МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-04
Дугаар 217
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүгч Л.Ө, өргөдөл гаргагч Б.Т /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Л.Ө-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.Т өргөдөлдөө: “...Иргэн би хэргийн шүүх хянан шийдвэрлэх, миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд минь мань чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох Төрийн албаны зөвлөлийн даргын 006 дугаар тушаалын дагуу хийгдсэн шалгалтын тайлан, дүнгийн талаар холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж, анхан шатны шүүхийн тогтоол гарч, удаа дараа албан бичиг хүргэгдсэн боловч хэрэгжилт хангагдаагүй. ...Шүүгч Л.Ө нь туслахтайгаа үзлэг хийхээр очсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 , 41.3, 41.4 дэх заалтуудыг зөрчин, Төрийн албаны зөвлөлийн Архивын эрхлэгч Д.Ш, бичиг хэргийн ажилтан Б.М нарыг өөрсдийг нь хөндлөнгийн гэрчээр оролцуулж, гарын үсэг зуруулсан, мөн Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 16.2-т “шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3-т “бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна”, 41.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж тус тус илт тодорхой заасан байхад түүнийг зөрчсөн, нөхцөл байдлыг тодруулах талаар ямар ч үзлэг, шалгалтыг явуулахгүйгээр, зөвхөн Төрийн албаны зөвлөлийн ажилтны аман тайлбарт үндэслэн, “Албан бичгээр хариу тайлбар ирүүл” гээд орхин, гарч явсан нь шүүгч хуульд заасан энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.
Улмаар Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн ахлагч нь 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 04/1022 дугаартай албан бичгээр: “...Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 006 дугаар тушаалаар Т ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд С.О-ыг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хяналт, шалгалт хийх явцад Т ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/652 дугаар тушаалаар С.О-ыг тус албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй гэж үзэн, хяналт шалгалтыг зогсоосон...” гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэхүү тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “...тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасантай нийцэхгүй, маш ноцтой, хууль бус, үгсэн хуйвалдсан шинжтэй, эргэлзээтэй асуудлууд олон байсан бөгөөд үүнийг анхаарч, тодруулах талаар хүсэлт гаргахад хуралдаан даргалагч шүүгч Л.Ө нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг хангаж өгөөгүй, тайлбар мэдүүлэг аваагүй, үнэлэлт, дүгнэлт ч өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх болох “гэрчээс мэдүүлэг авхуулах” хүсэлтийг ч хангаж өгөхгүй байгаа юм.
Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор “Б/71 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байх тул тус тушаалтай холбогдуулан маргах боломжтой” гэж шийдвэрлэснийг анхаарч үзэхгүй, Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгааг анхаарч үзэхгүй, ... шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, баримтын үзлэгийг хууль, тогтоомжийн дагуу хийхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны үндэслэл, хүсэлтийг хүлээн авахгүй байгаагийн улмаас нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, сонирхлыг сэргээхэд ноцтой хүндрэл учирч, хууль ёсны эрхийг минь боогдуулан, хязгаарласан.
...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40 дэх заалтыг зөрчсөн талаар: Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо хэрэгжүүлэх бүрэн эрх”, 66.6-д “шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ”, 66.7-д “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.2-т “маргааны үйл баримтын талаар иргэдийн төлөөлөгчийн санал, дүгнэлтийг гаргуулах” талаар илт тодорхой заалтууд бий.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан.
Гэтэл ... шүүхийн шүүгч, хуралдаан даргалагч Л.Ө нь ... шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангагдахгүй, баримтын үзлэгийг хууль, тогтоомжийн дагуу хийхгүй, иргэний хууль ёсны үндэслэл, хүсэлтийг хүлээн авахгүй байгаагийн улмаас иргэний хууль ёсны эрх, сонирхлыг сэргээхэд ноцтой хүндрэл учирч, хууль ёсны эрхийг нь боогдуулан, хязгаарлаж байхад шаардлагатай арга хэмжээ авч хангаж өгөхгүй, мөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг гаргуулахгүй, түүнийг сонсгохгүй, дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгахгүй байгаа нь иргэний хууль ёсны эрх, иргэдийн төлөөллийн хяналтыг алдагдуулж, улмаар хэт нэг талыг баримтлахад нөлөөлж байна.
Эдгээр нь Монгол улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн, албан тушаалын байдлаар нь ялгаварлан гадуурхсан, шүүхийн шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангахаас хууль бусаар зайлсхийсэн, иргэний хууль ёсны эрх, сонирхлыг сэргээх, чухал ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулахад ноцтой хүндрэл учруулж, хууль ёсны эрхийг боогдуулан, хязгаарласан үйлдэл, эс үйлдэхүй юм. Мөн “Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл мөн.
...Гэтэл хууль, тогтоомжийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн шүүгч Л.Ө-ын хууль бус үйлдлүүд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр явж байгаа жирийн иргэн надад маш их хүндрэл, бэрхшээл, дарамтыг учруулан хууль ёсны эрхийг удаа дараа ноцтойгоор зөрчин, боогдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахгүй байна. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж буй тул иргэн би Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 103.1-д заасны дагуу шүүгч Л.Ө-д сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл гаргаж байна. Миний өргөдлийг хүлээн авч, нэр бүхий шүүгчид сахилгын хэрэг үүсгэж, Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.Ө 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбартаа: ....Т ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Т ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалаар С.О-ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Дээрх нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөл, Т ерөнхий газар, Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШТ2022/0042 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн.
Уг тогтоолын хүрээнд Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/0006 дугаар албан бичгээр, 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 1/0003 дугаар албан бичгээр.Төрийн албаны зөвлөлд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/0007 дугаар албан бичгээр, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/3862 дугаар албан бичгээр тус тус 2 удаа нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нотлох баримт гаргуулсан.
Төрийн албаны зөвлөлөөс нотлох баримт гаргуулахаар шаардсан шүүхийн удаа дараагийн албан бичгүүдэд, үзлэг хийлгэж авхуулахаар гаргасан Б/71 дүгээр тушаалтай холбоотой баримт материал, уг тушаалтай холбоотой шалгалт явуулсан бол түүнтэй холбоотой дүгнэлт, тайлбар, бусад нотлох баримтуудыг ирүүлэхийг тусгасан.
Улмаар нэхэмжлэгч Б.Т нь Төрийн албаны зөвлөлөөс шаардсан, өөрийнх нь хүссэн баримт, материал ирээгүй гэж үзэн үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 000/Ш32022/0069 дүгээр тогтоолоор үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэсэн.
Шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр үзлэг хийхээр очсон бөгөөд шүүхээс 2021 оны 006 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, тайлбар, бусад нотлох баримтуудад үзлэг хийх болсон тухай мэдэгдэхэд Маргаан хянан шалгах газрын шуурхай ажлын зохион байгуулалт хариуцсан ажилтан Ө.С “Б.Т-гийн хүсэлтийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 006 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хяналт шалгалт хийх явцад С.О гэдэг хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учраас хяналт шалгалт хийгээгүй, тайлан гаргаагүй” гэж хэлсэн.
Төрийн албаны зөвлөлийн ажилтан дээрх мэдээллийг өгсөн тул үүнийг тэмдэглэлд тусгуулан, өрөөнд нь байсан 2 албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, уг хариуг байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичгээр яаралтай шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн.
Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И-ы /тухайн ажлын хэсгийн ахлагч/ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/1022 дугаар албан бичгээр “Иргэн Б.Б-гээс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 006 дугаар тушаалаар Т ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд С.О-ыг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хяналт, шалгалт хийх явцад Т ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/652 дугаар тушаалаар С.О-ыг тус албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй гэж үзэн, хяналт шалгалтыг зогсоож, мэдээлэл гаргагч Б.Б-д Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/2108 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгч Б.Т 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд дахин үзлэг хийлгүүлэх, 006 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн дахин үзлэг хийх боломжгүй, ажлын хэсгийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авхуулах нь энэ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон 000/Ш32022/0078 дугаар тогтоол гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг ...ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж зааснаар шүүхийн үзлэг хийсэн бөгөөд “006 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалт хийгээгүй” гэдэг нөхцөл байдлыг тодруулсан.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор шалгалт явуулаагүй талаар тайлбараа бичгээр ирүүлэхийг үзлэгийн явцад шаардсан бөгөөд дээрх албан бичиг ирсэн.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И-ы 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/1022 дугаар албан бичгээр ирүүлсэн “006 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалт хийгээгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг иргэн Б.Т-гөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасантай нийцэхгүй гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хамааралтай заалт юм.
Нэгэнт Төрийн албаны зөвлөл “006 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалт хийгээгүй” гэдгээ удаа дараа албан бичгээр мэдэгдээд байхад шүүхээс үүнийг худал гэж үзэн дахин үзлэг хийх нь боломжгүй зүйл бөгөөд шүүх нотлох баримтыг байгууллагаас гаргуулахаар шаардах эрхтэй, харин байгууллага шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв худал мэдээлэл бүхий баримт ирүүлбэл тухайн байгууллага хариуцлагаа өөрөө хүлээх хуулийн зохицуулалттай.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд шаардан гаргуулж болохгүй” гэж заасан бөгөөд шалгалт явуулаагүй гэсэн тайлбар ирсэн байхад шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнуудыг гэрчээр асуух нь энэ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байсан тул шүүх дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан.
Иймд шүүгч би иргэн Б.Т-гийн гомдолд дурдсан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг зөрчөөгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан.
Мөн гомдолд дурдсан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд иргэн Б.Т-гийн эрхийг хангаж, хэргийг нь хүлээн авснаас хойш түүний хүсэлтээр 4 удаа шүүх хуралдаан хойшилж, түүний хүсэлтээр нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулахаар шүүхээс удаа дараа ажиллагааг хийсэн.
Иргэн Б.Т гомдолдоо “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг гаргуулахгүй, түүнийг сонсгохгүй, дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй” гэж , буруутгажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.3.3-т “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах”, 66.6-д “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ”, 66.7-д “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.” гэж заасан заалтуудаас үзвэл иргэдийн төлөөлөгч нь “маргааны үйл баримтын талаар” дүгнэлтээ гаргах бөгөөд энэ нь хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар болон захиргааны акт үндэслэлтэй гарсан эсэх талаарх дүгнэлт юм.
Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийн үйл баримтын талаар хэлэлцээгүй, хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар хүсэлт байгаа эсэхийг сонссон бөгөөд уг шатанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэж тогтоол гаргасан.
Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч нь маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд маргааны үйл баримтын талаар дүгнэлт гаргахаас биш, хэрэг хэлэлцэж эхлээгүй байх үед буюу хүсэлтийг шийдвэрлэхэд дүгнэлт гаргах хууль, эрх зүйн зохицуулалтгүй байна. Шүүгч би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй болно. Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1. ... Үзлэг хийх явцад Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын шуурхай ажлын зохион байгуулалт хариуцсан ажилтан Ө.С “Б.Т-гийн хүсэлтийн дагуу 006 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хяналт шалгалт хийх явцад С.О гэдэг хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учраас хяналт, шалгалт тайлан гаргаагүй” гэх тайлбар өгсөн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Мөн дээрх тайлбар нь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн Б.И-ы 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/1022 дугаар “тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр давхар нотлогдож байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна” гэж заажээ.
Тухайн үзлэгт Төрийн албаны зөвлөлийн ажилтан Д.Ш, Б.М нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд Салбар зөвлөл байгуулж ажиллуулна”, 2.4 дэх хэсэгт “Салбар зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Төрийн албаны зөвлөл нь Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тус тус томилж, чөлөөлнө”, 2.9 дэх хэсэгт “Салбар зөвлөлийг бүрэлдэхүүнийг төрийн албаны зөвлөл тухай байгууллагын саналыг харгалзан томилно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн ажилтан Д.Ш, Б.М нарыг ...шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Б.Т-гийн нэхэмжлэлтэй, захиргааны хэрэгт хариуцагч Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлтэй албаны сонирхолтой этгээдүүд гэж үзэхээргүй байна.
Шүүгч Л.Ө нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасны дагуу үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 03, 19-ний өдрүүдэд хэргийн материалтай танилцсан байх ба шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй...” гэж заасан.
Даргалагч, шүүгч Л.Ө болон шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хэлэлцэн, хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж байсан нь тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШЗ2022/0072, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЗ2022/0069 дүгээр тогтоолуудаас харагдаж байна.
Харин 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн “нотлох баримт гаргуулах, дахин үзлэг хийлгэх, гэрч асуулгах тухай” хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2022/0079 дүгээр тогтоолоор нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэж байсныг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т нийт 7 минут 55 секунд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2 минут 30 секунд, гуравдагч этгээд нь 31 секунд, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т нийт 17 минут 16 секунд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 1 минут 5 секунд, гуравдагч этгээд нь 30 секунд тус тус ярьж байгаа нь бичигдсэн байгаа зэргээс үзвэл даргалагч шүүгч нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг нь эдлүүлж, мэтгэлцэх боломжоор хангасан байна.
Иймд шүүгч Л.Ө-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх хэсэгт “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчин ялгаварлан хандсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2. ......шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1703 дугаар тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн 000/ШЗ2022/0078 дугаар шүүхийн тогтоол, шүүгч Л.Ө-ын “...Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул илүү дэлгэрэнгүй тайлбар гаргах боломжгүй байна” гэх тайлбараас үзвэл уг захиргааны хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...дахин үзлэг хийж нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авхуулах тухай” хүсэлтүүд гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэн, төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.И-ы 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/1022 дугаар “...ажлын хэсэг хяналт шалгалт хийх явцад Т ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/652 дугаар тушаалаар С.О-ыг тус албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй гэж үзэн, хяналт шалгалтыг зогсоосон...” гэх тайлбар ирүүлсэн, уг ажлын хэсэг тайлан гаргах шаардлагагүй болсон байх тул дахин үзлэг хийж нотлох баримт цуглуулах боломжгүй, ажлын хэсэгт байсан гишүүдээс гэрчийн мэдүүлэх авах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2022/0078 дугаар тогтоолоор хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөн шүүх хуралдааны бичлэгт дээрх шүүхийн тогтоолд нэхэмжлэгч Б.Т гомдол гаргана гэж хэлсэн тул шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж байгаа нь бичигджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь заалтад “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах”, 66.6 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 66.4 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана...” гэж,
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5 дахь заалтад “хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах”, 75.3 дахь хэсэгт “энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно” гэж тус тус заасан.
Тодруулбал иргэдийн төлөөлөгч нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэсэн тохиолдолд маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргаж, уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ тусган, хууль зүйн дүгнэлт өгнө. ...шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1703 дугаар тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, тус шүүхийн 000/ШЗ2022/0078 дугаар тогтоолоос үзэхэд тухайн шүүх хуралдаанаар хэргийн үйл баримтын талаар хэлэлцээгүй, харин нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.
Иймд шүүгч Л.Ө-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40 дэх хэсэгт “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1027 дугаартай захирамжаар иргэн Б.Т-гийн өргөдлөөр ...шүүхийн шүүгч Л.Ө-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Шүүгч Л.Ө нь туслахтайгаа үзлэг хийхээр очсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4 дэх заалтуудыг зөрчин, Төрийн албаны зөвлөлийн архивын эрхлэгч Д.Ш, бичиг хэргийн ажилтан Б.М нарыг өөрсдийг нь хөндлөнгийн гэрчээр оролцуулж, гарын үсэг зуруулсан, ...үзлэг шалгалт хийхгүйгээр гарч явсан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “..2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ЗТ2022/0072 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Б.Т-гийн нэхэмжлэлтэй Т ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Л.Ө-д шилжүүлсэн байна.
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШТ2022/0042 дугаар шүүхийн тогтоолоор Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, холбогдох баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЗ2022/0069 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Б.Т-гийн гаргасан Төрийн албаны зөвлөлийн баримт бичигт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн бичиг хэрэгт нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хөндлөнгийн гэрчээр Б.М, С.Ш нарыг оролцуулан үзлэг хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 41.3 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна”, 41.4 дэх хэсэгт “Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд Салбар зөвлөл байгуулж ажиллуулна”, 2.4 дэх хэсэгт “Салбар зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Төрийн албаны зөвлөл нь Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тус тус томилж, чөлөөлнө”, 2.9 дэх хэсэгт “Салбар зөвлөлийг бүрэлдэхүүнийг төрийн албаны зөвлөл тухайн байгууллагын саналыг харгалзан томилно” гэж зохицуулсан байна.
Дээрх зохицуулалтуудаас нэгтгэн үзвэл Б.Т-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Сангийн яамны харьяа Төрийн албаны салбар зөвлөл хариуцагчаар оролцож байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн архивын эрхлэгч Д.Ш, бичиг хэргийн ажилтан Б.М нарыг үзлэгийн явцад хөндлөнгийн гэрчээр оролцуулахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөндлөнгийн гэрчээр оролцуулахад харшлах зүйл байхгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргаанд дээрх хүмүүс хувийн болон албаны сонирхолтой гэх байдал тогтоогдохгүй. Мөн хөндлөнгийн гэрч нарт эрх, үүргийг нь шүүгчээс тайлбарлан өгч хууль сануулсан байна.
Түүнчлэн үзлэгийн тэмдэглэлд “ нэхэмжлэгч Б.Т-гийн хүсэлтийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 006 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хяналт шалгалт хийх явцад С.О гэдэг хүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учраас хяналт шалгалт, тайлан гаргаагүй гэв. Маргаан хянан шалгах газрын шуурхай ажлын зохион байгуулалт хариуцсан ажилтан Ө.С гэж дээрх тайлбарыг өгөв” гэж бичигджээ.
Өргөдөл гаргагчийн “нөхцөл байдлыг тодруулах талаар ямар ч үзлэг шалгалт явуулахгүйгээр, зөвхөн төрийн албаны зөвлөлийн ажилтны амаар тайлбарт үндэслэн “Албан бичгээр хариу тайлбар ирүүл” гээд орхин, гарч явсан нь шүүгч хуульд заасан энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, тухайн үзлэгийн явуулахад холбогдох баримт нь байхгүй байсан бөгөөд үүнийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан авсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04/1022 дугаар албан бичгээр холбогдох тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...ач холбогдолтой нотлох баримтууд болох Төрийн албаны зөвлөлийн даргын 006 дугаар тушаалын дагуу хийгдсэн шалгалтын тайлан, дүнгийн талаар холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж, анхан шатны шүүхийн тогтоол гарч, удаа дараа албан бичиг хүргэгдсэн боловч хэрэгжилт хангагдаагүй. ....Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “...тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасантай нийцэхгүй, маш ноцтой, хууль бус, үгсэн хуйвалдсан шинжтэй, эргэлзээтэй асуудлууд олон байсан бөгөөд үүнийг анхаарч, тодруулах талаар хүсэлт гаргахад хуралдаан даргалагч шүүгч Л.Ө нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг хангаж өгөөгүй, тайлбар мэдүүлэг аваагүй, үнэлэлт, дүгнэлт ч өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх болох “гэрчээс мэдүүлэг авхуулах” хүсэлтийг ч хангаж өгөхгүй байгаа” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШТ2022/0042 дугаар шүүхийн тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3563 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Т-гөөс шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг гаргуулахаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2876, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2877, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/3862, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/3863 дугаар албан бичгүүдээр шаардаж байсан.
Улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т-гөөс шаардлагатай нотлох баримтад үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЗ2022/0069 дугаар шүүхийн тогтоолоор хүлээн авч, шүүхийн үзлэг хийсэн нь шүүгч шүүхийн тогтоолын биелэлтийг хангах үүднээс хуульд заасан арга хэмжээг тухай бүрт авч байсан нь тогтоогдож байна.
Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШТ2022/0078 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Б.Т дахин үзлэг хийлгүүлэх, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж зааснаар шүүгч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй бол хүсэлт хэрэгсэхгүй болгох бүрэн эрхийг хуулиар олгосон. Тухайн хүсэлт шийдвэрлэсэн тогтоолыг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг дурджээ.
2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т нь хүсэлт гаргаж хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан байх ба талуудын оролцоог тэгш хангаж шүүхэд тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс тогтоогдож байна.
Иймд шүүгч Л.Ө-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагчаас “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг гаргуулахгүй, түүнийг сонсгохгүй, дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгахгүй байгаа нь иргэний хууль ёсны эрх, иргэдийн төлөөллийн хяналтыг алдагдуулж, улмаар хэт нэг талыг баримтлахад нөлөөлж байна” гэх өргөдлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Т-гийн нэхэмжлэлтэй Т ерөнхий газрын дарга, Яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцоно”, 66.6 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ”, 66.7 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж зааснаас үзвэл хэргийг бүрэлдэхүүнтэйгээр эцэслэн хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг сонсож, шийдвэрт дүгнэлтийг тусгахаар зохицуулжээ.
Мөн өргөдөл гаргагчаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ...нотлох баримт цуглуулах, уг баримтыг хавтаст хэрэгт авхуулж үнэлүүлэх, ...сахилгын хорооны хуралдаанд гэрчээр дуудагдан оролцох хүсэлт гаргасан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-т “сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах” гэж зааснаар гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзвэл илтгэгч гишүүн захирамж гаргахаар зохицуулсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг заасан бөгөөд өргөдөл гаргагчид нотлох баримт авахуулах, гэрчээр оролцох хүсэлт гаргах эрхийг хуулиар тусгайлан заагаагүй тул өргөдөл гаргагчийн хүсэлтийг бүрэлдэхүүн шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүхийн шүүгч Л.Ө-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР