info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-30

Дугаар 214

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

   “... Нэг, өргөдөлд дурдсан “...арбитрын харьяалалтай хэргийг шийдвэрлэхээр зүтгэсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...гэрээнд арбитрын шүүхээр маргааныг шийдвэрлэхээр тусгасан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, тус өдрийн 181/ШЗ2021/12836 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШТ2021/00350 дугаар шүүхийн тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, тус гомдлыг хангахгүй орхижээ.

Иймд уг асуудлыг хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоолоор шийдвэрлэсэн байх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.

Хоёр, өргөдөл гаргагчийн “өвчтэй байхад араас дадлагын оюутан явуулсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Т-с эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, “А” нэгдсэн эмнэлгийн магадалгаа ирүүлж, 181/ШЗ2022/01621 дүгээр шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Т-с дахин эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, “А” нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт ирүүлж, 181/ШЗ2022/02150 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангаж, “А” нэгдсэн эмнэлгээс энэ талаар тодруулахыг дурдаж шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Уг хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...хариуцагчийн өмгөөлөгчийн ирүүлсэн хүсэлт үндэслэлтэй эсэх талаар эмнэлгээс тодруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс “...өмгөөлөгчийг эмнэлэгт хэвтэж байгаа эсэхийг шалгаж болно...бид нарын зүгээс хурлаа хийлгэх хүсэлтэй...өмгөөлөгч С.Т-ийн актыг сунгасан тохиолдолд өөр өмгөөлөгч авна” гэж тайлбарласан байна.

Шүүгч Н.О /ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч/-аас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаартай “өмгөөлөгч С.Т нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эсэх талаар тодруулсан” албан бичгээр “А” нэгдсэн эмнэлэгт хандаж, тус эмнэлгээс мөн өдрийн 22/30 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

2022 оны 02 дугаар сарын 24-ний 558 дугаартай албан бичгийг тус шүүхийн бичиг хүргэгч О.А тухайн өдрөө “А” нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн болох нь тус шүүхийн явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр болон шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг, Шүүхийн сахилгын хороонд өгсөн О.А-ын “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар албан бичгийг мөн өдөр “А” эмнэлэгт хүргэж өгсөн. Тус албан бичгийн хариуг эмнэлгээс тэр дор нь өгснийг авч шүүгчийн туслах Г.Г-д өгсөн” гэх, Г.Г-ийн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар албан бичгийг “А” эмнэлэг рүү тус өдрөө бичиг хүргэгч О.А-аар хүргүүлсэн. Үүний дагуу тус эмнэлгээс хариу өгсөн, тухайн үед цар тахалтай холбоотой оюутан дадлага хийж байгаагүй ба өөр хэн нэгнийг явуулж шалгуулсан зүйл байхгүй” гэх гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 708 дугаар албан бичигт “..: тус шүүхийн Тамгын газар нь Ковид 19-ын нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 оны эхний хагас жилийн хугацаанд дадлагажуулаагүй болно” гэжээ.

Дээр дурдсан үйл баримтуудаар өргөдөл гаргагчийн өвчтэй байхад араас дадлагын оюутан явуулсан гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Гурав, Хууль бусаар торгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;

Хариуцагч “А” ХХК-аас өмгөөлөгч Б.Г-тэй 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-ээс “...хэргийн материалтай танилцах хүсэлт” гаргаж, уг хүсэлтийг 181/ШЗ2022/02891 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгосон байна.

Дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-ээс гомдол гаргаж, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШТ2022/00124 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн байна. Ийнхүү шүүгч А.М нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шүүгчийн захирамжийг гаргасан байх тул хууль бусаар торгосон гэх өргөдөл үндэслэлгүй. Дээрх захирамжаар өргөдөл гаргагчийг торгоогүй байна.

Иймд шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэнд хамаарахгүй гэж үзлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өргөдөл гаргагчаас “...арбитрын харьяалалтай хэргийг шийдвэрлэхээр зүтгэсэн, өвчтэй байхад араас дадлагын оюутан явуулсан, хууль бусаар торгосон...” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Э 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж 280 дугаартай шийдвэр гаргасан байх бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улмаар уг магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж 180 дугаар тогтоол гаргажээ.

Уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Ө.У даргалсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2692 дугаартай шийдвэр гаргасан байх бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрээний асуудлаар болон гэрээг хэрэгжүүлэх явцад холбогдон гарсан аливаа маргааныг талууд харилцан эв зүйгээр шийдвэрлэнэ. Хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Гонконг дахь Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заажээ. Нэхэмжлэгчийн шаардлага дээрх гэрээний явцад үүссэн маргаан мөн тул хэргийн харьяаллын талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй...” гэж хэргийн харьяаллын талаар дүгнэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд дээрх 2692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой зохицуулалтад гаргасан гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч А.М “Шүүх хуралдаан хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай” 181/ШЗ2021/12836 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хариуцагч харьяаллын талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж үндэслэлээ тодорхой тайлбарлажээ. Уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн талаар дэлгэрэнгүй дүгнэж улмаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд арбитрын харьяалалтай хэргийг шийдвэрлэхээр зүтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг иргэний хэргийг шат шатны шүүхүүд удаа дараа шийдвэрлэж, хянаж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн ирүүлсэн хүсэлт үндэслэлтэй эсэх талаар эмнэлгээс тодруулахыг хүсэхэд хариуцагчийн төлөөлөгчөөс “...өмгөөлөгчийг эмнэлэгт хэвтэж байгаа эсэхийг шалгаж болно. Бид хурлаа хийлгэх хүсэлтэй. Өмгөөлөгч С.Т-ийн актыг сунгасан тохиолдолд өөр өмгөөлөгч авна” гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүгч Н.О 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 558 дугаар албан бичгээр “А” нэгдсэн эмнэлэгт хандаж, тус эмнэлгээс мөн өдрийн 22/30 дугаар албан бичгээр “...О овогтой Т нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна гэж хариу өгчээ. Мөн уг албан бичгийг тус шүүхийн бичиг хүргэгч О.А тухайн өдөр нь  “А” нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн нь тус шүүхийн явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр болон шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг, бичиг хүргэгч О.А болон шүүгчийн туслах Г.Г-ийн гэрчийн хувиар өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдов. ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 708 дугаар албан бичигт “... дадлагын оюутныг тус шүүхийн Тамгын газар нь Ковид 19-ын нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 оны эхний хагас жилийн хугацаанд дадлагажуулаагүй болно” гэсэн байх тул өргөдөл гаргагчийн өвчтэй байхад араас дадлагын оюутан явуулсан гэх өргөдлийн үндэслэл баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

... дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулж, хариуцагчид мөнгөн торгууль оногдуулах тухай” 181/ШЗ2022/02891 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “...100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгож шүүх шийдэв. Хариуцагч “А” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон, ажлаас чөлөөлөгдсөн, өөр өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцуулна, тэд хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байна...” гэж дүгнэсэн, уг захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангалгүй орхижээ.

Уг захирамжаар, өргөдөл гаргагч иргэн С.Т-ийг биш хуулийн этгээдийг торгосон байх тул энэ талаарх гомдлыг тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Шүүхийн сахилгын хороонд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                                 Б.СУГАР

            ГИШҮҮН                                                        Ц.ДАВХАРБАЯР

                                                                                   Д.МЯГМАРЦЭРЭН