info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-04

Дугаар 175

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл ногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч А.Энхтөр , В.А , Л.О нарт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч А.Энхтөр , В.А , Л.О  нар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

“...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д хуульд өөрөөр заагаагүй бол  шүүх хуралдаан даргалагч болон  шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрх гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д шүүгчдийн зөвлөгөөн нь хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж, 19.3-т Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана гэж, 86 дугаар зүйлийн 86.1.2-т шүүхийн Тамгын газар нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана гэж тус тус заасан.

... шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 184/ЗТ2021/00219 дүгээр зөвлөгөөний тогтоолоор "Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар тогтоох журам"-ыг баталж, 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ЗТ2021/00231, 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 184/ЗТ2021/00232 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар тогтоох журмын 2.3-т "Сугалааг ... шүүхийн Тамгын газар бэлдэж, шүүгч нарын нэрсийн цагаан толгойн дарааллын дагуу сугална", Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид хуваарилах, шүүх бүрэлдэхүүнийг хуваарилах журмын 3.3-т "Сугалааг тухайн хэрэг, гомдол, хүсэлт хуваарилагдсан шүүгчийн туслах сугалах бөгөөд, нарийн бичгийн дарга болон Тамгын газрын 1 ажилтныг байлцуулна" гэж заасан. /хавсралт 8-12 хуудас/

...Дээрх хууль, журмаар шүүх бүрэлдэхүүнд сугалаагаар сонгогдсон шүүгч нь бүрэлдэхүүнд сонгогдсон эсэхээ урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд шүүгчийг сугалаагаар сонгох ажиллагаанд шүүгч оролцдоггүй, тухайн шүүхийн Тамгын газар нь шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлдэг.

Шүүх бүрэлдэхүүн нь Ц.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1. /албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох/, 50.1.23. /хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах/, 50.1.31. /хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжпийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх/, 50.1.38. /хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх/ дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5. энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар нарийвчилсан журмыг батлах, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах  шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана, 19.3.1-т “шүүх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх”, 19.3.2-т “цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх”  гэж заасныг тус тус зөрчсөн байх тул  ... шүүхийн шүүгч А.Энхтөр  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар тогтоох журам”-д зааснаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаас бусад бүрэлдэхүүнийг сонгох сугалааг 7 хоног бүрийн Баасан гарагт явуулна гэж заасан байхад бүрэлдэхүүний шүүгч Х.О нь ээлжийн амралттай байгааг мэдсээр байж бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхдээ хуралдаан болох өдөр гэнэт Л.О  шүүгчийг сугалаагаар бүрэлдэхүүнд орсон мэт ойлголтыг өгч, шүүх хуралдаанд оруулсан явдал нь гэрчүүдийн мэдүүлэг, ... шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн бүртгэлийн дэвтэр, ... шүүхийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны бүртгэл /сугалаа сугалсан/-ийн дэвтэрт бүрэлдэхүүний сугалааг явуулсан талаар бүртгэгдээгүй байгаагаас үзэхэд тус журмыг санаатай зөрчсөн байж болзошгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаас бусад бүрэлдэхүүнийг сонгохдоо тухайн хэрэг, хуваарилагдсан шүүгчийн туслах сугалааг сугалах бөгөөд, нарийн бичгийн дарга болон Тамгын газрын 1 ажилтныг байлцуулахаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журамд   заасан байх бөгөөд шүүгчид сугалаанд биечлэн оролцдоггүй, тус ажиллагаанд хамааралгүй байх тул Ц.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон шүүгч В.А , Л.О  нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Сахилгын хорооны гишүүн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдийн 447 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, хариу тайлбарыг авч, шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... шүүхийн шүүгч А.Энхтөр  сахилгын зөрчил гаргасныг нотлох 12 дугаартай дүгнэлт гаргажээ.

“Иргэн-2014” системд Ц.Г ын нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 04 минутад шүүгч А.Энхтөрд системээс хуваарилсан байна.

... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ЕШ2021/00353 дугаар захирамжаар “Ц.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Энхтөр , шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Б , шүүгч Ч.Н  нарыг”, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ЕШ2021/00740 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд “шүүгч Ж.Л , шүүгч Ч.Н  нарыг”, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ЕШ2021/00834 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд “шүүгч Ж.Л , Х.О нарыг” тус тус томилжээ. 

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаартай “Шүүгчийн нэрсийн дарааллаас сугалаагаар сонгогдсон бүрэлдэхүүнийг баталгаажуулсан тэмдэглэл”-д тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд шүүгч В.А  сонгогдов гэж тэмдэглэгдсэн боловч шүүгчийг бүрэлдэхүүнд томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

Мөн Ц.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02269 дүгээр шүүхийн шийдвэрт даргалагч шүүгч А.Энхтөр , шүүгч В.А , Л.О  нар гарын үсэг зурсан байх бөгөөд тус шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй.

Шүүгч А.Энхтөр  энэ талаар: “Тухайн үед бүрэлдэхүүн 2, 3 удаа солигдсон. Эхний бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Н.Б  ашиг сонирхлын зөрчилтэй гээд татгалзах хүсэлт гаргасныг бүрэлдэхүүний 2 шүүгч хэлэлцээд татгалзлыг хүлээн авсан. Дараагийн шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Ч.Н , Ж.Л  нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /эрүүл мэндийн/ оролцох боломжгүй болсон. Дараа нь Х.О шүүгч бүрэлдэхүүнд томилогдсон гэж ойлгож байна. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаан болохоос өмнө шүүгч Х.О д хуралтай гэж сануулахаар манай туслах О.Г  залгахад “...эмнэлэгт үзүүлээд явж байна, өөр бүрэлдэхүүнтэй орох боломжтой юу?” гэж хэлсэн талаар манай туслах надад орж ирж хэлсэн. Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэст мэдэгдээд өөр бүрэлдэхүүн яаралтай сонгох хэрэгтэй байна гэж туслахдаа хэлэхэд бүрэлдэхүүнд Л.О  шүүгч сонгогдлоо гээд орж ирсэн. Тэгээд хуралдаа орсон” гэжээ.

Шүүгчийн туслах О.Г  “...Ц.Г ын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон хуралдаанд шүүгч Х.О ын ээлжийн амралт таарсан тул шүүх бүрэлдэхүүнийг солих шаардлага гарсан. Иймд дахин сугалаа явуулж Л.О  шүүгч энэ хэрэгт бүрэлдэхүүний шүүгчээр оролцсон....” гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүгч Х.О тухайн үед ээлжийн амралттай байсан нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүгч Х.О аас авсан тайлбар, ... шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны ээлжийн амралтын хуваарь зэргээр нотлогдож байна.

Харин шүүгч Л.О ийн “...би бүрэлдэхүүнд орсон. Хуралдааны бүрэлдэхүүнд ороход шүүгчийн туслах О.Г  тухайн үед миний өрөөнд орж ирээд та бүрэлдэхүүнд сонгогдсон гээд хэлэхэд орсон...” гэх тайлбар, тус шүүхийн тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Д.Д гийн “...тухайн үед бүрэлдэхүүн томилуулах сугалаа явагдсан бол бүртгэлд заавал бүртгэгдсэн байх ёстой...” гэх тайлбарыг тус тус   ирүүлжээ.

“... шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн бүртгэлийн дэвтэр, ... шүүхийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны бүртгэл /сугалаа сугалсан/-ийн дэвтрүүдэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан талаарх бүртгэл, мэдээлэл байхгүй байна.

“Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг шүүгчид хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар тогтоох журам”-ын 3.3-т “Сугалааг тухайн хэрэг, гомдол, хүсэлт хуваарилагдсан шүүгчийн туслах сугалах бөгөөд нарийн бичгийн дарга болон Тамгын газрын 1 ажилтныг байлцуулахаар” заасан.

Шүүгчийн туслах О.Г  “...миний бие сугалааг сугалж шүүх бүрэлдэхүүн томилсон болон албажуулах захирамжийн төслийг бэлтгэж хэрэгт хавсаргаагүй, мөн даргалагч шүүгч хяналт тавиагүй” гэх тайлбар ирүүлсэн.

Шүүгч А.Энхтөр : “Шүүгчийн туслах энэ захирамжийг хэрэгт хавсаргана. Шүүгч хяналт тавина. Тухайн үед бүрэлдэхүүнийг яаралтай сонгох шаардлагатай болсон. Бүрэлдэхүүн томилсон захирамжийг хэрэгт хавсаргах ёстой байсан боловч манай туслах жирэмсэн, шинээр ажилд орсон байсан тул ажилдаа түүртээд мартсан байх гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх рүү хэрэг шилжүүлэхэд би хяналт тавих ёстой байсан” гэх тайлбарыг ирүүлжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд шүүгч А.Энхтөр  нь тухайн хэргийн даргалагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны биелэлтэд хяналт тавиагүй болох нь нотлогдож байна.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1666 дугаар магадлалаар ... шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/02269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно" гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 353 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Энхтөр , шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Б , Ч.Н  нарыг /Зхх-ийн 92-р тал/ 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 740 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Энхтөр , шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Л , Ч.Н  нарыг /4хх-ийн 7-р тал/ 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 834 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Энхтөр , шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Л , Ж.О нарыг томилсон шийдвэрийг тус тус албажуулжээ /4хх-28-р тал/. Гэвч 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр  даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч В.А , Л.О  нар оролцож шүүхийн шийдвэрт гарын үсэг зурсан байх бөгөөд тус бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ...” гэж дүгнэжээ.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох зүйлд заасан журмын дагуу бүрдсэн бүрэлдэхүүнийг тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “...Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэснийг, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2-т заасныг тус тус зөрчиж, шүүх хуралдааныг хуульд заасан журмаар томилогдоогүй хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус нотлогдож байх тул ... шүүхийн шүүгч А.Энхтөр  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин илтгэгч гишүүний дүгнэлтэд “...шүүгч А.Энхтөр ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасныг зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлгүй. 

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг, 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж зааснаар тогтоосон журмыг зөрчсөн байхыг, гэм буруугийн хэлбэр нь санаатай байхыг ойлгоно.

Харин шүүгч А.Энхтөр ийн хувьд дээрх журмыг санаатайгаар зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

Иймд шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар Сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлийг 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж өөрчлөн, шүүгч А.Энхтөрд нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Харин ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журамд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаас бусад бүрэлдэхүүнийг сонгохдоо тухайн хэрэг хуваарилагдсан шүүгчийн туслах сугалааг сугалах бөгөөд, нарийн бичгийн дарга болон Тамгын газрын 1 ажилтныг байлцуулахаар заасан байх бөгөөд шүүгчид сугалаанд биечлэн оролцдоггүй, тус ажиллагаанд хамааралгүй байх тул Ц.Г ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон шүүгч В.А , Л.О  нар сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэстэй.

Иймд илтгэгч гишүүний гаргасан шүүгч В.А , Л.О  нарт холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар ... шүүхийн шүүгч А.Энхтөрд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.... шүүхийн шүүгч В.А , Л.О  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

 О.НОМУУЛИН