МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-29
Дугаар 207
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Д.Ариунтуяа илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Өргөдөл гаргагчаас гэр бүл цуцлах нэхэмжлэлээ гаргаж 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... шүүхийн шүүгч Ж.С-д хуваарилагдсан байгаа боловч хуулийн хугацаанд ажлаа хийдэггүй, гуйгаад учирлаад ч хөдлөхгүй байгаа тул ажлаа хугацаандаа үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөхийг шаардаж өгнө үү гэх үндэслэлийг дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2021/09300 дугаар шүүгчийн захирамжаар Х.М гээс Б.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Мөн Х.М гээс дахин нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШЗ2021/14842 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэн Х.М нь дахин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Д ид холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2022/02770 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс хариуцагч Б.Д ид нэхэмжлэлийн хувийг гардуулах, шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуудах ажиллагаа хийсэн байна. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2022/05518 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн .../АБ2022/01568 дугаар албан бичгээр тус захирамжийг ЦЕГ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын газарт хүргүүлжээ. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн .../ЗТ2022/645 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Х.М гийн нэхэмжлэлтэй Б.Д ид холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан байна. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зохигчид эрх, үүргийг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулсан байна. 2022 оны 05 дугаар сарын 19-ний .../ЕШ2022/02778 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.С ийг томилсон шийдвэрийг албажуулжээ. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2022/08819 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулахаар тогтоосон байна. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2022/09000 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч хариу тайлбараа ирүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2022/09489 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч хүсэлт гаргасны дагуу өмгөөлөгч авах эрхээр нь хангаж 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Шүүгч Ж.С нь тус хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 109 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд сахилгын хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуваарилагдсанаас хойш хуулийн хугацаанд ажлаа хийгээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгч Ж.С нь Х.М гээс ирүүлсэн нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллаж байсан нь дээр авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 955 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Ж.С эд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Ж.С сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Б.Д ид холбогдох. гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.М гийн нэхэмжлэл нь ... шүүхийн шүүгч Ж.С ид 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуваарилагдаж, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 027770 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн оршин суух хаягийн мэдээлэлд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байр” гэсэн бөгөөд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийтгэврийг хавсаргасан. Шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч Б.Д д нэхэмжлэлийг хувийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08819 дүгээр "Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх" тухай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр товлосон.. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131 2-т зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Уг товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч "...өмгөөлөгч авах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах' тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар хойшилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байна ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Х.М нь Б.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ... шүүхэд гаргасан нь шүүгч Ж.С эд хуваарилагджээ.
Дээрх нэхэмжлэлийг шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2021/09300 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11 дэх хэсэгт зааснаар буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байх боловч нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй.
Уг шүүгчийн захирамжид заасан зөрчлийг Х.М нь арилгаж, Д.О , Д.О нарын хамт Б.Д ид холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШЗ2021/14842 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байна гэж дүгнэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан боловч нэхэмжлэгч талаас мөн гомдол гаргаагүй байна.
Түүнчлэн, Х.М гээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Б.Д ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн .../ШШ2022/00077 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Д ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн дагуу хариуцагчийн хаяг тодорхой болсонтой холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Х.М гээс Б.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл дахин гаргаж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2022/02770 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Иймд өргөдөлд дурдсанчлан 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Харин Х.М гийн шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ”, 71.2 дах хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.
Дээрх хуульд зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн .../ЗТ2022/645 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Х.М гийн нэхэмжлэлтэй Б.Д д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчийг удаа дараа шүүгчийн туслахаас шүүхэд ирүүлэхээр утас, мэдэгдэх хуудсаар дуудсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2022/05518 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн .../АБ2022/01568 дугаар албан бичгээр тус захирамжийг ЦЕГ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын газарт хүргүүлжээ.
Улмаар хариуцагч Б.Д ид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, баримтуудад гарын үсэг зуруулжээ. Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн .../ЕШ2022/02778 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.С ийг томилж, .../ШЗ2022/08819 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад явуулахаар товложээ.
2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй тул мөн өдрийн .../ШЗ2022/09000 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, мөн өдрийн .../ШЗ2022/09489 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан. Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байсан ч гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй нь тухайн хэргийн онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл, гэрлэгчдийн хувийн амьдрал, үр хүүхдийн эрх ашиг, цаашид хэрхэн амьдрах нь зөвхөн хувь хүний хэнд ч шилжүүлэх боломжгүй эрх, хүсэл зоригтой холбоотойгоос гадна гэрлэгчид эчнээгээр гэрлэх боломжгүй байдгийн адил цуцлах асуудалд ч мөн биеэр оролцох шаардлага үүсдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т “Гэрлэгчид 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд, харин нэхэмжлэгч ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах” тухай зохицуулсан.[1]
Шүүгч Ж.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг мөн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны лагуу шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн буруугаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ж.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН
[1] 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж