info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-10-20

Дугаар 235

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн, Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, ажиглагчаар Л.А-, Б.М-, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.Б-, Ч.И- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

“... 2/ Б.Б- шүүгчийн тухайд:

- ... шүүхийн шүүгч Б.Б-г Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тогтоолын дагуу шүүгч Ч.И-г чөлөөтэй байх хугацаанд ... шүүхийн шүүгчээр сэлгэн ажиллуулж[1],

- шүүгч Д.У-т удаан хугацааны чөлөө олгосны улмаас тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 149 хэргээс сугалаагаар, мөн шинээр ирсэн 46 нэхэмжлэлийг Б.Б- шүүгчид хуваарилахдаа[2],

- дээрх иргэний хэргийг  Б.Б- шүүгчид 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр[3] хүлээлгэн өгсөн байна.

Б.Б- шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш дараах ажиллагаа явуулжээ. Үүнд:

- Шүүгч нь “шинжээчийн ажлын хөлс дутуу шалтгаанаар дүгнэлт ирүүлээгүй байсан тул шүүгчийн туслахаар дамжуулан шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхийг шаардсаны дагуу шинжээч дүгнэлтээ албан бичгийн хамт ирүүлсэн” гэж тайлбартаа дурдсан, энэ нь Барилгын төсөвчдийн холбооноос шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25/2 дугаар албан бичигт “шинжээчийн үлдэгдэл ажлын хөлс ... шилжиж орсон болно” гэснээр /схх 26 дахь тал/ нотлогдож байх ба ингэснээр өмнөх шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” захирамж биелэгдсэн байна.

- Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Болортуяаг томилсон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн, шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, зохигчийн эрх үүргийг тайлбарлах /схх 33-36 дахь тал/ зэрэг шүүх хуралдааны бэлтгэл ханган, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж[4],

- шүүх хуралдааныг мөн өдрийн 15 цагт товлосон боловч өмнөх хэргийн шүүх хуралдаан 18 цаг 30 минутад дууссан үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаан хийхээр товлон хойшлуулжээ.

- Улмаар Ч.И- шүүгчийн ээлжийн амралтын хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж ажилдаа орох өдрөөр Б.Б- шүүгчийн сэлгэн ажиллах хугацаа дууссан[5], мөн өдрөөс шүүгч Б.Б- нь ...  шүүхэд ажилласан гэж тайлбартаа дурдсан байна.

Дээрхээс дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг шүүгчид хуваарилагдсан, Б.Б- шүүгч нь уг хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 44 хоногийн хугацаанд, шинжээчийн дүгнэлт ирүүлснээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т, өмнөх шүүх хуралдаан тасралтгүй үргэлжилж ажлын цаг дууссан шалтгаанаар товлосон шүүх хуралдааныг хойшлуулсан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 123 дугаар зүйлд заасанд тус тус нийцсэн байна.

Ийнхүү шүүгч хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь шүүгчийг “хэргийг шийдвэрлэхгүй удаасан” гэж буруутгах үндэслэл болохгүй.

3/ Ч.И- шүүгчийн тухайд:

- Шүүгч Ч.И-гийн ээлжийн амралт дууссанаар, шүүгч Б.Б-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 122 хэрэг, 10 нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчид хуваарилж[6], уг хэргийг шүүгчид хүлээлгэн өгсөн,

- шүүгч нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд эмнэлгийн магадалгаатай байсан[7],

- улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар зарлигаар шүүгч Ч.И-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлж,  Д.Б- шүүгчид 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хуваарилж, хүлээлгэн өгчээ[8].

Ч.И- шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш, хэргийн оролцогчид эрх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх зэрэг шүүх хуралдааны бэлтгэл хангаж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан /схх 52-57 дахь тал/ байна.

Шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш 47 дахь хоногт шүүх хуралдаан товлож, үүнээс 31 хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн ажил албан тушаалаас чөлөөлөгджээ.

Иймд “И Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н З Д, Нийслэлийн орон сууцны бодлогын газарт холбогдох иргэний хэрэг нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу холбогдох шүүгч нарт хуваарилагдсан, шүүгч нар нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул үүнд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Зарим шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, зарим шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэх тухай” 1182 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Д.Б-, Д.У- нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, ... шүүхийн шүүгч Б.Б-, Ч.И- нарт холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

... шүүхийн шүүгч Б.Б-г Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тогтоолын дагуу шүүгч Ч.И-гийн чөлөөтэй байх хугацаанд тус шүүхийн шүүгчээр сэлгэн ажиллуулж хэрэг хуваарилахад “И Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөр болон нөхөн олговорт 2,783,259,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүгч Б.Б-д хуваарилагдсан. Шүүгч Б.Б- нь хэргийг хүлээн авснаас хойш шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхийг шаардсан, дүгнэлтийг авсан,  хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, зохигчийн эрх үүргийг тайлбарласан, шүүх хуралдааны бэлтгэл ханган, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шүүх хуралдааныг товлосон, шүүх хуралдаан хойшлуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Шүүгч Ч.И-гийн ээлжийн амралтын хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж ажилдаа орох өдрөөр Б.Б- шүүгчийн сэлгэн ажиллах хугацаа дууссан, мөн өдрөөс шүүгч Б.Б- нь ...  шүүхэд ажилласан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг шүүгч Б.Б-д хуваарилагдсан. Тус шүүгч уг хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 44 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т, өмнөх шүүх хуралдаан тасралтгүй үргэлжилж ажлын цаг дууссан шалтгаанаар товлосон шүүх хуралдааныг хойшлуулсан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 123 дугаар зүйлд заасанд тус тус нийцсэн байна. Иймд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь “хэргийг шийдвэрлэхгүй удаасан” гэж буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгч Ч.И-гийн ээлжийн амралт дууссанаар, шүүгч Б.Б-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан хэргийг хүлээж авсан. Тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд эмнэлгийн магадалгаатай байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар зарлигаар шүүгч Ч.И-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлж,  Д.Б- шүүгчид 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хуваарилж, хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Ч.И- шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш, хэргийн оролцогчид эрх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх зэрэг шүүх хуралдааны бэлтгэл хангаж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш 47 дахь хоногт шүүх хуралдаан товлосон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тул холбогдох шүүгч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул үүнд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий  байна.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Б.Б-, Ч.И- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                             Б.СУГАР

ГИШҮҮН                                                    Д.АРИУНТУЯА

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

 

 

[1] Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ЗТ2022/00538 дугаар тогтоол 41 дэх тал

[3] Иргэний 3 дахь хавтаст хэргийн ар талын хэрэг шилжүүлэх дардсанд тэмдэглэгдсэн огноо, схх 24 дэх тал

[4] Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/04758 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамж, схх 38 дахь тал

[5] Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 181/ЗТ2022/00538 дүгээр тогтоол, схх 41 дэх тал

[6] Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 181/ЗТ2022/00538 дүгээр тогтоол, иргэний 4 дэх хавтаст хэргийн ар талын хэрэг шилжүүлэх дардсанд “2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр” гэж тэмдэглэгдсэн, схх 23, 41-42 дэх тал

[7] Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2022/05283 дугаар “Шүүх хуралдааны тов хойшлуулах тухай” захирамж, схх 44 дэх тал

[8] Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00985 дугаар тогтоол, иргэний 4 дэх хавтаст хэргийн ар талын хэрэг шилжүүлэх дардсанд тэмдэглэгдсэн огноо, схх 58, 41 дэх тал