info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-29

Дугаар 208

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 ...  шүүхийн шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Б- өргөдөлдөө “...1. Шүүгч Д.А- нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан хийхээр товлосон бөгөөд шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэж зөвлөлдөх тасалгаанд орж удалгүй гарч ирээд "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 72 дугаартай захирамж гаргасан. Дээрх захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргаж захирамжийг хууль бус талаар ...  шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай "Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай" тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд дахин Д.А- шүүгч хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарлаж мөн л хүсэлт хэлэлцэх шатанд "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гаргасан. Ийнхүү шүүгч Д.А- нь 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн миний өмгөөлөгч болон миний зүгээс гаргасан хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг удаа дараа зөрчиж байна. Энэ нь миний шүүхэд хандах  эрхийг сунжруулж дахин дахин шүүхэд  нэхэмжлэл  гаргах,  дахин  хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах зэргээр намайг хохироож байна. Шүүгчийн дээрх үйл ажиллагаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн   50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж хориглосон зохицуулалтыг зөрчлөө.

2. Шүүгч Д.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр миний сонсголын бэрхшээлтэй талаар өмгөөлөгчөөс хэлэхэд "Тэгээд яах юм болж байна" гэх утгатай, загнаж зандарсан өнгөөр харьцаж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50.1.20-д заасан хориглосон зохицуулалтыг мөн л зөрчлөө.

3. Д.А- шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 876 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжид гаргасан гомдлыг ... шүүхийн шүүгч Т.Ж-, З.Т-, Д.О- нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцсэн юм байна лээ. Энэ хуралдаанд нь миний бие оролцоогүй ба миний өмгөөлөгч нар оролцсон. Шүүх бүрэлдэхүүнээс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 24 дугаартай тогтоол гаргасан байдаг. Энэхүү тогтоолоор шүүгчийн 876 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

...Нэг асуудлыг хоёр янзаар шүүгчийн үзэмжээр шийдвэрлэж болох мэт дүгнэж хуулийг гуйвуулж тогтоол гаргасан байна. Энэхүү Т.Ж-, З.Т-, Д.О- нарын захирамжийг хянасан үйл ажиллагаа нь хамт ажилладаг шүүгч Д.А-гийн захирамжаар удаа дараа илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн үйлдлээс чөлөөлөхийн тулд хуулийг гуйвуулан тайлбарлаж шүүгч Д.А-д удаа дараа хуулийн заалтыг зөрчөөгүй мэтээр харагдах давуу байдлыг бий болгож байна. Энэ нь шүүгч Т.Ж-, З.Т-, Д.О- нар нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1.албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах; зэрэг заалтуудыг зөрчсөн.” гэжээ.

Шүүгч Д.А- тайлбартаа “...Д.Б-ийн нэхэмжлэлтэй Д.С-д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлж, орон сууцны хөлс 7.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр надад хуваарилагдан ирсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар ...талууд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ... аймгийн Дархан сумын 17 дугаар багийн 21 хорооллын 7 байрны 22 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ... аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч Д.С- нэхэмжлэл гаргасан, уг хэрэгт нэхэмжлэгч Д.Б-ийг гуравдагч этгээдээр дуудсан талаар мэдүүлсэн, талууд энэ тайлбарыг үгүйсгээгүй тул маргаж байгаа зүйл, үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжид нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М- нар гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор ...... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай захирамжаар Д.С-гийн нэхэмжлэлтэй ... аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох энэхүү орон сууцны өмчлөх эрх, түүний бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон боловч энэхүү захирамж нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарах үед хавтаст хэрэгт авагдаагүй баримт байсан нь тогтоогдсон үндэслэлээр шүүгчийн 72 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Дахин 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11.30 минутад шүүх хуралдааныг товлосон ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар цахимаар оролцох хүсэлтийнхээ дагуу цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- танхимаар шүүх хуралдаанд оролцож, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийг ирүүлснийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 876 дугаартай захирамжаар хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг захирамжид гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг тус шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 334 дугаартай шүүхийн тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 876 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Гомдол гаргагч Д.Б- нь гомдолдоо ...шүүгч Д.А- 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд уурлаж, загнаж шүүгч хэргийн оролцогчтой харилцахдаа зүй бус авирласан гэж дурджээ. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч нартай зүй бус харьцах, загнаж, зандрах шалтгаан нөхцөл байхгүй, ийм зохисгүй үйлдэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан байр сууринаас хандаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд иргэн Д.Б-ийн Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдлыг Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.С-д холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааны явцад бичигдсэн хурлын тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг бүхий “СD” зэрэг холбогдох баримтын хүрээнд шалган шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “...өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь дэх хэсэгт хамаарахгүй, 55-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ...  шүүхийн шүүгч Д.А-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  санал гаргаж, энэхүү саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.Б- өргөдөлдөө “...шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөс миний сонсголын бэрхшээлтэй талаар хэлэхэд тэгээд яах болж байна гэх утгатай, загнаж зандарсан өнгөөр харьцаж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасныг зөрчсөн” гэсэн байх ба Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор шүүгч Д.А-д сахилгын хэрэг үүсгэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.С-д холбогдох “...орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт 7.200.000 төгрөг гаргуулах” тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг ... аймаг дах сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Д.А- хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг тус шүүхийн шүүгч Т.Ж- даргалж, шүүгч З.Т-, Д.О- нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 7 дугаар тогтоолоор дээрх 72 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

... аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 876 дугаар захирамжаар Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчинтэй байна.

Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, өмгөөлөгч М.М- нар цахимаар оролцсон байх ба даргалагч шүүх хуралдааны дэг танилцуулж, хэргийн оролцогчтой танилцаж, биеийн байцаалтыг шалгахад цахимаар оролцож буй нэхэмжлэгч, өмгөөлөгч хоорондоо ярьж шуугилдсан. Энэ үед даргалагч “...битгий чимээ шуугиан гаргаад бай” гээд хаяг өөрчлөгдсөн эсэхийг асуухад өмгөөлөгч “...сонсголгүй, дүлий хүн” гэхэд “...дохио зангааны үсэг мэдэх үү, тэгээд одоо яах юм болж байна, ...хуралдаанд яаж оролцуулах вэ” гэж асуусан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.

Шүүх хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчийн  шүүх хуралдаанд оролцож эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор асуулт асуусан, түүнчлэн  хуралдаан цахимаар явагдаж байгаа мөн нэхэмжлэгч сонсголын бэрхшээлтэй гэсэн тул чанга дуугаар ярьсан үйл баримт тогтоогдож байх ба үүнийг хэргийн оролцогчтой зүй бус авирласан гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар шүүгч Д.А- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

Г.ЦАГААНЦООЖ