МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-04
Дугаар 174
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн нотлох дүгнэлтдээ: Шүүгч Д.У- “Ү з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “З м” ХХК-д холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04205 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан, 06 дугаар сарын 16-ны шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг баталгаажуулах захирамж гаргах зэрэг ажиллагааг хийж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12779 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэр албажиж, 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02205 дугаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаснаар 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хийжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан байх боловч шүүгч Д.У- хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулснаас хойш 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу календарийн 119 хоног, ажлын 83 хоногийн дараа шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэн талуудад гардуулсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийг гардуулсан баримт, хэрэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээс зэргээс тогтоогдож байна. Иймд шүүгч Д.У- нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-т зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв гэжээ.
Шүүгч Д.У- Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Шүүхийн сахилгын хороонд биечлэн очих боломжгүй байгаа болно. Сахилгын хэрэг үүсгэх тухай гишүүний захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, тайлбар гаргаж байна. Тус компанийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гардуулж өгөлгүй хуулийн хугацаанд бичгээр гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж тухайн этгээдийг чирэгдүүлсэнд уучлалт эрж байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад бүрэн эрхийг нь эдлүүлэн, боломжит хугацаагаар мэтгэлцүүлсэн, хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн авч үзэж нотолгооны хэрэгслүүдийг бүрэн үнэлж, маргааны үйл баримт нэг бүрийг тогтоон гаргаж, үйл баримт нэг бүрд эрх зүйн бүх үндэслэл дүгнэлтийг хийж, 8 хуудас шийдвэрийг боловсруулж гарган талуудад гардуулсан. Манай шүүх батлагдсан орон тооноосоо дутуу, ажлын ачаалал өндөр, нарийн бичгийн орон тоо мөн дутуу явдаг. 2021 оны сүүлээр шүүгчийн туслах ажлаа хаяж явж, цагаан сарын өмнөхөн өрөөний цоожийг эвдэж онгойлгож хэргүүдээ авсан. Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хэтрүүлж, хугацаандаа шийдвэрээ бичгээр гаргаагүй нь миний буруу. Иймд шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг хэтрүүлсэн асуудлын гэм бурууг авч үзэхдээ миний эрүүл мэндийн хүндрэлтэй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлд тооцон, хуульд заасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар, шүүгчийн зан байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ү з” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 668 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Д.У-т холбогдох сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02205 дугаар шийдвэрээр “Ү з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “З м” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 235,083,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүгч Д.У- даргалж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.”, 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.” гэж заасан.
Гэтэл тус шийдвэрийг хэргийн оролцогчдод 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан болох нь дээрх иргэний хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шийдвэр, түүнийг гардуулсан тухай баримт, гэрч Д.А гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгч шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, албажуулах үүрэгтэй байжээ.
Өргөдөл гаргагчаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлдөө шийдвэр бичгээр гараагүй байгаа талаар дурдсанаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрээ гардан авах боломжгүй байсан болох нь харагдаж байна. Мөн холбогдох шүүгч Д.У-ийн тайлбараас үзвэл дээрх шийдвэр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл албажаагүй байсан болох нь тогтоогдож байх ба энэ хугацаанаас тооцвол шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас хойш 71 хоног хэтэрч гарсан гэж үзэхээр байна. Хэрэв шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд бичгээр гарсныг хэргийн оролцогч нар дээрх хуулийн дагуу гардан аваагүй бол мөн зүйлийн 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.” гэж заасан ажиллагааг хийх байжээ. Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтаар шийдвэрийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь нотлогдохгүй байна.
Шүүгч Д.У- шүүхийн шийдвэрээ хугацаандаа гаргаагүй талаарх шалтгаанаа тус шүүхийн шүүгчийн орон тоо дутуу, ажлын ачаалал өндөр, шүүгчийн туслах ажлаа хаяж явсан гэж тайлбарласан нь тухайн шүүхийн тамгын газар, шүүгчийн ажлын зохион байгуулалттай холбоотой байх тул энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Мөн холбогдох шүүгчээс эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж тайлбарлаж байх боловч тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь баримтаар тогтоогдсонгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-ийг шүүгчид хориглохоор заажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Д.У- нь шүүхийн шийдвэр гаргах хугацааг 71 хоногоор хэтрүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй тул түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зохицуулсан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д энэ хуулийн 50.1.22, 50.1.26, 50.1.31-д заасан зөрчилд нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах шийтгэлийг оногдуулна гэжээ.
Өмнө нь Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар магадлалаар шүүгч Д.У-т Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д зааснаар шүүгчийн бүрэн эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэл ногдуулсныг, тус хорооны хянан үзэх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар хяналтын тогтоолоор цалингийн хэмжээг зургаан сарын 20 хувиар буруулахаар өөрчилж шийдвэрлэжээ. Уг тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн оролцогчид хүргүүлэхээр шууданд хийсэн дардас бүхий баримттай байх ба одоогийн байдлаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаагүй байна.
Мөн холбогдох шүүгч Д.У- 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “...сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” талаар тайлбарлажээ. ...шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ЗТ2022/00318 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн шүүгч Д.У-т 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх нийт 2 сар 28 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгосон нь тус сахилгын хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан явуулахад саад болохгүй ба хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар Сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлтийг хүлээн авч, шүүгч Д.У-т шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д зааснаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У-ийн шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР