МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-22
Дугаар 267
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “ ... ” ХХК-ийн захирал Ж.Ч-ийн өргөдлөөр, ... шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д, шүүгч Д.Ч нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“... ... шүүхийн шүүгч Д.Ч нь А.Б-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагын улмаас “...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байх тул “...” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” ... дугаар захирамж гаргажээ.
Нийслэлийн газрын албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нэгж талбарын ... дугаар бүхий 800м.кв газрыг өөр этгээдэд олгоогүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзэж тус компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн ... дугаар захирамжаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, захирамж хүчингүй болгох тухай” ... дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
... өргөдөл гаргагчаас шүүгч Д.Ч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гaprax” гэж заасныг зөрчсөн гэсэн агуулгаар өргөдөл гаргасан байх хэдий боловч холбогдох шүүгч нь ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, захирамж хүчингүй болгох тухай” ... дугаар захирамжид захирамж гаргах болсон үндэслэлээ тодорхой дурдсан байх төдийгүй шүүгчид бүрэн эрх олгосон хуулийн зүйл заалтыг баримтлан дээрх захирамжийг гаргажээ. Шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан энэхүү үйл баримтыг шүүгч хуулийн илт тодорхой зүйл заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрх захирамжийг гаргах үед буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байх бөгөөд тус хууль нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь зөрчилд хамаарахгүй” гэж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай нь холбоотойгоор буруутган зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болохыг хуульчлан зохицуулж нарийвчлан зааж өгсөн байна.
Мөн тус өргөдөлд шүүгчийн нэрийг барьж Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүй тайлбар гаргасан гэсэн байх бөгөөд “...” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Э шүүгч Д.Ч холбогдох гаргасан шүүгчийн хууль бус үйлдлийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газар хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж гомдлыг шийдвэрлэсэн тул уг асуудлыг хянах, шүүн хэлэлцэх эрх хуулиар тус хороонд байхгүй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна ... Хэрэв шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталсан атал хуурамч мэдүүлэг, баримт гаргаж өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа бол энэ нь тус хорооны хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудал юм ...
Өргөдөл гаргагчаас шүүгч Н.Д-д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хурлын танхимд “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ыг татгалзалтай холбоотойгоор загнасан, тэрээр өмнө “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Б-д холбогдох захиргааны хэрэгт А.Б-ийн өмгөөлөгчөөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан атлаа А.Б-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орж, хувийн шинжтэй байдлаар шалтаглан хэргийн оролцогчийг загнасан, хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэсэн утга агуулгатай өргөдөл гаргажээ.
Гишүүний захирамжаар шүүхийн Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар авч, тухайн дуу-дүрсний бичлэгийг нэг бүрчлэн үзэж үзлэг хийхэд холбогдох шүүгч Н.Д нь “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ыг татгалзалтай холбоотойгоор загнасан, хувийн шинжтэй байдлаар шалтаглан хэргийн оролцогчийг загнасан, хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй болно.
Харин шүүгчийн зүгээс “...” ХХК-аас Авлигатай тэмцэх газарт өмгөөлөгч Ц.Э гомдол гаргасан тухай нь дурдаж, өөрийг нь шүүх бүрэлдэхүүнд орсонтой нь холбогдуулан татгалзахгүй байгааг нь хэлсэн байна. Улмаар холбогдох шүүгч өөрөө шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа болохоо илэрхийлж, Авлигатай тэмцэх газарт надад холбогдуулан гаргасан гомдолд ажиллагаа явж байгаа юм байна. Тэгэхээр би энэ хэргийг шийдэх гэж байгаа нь тохиромжгүй байна гэж татгалзах үндэслэлээ тодорхой тайлбарлаж хэлсэн байх ба шүүх хуралдаан даргалагч шүүгч “... бүрэлдэхүүн томилохдоо оны өмнө батлагдсан багцын дагуу орж ирсэн. Шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийн оролцогчдоос асуухад татгалзал байхгүй гэж мэдэгдсэн боловч шүүгч өөрөө татгалзаж байна. Шүүх бүрэлдэхүүний шүүгч татгалзаж байгаа тул шүүх хуралдаан үргэлжлэх боломжгүй тул бүрэлдэхүүн томилогдсоны дараа хурлыг жич товлон зарлана” гэснээр тухайн шүүх хуралдаан хойшилжээ.
Сахилгын хэрэгт авагдсан тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад холбогдох шүүгч нь ямар нэгэн байдлаар дуугаа өндөрсгөж бусдыг аашилж загнасан, зүй бус, ёс зүйгүй харилцсан, тийм үйлдэл гаргасан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй болно.
Мөн хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэсэн нь шүүх хуралдааны явцад шүүгчийн өөрөө татгалзсан татгалзлаар үгүйсгэгдэж байна. А.Б-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орсон нь шүүгч Н.Д-гийн өөрийн хүсэл зоригоос шалтгаалаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.
Иймд шүүгч Д.Ч, Н.Д нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
... шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д нь тайлбартаа:
“... 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ... шүүх хуралдаанд “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь онлайнаар оролцсон, хэргийн оролцогчдын ярьж байгаа нь техникийн байдлаас шалтгаалан бүдэг сонсогдож байсан, мөн би хуралдааны танхимд масктай оролцсон чaнra дуугаар асуулт асуусныг Ц.Э-ыг загнасан үйлдэл гэж үзэхгүй байна ... Иймд Ц.Э-ыг гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна.
Миний бие 2015 онд шүүгчээр томилогдохоос өмнө иргэн А.Б-ийн нэхэмжлэлтэй газрын маргаан буюу захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан хэдий ч тухайн өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт хэлэлцэх шуух бүрэлдэхүүнд томилогдсон тул Ерөнхий шүүгчийн албажуулсан захирамжийн дагуу шуух хуралдааны танхимд орсон болно. Шүүх хуралдаан эхлэх шатанд миний бие дээр дурдсан үндэслэлээр татгалзан гарсан бөгөөд миний энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох, өөрөө татгалзан гарах” үүргээ биелүүлсэн гэж үзэж байна ... Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
... шүүхийн шүүгч Д.Ч нь тайлбартаа:
“ ... Иргэн А.Б-оос Н-д холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2019 оны ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сард гаргаж, шүүгчийн 2019 оны ... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэсэн үндэслэлээр татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг захирамжийг давж заалдах шатны шүүхийн 2019 оны ... дугаар тогтоолоор “... 2019 оны ... дугаар захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүхийн санаачилгаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “...” ХХК-ийг татан оролцуулахаар 2020 оны ... дугаар захирамж гаргаж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд “...” ХХК-ийг дуудан ирүүлэх гаргасан захирамжуудыг хүргүүлэх шуудангаар дуудах гэх зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч “...” ХХК шүүхэд ирээгүй ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай албан бичгээр “... иргэн А.Б-ийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 800м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргаснаас хойш дээрх газартай холбоотой захирамж шийдвэр гараагүй” гэсэн албан бичиг ирүүлсэн тул маргаан бүхий газар бусад иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалгүй энэ хэргийн улмаас хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзэж урьдчилан хэлэлцүүлэг хийж хэргийн оролцогчдод танилцуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар гуравдагч этгээдээр “...” ХХК-ийг татсан шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өрийн ... дугаар захирамжийг 2020 оны 03 дүгээр сарын 18-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, захирамж хүчингүй болгох тухай” ... дугаартай шүүгчийн захирамжид хариуцагч талаас гомдол гаргаж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, захирамж хүчингүй болгох тухай” ... дугаар захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдээр “...” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.
... Уг хэрэгт шүүгч миний зүгээс “ ... ” ХХК-ийг оролцуулахгүй гэсэн хувийн ямар ч шалтгаан байхгүй хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх гомдол үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“...” ХХК-ийн захирал Ж.Ч нь шүүгч Д.Ч-д холбогдуулан “А.Б-ийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “...” ХХК-ийг зориуд оролцуулалгүй эрхийг зөрчсөн, гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамжаа хүргүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн, тус захирамжаа үндэслэлгүйгээр хүчингүй болгосон, нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хууль бус байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн” гэх, шүүгч Н.Д-д холбогдуулан “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Бид холбогдох захиргааны хэрэгт А.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байсан атлаа А.Б-ийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орж, татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй, “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ыг татгалзалтай холбоотойгоор загнасан” гэх агуулгаар тус тус Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байна.
Сахилгын хэргийг хянаж үзвэл:
1. Нийслэлийн ... шүүхийн шүүгч Д.Ч нь А.Б-оос гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор “... захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай ...” гэж дүгнэн, тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч нь үүний дараа хэрэг үүсгэн, улмаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар А.Б-ийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох захиргааны хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ ... ” ХХК-ийг татаж, нэхэмжлэлийн хувь гардуулах, захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт хэлэлцэхээр шүүхэд дуудан ирүүлэх шүүхийн мэдэгдэх хуудсыг 2020 оны 02 дугаар сарын 12, 19-ний өдрүүдэд “ ... ” ХХК-д хүргүүлэхэд “хаяг алдаатай, утас нь биш” гэх тайлбартай шуудангаас буцаагдсан, мөн улсын бүртгэлийн лавлагаанд бүртгэлтэй утасны дугаарт холбогдоход “... тогооч нь тул сайн мэдэхгүй ...” гэх хариуг өгчээ.
Шүүхээс ... шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарснаас хойш тус газартай холбоотой захирамж шийдвэр гараагүй” гэх албан бичгийг үндэслэн “... газрыг өөр этгээдэд олгоогүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ ... ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна ...” гэж дүгнэж, “ ... ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан өмнөх захирамжаа хүчингүй болгохын хамт Н-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлжээ. Уг захирамжид хариуцагч талаас гомдол гаргасныг, ... шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Шүүгч Д.Ч-д холбогдох өргөдөл нь дээрх 2020 оны үйл баримттай холбоотой байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/ болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заажээ. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болохоор хуульчилсан болно.
Тухайн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа эсэх, улмаар гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэхийг шийдвэрлэх нь шүүгчийн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байх ба холбогдох шүүгчийн “ ... ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан, улмаар тус шүүгчийн захирамжаа өөрөө хүчингүй болгосон үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Мөн шүүгчийн хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, захиргааны хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар дүгнэж, улмаар өөрийн гаргасан захирамжаа илт үндэслэлгүй гэж үзэн, үүнийгээ залруулахаар хуулийн тодорхой зохицуулалтыг хэрэглэсэн үйл ажиллагаа нь түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл болохгүй.
2. ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар захирамжаар “ ... ” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ... шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Б, Н.Д, Г.М нарыг томилсон шийдвэрийг албажуулсан, тухайн хүсэлтийг хэлэлцэх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд шүүгч Н.Д нь -Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.А, М.Б, Г.М нарыг томилжээ.
“ ... ” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны дуу дүрсний бичлэгээс шүүгч Н.Д нь “ ... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ц.Э-ыг загнасан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар Ц.Э нь “... тухайн өдрийн шүүх хуралд би өөрөө онлайнаар оролцсон бөгөөд шүүгч Н.Д нь намайг загнаагүй, тийм үйлдэл гаргаагүй” гэх тайлбарыг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн.
Үүнээс үзвэл өргөдөл гаргагч “ ... ” ХХК-ийн захирал Ж.Ч нь өргөдөлд дурдсан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй бөгөөд шүүгч Н.Д холбогдуулсан “татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй, “ ... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ыг татгалзалтай холбоотойгоор загнасан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
Иймд .... шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д, шүүгч Д.Ч-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нар нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д, шүүгч Д.Ч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН