info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-17

Дугаар 128

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Д гийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч С.Т-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг, гишүүн Д.Эрдэнэчулуун илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ: АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Д  2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/2594 дүгээр “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлжээ.

Уг албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Б   2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/271 дүгээр “Албан бичиг хүргүүлэх тухай” албан бичгээр Шүүхийн ёс зүйн хороонд хүргүүлсэн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай захирамжаар шүүгч С.Т ын сахилгын хэргийг түдгэлзүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 09 дугаартай захирамжаар шүүгч С.Т ад сахилгын хэрэг үүсгэсэн.

Сахилгын хорооны гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны тухайд:

Нэг. Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/25 тоот “Хил хамгаалах ерөнхий газарт шүүгч С.Т  нь хамгийн сүүлд Монгол Улсын хилээр гадаад улсад зорчсон болон буцаж ирсэн тухай лавлагааг ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг явуулжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2-5а/1349 тоот албан бичигт С.Т  нь Алтанбулаг автозамын боомтоор 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан гэх хариуг ирүүлсэн.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар ... шүүхийн шүүгч С.Т ын 2019, 2020 оны ХАСХОМ-тэй холбоотой баримт, мэдээллийг гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор Шүүхийн сахилгын хороонд ирүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, ... шүүхийн Тамгын газарт тус тус даалгасан

... шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/0726 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...шүүгч С.Т ын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлд бүртгэгдэж, хадгалагддаг тул тамгын газраас холбогдох баримтыг хүргүүлэх боломжгүй байна” гээд шүүгч С.Т ын төрийн албан хаагчийн анкетын хуулбарыг хавсарган ирүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1162 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...шүүгч С.Т  нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг 2019, 2020 онд тус тус мэдүүлээгүй байна” гэсэн байна.

АТГ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05/14186 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...С.Т  нь 2019, 2020 оны нийтийн албан тушаалтнаас мэдүүлбэл зохих хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй, мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд бүртгэгдээгүй байна.” гэжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Б.Б той гишүүний даалгавраар ажлын албаны референт Ж.Х  нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уулзаж, ... шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Т ад холбогдох эрүүгийн хэргээс С.Т ын болон түүний аав Н.С  нарын гэрийн хаягийг тэмдэглэж авсан.

Ажлын албаны референт Ж.Х  нь С.Т ын ... тоот хаягаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиход эмэгтэй хүн хаалга тайлсан бөгөөд “Т  гэх хүн амьдардаг уу” гэхэд уг байрыг “...2018 онд худалдаж авсан” гэж хэлсэн. Түүнээс “Т  гэх хүн амьдарч байсан уу” гэхэд “байсан байх аа, байрны төлбөр төлөх үед тийм нэр гарч ирдэг байсан санаж байна, сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08, 09 дугаартай захирамжуудыг ... шүүхийн Тамгын газрын дарга Н.Б д 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, шүүгч С.Т ын аав Н.С ид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус гардуулсан.

Ажлын албаны референт Ж.Х  нь сахилгын хэргийн оролцогч С.Т ын төрийн албан хаагчийн анкет дээрх онцгой шаардлага гарвал харилцах хүний нэр гэх хэсэгт тэмдэглэгдсэн Р.М ... гэсэн дугаарт ... дугаараас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 13 минутад залгахад эмэгтэй хүн авсан бөгөөд уг дугаарыг худалдаж авсан гэсэн хариуг өгсөн.

Ажлын албаны референт Ж.Х ы хувийн ... гэсэн хаягаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 22 минутад С.Т ын төрийн албан хаагчийн анкет дээрх и-мэйл хаяг болох ... гэсэн хаягт гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамж, мөн өдрийн 09 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжуудыг явуулахад message sent гэсэн бичиг гарсан бөгөөд дээрх захирамжуудыг албан ёсоор хүргүүлж байгааг тэмдэглээд мэйл хүлээн авсан бол хариу ирүүлэхийг сануулсан болохыг тус тус тэмдэглэв.

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг ... шүүхийн Тамгын газрын дарга Н.Б , шүүгч С.Т ын аав Н.С ид тус тус шуудангаар хүргүүлж, шүүгч С.Т д ... гэсэн хаягаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 04 минутад С.Т ын төрийн албан хаагчийн анкет дээрх и-мэйл хаяг болох s.tumurbat@yahoo.com гэсэн хаягт явуулсан байна.

Шүүгч С.Т ын аав Н.С  нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нотлох дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан тул шуудангаас буцаалт ирсэн.

Дээрх ажиллагаанууд Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаах тухай” тогтоол гарахаас өмнө хийгдсэн болно.

Хоёр. Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад дараах шалгах ажиллагаануудыг хийлээ. Үүнд:

1.Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 459 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гаргаж, уг захирамжийг мөн өдрийн 80 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.З д хүргүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авлаа. Уг албан бичигт “Шүүгч С.Т ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл арилсан эсэх талаар баримт, мэдээлэл эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас одоогоор ирүүлээгүй байна” гээд, “Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай зарлигийн хуулбар 2 хуудас материалыг хавсарган ирүүлсэн байна.

2.Гишүүний мөн өдрийн 460 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гаргаж, уг захирамжийг мөн өдрийн 81 тоот албан бичгээр АТГ-ын дарга З.Д д хүргүүллээ.

Авилагтай тэмцэх газрын 3 дугаар албаны дарга Ч. Ж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн 190200860198 дугаартай хэргээс Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 2-5а/9077 тоот лавлагаа, С.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол бүхий 11 хуудас материалыг хуулбарлан ирүүлжээ.

Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч С.Т ад эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татсан болох нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 243/н захирамжаар яллагдагчийг цагдан хорих тухай шийдвэр гарсан болох нь, Хил хамгаалах ерөнхий газрын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны ахлах ажилтан, хошууч Ч.М рын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2-5а/9077 тоот албан бичгээр С.Т  нь эхнэр Р.М , охин Т.Энхзул нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гарсан болох нь, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн байгаа болох нь тус тус нотлогдож байна.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Т.Энхболд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр С.Т ын 2017, 2018 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https:/meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системээс хэвлэн 6 хуудас материалыг, мөн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05/3324 дугаар “...С.Т  нь 2019 оноос хойш Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан бүртгэлгүй байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн.

3. Мөн өдрийн 461 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай“ захирамж гарган, уг захирамжийг мөн өдрийн 82 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Д.Д д хүргүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивын дарга С.О ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр “С.Т ын иргэний улсын бүртгэлийн лавлагаа” 7 хуудас материалыг ирүүлсэн. Үүнд нь С.Т , эхнэр Р.М , охин Т.Э , хүү Т.Г , эцэг Н.С , төрсөн дүү С.Т  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон эх Л.Б ийн нас барсны бүртгэлийн лавлагаа байгаа болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А  2022 оны 02 дугаар сарын 21-ний албан бичгээр С.Т ын бүргэлтэй байгаа болон бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ирүүлжээ.  

С.Т  болон түүний эхнэр Р.М  нарын өмчлөлд:

- ... хаягт байршилтай орон сууц бүртгэлтэй байна.

Түүний төрсөн хүүхэд болох ... ... нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байгаа болно.

Харин том хүү Т.Г ийн өмчлөлд:

- ...  байрын зоорины давхарт байрлах 6 тоот авто зогсоол,

- ...  зоорины давхрын А-11 тоот авто зогсоол,

- Т.Г  болон З.Оюун-ундрах, З.Түмэннасан нарын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол 13/2 дугаар байрны 8 тоот хаяг байршилтай орон сууц тус тус бүртгэлтэй байна.

4.Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолд шүүгч С.Т ын ам бүлийн гишүүд, эцэг, ах, дүү, төрөл садны талаар эрх бүхий байгууллагаа лавлагаа авах, тэдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэл авч түүнийг хаана оршин сууж байгаа болон хаяг, и-мэйл, утас, холбоо барих нөхцөл байдлыг тодруул гэж заасан.

Энэ байдлыг тодруулж шалгах ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэр бүлийн гишүүдийнх нь талаарх лавлагааг авлаа. Түүний эцэг Н.С , төрсөн дүү С.Т , хүү Т.Г , охин Т.Э  нарын гэрийн хаягийг ажлын албаны референт О.О д өгч, С.Т ын талаар тодруулж асуух зүйл байгаа тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.13-т зааны дагуу тэднийг Шүүхийн сахилгын хороонд ирж гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж хэлүүлэхээр явуулсан.

Ажлын албаны референт О.О  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр түүний эцэг Н.С той утсаар холбогдоход “миний бие, сэтгэл муу байгаа, хуульд заасан эрхийнхээ дагуу би хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд төрсөн дүү болон 2 хүүхдийнх нь албан ёсны гэрийн хаягаар очиход тэд гэртээ байхгүй байсан талаар илтгэх хуудсанд дурдсан болно.

С.Т  маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 9 цаг 42 орчимд референт О.О тай АНУ-аас холбогдож, гишүүн Д.Эрдэнэчулуунтай яримаар байна хэлээд өгөөч гэсэн бөгөөд би утасныхаа дугаарыг өгч, дараа нь тэрээр надтай холбогдсон.

Би түүнд хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гаргаагүй учраас Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн, түүний дагуу сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байгаа болон холбогдох эрх бүхий байгууллагуудаас нотлох баримт гаргуулан авсан, мөн танай гэр бүлийн энд байгаа хүмүүсээс чамайг хаана байгаа, хэрхэн яаж холбогдож болох асуух гэж байсан юм гээд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 13 дугаартай тогтоолын товч агуулгыг утсаар танилцуулсан.

Шүүгч С.Т  нь “За ойлголоо” гээд “би АНУ-ын Сиатл хотод байгаа, улс төрийн орогнол хүсээд түүнийгээ Төрийнх нь департаментаас нь болон Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамнаас нь надад улс төрийн орогнол албан ёсоор өгчихсөн. Тэгээд одоо чи юунаас ч битгий ай, сайхан ажиллаж ,амьдарч бай гэсэн. Удахгүй 1-2 жилээс иргэншлээ авчих байхаа. Би хэд хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд шуудангаар Монгол руу Шүүхийн ерөнхий зөвлөл руу явуулсан 3 дугаар сарын 10 гэхэд очно” гэсэн.

“Би чамтай дахиад яаж холбогдох вэ, и-майл хаягаа өгөөч” гэхэд “энэ миний утасны дугаар, та үүгээр вайбераар холбогдож болно” гэснээр бидний хоорондох яриа өндөрлөсөн бөгөөд уг яриаг референт О.О ы гар утсанд бичсэнийг СД-нд болон цаасан хэлбэрт буулган хэрэгт хавсаргасан болно.

Ийнхүү С.Т тай өөртэй нь утсаар ярьж холбогдсон учраас түүний эцэг, төрсөн дүү, 2 хүүхдээс түүнийг хаана байгаа, түүнтэй хэрхэн холбогдох талаар асуух шаардлагагүй болсон гэж үзлээ. ДҮГНЭЛТ:

Шүүгч С.Т  нь Нийтийн албан тушаалтны 2019, 2020, 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг холбогдох хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй бөгөөд:

1. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл” гэж заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж, хадгалуулах үүргээ биелүүлээгүй;

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл” хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж, хадгалуулах үүргээ биелүүлээгүй;

 3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

4.Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг 2012 оноос хойш цахимаар бүрдүүлэх, бүртгүүлэх, хүлээн авах боломжийг нээсэн байдаг тул мэдүүлэг гаргагч мэдүүлгээ цахимаар гаргах бүрэн боломжтой байна. 

Иймд ... шүүхийн шүүгч С.Т  нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Д гийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01/2594 дугаар албан бичгээр /өргөдөл/ ... шүүхийн шүүгч С.Т ад холбогдуулан гаргасан гомдлын хянан шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-ны гишүүний 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр захирамжаар түдгэлзүүлснийг, Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамжаар сэргээж, сахилгын хэрэгт хянан шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шүүгч С.Т ад сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

АТГ-ын 01/2594 дугаар албан бичигт “... шүүгч С.Т  нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй байна. ... Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтад дурдсаны дагуу албан тушаалаас нь огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж байна” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгч С.Т  нь Нийтийн албан тушаалтны 2019, 2020, 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг холбогдох хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй байх ба мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар шүүгч С.Т ын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1902000860198 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор шалгагдаж байх үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Алтанбулаг авто замын боомтоор Монгол Улсын хилээр гарч явсан нь нотлогдож байна.

Илтгэгч гишүүний шүүгч С.Т ын утсаар ярьсан тухай тэмдэглэлд Америкийн Нэгдсэн Улсын Сиатл хотод амьдарч тус улсаас улс төрийн орогнол авсан, мөн тус улсын иргэншил удахгүй авах болсон, шүүгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ шуудангаар Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээсэн талаар  тусгагдсан байна.

1. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл” гэж заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж, хадгалуулах үүргээ биелүүлээгүй;

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл” гэж зааснаар хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж, хадгалуулах үүргээ биелүүлээгүй;

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Шүүгч нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй ба шүүгч С.Т  2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2020 оны 2 сарын 15-ны дотор, 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оны 2 сарын 15-ны дотор, 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2022 оны 2 сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүргийг хуулиар хүлээсэн байна. Энэ үүргээ биелүүлээгүй нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн  1-д “Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэж заасныг, 2021 оны 03 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжсэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 52 дугаар зүйлийн 52.1-д ”Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.   

Иймд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шүүгч С.Т ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасан шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэг, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.1.5, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан ... шүүхийн шүүгч С.Т ыг “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                           Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                 Д.МЯГМАРЦЭРЭН

 О.НОМУУЛИН