info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-06

Дугаар 256

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Э.У нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: "...Хариуцагч “Ю” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж, тухайн зээлийн маргаан нь шүүх /тус маргаан нь мөн ...шүүгч Д.М шийдвэрлэгдсэнийг сүүлд шүүгчийн туслахаас мэдсэн/-ээр шийдвэрлэгдэж шийдвэр гүйцэтгэлийн шатанд очсон бөгөөд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хураагдах, дуудлага худалдаагаар худалдаалагдах нөхцөл байдалтай байгааг нэхэмжлэгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдээд шүүгчид хандан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.

Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар 00000000 тоот шүүгчийн туслахын утаснаас хүсэлтийг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа өнгөрсний дараа лавлахад шүүгч шийдвэрлээгүй байгаа талаар удаа дараа хариу өгсөн. Улмаар “хүсэлтийг шүүгч хүлээн авч танилцаад хангаж шийдвэрлэсэн. Захирамж хараахан бичгээр гараагүй байна” гэсэн хариуг өгсөн. Гэвч үүнээс хойш “захирамж бичгээр гараагүй байна, шүүгч сургалтад явсан, хуралд орсон, өөр хэргийн шийдвэр бичээд таны захирамжийг бичиж амжаагүй” гэх мэт олон тайлбар өгч 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Тус өдөр би захирамжаа бичгээр авна гээд ... шүүх дээр 14 цагаас 17 цаг хүртэл хүлээж суусан. Хүлээж суух хугацаанд шүүгчийн туслах шүүгчтэй уулзаж ирээд “та хүсэлтээ засаад бичээд өг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтыг үндэслэн бичвэл хүсэлт хангагдахаар байна” гэж зааварласны дагуу 2022 оны  9 дүгээр сарын  20-ны өдөр өөрийн гаргасан хүсэлтээ гараар дахин бичиж өгсөн. Миний шинээр засварлан бичсэн хүсэлтийг шүүгч авч үзсэн боловч 17 цагийн үед хүүхдийнхээ сургууль руу явахгүй бол болохгүй гэж туслахаараа хэлүүлсэн. Шүүгчийн туслах “шүүгч орой ирж сууж ажиллаад таны захирамжийг бичгээр гаргачихвал би тань руу хэлье” гэсэн боловч огт яриагүй. Ингээд 21-ний өдөр лавлахад “захирамж бичгээр гараагүй байна гэхдээ шүүгч энэ маргаан бүхий хөрөнгийн асуудлыг өмнө шийдвэрлэж байсан байна. 2 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан гэтэл таны 6-хан сая төгрөгийн асуудлаас болж бусад хүмүүсийн эрх ашгийг хөндөж болохгүй” гэдэг зүйл ярьсан. 22-ны өдөр шүүгчийн туслах утсаа аваагүй. Ингээд 23-ны баасан гаригт дахин залгатал шүүгчийн туслах “таны хүсэлт хангагдаагүй захирамжаа ирж аваарай” гэсэн хариу өгсөн. Захирамжийг гардаж автал тус захирамжийн огноо 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн огноотой байсан. Гэтэл тухайн өдөр миний бие тус шүүх дээр 14 цагаас 17 цаг хүртэл энэхүү захирамжийг гарахыг хүлээж суусан, 21-ний өдөр шүүгчийн туслахаас асуухад мөн захирамж бичгээр гараагүй байсан. Хэрэв шүүх тухайн өдөр захирамжаа гаргасан бол намайг хүлээж суухад яагаад надад гардуулж өгөөгүй?. Мөн таны хүсэлт хангагдсан гэж хариу өгч хугацаа авч хүлээлгээд 30 хоногийн дараа захирамж цаасаар гаргахдаа хүсэлт хангагдаагүй байсан талаар ямар ч тайлбар үндэслэл байхгүй байна. Би өмчлөгчийн хувьд өөрийн нийлүүлсэн хөрөнгөө 180 сая орчим төгрөгийн хөрөнгийг нийлүүлсэн тухай баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Ер нь бол 6 сая ч бай 60 сая ч бай миний хөрөнгө тул би үндсэн хуульд заасан өмч хөрөнгөтэй байх эрхээ эдэлж, энэ байдлаа шударга шүүхээр тогтоолгох хүсэлтэй байхад надтай миний хөрөнгийн асуудлаар юу ч биш мэтээр харьцаж ... зүй бус үйлдлийг гаргасан байдаг.

... Шүүгчийн миний хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой ажиллагаа хийхгүй эс үйлдэхүйгээр миний эрх ашгийг хохироохоос гадна хүсэлтийн шийдвэрээ авахаар очоод өдөржин хүлээхэд ажлын цаг дуусахаас өмнө хүүхдийн сургууль руу явна захирамжийг чинь гаргаж амжихгүй гээд яваад өгсөн. Хүн болгонд өөрийн гэсэн хувийн амьдрал аж байдал бий үүнийг ойлгоно гэхдээ бусдын өмнө өөрийн эрхийг хангахын тулд бусдын эрхийг хязгаарлаж хэрхэвч болохгүй. Би тухайн шүүгчийн захирамжийг хүсэлт өгснөөс хойш 30 хоног, шүүхийн байран дээр хагас өдөр хүлээгээд орой ийм хариутай буцсан.

... Шүүгч хүсэлтийг шийдвэрлэхдээ 6 000 000 төгрөгийн маргаан байна. Юу гэж 2 тэрбумын хөрөнгийн ажиллагааг түдгэлзүүлж хааж байдаг юм гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн зүйлийг хэлдэг. Гэвч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагадаа 6 сая төгрөгийн талаар огт дурдаагүй байхаас гадна тухайн хэргийн материалд авагдаагүй хөрөнгийн үнэлгээ нь тогтоогдоогүй хөрөнгийг шүүгч яаж 2 тэрбум үнэлж тогтоож мэдсэнийг ойлгохгүй байна. Иймд тус хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Миний байгаа байх ёстой хөрөнгө миний хувьд үнэ цэнтэй байхад ийм өндөр үнийн дүнтэй үл хөдлөхийн хувьд наад нэхэмжлэлийн шаардлага чинь юу ч биш гэж үзэж туслахаараа надад хэлүүлж байгаа нь асар ёс зүйгүй шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд байж боломжгүй үйлдэл байна. Мөн шүүгчээс надад өөрийн гаргасан хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-н дах заалтын дагуу болгож засварлаж өгсөн тохиолдолд хүсэлт хангагдахаар байна гэсэн дагуу би шүүгчийн туслахаас бичгийн цаас авч тус заалтыг тусган өөрийн хүсэлтээ засварлан өгсөн боловч шүүгчээс бичгээр гаргасан захирамжид "...гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч нь тус газарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг гаргах эрхгүй байна” гэж бичсэн байна.

... Шүүгч нь дээрх байдлаа дандаа туслахаараа дамжуулан хэлүүлдэг бөгөөд бичгээр гаргаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч бичгээр гаргаж өгөөгүй байхаас гадна Монголын шүүхийн системд анх удаа хуульд заасан эрхийг буюу төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан гэж зааж өгсөн байхад хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэн албан бус үг хэллэг хэрэглэн бусдын эрх ашгийг уландаа гишгэж байна.

...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-ын гаргасан дараах ёс зүйгүй үйлдэлд хариуцлага ногдуулж өгөхийг хүсэж байна.

1.Хэргийн оролцогчийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй;

2.Хэргийн оролцогчийг шүүхийн байранд олон цагаар хүлээлгэсэн боловч хувийн ажилтай гээд ажлын байраа орхин явсан үйлдэл;

3.Хэргийн оролцогчийн хүсэлт хангагдсан гэсэн хариуг утсаар өгсөн боловч захирамж цаасаар гаргахдаа хүсэлт хангагдаагүй байсан.

4.Хэргийн оролцогч нэг талд хүсэлтээ хэрхэн засварлаж бичсэн тохиолдолд хүсэлт нь хангагдана гэж зөвлөгөө өгч ажилласан үйлдэл;

5.Хүсэлтээ 69.1.5-д заасан үндэслэлээр засаж бич гэсэн боловч захирамжаа 69.1.5-д заасан үндэслэлээр хангагдахгүй байна гэж гаргасан үйлдэл;

6.Хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг 2022 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдөр асуухад бичгээр гараагүй байна гэсэн боловч захирамжийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэж огноолон гаргасан үйлдэл” гэжээ.

            Шүүгч Д.М нь Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “... нэхэмжлэгч Э.У-ын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн туслах И.Д надад танилцуулахад, уг хүсэлт нь тус нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон тохиолдолд зохицуулагдах заалт байсан тул хүсэлтийг хангахгүй орхих талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн, ажиллагааны явцад шүүгчийн туслах И.Д “нэхэмжлэгч ямар байдлаар хүсэлтээ өөрчлөх боломжтой вэ” гэж асуухаар нь тус хэргийн хариуцагч нь хуулийн этгээд тул нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар авхуулахаар хариуцагчид холбогдуулан хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн.

Үүний дараа шүүгчийн туслахаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэл болгож гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчид танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зөвхөн хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан гаргах эрхтэй атал “......15 дугаар хороо, 22 дугаар байр, 3 давхрын зүүн жигүүр, 3001 тоот хаягт байрлалтай, 326.3 м.кв талбайтай, оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэж хүсэлтийн агуулгаа тодорхойлон шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулж байгаа ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан тул шүүх 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15451 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Хүсэлтийг хангахаас татгалзсан дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар тогтоолд “...нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газар хэргийн хариуцагч биш гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв, нөгөө талаар дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад хамааралгүй юм” гэж дүгнэн гомдлыг хангахгүй орхижээ.

... Ийнхүү шүүгч би нэхэмжлэгч Э.У-ыг огт хараагүй, танихгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй учир эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хүсэлт тодруулах зэргээр түүнтэй ярилцаж байгаагүй, нэхэмжлэгчтэй нэг ч удаа биечлэн ярилцаж байгаагүй атал гомдолдоо “...хүүхдийн сургууль руу явна захирамжийг чинь гаргаж амжихгүй гээд яваад өгсөн, ...шүүгч хүсэлтийг шийдвэрлэхдээ 6 000 000 төгрөгийн маргаан байна юу гэж 2 тэрбумын хөрөнгийн ажиллагааг түдгэлзүүлж хааж байдаг юм гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн зүйлийг хэлдэг”, “...шүүгчээс надад өөрийн гаргасан хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтын дагуу засварлаж өгсөн тохиолдолд хүсэлт хангагдахаар байна гэсний дагуу” гэж дурдсан нь, мөн би шүүгчийн туслахаар дамжуулж ямар нэг тайлбар, зөвлөгөө өгч байгаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “...шүүгч нь дээрх байдлаа дандаа туслахаараа дамжуулан хэлүүлдэг, ...хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэн албан бус үг хэллэг хэрэглэн бусдын эрх ашгийг уландаа гишгэж байна” гэх тайлбар, шүүгчийн захирамжийн дугаар авагдсаны дараа тус эрхийн актыг боловсруулж, албажуулах хугацаа шаардлагатай болдог тул хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй гэх гомдол тус тус үндэслэлгүй байна.

Иймд шүүгч би Э.У-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу, хуулийн хугацаанд явуулсан, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй тул Э.У-ыг гомдолд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин нэхэмжлэгч Э.У-ын дээрх шийдвэрлэж буй хэрэг маргаантай холбогдуулан гомдол гаргаж буй үйлдлийг шүүгчид хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөлөөлөхөөр оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүй байгааг дурдаж байна” гэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа: ..Нэхэмжлэгч Э.У-аас “Ю” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг болон эрхийн доголдлыг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Д.М-д хуваарилагдаж, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Тус иргэний хэрэгт хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас өргөдлийн үндэслэлийг хянавал: Дээрх иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00000 дугаар магадлалын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлтийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэгт хийсэн үзлэгээр, нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1-д заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт байхгүй, харин нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.5-д заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг холбогдох шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШЗ2022/15451 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Мөн тус шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000/ШТ2022/00515 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

1/ Нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтээ шийдвэрлэгдсэн эсэхийг шүүгчийн туслах И.Дгаас удаа дараа асууж байсан, тухайлбал: нэхэмжлэгч нь хүсэлт гаргаснаас хойш 7-8 хоногийн дараа утсаар асуухад нь “шүүгчээс асуугаад хариу өгье” гэж, үүний дараа дахин утсаар асуухад нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохоор хүсэлт бараг хангах байх” гэж, мөн “шүүгч хуралтай байна, сургалтад явсан” гэж, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө “захирамж гарсан уу” гэж утсаар асуухад нь “шүүгч сургалттай байгаа, шүүгч ирээд захирамжаа гаргачих байх, та юу ч болсон өдөр хүрээд ир” гэж шүүгчийн туслах хариу өгсөн, улмаар хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчид танилцуулсан, шүүгч нь хүсэлтийг хангахгүй орхих талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болох нь өргөдөл, шүүгчийн туслах И.Д-гийн гэрчийн мэдүүлэг, шүүгчийн тайлбараас тус тус нотлогдож байна.

Тиймээс, “2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх хүсэлт шийдвэрлэгдээгүй, мөн хүсэлт хангагдсан гэж утсаар хэлсэн” гэх өргөдөл нь шүүгчийн туслахын тухайн өдрийг хүртэл хүсэлтийг шүүгчид танилцуулаагүй, шүүгч хүсэлтийг шийдвэрлээгүй байхад хүсэлтийг хангаж шийдвэрлэх талаар өөрийн байр суурийг хэргийн оролцогчид илэрхийлсэн буруутай үг, үйлдэлтэй холбоотой байх тул шүүгчийн туслахын энэхүү үг, үйлдлийг шүүгчид хамаатуулан буруутгах нь үндэслэлгүй.

2/ Нэхэмжлэгчид хүсэлтийн хууль зүйн үндэслэлээ өөрчлөх талаар зааварчилгаа өгсөн гэх тухайд: Уг хүсэлтийг шүүгчийн туслах нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчид танилцуулахад шүүгч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон тохиолдолд зохицуулагдах заалт тул хүсэлтийг хангахгүй орхих” талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалт нь нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг авхуулахаар хариуцагчид холбогдуулан хүсэлт гаргах заалт болохыг шүүгчийн туслахад тайлбарласан” байх ба энэ нь шүүгч болон шүүгчийн туслах хоорондоо ярилцсан зүйл болохоос шүүгч нь хэргийн оролцогчтой харилцсан, биечлэн уулзсан, түүнчлэн хүсэлтээ хэрхэн гаргах болон хүсэлтийг хангаж шийдвэрлэх талаар хэргийн оролцогчид хэлсэн, эсхүл дамжуулан хэлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосон гэж дүгнэхүйц нөхцөл байдал нотлогдохгүй байна.

Харин өргөдөл болон шүүгчийн туслахын тайлбар зэргээс үзвэл, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар хангагдахгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар хангагдаж магадгүй” гэж шүүгчийн туслах нэхэмжлэгчид хэлсэн, үүнийг нэхэмжлэгч нь шүүгч хэлүүлсэн гэж ойлгон, тухайн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмнө гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг өөрчилсөн хүсэлтийг шүүхэд гаргасан болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах чиг үүргийг шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд шүүгч нь шүүгчийн туслахтайгаа хоорондоо ярилцсаныг шүүгчийн туслахаас хэргийн оролцогчид хэлсэн нь шүүгчийг хэргийн оролцогчид заавар зөвлөгөө өгсөн гэж буруутгах үндэслэл болохгүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан зөрчилд хамаарахгүй.

3/ “Хэргийн оролцогчийг шүүхийн байранд олон цагаар хүлээлгэсэн боловч хувийн ажилтай гээд ажлын байраа орхин явсан” гэх тухайд: Энэ талаар шүүгч “нэхэмжлэгч Э.У-ыг огт хараагүй, танихгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй учир эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хүсэлт тодруулах зэргээр түүнтэй ярилцаж байгаагүй, нэхэмжлэгчтэй нэг ч удаа биечлэн ярилцаж байгаагүй” гэсэн, мөн “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 давхарт байрлах хяналтын камерын бичлэг хийгдсэн үеэс хойш 5 хоногийн хугацаанд хадгалагддаг тул 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн камерын бичлэгүүд устгагдсан, бичлэгийг хуулбарлан олгох боломжгүй” талаар тус шүүхийн Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1229 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна.

Шүүгч нь нэхэмжлэгчийн өмнө гаргасан хүсэлттэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танилцаад, хангахгүй орхих талаар шүүгчийн туслахдаа мэдэгдсэн, үүний дараа нэхэмжлэгч нь шүүгчийн туслахын хэлсний дагуу хүсэлтийн үндэслэлээ өөрчилж бичгээр өгснийг шүүгчид дахин танилцуулсан, шүүгч нь мөн хангах үндэсгүй гээд шүүгчийн захирамжийн төсөл бичихийг шүүгчийн туслахад үүрэг болгосон нь өргөдөл, шүүгчийн тайлбар, шүүгчийн туслахын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлт, шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон.

Тухайн өдрөө захирамжаа бичгээр авна гэж нэхэмжлэгч нь хүлээсэн, “хүсэлтийг хангахгүй гэж нэхэмжлэгчид хэлж чадахгүй байсан, захирамж тухайн өдөртөө гарах боломжгүй байсан учраас нэхэмжлэгчийг хүлээлгээд байх нь хэцүү байсан учир шүүгч хүүхдээ авах болохоор өнөөдөртөө захирамж гаргаж амжихгүй байх, танд захирамж гарахаар хэлье” гэж шүүгчийн туслах нь нэхэмжлэгчид хэлсэн байна.

Энэ талаар И.Д нь мөн “... шүүгчийн өмнөөс ийм зүйл хэлсэн нь миний буруу. Шүүгч бол нэхэмжлэгч явсны дараа гарсан. Хүүхдээ авах гээд явсан эсэхийг мэдэхгүй байна” гэж мэдүүлснээс үзвэл, шүүгчийн туслахын нэхэмжлэгчид хэлсэн тухайн үг, үйлдэл нь шүүгчид хамааралгүй, шүүгч өргөдөлд дурдсан үг, үйлдлийг гаргасан болох нь нотлогдохгүй байх тул үүнд шүүгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

4/ Нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааны тухайд:  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.1, 89.3.2, 89.3.6-д зааснаар шүүгчийн туслах нь “шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх, тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах, шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” үүрэгтэй.

Шүүгчийн туслах нь “... Ер нь шүүгч хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах талаар шийдвэрээ хэлэхээр шүүгчийн туслах захирамжийн төслийг боловсруулдаг. Шүүгч шийдвэрээ хэлсэн өдөр системээс дугаар авдаг. Нэхэмжлэгч яараад байсан учир 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн оройд нь би захирамжийн төслийг боловсруулсан байсан” гэж мэдүүлсэн, шүүгчээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзах талаар хариу өгсөн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн-2014 системээс захирамжийн 000/ШЗ2022/15451 дугаар авч, захирамжийн төслийг боловсруулсан байх ба тус захирамж албажиж гарсан талаар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь өргөдөл, нэхэмжлэгчтэй харилцсан шүүгчийн туслахын утасны зурвасаар тус тус нотлогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д зааснаар шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь шүүгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “... шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж зохицуулснаас үзвэл шүүх хуралдааны бусад үед хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хугацаа болон шүүгчийн захирамж албажиж гарах хугацааг хуульд шууд тодорхойлон тусгаагүй байна.

Иймд “2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан захирамжаа 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолж гаргасан” гэх өргөдөл үндэслэлгүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг шүүгч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

5/ Нэхэмжлэлийн шаардлагадаа 6 сая төгрөгийн талаар огт дурдаагүй, тухайн хэргийн материалд авагдаагүй, хөрөнгийн үнэлгээ нь тогтоогдоогүй хөрөнгийг шүүгч 2 тэрбум гэж үнэлж тогтоон, таны 6-хан сая төгрөгийн асуудлаас болж бусад хүмүүсийн эрх ашгийг хөндөж болохгүй гэсэн, миний хөрөнгийн асуудлаар юу ч биш мэтээр харьцаж зүй бус үйлдлийг гаргасан гэх тухайд:  Холбогдох шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШЗ2022/15451 дугаар “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамжаар “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч нь тус газарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг гаргах эрхгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан байх ба шүүгчийн захирамжид хөрөнгийн үнэ, үнэлгээний талаар агуулга тусгагдаагүй байна.

Харин шүүгчийн туслах нь “хэргийг нь харсан чинь өмнө нь манай Д.М шүүгч дээр шийдвэрлэгдсэн М ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ю” ХХК-д холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. Нэхэмжлэгч Э.У нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр над руу утсаар ярьсан. Тэгэхэд нь “Таны энэ маргааны нэхэмжлэлийн шаардлага нь 6 сая төгрөг гаргуулах уу? Энэ дээр манай өмнө шийдсэн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа шүү дээ гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үнийн дүн нь зургаан сая гэж бичигдсэн байсан тул тэгж ойлгосон. Харин 2 тэрбум гэсэн үг хэлээгүй” гэж хэргийн оролцогчид хөрөнгийн үнийн дүнтэй холбоотой зүйл ярьсан байх ба үүнд шүүгчийг хамаатуулан буруутгах нь үндэслэлгүй.

Өргөдөлд дурдсан дээрх үйл баримтууд нь шүүгчийн туслах болон өргөдөл гаргагч нарын хоорондын харилцсан үг, үйлдэлд үндэслэсэн байх ба тэдгээрт шүүгчийн шууд оролцоотой, зөрчил гаргасан гэж үзэхүйц үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй. Шүүгчийн туслах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан тул түүний буруутай үг, үйлдлийг хянан шийдвэрлэх нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэгт хамааралгүй, харин мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар тухайн шүүхийн Тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтад Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Д.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1295 дугаар захирамжаар иргэн Э.У-ын өргөдлөөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Иргэн Э.У-ын “Ю” ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөхөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг болон эрхийн доголдлыг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 000/ШЗ2021/13358 дугаар захирамжаар шүүгч Д.М иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

1. Өргөдөл гаргагч “Хэргийн оролцогчийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргасан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Э.У-аас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгч түдгэлзүүлж болно” гэж заасан байх тул тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээн дэх үл хөдлөх хөрөнгө болох ...15-р хороо, 22-р байрны 3 давхрын зүүн, жигүүр, 3001 тоот хаягт байрлалтай, 326,3 м.кв талбайтай, оффисын зориулалттай Ү00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй ...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00000 дугаартай магадлалын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хэрэг маргаан шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж миний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэх хүсэлтийг,

 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлтийн үндэслэлээ өөрчилж “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00000 дугаартай магадлалын албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчигдөх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан эрх хэмжээг авч ...15 дугаар хороо, 22 дугаар байрны 3 давхар, 3001 тоот хаягт байрлалтай, 326,3 м.кв талбайтай, оффисын зориулалттай Ү0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

Дээрх хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 000/ШЗ2022/15451 дугаар шүүгчийн захирамжаар “...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч нь тус газар холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг гаргах эрхгүй байна. Иймд хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас үзвэл шүүгч хүсэлтийг хүлээн авсан бол 7 хоногийн дотор шийдвэрлэхээр аргачлалд зохицуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар тодорхой дурдаагүй байдаг.

Мөн шүүгчийн туслах И.Д “нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүгч тухайн үед 180 гаруй хэрэгтэй ачаалал ихтэй байсан учир хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчид танилцуулсан” гэх гэрчийн мэдүүлгийг өгснөөс үзвэл өргөдөл гаргагчийн “хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм.

2. Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Хэргийн оролцогчийг шүүхийн байранд олон цагаар хүлээлгэсэн боловч хувийн ажилтай гээд ажлын байраа орхин явсан үйлдэл ...шүүх дээр 14 цагаас 17 цаг хүртэл хүлээж суусан. ...17 цагийн үед хүүхдийнхээ сургууль руу явахгүй бол болохгүй гэж туслахаараа хэлүүлсэн. Шүүгчийн туслах “шүүгч орой ирж сууж ажиллаад таны захирамжийг бичгээр гаргачихвал би тань руу хэлье” гэсэн боловч огт яриагүй” гэж дурдсан.

Шүүгч Д.М ирүүлсэн тайлбартаа “..би нэхэмжлэгч Э.У-ыг огт хараагүй, танихгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй учир эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хүсэлт тодруулах зэргээр түүнтэй ярилцаж байгаагүй, нэхэмжлэгчтэй нэг ч удаа биечлэн ярилцаж байгаагүй атал гомдолдоо “...хүүхдийн сургууль руу явна захирамжийг чинь гаргаж амжихгүй гээд яваад өгсөн” гэжээ.

Шүүгчийн туслах И.Д “...Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө над руу утсаар залгаад захирамж гарсан уу гэхэд би шүүгч сургалттай байгаа өдөр шүүгч ирээд захирамжаа гаргачих байх, та юу ч болсон хүрээд ир гэсэн. ...Захирамж тухайн өдрөө гарах боломжгүй байсан. Тийм учраас нэхэмжлэгчийг хүлээлгээд байх нь хэцүү байсан учир шүүгч хүүхдээ авах болохоор өнөөдөртөө захирамж гаргаж амжихгүй байх, танд захирамж гарахаар хэлье гэж нэхэмжлэгчид хэлсэн. Шүүгчийн өмнөөс ийм зүйл хэлсэн нь миний буруу” гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн байна.

Иймд дээрх шүүгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгч нэхэмжлэгчийг дуудан ирүүлж шүүх дээр олон цагаар суулгасан гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна.

3. Түүнчлэн өргөдөл гаргагч “...шүүгчийн туслахын утаснаас ...“хүсэлтийг шүүгч хүлээн авч танилцаад хангаж шийдвэрлэсэн. Захирамж хараахан бичгээр гараагүй байна” гэсэн хариуг өгсөн. ...22-ны өдөр шүүгчийн туслах утсаа аваагүй. Ингээд 23-ны баасан гаригт дахин залгатал шүүгчийн туслах “таны хүсэлт хангагдаагүй захирамжаа ирж аваарай” гэсэн хариу өгсөнгэжээ.

Дээрх өргөдлийн үндэслэлийн дагуу шүүгчийн туслах И.Д-гаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлэгтээ “..би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар заалтаар хангах байх гэж бодож байсан болохоор хүсэлт бараг хангах байх гэж хэлсэн. Нэхэмжлэгч захирамжаа авна гэж утсаар залгахад шүүгч хуралтай байна гэж хэлсэн. Харин захирамж бичгээр гараагүй байна гэж хэлээгүй” гэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.1.8-д зааснаар “шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.1-т “шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах” 89.3.8-т “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “...шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч хэрэг маргаантай холбоотой хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгосон бөгөөд шүүгчийн туслах нь шүүгчид туслан гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Иймд шүүгчийн туслах хэргийн оролцогчтой хүсэлт хангаж шийдвэрлэнэ гэж ярьсныг үндэслэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. 

4. Өргөдөл гаргагчаас “шүүгчээс надад өөрийн гаргасан хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дах заалтын дагуу болгож засварлаж өгсөн тохиолдолд хүсэлт хангагдахаар байна гэсний дагуу би шүүгчийн туслахаас бичгийн цаас авч тус заалтыг тусган өөрийн хүсэлтээ засварлан өгсөн боловч шүүгчээс бичгээр гаргасан захирамжид "...гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч нь тус газарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг гаргах эрхгүй байна” өргөдөлд гэж бичсэн байна.

Шүүгч Д.М “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн туслах И.Д надад танилцуулахад, уг хүсэлт нь тус нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон тохиолдолд зохицуулагдах заалт байсан тул хүсэлтийг хангахгүй орхих талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн, ажиллагааны явцад шүүгчийн туслах И.Д “нэхэмжлэгч ямар байдлаар хүсэлтээ өөрчлөх боломжтой вэ” гэж асуухаар нь тус хэргийн хариуцагч нь хуулийн этгээд тул нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар авахуулахаар хариуцагчид холбогдуулан хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн” гэх тайлбарыг,

шүүгчийн туслах И.Д “Шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар хангагдахгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад зааснаар хангагдаж магадгүй гэхээр нь Э.У нэхэмжлэгчид хэлсэн. Тэгсэн чинь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан үндэслэлээр хүсэлтээ нэмж бичиж өгсөн. Шүүгч намайг энэ талаар яагаад нэхэмжлэгчид хэлж байгаа юм бэ гэсэн” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Илтгэгч гишүүн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах чиг үүргийг шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд шүүгч нь шүүгчийн туслахтайгаа хоорондоо ярилцсаныг шүүгчийн туслахаас хэргийн оролцогчид хэлсэн нь шүүгчийг хэргийн оролцогчид заавар зөвлөгөө өгсөн гэж буруутгах үндэслэл болохгүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүгчийг дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

5. Түүнчлэн өргөдөл гаргагч “..Хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг 2022 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдөр асуухад бичгээр гараагүй байна гэсэн боловч захирамжийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэж огноолон гаргасан үйлдэл” гэжээ.

Уг үндэслэлтэй холбогдуулан шүүгчийн туслах “Тухайн өдөртөө захирамжийн дугаар авсан. Гэхдээ маргааш нөгөөдөрт нь удалгүй захирамжийг бичгээр албажуулж гаргасан. Ер нь шүүгч хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах талаар шийдвэрээ хэлэхээр шүүгчийн туслах захирамжийн төслийг болосвруулдаг. Шүүгч шийдвэрээ хэлсэн өдөр системээс дугаар авдаг. Нэхэмжлэгч яараад байсан учир 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн оройд нь би захирамжийн төслийг хянаж өгсөн. Нэхэмжлэгч Э.У 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр над руу холбогдох үед нь шүүгчийн захирамж гарсан талаар хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”- ын 4.2.2-т “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас үзвэл шүүгчийн захирамжийг 5 хоногийн дотор мэдэгдэх талаар тусгасан байна.

Дээрхээс үзвэл шүүгчийн захирамжийг Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан хугацаанд мэдэгдсэн байх тул 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн захирамж нь 9 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой байсан гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Өргөдөлд “Шүүгч хүсэлтийг шийдвэрлэхдээ 6 000 000 төгрөгийн маргаан байна. Юу гэж 2 тэрбумын хөрөнгийн ажиллагааг түдгэлзүүлж хааж байдаг юм гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн зүйлийг хэлдэг. Гэвч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагадаа 6 сая төгрөгийн талаар огт дурдаагүй байхаас гадна тухайн хэргийн материалд авагдаагүй хөрөнгийн үнэлгээ нь тогтоогдоогүй хөрөнгийг шүүгч яаж 2 тэрбум үнэлж тогтоож мэдсэнийг ойлгохгүй байна” гэж дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Д.М нь нэхэмжлэгч Э.У-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн туслах И.Д “...Би хэргийг харсан чинь өмнө нь манай Д.М шүүгч дээр шийдвэрлэгдсэн М  ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ю” ХХК-д холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. Нэхэмжлэгч Э.У нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр над руу утсаар ярьсан. Тэгэхэд нь “Хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гараагүй байна. Таны энэ маргааны нэхэмжлэлийн шаардлага нь 6 000 000 төгрөг гаргуулах уу. Энэ дээр манай өмнө шийдсэн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа шүү дээ гэсэн. ...Харин 2 тэрбум гэсэн үг хэлээгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд шүүгчийн туслахын чиг үүргийг хуульчилсан байдаг бөгөөд шүүгчийн туслах зохигчтой хэргийн талаар тодруулж асуусан байдлыг шүүгч асуусан гэж буруутган түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.

Түүнчлэн шүүгч маргаан бүхий иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                          Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                    Б.СУГАР            

Д.ЭРДЭНЭЧУЛУУН