МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-28
Дугаар 251
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр Г.Цагаанцоож, Сахилгын хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиар дамжуулан иргэн Б.Ч ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А, Ц.Э нарт холбогдуулан гаргасан өргөдөлд гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1..6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1..3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Прокурорын газраас Б.Ч нарын нэр бүхий шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, уг хэрэг шүүгч А.А-т хуваарилагджээ.
Тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4..8 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1..2 дугаар магадлалаар тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Шүүгч А.А даргалсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг дахин хянан хэлэлцэж, 7..2 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байх ба давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөх боломжгүй” гэж дүгнэсэн, Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2..2 дугаар тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан талаар холбогдох шүүгч тайлбартаа дурджээ.
Дахин хэлэлцүүлэхээр буцаасан уг хэрэг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Ц.Э-т хуваарилагдсан, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон ба шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон нь тогтоогдож байна.
- Шүүгч А.А-т холбогдох гомдлын талаар:
Өргөдөл гаргагч Б.Ч нь шүүгч А.А-т холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан өргөдөлдөө “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцуулж, санал, хүсэлт хэлэх эрхийг хаан боогдуулж, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн, илтээр яллах талыг баримтлан яллагдагч нарын хуульд заасан эрх тэгш, үнэн зөв шударга шүүхээр шийдүүлэх зарчмыг зөрчиж, өөрийн нэр төр, төрийн албан хаагчийн ёс суртахууныг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан, хавтас хэргийн хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүн шинжилгээ хийгээгүй, ...ах А.Г-ийн тушаалаар заавал ял өгч явуулах ашиг сонирхолдоо хөтлөгдөн ялтан талаас нь дүгнэж ялласан” гэх агуулга дурджээ.
Уг өргөдөлд сахилгын хэрэг үүсгэж шалгасан ба Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар магадлалаар шүүгч А.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.
Б.Ч-ын шүүгч А.А-т холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийн агуулга нь өмнө гаргасан өргөдөлтэй адил агуулгатай байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг, гомдол, хүсэлтийг хуваарилах журмын 6.2-т давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг 2 удаа хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол эрүүгийн хэргийг тухайн шүүгчид хуваарилахгүй талаар заажээ. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1..4 дүгээр магадлалаар Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш шүүгч А.А уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
2. Шүүгч Ц.Э-т холбогдох гомдлын талаар:
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч А.А-ийн зааварчилгаагаар хувийн ашиг сонирхлын үүднээс илтэд нэг талыг барьж хэргийн оролцогч нарт хандаж байна, ...өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааны хийх гэж оролдсон, хэргийн оролцогч нарыг загнасан, ...өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан байхад биднийг шүүх хуралдаанд саад учруулсан гэсэн...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах ба шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авах ба хуулийн 34.16 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон тодруулбал, шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй, улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон, мөн хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулахаар заасан.
Сахилгын хэрэгт авагдсан, өргөдөлд дурдсан 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 8 дугаар сарын 15, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн материалтай танилцах, гэрч оролцуулах”, “хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, “өмгөөлөгчийг шүүх хуралдаан оролцуулах”, “өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан” гэсэн хүсэлтийг шүүх хангаж, товлосон хуралдаанууд тус тус хойшлогдсон нь хууль зөрчөөгүй бөгөөд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангасан байх тул “өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан хийх гэж оролдсон” гэх гомдол үндэслэлгүй байна.
Дээрх 3 удаагийн шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Э хэргийн оролцогчтой зүй бус харьцсан, тэднийг загнасан гэх үг яриа, дууны өнгө байдал тогтоогдсонгүй. Харин шүүгч шүүх хуралдааны ирцтэй танилцаж, гаргасан хүсэлтийг тодруулан, шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг асууж тодруулсныг хэргийн оролцогчийг тухайлбал Б.Ч-ыг загнасан гэж үзэхгүй.
Шүүгч Ц.Э-т хэрэг хуваарилагдсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч А.А оролцоогүй байх тул “...шүүгч А.А-ийн зааварчилгаагаар хувийн ашиг сонирхлын үүднээс илтэд нэг талыг барьж хэргийн оролцогч нарт хандаж байна” гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Иймд Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т зааснаар шүүгч А.А-т холбогдох өргөдөлд дурдсан үйл баримтын талаарх сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон сахилгын хорооны магадлал хүчин төгөлдөр байгаа, шүүгч Ц.Э нь сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч А.А тайлбартаа: “...би өргөдөл гаргагч Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг “яасан олон юм ярьдаг юм, одоо болно” гэсэн үг, хэллэг хэрэглэж байгаагүй болох нь шүүх хуралдаануудын тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээр нотлогдоно. Хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хуульд заасан эрхийг эдлүүлж байсан.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэхүү зүйлд зааснаар шүүх хуралдаанд ирээгүй оролцогч нарын талаар талуудаас асууж тодруулах боловч хуралдаанд “гэрч, хохирогч" нарыг заавал оролцуулах гэсэн ойлголт биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах нь шүүгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар Б.Ч-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүсээс аль нь ч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, зарим хохирогч өөрийг нь оролцуулахгүйгээр хуралдааныг явуулах хүсэлт ирүүлж байжээ.
Гэвч шүүхээс энэ хэргийн хохирогч нарт шүүх хуралдаанд болох гэж байгаа талаар удаа дараа мэдэгдэх хуудас явуулж, утасны дугаараар залгаж байсан боловч хэрэгт авагдсан хаягтаа байдаггүй, мөн тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байдаг.
Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан. Энэ хэрэг цахим программаар шүүгч Ц.Э-т хуваарилагдсанаас хойш хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй.
Би энэ хэрэг хуваарилагдсан шүүгчид ямар нэгэн байдлаар зааварчилгаа өгөөгүй, хувийн ашиг сонирхлоор хандаагүй, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л эрхийг нь эдлүүлж байсан болно.
Шүүх хуралдаан болсон гэх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдрүүдийн шүүх хуралдаанд би оролцоогүй тул Б.Ч-ын гомдолдоо бичсэн “өмгөөлөгч нарыг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийх гэж оролдсон, хэргийн оролцогч нарыг ёс зүйгүй загнаж, өмгөөлөгч нарын шүүх хурлын тов давхацсан байхад биднийг шүүх хуралдаанд саад учрууллаа гэх” гэсэн нөхцөл байдал надад ямар ч хамааралгүй юм.
Б.Ч-ын урьд гаргасан гомдлыг шалгаад Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1..3 дугаар ”...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны...” талаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай магадлал гаргаж байсан болохыг дурдаж байна.
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн /шүүх хуралдаан 2 өдөр үргэлжилсэн тул шийдвэр 09-ний өдөр гарсан/ шүүхийн шийдвэрт тэрээр хууль ёсны эрхийг зөрчсөн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг анхаарна уу” гэжээ.
Шүүгч Ц.Э тайлбартаа: “...Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А, И.А, И.Ан, Б.Ч, Я.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгч А.А нар хянан шийдвэрлэж 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7..2 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1..4 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй” гэж дүгнэжээ.
Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2..2 дугаар тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Ингээд хэргийг ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 581 дугаартай захирамжаар шүүгч Ц.Э уг хэргийн даргалагч шүүгчээр томилсныг албажуулсан байна.
Шүүгдэгч Б.Ч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа зарлагдсан боловч улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар ирээгүй, шүүгдэгч нар хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдаан хойшилсон байх ба шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж шүүх хуралдаан үргэлжлүүлсэн удаагүй юм. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шүүх хянан хэлэлцээгүй 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 9 цагт хэлэлцэхээр тов зарлагдсан байна.
...Шүүгдэгч Б.А, И.Ан, И.А нарын холбогдсон зарим гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих эсхүл бүх насаар нь хорих ял оноох эрүүгийн хариуцлагын зохицуулалттай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх баримталж шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүх хуралдаан хойшилсон нь шүүхийн үйл ажиллагаанаас үл шалтгаалсан. Шүүхийн зүгээс, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хурал үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаж байгаагүй болно.
Шүүгдэгч Б.Ч нь шүүгч намайг түүнд холбогдох хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүгчийн зааварчилгаагаар хувийн ашиг сонирхлын үүднээс илтэд нэг талыг барьсан гэх ба энэ гомдол үндэслэлгүй, баримтгүй, шүүгдэгчийн зүгээс хийж буй хийсвэр дүгнэлт байх бөгөөд харин ч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шүүх хянан шийдвэрлээгүй байхад шүүгдэгчийн зүгээс шүүгчийг сүрдүүлсэн, нөлөөлөх оролдлого хийж байна гэж дүгнэхээр байна. Шүүгч хуульд захирагдаж, хэргийн оролцогч болон өөр хэн нэгний нөлөөнд автахгүйгээр хараат бусаар шийдвэр гаргах үүрэгтэйг шүүгдэгч Б.Ч-т тайлбарлая.
Мөн өргөдөлд шүүгч ёс зүйгүй загнасан гэсэн нь мөн үндэслэлгүй, шүүх хуралдааны тэмдэглэлүүд хавсаргагдсан бөгөөд шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийх боломжтой болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.Ч нарт 2018 оноо хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба тухайн үед шүүхээс гаргасан шийдвэрт шүүгч би тайлбар гаргах боломжгүй бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэрэгт шүүгч би даргалагчаар томилогдсоноос хойших хугацаанд шүүгдэгч Б.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгч надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Эрүүгийн 1805004740243 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Ч нь ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А, Ц.Э нар “шүүгдэгчийн эрхийг зөрчиж, хувийн ашиг сонирхолтой хандан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан байна.
1. Шүүгч А.А-ийн тухайд:
Өргөдөл гаргагч нь Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...миний эрхийг зөрчиж, шүүх хуралдааныг хувийг ашиг сонирхлын үүднээс хандаж, ...санал хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтууд дутуу мэдүүлгийн зөрүүтэй байдал байсаар байтал зөвхөн яллах чиг үүргийг барьж, шүүх хуралдааныг явуулсаар ирсэн. Шүүгч А.А-ийн алдаатай, хууль зөрчсөн дутагдлаас болж өнөөдрийг хүртэл хэргээ шийдүүлж чадалгүй хохирсоор байна...” гэж дурджээ.
Дээрх өргөдлийн агуулга нь Б.Ч-ын өмнө нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 17-ний өдрүүдэд Шүүхийн сахилгын хороонд гаргаж байсан өргөдөлтэй агуулгын хувьд ижил байх ба уг өргөдөл нь гишүүн Ц.Давхарбаярт хуваарилагдан шалгах ажиллагаа явуулж байсан байна.
Гишүүн Ц.Давхарбаяр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2..4 дүгээр “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн 1..3 дугаар магадлалаар гишүүний саналыг хүлээн авч, шүүгч А.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу ...Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзана” гэж заажээ.
Өргөдөл гаргагч Б.Ч-ыг Шүүхийн сахилгын хороонд 2021 онд шүүгч А.А-т холбогдуулан энэ өргөдөлтэй ижил утга агуулагатай өргөдөл гаргасанд нь сахилгын хэргийн оролцогчид сахилгын хэрэг үүсгэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байсан болохыг нь илтгэгч гишүүн сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад мэдсэн байна.
Иймд Б.Ч-ын өргөдөлтэй, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1..3 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хүлээн авах хууль зүйн үнднслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
2. Шүүгч Ц.Э-ийн тухайд:
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч А.А шүүх хуралдааныг даргалахаа больж, шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шүүгч Ц.Э томилогдсон боловч өмнөх шүүгчийн зааварчилгаагаар хувийн ашиг сонирхлын үүднээс илтэд нэг талыг барьж хэргийн оролцогч нарт хандаж байгаа нь шүүх хуралдаанаар нотлогдсон. Өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх гэж оролдсон, илт яллах талыг баримтлан, шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөх эрхийг хязгаарлаж, прокурор, өмгөөлөгчийн асуултад хариулт хэлэх үед “яасан олон юм ярьдаг юм, одоо болно” гэх мэтээр шүүгдэгчийн мэдүүлэг өгөх эрхийг ноцтой зөрчих, хэргийн оролцогч нарыг загнаж, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан байхад биднийг шүүх хуралдаанд саад учрууллаа гэсэн...” гэх агуулгыг дурдсан байна.
...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/4..8 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ч-ыг гэм буруутайд тооцож, 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг шүүхийн шийтгэх тогтоолыг нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 1..2 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Шүүгч А.А даргалж, шүүгч С.Б, Ц.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг дахин хянан хэлэлцэн, 2021/ШЦТ/7..2 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ч-ыг гэм буруутайд тооцож, 12 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улмаар шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч нарын өмгөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 1..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/7..2 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн.
Мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2..2 дугаар тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан талаар сахилгын хэргийн оролцогч, шүүгч Ц.Э тайлбартаа дурджээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1..4 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг 2 удаа хүчингүй болгосон ...шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан эрүүгийн хэргийг тухайн шүүгчид хуваарилахгүй” гэж заасан тул дахин хэлэлцүүлэхээр буцаасан эрүүгийн хэрэг нь журмын дагуу шүүгч Ц.Э-т хуваарилагдсан байна.
Шүүгч нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр удаа дараа товлон зарласан боловч хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
- 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр товлоход “улсын яллагч Б.Б-ын шүүх хуралдаан хойшлуулах тухай болон хохирогч нарын өмгөөлөгч Д.Б-ийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн шүүгдэгч Я.Ө-ын гэрчээр Х.Э-ыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн өдрийн 2022/ШТ/8..4 дүгээр тогтоол,
- 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч И.Ан-ын өмгөөлөгч Б.М-ийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүгдэгч Я.Ө-ын өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд ирээгүй байсан тул өмгөөлүүлэх эрхийг нь хангахаар, шүүгдэгчдийн болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангасан, мөн өдрийн 2022/ШТ/9..9 дүгээр шүүхийн тогтоол,
- 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч И.Ан өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралдаанд оролцох тухай, шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул шүүх хурадааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус хүлээн авсан, мөн өдрийн 1..3 дугаар шүүхийн тогтоол,
- 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар ...шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Д.О-ын ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Э нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай... хүсэлтүүд гаргасныг хүлээн авч, мөн өдрийн 1..2 дугаар шүүхийн тогтоолоор тус тус шүүх хуралдаануудыг хойшлуулж байсан байна.
Түүнчлэн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
- 1 минут 38 секундээс даргалагч “ирцтэй холбоотой санал байна уу та нарт?” гэхэд шүүгдэгч нар “байхгүй гэв.
- 3 минут 57 секундээс шүүгч С.Б “...яагаад хэргийн материалтай танилцана гээд байгаа юм бэ? Олон жил болж байхад яагаад хэргийн материалтай танилцахгүй байгаа юм бэ?” гэж тухайн хэргийн нэг шүүгдэгч “Дээд шүүх, Нийслэлийн шүүх дээр...” хэлээд бусад үг нь ойлгогдохгүй байв. Шүүгч Ц.М “өмнө нь танилцаагүй байсан юм уу?” гэхэд 2 шүүгдэгчээс “2019, 2020 онд танилцсан” гэв. Даргалагч “тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн байхад яагаад танилцахгүй байгаа юм бэ?” гэхэд нэр нь үл мэдэгдэх шүүгдэгч нар “шүүх зөвшөөрөөгүй” гэв. Даргалагч “танилцах нь та нарын эрхийн асуудал ш дээ. Шүүх танилцуулахгүй гээд байгаа юм байхгүй шүү дээ. Өмгөөлөгч нь мэдэж байгаа, өмгөөлөгчтэйгөө танилцах эрх нь нээлттэй...” гэж хэлж байгаа нь бичигдсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны 84 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 10 дугаар догол мөр болон 22 дугаар догол мөрөөс бичигдсэн байгаатай агуулгын хувьд ижил байна.
Шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
- 01 минут 03 секундээс улсын яллагч “...шүүгдэгчийн өмгөөлүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай саналтай” байгаагаа хэлж байгаа нь тухайн өдрийн шүүх хуралдааны 9..9 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 12 дугаар догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 01 минут 49 секундээс 3 минут 33 секунд хүртэл шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Ю.О “...таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлт” хэлж байгаа нь 9..9 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 17 дугаар догол мөрөөс тэмдэглэгдсэнтэй,
- Бичлэгийн 09 минут 54 секундээс 11 минут 41 секунд хүртэл улсын яллагч “таслан сэргийлэх арга хэмжээ болон хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах эсэх”-тэй холбогдуулан тайлбар хэлж байгаа нь 9..9 дугаартай тэмдэглэлийн 4 дүгээр талын 4 дүгээр догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 11 минут 44 секундээс 13 минут 41 секунд хүртэл насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Д.Б “шүүх хуралдаанд яагаад хохирогч нар биечлэн оролцохгүй байгаа” талаарх тайлбарыг хэлж байгаа нь 9..9 дугаартай тэмдэглэлийн 4 дүгээр талын 7 дугаар догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 19 минут 04 секундээс 20 минут 36 секунд хүртэл шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Ю.О “насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Д.Б-ийн тайлбар үндэслэлгүй гэх тайлбар хэлж байгаа нь 9..9 дугаартай тэмдэглэлийн 5 дугаар талын 3 дугаар догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 21 минут 31 секундээс даргалагч “шүүгдэгч нарт ирцтэй холбоотой хэлэх зүйл байна уу?” гэхэд 21 минут 35 секундээс 23 минут 25 секунд хүртэл шүүгдэгч Б.Ч ”ирцтэй холбоотойгоор хохирогч Х.Б, н.Э, н.Н, н.С н.М нарыг оролцуулах санал, өөрийнхөө эрүүл мэндийн байдал”-ын талаар тайлбар хэлж байгаа нь 9..9 дугаартай тэмдэглэлийн 6 дугаар талын 3, 4 дүгээр догол мөрт бичигдсэнтэй тус тус агуулгын хувьд адил байна.
Шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
- 6 минут 56 секундээс 08 минут 29 секунд хүртэл шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Ю.О “таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлт байгаагаа хэлж байгаа нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр талын 1 дүгээр догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 12 минут 04 секундээс даргалагч “461-ээс ирүүлсэн Б.Ч-ын хүсэлт хэрэгт байна. Энэ ямар учиртай хүсэлт юм бэ” гэхэд, бичлэгийн 12 минут 08 секундээс 13 минут 03 секунд хүртэл шүүдэгч Б.Ч хүсэлттэйгээ холбоотой болон шүүгчээ татгалзаж байгаа талаар тайлбар хэлж байх ба даргалагч “за ирцтэй холбоотой саналыг сонсоно. Дараа нь татгалзлыг сонсоно” гэж хэлж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 4 дүгээр догол мөрөөс бичигдсэнтэй,
- Бичлэгийн 14 минут 14 секундээс бүрэлдэхүүний шүүгч буюу Ерөнхий шүүгч О.Ж шүүх хуралдааны ирцтэй холбоотой ярьж байхад шүүх хуралдааны дэг зөрчин шүүгдэгч Б.Ч яриаг нь таслан ярьсан тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 9-10 дугаар догол мөрт бичигдсэнтэй тус тус агуулгын хувьд тохирчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан.
Дээр дурдсан шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгүүдэд шүүх хуралдаан даргалагч Ц.Э чанга, тод дуугаар ярьж байх боловч түүний хоолойн өнгө, биеийн хэлэмж, хэлсэн үг зэргээс харахад өргөдөлд дурдсан “шүүгдэгч Б.Ч-тай зүй бус харьцсан, мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчсөн, ёс зүйгүй загнасан, тэгш бус хандсан” гэх үйл баримт тогтоогдсонгүй шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ю.О нарын тайлбарыг шүүх бүрэлдэхүүн тухай бүрд нь сонсож байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлүүд болон дуу-дүрсний бичлэгүүд, шүүхийн тогтоолуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-д “шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан үндэслэл бий болсон тул мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэх хуулийн зохицуулалтыг баримтлан шүүх хуралдаануудыг хойшлуулсан байна.
Мөн шүүх хуралдаануудын бичлэг, тэмдэглэлүүдээс үзвэл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж байсан байх ба хүсэлтийг хүлээн авах эсэх нь тухайн шүүх бүрэлдэхүүний хуулиар олгосон бүрэн эрх болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч А.А, Ц.Э нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1..3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.А, Ц.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР