МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-20
Дугаар 5
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Марал нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 45 дугаар тогтоолтой, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг илтгэгч гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгч Г.С тайлбартаа: “...шүүхийн шүүгч Г.С миний бие 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс тус шүүхэд томилолтоор ажиллаж байгаа бөгөөд “А” СӨХ-ны нэхэмжлэлтэй Р.М-т холбогдох цахилгааны өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр надад хуваарилагдаж ирсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан үндэслэл байхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шүүх ажиллагаа хийсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаан зарлаж, энэ шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар хойшлуулжээ. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримт ирж, хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр товлон зарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл ярихаар нь болиулж, шүүх хуралдааны дэгийн дагуу түүнд зүй ёсны шаардлага тавьсан бөгөөд түүнийг дарамталсан асуудал байхгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн байна. Н.Э нь шүүгчийн нэр хүндэд халдаж, ёс зүйгүй доромжилж байгаа үйлдэл зохимжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа хүртэл шүүгч намайг доромжилж байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Гомдол гаргагч Н.Э нь тус шүүх хуралдаан дээр шүүгч Г.С нь ёс зүйгүй үйлдлүүд гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж арга хэмжээ авч өгөхийг хүсэж гомдол гаргасан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ», 2-т «Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй» гэж зааснаас үзэхэд шүүгч Г.С-д холбогдуулан гаргасан гомдлын дөрвөн шаардлагын 1, 4 дэх шаардлагууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол байх бөгөөд 3 сарын дараа шүүх хуралдааныг хийсэн, лавлагаа гаргуулах захирамжийг гаргасан гэх үйл баримтууд нь хууль зөрчсөн эсэх асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, харин гомдлын 2, 3 дахь шаардлага буюу гомдлууд нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарч болох үндэслэл бүхий байж болохоор байгаа хэдий боловч тус шүүх хуралдааны бичлэг байхгүй, хадгалагдаагүй сахилгын хэрэгт авагдаагүй байх тул шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус заасан байх бөгөөд гомдолд дурьдагдаж буй шүүгч Г.Солонгын ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байсан болох нь талуудын гомдол болон тайлбараар нотлогдож байна. Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2 жил 16 хоног өнгөрсөн байх тул ... шүүхийн шүүгч Г.С /...шүүхийн шүүгч/-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Э-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч хянаад, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор ...шүүхийн шүүгч Г.С-д сахилгын хэрэг үүсгэжээ. Холбогдох сахилгын хэргийг Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ... шүүхийн шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, уг сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, мөн Шүүхийн ёс зүйн хорооны болон Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заажээ.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд шүүгч Г.Сд холбогдуулан гаргасан гомдлын шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол байх бөгөөд хууль зөрчсөн эсэх асуудал шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, шүүх хуралдааныг орхин 15 минут орчим хугацаанд гарсныг нотлох шүүх хуралдааны бичлэг байхгүй, хадгалагдаагүй сахилгын хэрэгт авагдаагүй байх тул шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь баримтаар нотлогдоогүй болно.
Иймд ... шүүхийн шүүгч /одоо/ Г.Сд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Б.Сугараас гаргасныг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид сахилгын хорооны магадлалыг хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮД О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН