МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-09-27
Дугаар 229
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ц-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.С ирүүлсэн өргөдөлдөө: “...манай ... дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Цээнийн ам 76а тоот хашаа байшинд 2018 оны 4 дүгээр сард шар өвс шатаан гал алдан түймэрт нэрвэгдсэн юм. Хариуцагч Д.Д-д гэм буруутай хэргийн шүүх хурлыг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ц өдийг хүртэл уг хэргийг шүүн таслах ажиллагаа хойшлогдож эс үйлдлийн учир шалтгааныг танай шүүхийн сахилгын хороо хянан шийдвэрлэж өгнө үү. ...шүүгч Д.Ц-т гомдол гаргаж хэргийг удаан шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна” гэжээ.
Холбогдогч шүүгч Д.Ц тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэм хорын төлбөрт 4,686,915 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000/Ш32020/21278 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Шүүхэд иргэний үүсгэсний дараа covid-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 1 дүгээр тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус тус нийтийг хамарсан хөл хорио тогтоосонтой холбоотой хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлж, биечлэн оролцуулж ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Э /2021.02.24-ний өдрийн итгэмжлэл/, Д.Г /2021.06.04- ний өдрийн итгэмжлэл/, өмгөөлөгч Б.Н /2021,03.04-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/, өмгөөлөгч Б.Г/2022.04.08-ны өдрийн хүсэлт/, хариуцагч талыг төлөөлж хариуцагч Д.Д, өмгөөлөгч Д.С /2021.02.28-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/ нар оролцож байгаа.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх дараах ажиллагаанууд хийгдсэн. Үүнд:
- Шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хариу тайлбарыг, нотлох баримтын хамт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн.
- Нэхэмжлэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гал түймрийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.
- Нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлттэй холбогдуулан хариуцагч талаас ... дүүргийн Прокурорын газрын архиваас нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэмэлт тайлбарыг ирүүлсэн.
- 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан хүсэлтийг хэлэлцэж, шүүхийн 000/ШТ2021/00071 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н-гийн хэргийн материалтай танилцах, ... дүүргийн Прокурорын газраас 2802 дугаар тогтоолтой хэргийн материалаас нотлох баримт гаргуулах, ... дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 76а тоот хаягт байрлах хашаа, байшин, гаражид үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, зохигчдын шинжээч томилуулах хүсэлтийг шүүхээс үзлэг хийсний дараа хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
- 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн тогтоолын дагуу ... дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 76а тоот хаяг байрлах хашаа, байшин, гаражид үзлэг хийх ажиллагааг хөндлөнгийн гэрч нар болон хэргийн оролцогчдыг байлцуулан хийсэн.
- ... дүүргийн Прокурорын газраас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр шүүхийн тогтоолд дурдсан баримтуудыг нотлох баримтаар ирүүлснийг хэргийн оролцогчдод танилцуулсан.
- 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааныг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан шүүх хуралдааны товыг хойшлуулсан.
- 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ш.Сайнзаяаг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн 000/ШТ2021/00186 дугаартай тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсан.
- Хариуцагч талаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилуулах хүсэлтийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирлын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.
- 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/Ш32021/09896 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэж, галд шатсан эд зүйлийн зах зээлийн дундаж ханшийг тогтоох шинжээчээр “Х” ХХК- ийг томилж, шинжээчийн дүгнэлт гаргах хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
- Шинжээч томилсон захирамжийг “Х” ХХК-д албан бичгээр хүргүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийг яаралтай гарган ирүүлэхийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3672, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3992, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4339, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай албан бичгүүдээр шаардсан.
- Шинжээчээр томилогдсон “Х” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 563 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, шүүхэд ирүүлсэн.
- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000/Ш32022/01194 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
- 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг шүүгч миний бие коронавируст халдвараар өвдсөн эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулж, шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хуралдахаар товыг хойшлуулсан.
- Нэхэмжлэгч Д.С нь “Х” ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.
- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хуралдахаар товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч Д.Д унаж бэртсэний улмаас хавирга нь хугарч хэвтрийн дэглэм барих эмчийн магадалгааг хүсэлтийн хамт ирүүлсэн үндэслэлээр, мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулж, хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхээр шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000/Ш32022/04815 дугаартай захирамжаар хойшлуулсан
- Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариу тайлбарыг ирүүлсэн.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ... дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг, хариуцагч Д.Д-гээс өмгөөлөгч С.С эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус гаргасан.
- 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000/Ш32022/08747 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааны товыг жич товлон хойшлуулсан.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г 2022 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзах тухай хүсэлтийг ирүүлсэн.
- 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, шүүхийн 000/ШТ2022/00231 дугаартай тогтоолоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг баримтлан ... дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 76а хаягтай хашаанд байрлах модон жорлонг барьсан болон байшингийн шатсан хэсгийг засварласан бодит зардлыг тогтоох нэмэлт шинжилгээг “Х” ХХК-аар хийлгэхээр шийдвэрлэсэн.
- Шүүхийн тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2612 дугаартай албан бичгээр “Х” ХХК-д хүргүүлсэн.
- “Х” ХХК-д шүүхийн тогтоолд заасан нэмэлт шинжилгээг хийж, шинжээчийн дүгнэлтийг яаралтай ирүүлэхийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3031 дугаартай албан бичгээр шаардсан. Мөн шүүгчийн туслах 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-ийн 11325127 дугаартай утсаар холбогдож, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхгүй байгаа шалтгааныг тодруулахад шинжээч нь коронавируст халдвараар өвдсөн шалтгаанаар үүрэгт ажлаа хийх боломжгүй байна гэх тайлбарыг өгсөн бөгөөд утсаар ярьсан тухай тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргасан болно.
- “Х” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон 348 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд хэргийн оролцогчдод танилцуулах ажиллагааг хийж байна.
Шүүгч миний бие тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хууль болон Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, ёс зүйн зөрчил гаргаагүй тул нэхэмжлэгч Д.С-гийн гаргасан гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчаар, Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр 12-ны өдрийн 000/ЕШ2020/06118 дугаар захирамж /схх 21 дэх тал/-аар шүүгч Д.Ц-ыг томилсон байх ба иргэний хэрэг үүсгэснээс хойш 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жил 9 сар 18 хоног болсон байна. ... 1/ Шүүгч нь нэхэмжлэлийг хариуцагч талд иргэний хэрэг үүсгэснээс хойш 54 дэх хоногт буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулжээ. Үүний шалтгаан нь “ковид-19” цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоосонтой холбоотой гээд “хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлж, биечлэн оролцуулж ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж холбогдох шүүгч тайлбартаа дурджээ. Бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэм тогтоосноос үүдэн, шүүхийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, хэргийн оролцогчоос ирүүлэх, мөн шүүхээс гардуулах баримтыг шуудангаар дамжуулж хүргүүлж байсан, шүүгчийн туслах Б.Э-гийн “тухайн хариуцагчийн хувьд гэрт нь ковид гарсан, өөрөө эмнэлэгт хэвтэж байгаа учир хаягаараа нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, эмнэлгээс гарсны дараа шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авна гэсэн” гэх гэрчийн мэдүүлэг, хөл хорио тогтоосон эрх бүхий этгээдийн актаар тогтоогдож байна.
Тухайн хэргийн нэхэмжлэлийг гардуулах хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 178, 181, 194, 209, 226 дугаар тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл бүх нийтийг хамарсан халдварт өвчний хөл хорио тогтоосон цаг хугацаатай давхацсан болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд уг хүндэтгэн үзэх шалтгаанаар, 60 хоногийн дотор нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсныг шүүгч хуульд заасан хугацааг зөрчсөн гэж үзэхгүй. 2/ Дээрх хэргийн хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар “тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болох” бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000/ЗТ2021/00208 дугаар тогтоолоор /схх 23 дахь тал/ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 30 хоногоор сунгажээ.
3/ Тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд холбогдох шүүгч нь нийт 8 удаа шүүх хуралдааныг товлон хуралдуулахдаа, нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан дөрвөн удаагийн хүсэлт болон дээр дурдсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал, шүүгчийн эрүүл мэндийн шалтгаан, мөн шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх гэсэн тодорхой үндэслэлээр хойшлуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ялангуяа нэхэмжлэгч талаас, өмгөөлөгч оролцуулж, шинэ өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан, шинжээч томилуулах хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан, иргэдийн төлөөлөгч оролцуулах хүсэлтээр 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлагыг шүүхээс хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр өмгөөлөгч /Б.Г/ оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон байна.
Иймд, шүүх талуудын хүсэлтийг хэлэлцэх, үзлэг хийх, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах, шинжээч томилох зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд хийжээ. ... Ийнхүү шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаатай холбоотойгоор 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 6 сар 14 хоног, мөн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар 22 хоног, нийт 10 сар 6 хоног орчим хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан захирамж нь заавал биелэгдэх шинжтэй бөгөөд шинжээч нь шинжээчийн дүгнэлтээ ирүүлээгүй буюу шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэл арилаагүй, шүүхээс удаа дараа шинжээчийн дүгнэлт ирүүлэхийг шаардан захирамжийн биелэлтийг хангах арга хэмжээг авсан байх тул энэ нь шүүгчийг “хэргийг хянан шийдвэрлээгүй удаасан” гэж буруутгах, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд, хэргийн оролцогчид мэтгэлцэх буюу талуудыг тайлбар, татгалзал болон түүнийг нотлох баримтаа шүүхэд гарган өгөх боломжит хугацаагаар хангаж, улмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан, бусад тохиолдолд шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан.
...Иймд өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нь дээрх хуульд заасанд нийцэж байх тул өргөдөл гаргагчаас “шүүгчийн эс үйлдэхүйн шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хойшлогдож байна” гэсэн нь үндэслэлгүй, үүгээр шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1135 дугаартай захирамжаар иргэн Д.С-гийн өргөдлөөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ц-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч Д.Ц хэргийг удаан шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна...” гэх агуулгыг дурдсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Д.С-гаас иргэн Д.Д-д холбогдуулан “гэм хорын төлбөр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ШЗ2020/21278 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 2022 оны 08 дугаар 30-ны өдөр хүртэл шүүгч Д.Ц нь тус иргэний хэрэгт 01 жил 09 сар 18 хоног хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаас үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх нийт хугацаа 90 хоног байхаар зохицуулжээ.
Иргэн Д.С-гийн нэхэмжлэлтэй Д.Д-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Д.Ц дээрх хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа:
-2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ЕШ2020/06118 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Ц-ыг томилсон,
-2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000/ЗТ2021/00208 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан,
-2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШЗ2021/03403 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон,
-2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШТ2021/00071 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлт, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг, нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан,
-2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000/ШТ2021/00186 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан,
-2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШЗ2021/09896 дугаар захирамжаар “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
-2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2407 дугаар албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3672 дугаар албан бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3992 дугаар албан бичгээр, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4339 дугаар албан бичгээр, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар албан бичгээр тус тус “Х” ХХК-иас шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхийг шаардсан,
-2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШЗ2022/01194 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЗ2022/04815 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг тов хойшлуулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ШЗ2022/08747 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааны тов хойшлуулсан,
-2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШТ2022/00321 дугаар шүүхийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
-2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2612 дугаар албан бичгээр, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3031 дугаар албан бичгээр “Х” ХХК-иас шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхийг шаардсан зэрэг ажиллагаа хийжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 209, 226 дугаар тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дугаар тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийтийг хамарсан хөл хорио тогтоосонтой холбоотой хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлж, биечлэн оролцуулж ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсныг дурдах нь зүйтэй.
Мөн илтгэгч гишүүний “...Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлагыг гардуулах, хариу тайлбар, нотлох баримт гарган өгөх болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогч нь гомдол гаргах хугацаагаар хангах, талуудын хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх зэргээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлэх, хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэг, 105 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл, журамд тус тус нийцэж байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд шүүгч Д.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ц-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
О.НОМУУЛИН