info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-09-07

Дугаар 227

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, гэрч Б.Т , хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ...  шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Б.Т  сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “... ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0247 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ын 5.1-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж шийдвэр хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилахгүй бөгөөд "Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэл”-д бүртгэж, мөн адил хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан шүүгчид давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тоймын дарааллаар системээс гараар хуваарилна” гэж заасан. Шүүгч Ц.Б- нь энэ журмын заалтыг баримтлан асуудлыг тайлбарлаж байгаа бөгөөд “шүүгч гагцхүү хуульд захирагдах” талаар ярихгүй тайлбарлахгүй байгаа нь өөрөө “шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг хуваарилах журмыг санаатай зөрчсөн үйлдэл гаргасан, зөрчлийн шинжийн санаатай үйлдэл” болохыг харуулж байна. Тухайлбал: Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж тус тус заасан байхад хуулийн заалт зөрчигдсөн тухай ярихгүй тайлбарлахгүй атлаа зөвхөн журмыг баримтлан тайлбарлаж, бурууг журмаас хайж байгаа нь өөрөө санаатай үйлдэл гэдгийг нотолж байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 19.3.1-т заасан “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх” гэж заасан болон 2018 онд батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 1.3-т “Шүүгч захиргааны хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана”, 2.3-т “Системийн хэрэглэгч /цаашид “хэрэглэгч” гэх/ гэж нэвтрэх  нэр, нууц үгтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хэлнэ”, 2.5-д “Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн /цаашид “Ажилтан” гэх/ хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, дүгнэлт, даалгавар ирсэн даруйд системд бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид хүлээлгэн өгнө” 2.7-д "Системийн ашиглалт, үйл ажиллагаанд шүүгч, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавина" гэж тус тус заасан байхад энэ талаар ярихгүй, тайлбарлахгүй атлаа “2013 оноос нэвтрүүлж, ашиглаж ирсэн “Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн систем” нь хуульд заасан “шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах  нөхцөлийг хангасан” байдлаар хуваарилах техникийн боломжгүй” хэмээн тайлбарлаж байгаа нь бас л хууль бус, үндэслэлгүй тайлбар юм. Мэдээлэл лавлагааны ажилтан хэргийг шүүгчид хуваарилдаггүй бөгөөд “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасанчлан “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, дүгнэлт, даалгавар ирсэн даруйд системд бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс хуваарилсныг шүүгчид хүлээлгэн” өгдөг болох нь тодорхой байна. Харин шүүгч өөрөө “Системийн хэрэглэгч”-ийн хувьд нэвтрэх нэр, нууц үгтэй байх бөгөөд захиргааны хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдаж, хяналт тавин, хууль, журамд заасан “урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах, урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилахгүй байх” шаардлага нөхцөлийг хангуулах хэрэв хангагдаагүй бол уг хэргийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй. Гэтэл ийнхүү татгалзаагүй нь санаатай үйлдэл гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгч Ц.Б- нь Шүүхийн тухай хуулийн 50.1.18-д хориглосныг мэдсээр байж, уг заалтыг зөрчин, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзаж, харилцсан тухай олон нийтэд илэрхий үйл баримтыг миний бие нь 2022 оны 03 сарын 22-ны хуралдаан дээр танилцуулж байсан боловч, энэ талаар Сахилгын хороо авч хэлэлцэхгүй байна. Тухайлбал: 2020 онд ... шүүхийн байранд Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын албан хаагчидтай санал солилцох уулзалт хийсэн бөгөөд үүнд Б.Т  миний нэхэмжлэлтэй ТЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, мөн шүүгч Ц.Б-гийн туслахаар ажиллаж байсан Х.Э- нар оролцон, уулзалтын ширээнд шүүгч Ц.Б-тэй хамт сууцгааж байгаа зургийг, холбогдох мэдээний хамт ... шүүхийн веб сайтад тавьсан байдаг. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”-ыг шүүгчид хориглохоор заасан ба энэ нь албан хэргийн уулзалт байх, эсвэл бусад хүмүүсийн хамтаар байх зэрэг нөхцөлд зөвшөөрөгдөх эсэх талаар хуульд заагаагүй. Гэтэл шүүгч Ц.Б- нь 2020 оны 06-07 сард өөрөө хүлээн авч, хянан шийдвэрлэж байсан Б.Т  миний нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзаж, харилцах” нь хууль бус гэдгийг ухамсарлаж байсан боловч, хуульд заасан зохих арга хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр уулзаж, харилцсан нь ТЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг өөр дээрээ авч шийдвэрлэх санаа зорилгыг илэрхийлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу шүүгч нь зөвхөн хуульд захирагдаж, хууль зөрчихөөс ямагт сэргийлэх үүрэгтэй бөгөөд хууль зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой.” гэжээ.

Шүүгч Ц.Б- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд иргэд, байгууллагаас шинээр ирсэн нэхэмжлэл, гомдол, өргөдөл нь шүүгчдийн зөвлөгөөнөөс батлагдсан дарааллын дагуу “тойрог дотроо санамсаргүй” сонголтоор системээс шүүгчид хуваарилж байгаа бөгөөд харин тухайн үед тус шүүхэд ашиглагдаж байгаа Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем /программ/-ийн техникийн боломжгүйгээс давах болон хяналтын шатны шүүхээс тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн хэрэг, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр ирсэн хэрэг болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар ирүүлсэн хүсэлтийг тус шүүхийн шүүгчид хуваарилахдаа системээс шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу гараар хуваарилсан байна. Тухайн үед ...  шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөгөөнөөр баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол /дүгнэлт/ хүсэлт /өргөдөл/ хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ыг мөрдөж ажиллаж байсан ба дээрх журмын 5.1-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, шийдвэр хүчингүй болж, анхан шатны шүүхээр буцаан ирүүлсэн хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хуваарилахгүй бөгөөд “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэл”-д бүртгэж, мөн адил хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан шүүгчид давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тоймын дарааллаар системээс гараар хуваарилна" гэж заажээ. Дээрх шүүгчдийн зөвлөгөөнөөс батлагдсан журмын дагуу Б.Т гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэг системээс гараар надад хуваарилагдаж ирсэн байна. Тодруулбал, Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг Шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн нь хүлээн авч, “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэл”-д бүртгэж, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тоймын дарааллаар ... системд шүүгч миний нэрийг оруулж, системээс гараар надад хуваарилсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү захиргааны хэрэг шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан дээрх журамд зааснаар надад хуваарилагдсан байх тул миний бие нь дээрх журмыг санаатай зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн бөгөөд тухайн хуультай нийцүүлж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг, нэхэмжлэл, гомдол /дүгнэлт/ хүсэлт /өргөдөл/ хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ыг батлан мөрдсөн. Уг журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар баталсан байх ба тухайн журмыг батлах үед Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” батлагдаагүй байсан.Тийм ч учраас шүүгчдийн зөвлөгөөнөөр “хэрэг хуваарилах түр журам” гэж баталсан. ...Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86 дугаар зүйлийн 86.1.4-д зааснаар шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх үүрэг нь Шүүхийн Тамгын газарт, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.12-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем, программ хангамжийг хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах үүрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэгт хамаарч байх ба дээрх хэргийг тус шүүхэд ашиглаж байгаа программ, хангамжийн техникийн боломжгүйгээс шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын холбогдох заалтыг баримтлан шүүгч надад хуваарилсныг Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2,-д заасан дараалал, журмыг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.22-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “......  шүүхийн тамгын газраас гаргадаг Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан хэргийн 7 хоног бүрийн тоймоос үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 34 хэрэг дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан байна. ...  шүүхийн 2021 оны хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлийн дэвтрээс үзэхэд тус шүүхийн тамгын газарт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх тоймд орсон дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргүүдийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүлээлгэн өгснөөр шүүгчдэд хуваарилсан байна. (7-р хх-ийн 22 дахь тал) Дээрх хэргүүд нь хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлийн дэвтрийн 1-50 дугаарт бүртгэгдсэн байна. Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлийн дэвтрийн 1-50 дугаарт бүртгэгдсэн хэргүүдээс 36 хэргийг тоймоор, 14 хэргийг тойргоор тус тус хуваарилсан байна. ...  шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0247 дугаар зөвлөгөөний тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, дүгнэлт, хүсэлт, өргөдөл хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам”-ын 5.1-т “...Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж шийдвэр хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хуваарилахгүй бөгөөд “Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлд”-д бүртгэж, мөн адил хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан шүүгчид гараар хуваарилна.”, 5.2-т “...хуваарилагдаагүй үлдсэн хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон тойргийн дарааллын дагуу системээс гараар хуваарилна. ...” гэж, мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дээрх тогтоолын 6-д Ерөнхий шүүгч Ц.Б-д шүүгчдийн зөвлөгөөнөөс үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 17.1.7-д “шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх” гэж заасан. Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, Нийт шүүгчийн чуулганаар  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан “...хэрэг хуваарилах нийтлэг журам”-ын 1.2-т заасан урьдчилан мэдэх боломжгүй, тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, ил тод, хүний нөлөөллөөс ангид, баримтжуулсан байх... зэрэг зарчмыг хангаагүй буюу хууль шинэчлэн батлагдахаас өмнөх ...хэрэг хуваарилах журамтайгаа адилхан тойм болон тойрог гэсэн аргачлалаар  хуваарилж байжээ.  Мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан А.С-ийн тайлбарласнаар “Тойм гэдэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг тоймоор хуваарилахыг, тойрог гэдэг нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан тойргийн дагуу системээс гараар хуваарилахыг хэлдэг” гэжээ.

Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг тойрог нэрээр урд өгсөн гэж замбараагүй хуваарилж урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангахгүй байгаагаас үзэхэд ерөнхий шүүгч Ц. Б-  нь хэргийг өөртөө  тоймоор хуваарилуулах бүрэн боломжтой гэж үзэхээр байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга нь 7 хоног болгон тухайн 7 хоногт дээд шатны шүүхээр хянагдсан хэргийн тойм болон хэргийн хөдөлгөөний талаар Ерөнхий шүүгчид тогтмол танилцуулдаг нь Ерөнхий шүүгч тамгын газрын ажилтнуудыг мэргэжил, арга зүйн хувьд чиглүүлэх, хэргийн хөдөлгөөнд хяналт тавих бүрэн боломжтой албан тушаалтан байна. Мөн 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн тоймоор 2 хэрэг унахад тойргоор, 03 дугаар сарын 26-ны өдрийн тоймоор 5 хэрэг унахад 1 хэргийг тоймоор 5 хэргийг тойргоор, 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоймоор 3 хэрэг унахад 1 хэргийг тойргоор, 1 хэргийг тоймоор, 04 дүгээр сарын 09-ний өдөр 1 хэрэг унахад тоймоор, 04 дүгээр сарын 16-ны өдөр 2 хэрэг унахад тоймоор, тус тус хуваарилсан байна. Тодруулбал, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн тоймоор 2 хэрэг унахад тойргоор, 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд шүүгч Л.Батбаатарын хэрэг унахад оронд нь тоймоор, шүүгч М.Б-ийн 2 хэрэг унахад оронд нь нэг хэргийг тоймоор, нэг хэргийг урьд нь тойргоор авсан тул өнжсөн, шүүгч А.Н-ийн  2 хэрэг унахад урьд нь тойргоор авсан тул өнжүүлсэн, шүүгч Г.М-ын 1 хэрэг унахад урьд нь тойргоор авсан тул өнжүүлсэн, шүүгч Ц.Б-гийн 3 хэрэг унахад оронд нь 3 хэргийг тоймоор тус тус хуваарилсан. Тус шүүхийн тамгын газраас гаргадаг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэр хянагдсан  байдлын талаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тоймоос үзвэл  Ерөнхий шүүгч Ц.Б-гийн шийдсэн “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч нарт холбогдох хэрэг, М.Э-гийн нэхэмжлэлтэй  НЗД-д холбогдох хэрэг тус тус дахин хэлэлцүүлэхээр буцаагджээ. Хүчингүй болсон хэргийг дахин хуваарилсан бүртгэлийн дэвтрийн 24-т бүртгэгдсэн иргэн Б.Т гийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газарт холбогдох хэргийг шүүгч Ц.Б-гийн шийдвэрлэсэн “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч нарт холбогдох хэргийн оронд тоймоор, 25-т бүртгэгдэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний хөгжлийн газарт холбогдох хэргийг шүүгч Ц.Б-гийн шийдвэрлэсэн М.Э-гийн нэхэмжлэлтэй  Нийслэлийн засаг даргад холбогдох хэргийн оронд тус тус тоймоор, 26-д бүртгэгдсэн “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газарт холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр урьд тоймоор авсан н.М-ийн нэхэмжлэлтэй хэрэг хяналтын шатны шүүхээс шийдвэр хэвээр үлдсэн тул нөхөж өгсөн байна. Дээрхээс үзэхэд 3 дараалан хэргийг тоймоор Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хуваарилсан, мөн Татварын ерөнхий газарт холбогдох хэрэг унахад Татварын ерөнхий газарт холбогдох өөр нэг хэрэг авсан, түүнчлэн Ерөнхий шүүгч Ц.Б- нь хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзалт зохион байгуулсан буюу Татварын ерөнхий газартай хамтарсан уулзалт зохион байгуулсан нийтэд илэрхий үйл баримт тус шүүхийн тамгын газрын сайтад нийтлэгдсэн зэргээр (энэ талаар Ерөнхий шүүгч Ц.Б- нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбартаа “Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан төлөвлөгөөнийхөө дагуу бүх шүүгчдийг байлцуулан хариуцагч байгууллагуудтай хуулийн хэрэгжилтийг хангах, хариу тайлбараа хугацаанд нь гаргах, шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулах зэрэгт анхаарч ажиллахтай холбогдуулан уулзалт зохион байгуулдаг” талаар тайлбарласан) Татварын ерөнхий газартай холбоотой шууд бус харилцаа байх бөгөөд, өөртөө давуу байдал олгож тойм хэлбэрээр авсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгч нь тойм хэлбэрээр хэргийг хуваарилахад хэргийн хөдөлгөөнд хяналт тавих бүрэн боломж, хэргийн хөдөлгөөний мэдээллээр хангагдаж, өөртөө хуваарилуулах боломжтой байсан зэрэг нь Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 -д заасныг санаатай зөрчсөн үйлдэл мөн гэж дүгнэв. Мөн давж заалдах шатны шүүхээс хянагдсан хэргийн шийдвэр хүчингүй болж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж ирүүлсэн хэргийг хуваарилахдаа гараар хуваарилсан байх бөгөөд шүүгч Ц.Б-гийн “системээс надад хуваарилагдсан болно” гэж тайлбарласантай зөрж байгаа нь шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдах нөхцөлийг хангаагүйгээс иргэдэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг үүсгэх байдлыг бий болгосон нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд ...  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 “энэ хуулийн 19.2.2., 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих”, 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглох зохицуулалтын зөрчсөн байх тул нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг” ойлгохоор, 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь тухайн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч, шүүгчээр ажиллаж байгаа этгээдэд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага болно.

Гэтэл сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар зарлигаар Ц.Б-г ...  шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул түүнийг “шүүгч” гэж үзэх боломжгүй, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцэхгүй.

Иймд хуулиар хориглосон үйлдэл эс үйлдэл гарсан эсэх, энэ нь зөрчилд тооцогдох эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй тул илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ...  шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ...  шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Б-д холбогдох сахилгын хэргийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                                    О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                           Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         Д.МЯГМАРЦЭРЭН