МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-09-07
Дугаар 228
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-, гэрч Н.О- нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгч О.О- Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б- шүүхийн сахилгын хороонд гаргасан "...Манай компанийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ хүсэлт гаргагчид мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгч “С У” ХХК-д давуу байдал олгох гэж оролдсон..." гэх гомдлын тухайд тус хэргийн үйл баримтыг товч дурдвал, "С У" ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасныг, шүүх хүлээн авч 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2715 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хянаж "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна" гэж зааснаар тус хэрэгт "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас "Ч Т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулсны дараа шийдвэрлэхээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны 13 цаг 30 минутад шүүх хуралдааныг хийхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон. Гэтэл ... шүүхийн байранд Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол сүүлийн 7 хоногийн байдлаар удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн, ойрын хавьтлын цар хүрээ даруй нэмэгдсэн тул тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүхийн үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсонтой холбоотойгоор 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг дахин хойшлуулж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Ийнхүү 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-аас гаргасан "Ч Т" ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- нарыг оролцуулан хүсэлтийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Түүнээс биш 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй юм. Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны 7730 дугаар захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгч С.Г- 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/Ш32022/0558 дугаар "Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай" захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны 7730 дугаар "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай" захирамжид гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжийн тухай" 118 дугаар тогтоолоор "..."Ч Т" ХХК-ийн гомдлыг хангасан дээрх акттай маргаж байгаа энэ тохиолдолд тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гэж үзнэ.." гэж шийдвэрлэсэн. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гуравдагч этгээдээр "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай бичгээр гаргасан хүсэлтийг хэлэлцүүлэхгүйгээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай" ... дүгээр захирамжаар "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
Иймд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б- Шүүхийн сахилгын хороонд гаргасан "...Манай компанийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 онь 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ хүсэлт гаргагчид мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгч "С У" ХХК-д давуу байдал олгох гэж оролдсон..." гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид давуу байдал олгосон, нэг талыг барьсан зүйл байхгүй. Бусдад давуу байдал олгох гэдэг нь "..албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг" хэлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт шийдвэрлэснийг давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл байхгүй юм. Мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг тус шүүхийн бичиг хэрэгт хэн өгсөн нь тодорхойгүй байх бөгөөд энэ нь тус шүүхийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
2. "....Нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тухай шийдвэр гараагүй байхад шийдвэрийн биелэлтийг хангахыг хариуцагчаас хууль бусаар шаардсан ..." гэх гомдлын тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б- "Маргааны зүйл болсон Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/189 дугаартай шийдвэрийг ямар нөхцөлд, хэрхэн ямар журмаар гаргасан болохыг тогтоож, үнэлэлт өгөхөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Гомдол шийдвэрлэх журам"-ыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтаар гаргуулах" хүсэлтийг гаргасан байна. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжиж байгаа илэрхийлсэн бөгөөд тус баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой баримт гэж үзсэн тул тус шүүх хуралдаанаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/7634 дүгээр "Нотлох баримт гаргуулах тухай" албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан бөгөөд нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч тухайн нотлох баримтыг шийдвэр гаргахдаа үнэлэх эсэх нь шүүгчид хуулиар олгосон эрх байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2-т "Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ" гэж заасан бөгөөд шүүх өөрийн санаачилгаар болон хэргийн оролцогчдын хүсэлтээр тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр талууд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж тайлбар гаргаж, дээрх хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Иймд хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулахаар хариуцагчаас албан бичиг хүргүүлснийг "...шийдвэрийн биелэлтийг хангахыг хариуцагчаас хууль бусаар шаардсан..." гэж шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
3. Шүүгч О.О- нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан "...гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан н.Э-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах" хүсэлтийг мөн л ханган шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "....Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Э.Э-ийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болно гэсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлттэй байна..." гэх хүсэлтийг гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8630 дугаар захирамжаар "...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ, 96.2-т Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно, 20 дугаар зүйлийн 20.1 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1 нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж тус тус заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э- нь эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар лавлагаа, түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах, нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлтүүдийг тус тус хангаж, "Ч Т" ХХК-тай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт нь тодорхойгүй байгаа тул хүсэлт гаргаагүйд тооцож, тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж" шийдвэрлэжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/185 дугаар "...тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээл судалгааны газрын мэргэжилтэн Э.Э- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлсөн" тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр томилогдсон Ц.Ө- тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Иймд "...гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан н.Э-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах" хүсэлтийг ханган шийдвэрлэсэн үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй юм.
4. Манай компани нь тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд уг хэргийн гуравдагч этгээдээр "С У" ХХК оролцсон ба энэ шүүгч хэргийг шалгаж байсан юм. Уг хэрэгт шүүгч О.О- нь "С У" ХХК-ийн хүсэлтүүдийг байнга хүлээн авч, хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг цуглуулсан....энэхүү хууль бус үйлдэл нь байнга давтагдаж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрч байнга нэг талд үйлчилж байгаа тул үүнийг таслан зогсоох шаардлагатай болж ирлээ.." , шүүгч О.О- нь энэ мэтээр олон удаа нэг талыг баримталсан, хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэр байнга гаргаж ирсэн бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс хэрэг шийдвэрлэдэг атал, тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б- нь шүүгч О.О-ийнхээ хууль бус ажиллагааг таслан зогсоох талаар арга хэмжээ авдаггүй, хэргийн хүмүүсээс гаргасан гомдлыг хамтран нуун дарагдуулдаг, одоо ч энэ байдал үргэлжилсээр байна.." гэх гомдлын тухайд: "Ч Т" ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг ... шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор "... шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр шийдвэр, ... шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны ... дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр ... шүүхэд буцаан" шийдвэрлэсэн байх бөгөөд уг ... индекстэй захиргааны хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүгч О.О- надад хуваарилсан. Үүний дагуу шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар шийдвэрээр "Ч Т" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрт "Ч Т ХХК давж заалдах журмаар гомдол гаргаж, ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр магадлалаар 892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Улмаар "Ч Т" ХХК хяналтын журмаар гомдол гаргасныг ... шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор гомдол гаргагч "Ч Т" ХХК-ийн төлөөлөгч Ө.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ... шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрлэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалттайгаас гадна нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь зөвхөн зөвлөлдөх тасалгаанд шүүх бүрэлдэхүүний хэмжээнд хэрэгждэг онцгой ажиллагаа юм. Хэрвээ анхан шатны шүүх нотлох баримтыг гуйвуулж, хэрэгт байгаа баримтыг илт худал үнэлсэн бол давж заалдах болон ... шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох байсан. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах" гэсэн заалтыг зөрчөөгүй. Хуулийн илт тодорхой заалтыг зөрчих гэдэг нь хуульд тухайлан жишээлбэл 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасныг шүүгч 10 гэж бичээд 5 хоногтоо гомдол гаргаагүй байна гэвэл энэ нь хуулийн заалтыг илт зөрчсөнд тооцогдоно. Мөн ноцтой зөрчсөн гэдэг нь эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хуулиар хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгохоор хууль санаачлагч оруулсан тэрнээс биш нотлох баримтыг цуглуулах, улмаар түүнийг үнэлэхтэй холбоотой асуудал биш юм. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 -д заасан "Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэж заасан бөгөөд миний бие энэ дүрмийг зөрчсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хуулиас гадуур нотлох баримт цуглуулсан шаардсан зүйл байхгүй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1.11-т "Хуульч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно" гэж заасан байна. Гэтэл гомдол гаргагч энэ дүрмийг зөрчиж шүүгч биднийг илтэд гүтгэсэн, төөрөгдүүлсэн гомдол гаргаж байгаа нь харин ч үндэслэлгүй байна. Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно" гэж заасан бөгөөд ерөнхий шүүгч Ц.Б-г шүүгч О.О-ийн хууль бус үйл ажиллагааг хамтран удаа дараа нуун дарагдуулсан гэж ямар ч баримт нотолгоогүйгээр илтэд худал гүтгэж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа ноцтой үйлдэл гэж үзэхээр байх бөгөөд харин ч Шүүхийн сахилгын хороонд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг шүүгчийг илт үндэслэлгүйгээр гүтгэж байгаа энэ үйлдлийг өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар шүүгчид нөлөөлж байна гэж үзэхээр байна. Миний бие нь 2004 онд ... шүүхийн шүүгч болж, улмаар 2013 оноос ... шүүхэд шүүгчээр одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд "Ч Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй нэг хэрэг буюу дээрх "Ч Т" ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл олон удаа нэг талыг баримталсан, хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэр байнга гаргаж ирсэн гэх гомдол нь илт үндэслэлгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг илтэд гүтгэн буруутгаж байгаа нь шүүгч хараат бусаар шийдвэрлэх эрхийг хязгаарлаж, шүүгчид нөлөөлж байна гэж үзэхээр байна. Иймд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол, түүний үндэслэлүүд нь баримт нотолгоогүй, илтэд үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Сахилгын хэрэгт авагдсан өргөдөл, шүүгчийн тайлбар, зарим гэрчийн мэдүүлэг, нотлох баримтаар авагдсан баримтуудыг судлан, доорх үйл баримтад сахилгын зөрчил үйлдсэнийг нотлох дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
1. “Манай компанийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ хүсэлт гаргагчид мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгч "С У" ХХК-д давуу байдал олгох гэж оролдсон..." гэх гомдлын тухайд”:
2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хянаад "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас "Ч Т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулсны дараа шийдвэрлэхээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр (с.х-ийн 83 дахь тал) "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх ба 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-аас гаргасан "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- нарыг оролцуулан хэлэлцэж, 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, энэхүү шүүгчийн захирамжид хэсэгт гомдол гаргах эрхгүй талаар дурдсан байна. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр (с.х-ийн 83 дахь тал) "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг тус компанийн өмгөөлөгч н.О- 2022 оны 01 дүгээр сарын эхээр О.О- шүүгчийн туслахаас тодруулахад 2021 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн гэх хариуг хэлсэн гэж "Ч Т" ХХК-ийн өмгөөлөгч н.О- гэрчийн мэдүүлэгтээ өгчээ. (с.х-ийн 108 дахь тал) Ийнхүү тус компанийн хүсэлтийг шийдвэрлэсэн тухай хариу авснаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгч С.Г- 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/Ш32022/0558 дугаар "Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай" захирамжаар хангаж шийдвэрлэсэн, ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор "..."Ч Т" ХХК-ийн гомдлыг хангасан дээрх акттай маргаж байгаа энэ тохиолдолд тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гэж үзнэ.." гэж дүгнэн 7730 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзвэл "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар шийдвэрлэснээс хойш 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор бичгээр гаргаж /10.09-ний өдөр амралтын өдөр байв/, үүнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг эдлүүлэх үүрэгтэй атал 5 сар гаруй хугацаанд шүүгчийн захирамжийг гардуулаагүй, "Ч Т" ХХК-ийн гомдол гаргах эрхийг зөрчсөн, түүнчлэн гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй талаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан зэрэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.23.”хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарч байна.
3.Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа 8630 дугаартай шийдвэр гаргажээ. (с.х-ийн 41 дэх тал) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан атал шүүгчийн захирамж бус шийдвэр гаргасан нь дээр дурдсан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэх бас нэг үндэслэл болно. Шүүгч О.О- тайлбартаа “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-аас гаргасан "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө- нарыг оролцуулан хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, уг хүсэлтийг тус шүүхийн бичиг хэрэгт хэн өгсөн нь тодорхойгүй...” гэсэн ч ... шүүхэд ирүүлсэн хүсэлт бүртгэсэн дэвтэр, "Ч Т" ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаар тус шүүхээс хариу өгсөн талаар гэрчийн мэдүүлэг, "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн шүүхийн ажиллагаа, ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоол зэргээр "Ч Т" ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хамтатган шийдвэрлэсэн нь нотлогдож байх тул дээрх шүүгчийн тайлбар үгүйсгэгдэнэ.
4.“Шүүгч О.О- нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан "...гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан н.Э-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах" хүсэлтийг мөн л ханган шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд: 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "....Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Э.Э-ийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болно гэсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлттэй байна..." гэх хүсэлтийг гаргажээ. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 1.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э- нь эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар лавлагаа, 2.түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах, 3.нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлтүүдийг тус тус хангаж, 4."Ч Т" ХХК-тай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт нь тодорхойгүй байгаа тул хүсэлт гаргаагүйд тооцож, тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж" шийдвэрлэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх этгээдийн харилцааг зохицуулсан байх бөгөөд 27.2-т “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулагдсан баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Ө-ыг томилж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл ирүүлсэн байх атал нэхэмжлэгчийн хүсэлт хангасан гэх нэрээр гомдол шийдвэрлэсэн мэргэжилтэн н.Э-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, томилох үүрэг хүлээлгэсэн шүүгчийн захирамж гаргасан нь тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрөө сонгох эрхэд халдсан үйлдэл болжээ. Шүүгч О.О-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23.”хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд мөн хамаарч байна. Дээрх удаа дараагийн хууль бус шүүхийн шийдвэр нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл болжээ. Шүүгч гагцхүү хуульд захирагдах бөгөөд ЗХШХШтХ-ийн 4 дүгээр зүйл. Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан нь бусдын эрх хязгаарласан, Төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд халдсан шийдвэр гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгч О.О- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заалтыг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Ч Т” ХХК-ийн захирал Ө.Б-гаас ... шүүхийн шүүгч О.О-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн өргөдөлд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 987 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, нотлох дүгнэлт үйлдсэнийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
1. Өргөдөлд дурдсан “...Манай компани нь тус шүүхэд хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд уг хэргийн гуравдагч этгээдээр "С У" ХХК оролцсон ба энэ шүүгч хэргийг шалгаж байсан юм. Уг хэрэгт шүүгч О.О- нь "С У" ХХК-ийн хүсэлтүүдийг байнга хүлээн авч, хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг цуглуулсан....энэхүү хууль бус үйлдэл нь байнга давтагдаж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрч байнга нэг талд үйлчилж байгаа тул үүнийг таслан зогсоох шаардлагатай болж ирлээ...”, шүүгч О.О- нь энэ мэтээр олон удаа нэг талыг баримталсан, хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэр байнга гаргаж ирсэн бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс хэрэг шийдвэрлэдэг атал, тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б- нь шүүгч О.О-ийнхээ хууль бус ажиллагааг таслан зогсоох талаар арга хэмжээ авдаггүй, хэргийн хүмүүсээс гаргасан гомдлыг хамтран нуун дарагдуулдаг, одоо ч энэ байдал үргэлжилсээр байна..." гэх үндэслэлийн тухайд:
"Ч Т" ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг ... шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 305 дугаартай тогтоолоор ... шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны 367 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар тус захиргааны хэрэг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүгч О.О-д хуваарилагджээ.
... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0892 дугаар шийдвэрээр "Ч Т" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрт "Ч Т ХХК давж заалдах журмаар гомдол гаргасныг ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 151 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 892 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн ба улмаар "Ч Т" ХХК хяналтын журмаар гомдол гаргасныг ... шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаар тогтоолоор "Ч Т" ХХК-ийн төлөөлөгч Ө.Б-гийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба ингэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг ... шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнээгүй, Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх, хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
2. "...Нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тухай шийдвэр гараагүй байхад шийдвэрийн биелэлтийг хангахыг хариуцагчаас хууль бусаар шаардсан ..." гэх гомдлын тухайд:
Шүүгч О.О- нь “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б- "Маргааны зүйл болсон Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/189 дугаартай шийдвэрийг ямар нөхцөлд, хэрхэн ямар журмаар гаргасан болохыг тогтоож, үнэлэлт өгөхөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Гомдол шийдвэрлэх журам"-ыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтаар гаргуулах" хүсэлтийг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч тухайн нотлох баримтыг шийдвэр гаргахдаа үнэлэх эсэх нь шүүгчид хуулиар олгосон эрх байх тул дээрх үндэслэл шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахааргүй байна.
3. Харин “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч О.О- дараах зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна. Үүнд:
3.1. “...Манай компанийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ хүсэлт гаргагчид мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгч "С У" ХХК-д давуу байдал олгох гэж оролдсон..." гэх гомдлын тухайд”:
... шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6235 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-аас "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хянаад "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас "Ч Т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулсны дараа шийдвэрлэхээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан,
Харин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар "Ч Т" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
“Ч Т” ХХК-ийн захирал Ө.Б- нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 261/21а дугаар албан бичгээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ ... шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд энэ нь тус шүүхийн ирсэн бичиг баримтын бүртгэлийн дэвтрийн дэс дугаар 9486-д бүртгэгдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзвэл "Ч Т" ХХК-ийн захирал Ө.Б-гаас гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамж гарснаас хойш 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор бичгээр гаргаж, үүнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг эдлүүлэх үүрэгтэй атал 5 сар гаруй хугацаанд шүүгчийн захирамжийг гардуулаагүй, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заан “Ч Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргах эрхийг зөрчсөн, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэжээ.
3.2. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан байх атал 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа 8630 дугаартай шийдвэр гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарна.
3.3. “Шүүгч О.О- нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан "...гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан н.Э-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах" хүсэлтийг мөн л ханган шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд:
2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "....Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Э.Э-ийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болно гэсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах..." тухай хүсэлт гаргасны дагуу 1/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э- нь эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар лавлагаа, 2/ түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах, 3/ нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж" шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх этгээдийн харилцааг зохицуулсан байх бөгөөд 27.2 дахь хэсэгт “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулагдсан баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Ө-ыг томилж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл ирүүлсэн байтал нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан гэх нэрээр гомдол шийдвэрлэсэн, тухайн байгууллагаас төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй мэргэжилтэн н.Э-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, томилох үүрэг хүлээлгэсэн шүүгчийн захирамж гаргасан нь тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрөө сонгох эрхэд халдсан, дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил мөн.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл "С У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийг гардуулаагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж буй асуудлаар захирамж, тогтоол бус шийдвэр гаргасан, төрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох бүрэн эрхэд халдсан зэрэг зөрчил гарсан нь тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 ”хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хариуцлага ногдуулах үндэслэл болно.
Иймд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч асан, одоо ... шүүхийн шүүгч О.О-д “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮД О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН