдэхүүн М.Н нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товложээ.
Тус шүүх хуралдаан ажлын 3 өдөр үргэлжилсэн буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14.30 цагаас 22.00 цаг хүртэл, 17-ны өдөр 9.00-22 цаг хүртэл, 20-ны өдөр 9.00-15.00 цаг хүртэлх хугацаанд хуралдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоол, мөн өдрийн ... дугаар шүүх хуралдааны тэмдэглэл гэх баримтаар тогтоогдож байна.
3. Сахилгын хэрэгт авагдсан өмгөөлөгч Т.М-ын хүсэлт, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоол, мөн өдрийн ... дугаар тэмдэглэл, ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар “Гомдол хэлэлцэх тухай” захирамж, мөн өдрийн ... дугаар тэмдэглэл дэх шүүгдэгчийн тайлбар, шүүгчийн туслах Г.И-ийн гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл:
- Өмгөөлөгч Т.М нь “... 2022 оны 06 дугаар сарын 20, 21, 23, 27, 28-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 01, 04-ний өдрүүдэд нийслэл болон Төв аймагт шүүх хуралдаанд оролцохоор төлөвлөсөн тул бусад өдрүүдэд шүүх хуралдааныг товлож өгнө үү” гэх хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан,
- Шүүгчийн туслах нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “өмнөх хэргийн шүүх хуралдаан дуусахаар үргэлжлэн хурал орно, утсаар араас нь мэдэгдэх талаар” хэлсэн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагт шүүх хуралдаан болох талаар шүүгдэгч Г.Д-д мэдэгдсэн,
- Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 минутад товлогдсон шүүх хуралдаан, түүнээс өмнө товлогдсон өөр эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдаан дууссаны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн,
- Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас “Шүүх хуралдааны товыг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М-д мэдэгдэхэд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.А нарт мэдэгдэхэд шүүх хуралдаанд ирээгүй байна” гэж танилцуулсан,
- Ирцтэй холбогдуулан Улсын яллагч болон насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгчийн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт, санал гаргасан,
- Шүүх бүрэлдэхүүн нь тухайн хэргийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон хурлын товыг шүүгдэгчид мэдэгдсэнээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэнд тооцож, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан болох талаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих арга хэмжээг авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- Өмгөөлөгч Т.М нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн тогтоолд гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар шүүхийн тогтоолын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, албадан ирүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйл /шүүх хуралдааныг тасралтгүй явуулах/-ийн 1-д “шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан. Үүнээс үзвэл шүүх бүрэлдэхүүн нь өмнөх шүүх хуралдааныг тасралтгүй явуулсан нь хуульд нийцсэн байх тул Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 минутад товлогдсон шүүх хуралдаан хугацаандаа эхлээгүйд шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь, шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааны товыг тогтоохдоо хэргийн оролцогч, тэдгээрийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг харгалзан үзэхээр хуульд урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон байхаас гадна өмнөх шүүх хуралдааны дундуур Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийн товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах талаар хэлэлцэх, улмаар шүүхийн тогтоол гаргах нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулах хуулийн зохицуулалттай зөрчилдөнө.
Иймд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 минутад товлогдсон шүүх хуралдаан хойшилсон гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй тул 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр хуралдааны тов мэдэгдсэнээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэнд тооцсон шүүгчийн үйл ажиллагааг хууль хэрэглээтэй холбоотой гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр” хуульчилсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Г.А, Т.М нар оролцжээ.
Тухайн хэргийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17.45 цагт эхэлсэн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.А болон шүүгдэгч нар оролцоогүй байхад холбогдох шүүгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй: 1.4.бүх насаар хорих ял оногдуулж болох;” гэж заасныг зөрчсөн гэх өргөдөл үндэслэлгүй байна.
6. Улсын яллагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргаж болох ба шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэрт шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргах, үүний дагуу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг тухайн шатны шүүхээс хянах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгожээ.
... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолын шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн холбогдох тогтоолын хэсгийг, Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар хүчингүй болгосон.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн болон ерөнхий шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэлээр хараат бусаар үнэлж дүгнэн, хуулийн тодорхой зохицуулалтыг хэрэглэж хэргийн оролцогчийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн дээрх үйл ажиллагаа нь хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой”, эсхүл “удаа дараа” зөрчсөн зөрчилд хамаарахгүй бөгөөд энэ талаар илтгэгч гишүүн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.О, шүүгч Д.Ц, М.М нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ
[1] Шүүгч нарын тайлбарт