МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-23
Дугаар 137
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, цахимаар сахилгын хэргийн оролцогч шүүгч Л.Угтахбаяр нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ж.Иманмагзам Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө:“...“Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Шинэтуяад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед Засгийн газраас Ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ...бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр...илгээсэн албан бичгийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 45 минутад манай байгууллагын ажилтан Г.Бат-Эрдэнэд гардуулсан бөгөөд мөн өдөр надад хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан даруй буюу 2021 оны 01 сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, шуудангаар ... анхан шатны шүүхэд явуулсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 08 дугаар “Давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” захирамж гарсан ба тус захирамжийг шуудангаар хүргүүлсэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан. Тус өдөр шаардлагатай гэх нотлох баримтыг Монгол шууданд хандан цуглуулж шүүхэд тайлбар, нотлох баримтыг хүргүүлж хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан. Гэвч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамж гарсан. Мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг манай ажилтан н.Саулегүль төлсөн. Өөрөөр хэлбэл “Бодь даатгал” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн уг тэмдэгтийн хураамжийг төлсөн байдаг. Гэтэл тэмдэгтийн хураамж төлсөн асуудлаар холбогдох журмыг зөрчсөн гэх үндэслэлийг мөн адил дурдсан байна. ...Миний бие нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, зохих журмын дагуу гомдол гаргасан... Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэх, хуулиар олгосон эрхийг нь бүрэн олгох эрхтэй этгээд мөн боловч өнөөдөр манай байгууллагын эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч ... Л.Угтахбаяр нь гаргасан шийдвэрт нь давж заалдах гомдол гаргахад тус хэргийг давж заалдах гомдлоор хэлэлцүүлэх хүсэлгүй байна гэж хардаж байна. Энэ асуудлын хүрээнд мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэх зөрчлийн шинжтэй хардалтыг өнөөдөр надад бий болгож байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, энэхүү хуулиар олгосон бүрэн эрхийг маань хүлээж авахгүй, хэрэгжүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан шүүгч Л.Угтахбаярт зохих ёсоор нь арга хэмжээ авч, ...шүүгчийн 143/Ш32021/00347 дугаар “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамж нь хууль зөрчсөн тул миний гомдол гаргах эрхийг сэргээлгэж, зөрчлийг арилгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
Шүүгч Л.Угтахбаяр Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч Ж.Иманмагзам нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/593 дугаартай “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбаярын олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба анхан шатны шүүх түүний гомдлыг хүлээн авч, хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болно. Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаартай “Бодь даатгал” ХХК- ийн давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай албан тоотоор хэргийг буцаан хүргүүлсэн Давж заалдах шатны шүүх Ж.Иманмагзамаас гаргасан гомдлыг нэгдүгээрт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, хоёрдугаарт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон байхад анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авсан байна гэж дүгнэжээ. Улмаар Ж.Иманмагзам нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан ба 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/Ш32021/00347 дугаартай Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон, шүүхийн шийдвэр бичигдэх 7 хоног өнгөрөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд шүүхийн шийдвэрийг өөрөө ирж гардан аваагүй ба дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг Ковид-19-ийн өвчлөлтэй холбоотой цаг үеийн нөхцөл байдал эсхүл орон нутгийн зорчих хөдөлгөөн хаасан гэх мэт шалтгаанаар шүүхэд өөрийн биеэр очиж шүүхийн шийдвэрийг гардан авах боломжгүй байдлаа шүүхэд илэрхийлээгүй, энэ талаараа нотлоогүй тул шүүх шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Ж.Иманмагзам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар дээрх хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай нотолсон баримтыг шүүхэд ирүүлж, шүүх хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэдэг атал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ тухай нотолсон баримтыг ирүүлээгүй харин шуудангаас шүүхийн шийдвэрийг хэзээ, хэнд гардуулсан тухай баримт ирүүлсэн болно. Шүүгч би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамаас гаргасан давж заалдах гомдлыг дээд шатны шүүхэд хүргүүлсэн, давж заалдах шатны шүүх гомдол гаргах журам зөрчсөн гэж үзсэн, хэргийн оролцогч зөрчлийг арилгах нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзсэн гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн гомдол гаргагчийн гомдолд дурдсан улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх тухай баримт нь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжид зөрчил гэж заасан ба А.Саулегүл нь “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбаярын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ба төлөөлүүлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1123 дугаартай албан тоот /хавсралт 10/-оор төлөөлөгч А.Саулегүлээс татгалзсан баримтыг шүүхэд ирүүлсэн тул А.Саулегүл нь “Бодь даатгал” ХХК-г төлөөлж 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлөх эрхтэй болох нь нотлогдоогүй тул “Бодь даатгал” ХХК-г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож гарсан шүүгчийн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах үндэслэл хамаарахгүй тул тус захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаартай шийдвэрийн эх хувийн дардас нь “боловсруулсан Ж.Мухлай, нийлсэн Л. Угтахбаяр, 5 хувь, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 00 минут" гэсэн байх ба харин иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүрэн хадгалсан огноо нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байна. Эндээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаанд бичгээр гарч албажсан буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хэргийн оролцогчид гардуулахад бэлэн болсон гэж үзэхээр байна. Ийнхүү шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийн оролцогчид гардуулах боломжтой болсон гэж үзэхүйц баримт байгаа ч өргөдөл гаргагчийн “шүүхийн шийдвэрээ гардан авахад бэлэн болсон эсэхийг тодруулж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн туслахтай утсаар холбогдоход шүүгч гарын үсэг зураагүй байгаа, албажаад гарахаар нь шуудангаар хүргүүлнэ гэж хариу өгсөн, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шуудангаар хүргүүлээгүй” гэж гэрчээр өгсөн тайлбартаа хэлснээс дүгнэвэл, хэрэв 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гардуулахад бэлэн болсон бол албажиж гараагүй, шуудангаар хүргүүлнэ гэж хэргийн оролцогчийг шийдвэр гардаж авахад ойлгомжгүй байдал үүсгэн, гардан авах бодит боломжоор хангаагүй зэрэгт шүүхийг буруутгах үндэслэлтэй үйл баримт тогтоогдсон болно. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж зааснаар шүүхэд ирж шийдвэрээ гардаж авахаар зохицуулсан. Шүүхийн шийдвэрийг гардаж авах болон гомдол гаргах тухайн цаг үе, “Ковид 19” цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үетэй /2020 оны 12 сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/ давхацсан нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 209, 226, 236 дугаар тогтоолуудаас харагдана. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 116 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг хавсралтаар баталжээ. Мөн тухайн үед Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаал, тус шүүхийн шуурхай штабын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр шүүхийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэхдээ “эрсдэлтэй бүсээс ирэх иргэд, хэргийн оролцогчийг 7 хоногийн өмнө аймаг суманд ирж, шинжилгээний бичгээр шүүхийн байранд нэвтрүүлэх” гэж зохицуулаад, дээрх “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал’’-ыг дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна. Тус аргачлалын 6.1.1-т “шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснээр гардуулсанд тооцох”-оор заасан зэргийг дүгнэвэл, хэргийн оролцогч шүүхэд биечлэн ирж шийдвэр гардан авахад бодит хязгаарлалтууд үйлчилж байсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед а/ мөрдөгдөж байсан дээрх түр аргачлалын зохицуулалтыг дагаж мөрдөх, б/ Ковид 19-ийн тархалтыг хязгаарлах хөл хорио тогтоосон үед хэргийн оролцогч өөрөө биечлэн ирж шийдвэр гардан авах бодит боломжгүй байсан зэрэг харгалзан үзвэл зохих нөхцөл байдлууд нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх бүрэн үндэстэй. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Улаанбаатар хотоос гарах орох хөдөлгөөнийг хаасан байсан үед Улаанбаатар дахь хэргийн оролцогч Өмнөговь аймагт очиж, шийдвэрээ хуульд заасан хугацаанд гардан авах боломжгүй учраас дээр дурдсан онцгой байдалтай холбоотой зохицуулалтуудаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “...Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ”, 119.6-д, “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно” гэж заасныг баримтлах үндэслэл бий болсон байтал эдгээр шалтгаан нөхцөлийг үл хэрэгсэн, хувийн эрх зүйн диспозитив зарчим илүүтэй үйлчлэх харилцаанд хуулийн илт тодорхой заалтыг буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн, шүүгч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэсэн заалтыг, дээрх түр журмын 1.3-т заасан “хэргийн оролцогчийн эрхийг дордуулахгүй байх” зохицуулалтыг зөрчжээ. Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо хэлэлцүүлж чадаагүй нь шүүх болон шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.4, 162.4, 163.3-т давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжийг гомдлын үнийн дүнгийн хэмжээгээр төлөх, төлсөн баримт хавсаргах талаар зохицуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогч өөрөө төлсөн байх талаар болон хэргийн оролцогч төлөөгүй нь давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг зохицуулаагүй. Гэтэл шүүгч нь 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 143/Ш32021/00347 дугаар захирамжаар “давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзах”-аар шийдвэрлэхдээ “...төлбөрийн гүйлгээг “Бодь даатгал” ХХК-ийн өмнөөс улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, ...итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлээс татгалзсан баримтыг шүүхэд ирүүлсэн ...” гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн утга хэсэгт “Бодь даатгал” ХХК-ийн регистрийн дугаар болон тэмдэгтийн хураамж төлөхөөр үүсгэсэн төлбөрийн даалгавруудыг тусгасан байхад гүйлгээ хийсэн хүн нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж хуульд заагаагүй үндэслэлээр мөн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлажээ. Шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд хуулиар эрх олгоогүй үндэслэлээр иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан /16 дугаар зүйлийн 16.14-д заасан/ үндсэн эрх болох давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн, тухайн эрхийг зөрчих нь хэрэг, маргааныг шүүхээр хянуулах боломжийг хязгаарласан ноцтой үйлдэл гэж үзлээ. Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан өргөдлийг шалгахад, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу шүүгчид зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулах ба Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл баримтууд нь тус хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарах эсэх болон шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярын дээрх үйлдэл нь шүүхийн шийдвэрт давах гомдол гаргаагүй гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болох нь хэргийн оролцогчид /хариуцагч талд/ давуу байдал бий болгох үр дагавар үүсгэх, нийтэд илэрхий үйл баримт бий болсон байтал түүнийг үл харгалзан, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56.4-д “сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж зааснаар шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан зөрчилд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 10 сар 18 хоногийн дараа сахилгын хэрэг үүсгэсэн байх тул сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа хэтрээгүй болно. Иймд шүүгч Л.Угтахбаярыг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Шинэтуяад холбогдох 9.592.951 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг шуудангаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Бодь даатгал” ХХК-ийн ажилтан гардан авч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаар захирамжаар “...давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, “Бодь даатгал” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/Ш32021/00347 дугаар захирамжаар “...давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна, ...улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй...” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээр дурдсан 143/Ш32021/00347 дугаар захирамжийг гаргасан шүүгч Л.Угтахбаярт холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргаж, үндэслэлээ “...зохих журмаар гомдол гаргасан боловч манай байгууллагын эрх, ашиг сонирхлыг илт зөрчсөн, шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэх, хуулиар олгосон эрхийг нь бүрэн олгох эрхтэй этгээд боловч ноцтой зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан, өөрийн гаргасан шийдвэрт гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлгүй нь хардлага төрүүлж байна” гэж тодорхойлжээ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” /2021.01.29-ний өдрийн хуулиар “хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж нэмэлт өөрчлөлт орсон/ гэж зааснаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал батлагдсан байх ба аргачлалын 1.1-д “Энэ аргачлалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд ...шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг холбогдох шүүхэд хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”, 1.3-т “шүүгч, ...энэ аргачлалыг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлж, иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллана”, 6.1.1-д “Тогтоол, магадлал, шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснээр гардуулсанд тооцно” гэж заасан байна.
Тухайн шүүхийн шийдвэр гарсан, хэргийн оролцогчид гардуулсан, гомдол гаргасан гэх цаг хугацаанд Монгол Улсад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх аргачлалын 1.5-д “энэ аргачлалыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дагаж мөрдөнө” гэж заасныг бүх шатны иргэний хэргийн шүүх дагаж мөрдөх үүрэгтэй гэж үзнэ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7-д заасан шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авсанд тооцож, гомдол гаргах хугацааг тоолдог зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжгүй нөхцөл байдал улс орны хэмжээнд үүссэн, үүний улмаас дээрх аргачлалын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайнаас, цахимаар оролцуулсан атлаа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасныг давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байжээ.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө”, 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө”, 162 дугаар зүйлийн 162.4-т “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ”, 163 дугаар зүйлийн 163.3-т “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогч заавал өөрөө төлсөн байхыг хуулиар шаардаагүй байх атал хуульд заагаагүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Гэвч анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаярт холбогдуулан өргөдөл мэдээлэл гарч, сахилгын хэрэг үүссэн байх тул давж заалдах шатны шүүхийн шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх боломжгүй, гагцхүү анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр сахилгын зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг тус тус ойлгоно.
Шүүгч Л.Угтахбаяр нь Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/Ш32021/00347 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 1.3, 6.1.1 дэх хэсэгт заасныг дагаж мөрдөөгүй нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасныг, “Бодь даатгал” ХХК-ийг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг тус тус зөрчсөн байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэдийгээр анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан үйлдэлд анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаярыг буруутгах боломжгүй ч тэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /2012 оны/ 20 дугаар зүйлийн 20.1-д “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж заасан хараат бус байх зарчмыг зөрчихгүй байх үүрэгтэй.
Харин дээрх зөрчлийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчилд холбогдуулан гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Л.Угтахбаярыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчил гаргасан буруутайд тооцон, тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн
ГИШҮҮН Х.ХАШБААТАР