МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-02
Дугаар 189
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “Д Б Э л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Б.Т т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 94 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“Д Б Э л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ээс гаргасан өргөдөлдөө: “ ... Иргэний хэрэг үүсгэсэн тус шүүхийн шүүгч Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс жирэмсний амралтаа авч байгаатай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Д Б Э л” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Б.Т шүүгчид хуваарилсан байдаг. ... шүүхийн шүүгч Б.Т нь иргэний хэргийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлж, иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 10 сарын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэг ч удаа шүүх хурлын товыг зарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг тус тус зөрчөөд байна. Б.Т шүүгчийн дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтын дагуу хуулийн хэм хэмжээг удаа дараа, ноцтой зөрчиж, хариуцагч “Ч х б” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Д Б Э л” ХХК-д их хэмжээний хохирол учруулж болохуйц нөхцөл бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ... шүүхийн шүүгч Б.Т т холбогдох хууль тогтоомжийн дагуу ёс зүйн хариуцлага тооцож, сахилгын шийтгэл ногдуулж өгнө үү” гэжээ.
... Шүүгч Б.Т ирүүлсэн тайлбартаа: “... Хэргийг хүлээн авсны дараа нэхэмжлэгч “Д Б Э л“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ц нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Э ийг томилж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/03/21 тоот итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч “Д Б Э л“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хариуцагч Ч х б ХХК-ийн хариу тайлбартай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танилцсан. Нэхэмжлэгч “Д Б Э л“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 181/ШЗ2021/12842 дугаар захирамж гарган, Монгол банкнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3236 дугаар албан бичгээр Монгол банканд хүргүүлж, улмаар Монгол банкнаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичгээр хариу ирүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар миний бие нийт 154 нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.
... тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ЗТ2022/00065 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:30 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд товлон зарлагдсан шүүх хуралдаан /эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй, эсхүл шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлттэйгээс бусад/-ыг хойшлуулах, ... дахин тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хийгдэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ЗТ2022/00121 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолоор Коронавирусийн халдвар /СОVID-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд хэргийн оролцогчдыг дуудан ирүүлэхгүй байхаар тогтоосон.
... Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг шүүх 2022.01.18-ны өдөр хүлээн аваад, хариуцагч “Ч х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т д 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан хариу тайлбар, холбогдох нотлох баримт гаргах хугацааг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тогтоон олгосон байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариу тайлбар, холбогдох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ...
Мөн миний бие ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин коронавирусийн халдвар авч шинжилгээ эерэг гарч вирус илэрсний улмаас 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрийн хорионд, эмчилгээ хийж, өвчтэй байсан.
Уг хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32022/05113 дугаар “Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх тухай” захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлон зарлаж, ... уг маргааныг хуульд заасан журмын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 181/ШШ2022/00976 дугаар шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ...” гэжээ.
... Шүүгч Б.Т т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд: “Д Б Э л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч х б” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 9,362,624,295.01 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүгч Б.Т хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Өргөдөл гаргагчаас “шүүгч Б.Т нь иргэний хэргийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлж, иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 10 сарын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэг ч удаа шүүх хурлын товыг зарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг тус тус зөрчөөд байна” гэх үндэслэлийг дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2021/06369 дүгээр шүүгчийн захирамжаар “Д Б Э л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч х б” ХХК-д холбогдуулан шүүгч Н.Г иргэний хэрэг үүсгэж, уг хэрэгт 2021 оны 07 дугаар сарын 29-ний 181/ЗТ2021/00736 дугаартай зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 30 хоногоор сунгасан байна. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ЗТ2021/01020 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Н.Г нь жирэмсний амралтаа авч байгаатай холбогдуулан шүүгч Б.Т т “Д Б Э л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч х б” ХХК-д холбогдох иргэний хэргийг шилжүүлсэн.
Тухайн хэрэг нь шүүгч Б.Т т шилжин очсоноос хойш дараах ажиллагаанууд хийгджээ.
1. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Д Б Э л” ХХК-аас Б.Э ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
2. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ээс хүсэлт гаргасан.
3. 2021 оны 11 дүгээр сарны 10-ны өдрийн 181/ШЗ2021/12842 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шийдвэрлэж, Монгол банкнаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3236 дугаар албан бичгээр нотлох баримт шаардсан захирамжийг Монгол банк руу хүргүүлсэн байна.
5. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол банкнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-10/868 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
6. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ЗТ2022/0065 дугаар зөвлөгөөний тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:30 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авч, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй, эсхүл шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэйгээс бусад хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд хэргийн оролцогчдыг дуудах ирүүлэхгүй байхаар тогтоосон байна.
7. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/16/22 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
8. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ЗТ2022/00121 дугаар зөвлөгөөний тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авч, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй, эсхүл шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэйгээс бусад хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд хэргийн оролцогчдыг дуудах ирүүлэхгүй байхаар тогтоосон байна.
9. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдэгдэх хуудсаар дуудсан.
10. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Ч х б” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон байна.
11. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 03 дугаар сарын 24-ний өдрөөр тогтоож өгчээ.
12. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулж, эрх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна.
13. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/05113 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарт эрх, үүргийн нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна.
14. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00976 дугаар шүүхийн шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг ажиллагаа хийгджээ.
Мөн шүүгч Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Короновирусын халдвар авч, дахин 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Короновирусын халдвар авч 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл эмчилгээг хийлгэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгч Б.Т нь тус хэрэгт 06 сар 14 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд сахилгын хэрэг шалгах ажиллагаагаар цугларсан баримтуудаас үзэхэд шүүгч хуулийн хэм хэмжээг удаа дараа, ноцтой зөрчиж, хариуцагчид давуу байдал болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 733 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар ... шүүхийн шүүгч Б.Т т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Д Б Э л” ХХК нь өөрийн нэхэмжлэгчээр оролцсон иргэний хэргийн “хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж, иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 10 сарын хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэг ч удаа шүүх хурлын товыг зарлаагүй” үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтын дагуу “хуулийн хэм хэмжээг удаа дараа, ноцтой зөрчиж, хариуцагчид давуу байдал бий болгон нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулж болохуйц нөхцөл бий болгосон” гэх агуулгаар шүүгчийг зөрчил гаргасан гэж 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд хэргийн оролцогчид мэтгэлцэх буюу талуудыг тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтаа шүүхэд гарган өгөх боломжит хугацаагаар хангах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан зэрэг тохиолдолд шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл:
Өргөдөлд дурдсан иргэний хэргийг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүсгэсэн байх ба ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ЗТ2021/01020 дугаар тогтоолоор Б.Т шүүгчид уг хэргийг шилжүүлсэн, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийг шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр томилогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах хугацаагаар хангах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг, хариуцагчийг дуудан ирүүлж гардуулах, хариу тайлбар ирүүлэх хугацаагаар хангах, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр томилогдсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах хугацаагаар хангах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд хийсэн байна.
Мөн Коронавирусийн халдвар /СОVID-19/-ын цар тахалтай тэмцэх цаг үеийн нөхцөл байдалтай уялдан, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ЗТ2022/00065 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:30 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд болон 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ЗТ2022/00121 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэхгүй байхаар тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нөлөөлсөн байна.
Иймээс холбогдох шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Өргөдөл гаргагч нь Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгч Б.Т т холбогдуулан гаргасан өргөдлөөсөө татгалзсан талаар хүсэлтийг ирүүлсэн байх боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасны дагуу сахилгын хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Б.Т т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН