info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-13

Дугаар 145

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн В.Н нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “Иргэн А.Д-гийн нэхэмжлэлтэй Санхүүгийн хяналт аудитын газарт холбогдох захиргааны хэргийн хариуцагчаар тус байгууллагын даргын хувьд байгууллагаа төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон юмаа. Ингэхэд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь тухайн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг илт нэг талыг барьсан, нэхэмжлэгчид давуу талыг олгосон байдалтайгаар шүүх хуралдааныхаа дэгийг хэд хэдэн удаа зөрчин шүүх хуралдааныг явуулан, шударга бус шийдвэр гаргасан. Тухайлбал,

1/ ... хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан ...Цагдаагийн газраас лавлагаа авах хүсэлтийг хангахаар шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан байтлаа .... уг лавлагааг авахгүйгээр шүүх хуралдааныг хийж ... 2 талын өмгөөлөгч нарын гарган өгсөн Цагдаагийн байгууллагын тасгийн даргын 2 өөр утга бүхий зөрүүтэй албан бичгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, ... хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ... хэрэг бүртгэлтийн 203800562 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа тул ... хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгч энэхүү хүсэлтийг огт авч хэлэлцээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн дуусгасан ...

2/ ... нэхэмжлэгч А.Д-д ашигтай байдлаар хөтөлсөн асуулт асууж байсан,

3/ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширч ... О.А нь шүүх хурал болох өдөр буюу 2021 оны 9 сарын 20-ны өдөр томилогдож байгаа учраас хэргийн материалтай танилцахад хугацаа шаардлагатай байсан ... шүүгчийн хэлж ярьж байгаад хөтлөгдөн хэргийн материалтай танилцалгүй шүүх хуралдаанд орсон, ... хариуцагч солигдох нь тодорхой болсон байхад ... дараагийн шүүх хурлын товыг тогтоохдоо хариуцагчид хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаагүй ... 17-ны өдөр 5 дахь өдөр ... байсан ... дараагийн 7 хоногийн даваа гариг буюу 20-ны 14 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон нь нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдал үүсгэхээр зориуд авсан арга хэмжээ гэж үзэж байна,

4/ ... шүүгч нь ... удаа дараа орж байгаа шүүх хуралдаан болгоныг дэгийн дагуу явуулахгүй хаа хамаагүй, замбараагүй явуулсан ... Тухайлбал: - 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагт болсон шүүх хуралдаан ... 10-аад минут хүлээлгэсэн, - ... шүүгч орж ирээд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч ковидоор өвчилсөн учраас энэ шүүх хурлыг хойшлуулсан” гэж хэлээд алхаа хальт тогшоод гараад явахаар хаалга зүглэхэд өмгөөлөгч В.Э “хурал хойшлуулах болсон баримтыг үзүүлсэнгүй, би танилцах эрхтэй” гэж сануулсан, ... лаборант гарын үсэг зурсан, эмчийн гарын үсэггүй баримтыг нотлох баримтаар тооцож авсан. Эмчийн магадалгаа шаардаагүй ..., Тэгэхэд шүүгч ... “нэхэмжлэгчийн өмгөөлөгч... В.Н нь ажлаас халагдсан байж магадгүй байгаа учраас хариуцагчийг тогтоож өгнө үү гэсэн ...” гэж хэлсэн ... нэхэмжлэгч тал нь шүүхэд мэдэгдэхүйц нөлөөлж буй байдал нь хардлага төрүүлж байна ... Захирамж ирээ ч үгүй байхад түүнийг үндэслэж хурал хойшлуулах ёстой юм уу? гэж маргасан. Тэгэхэд шүүгч “гэхдээ таны өнөө өглөө өгсөн баримтыг чинь хүлээж авсан. Гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг чинь ч хүлээж авсан шүү” гэж хариулсан. Оролцогчийн хүсэлтийг хүлээн авах нь шүүгчийн хийх ёстой ажил байтал хийх ёсгүй зүйлээ ханган биелүүлсэн, надад үйлчилсэн гэсэн өнгө аястайгаар хариулт өгч байсан нь надад хачирхалтай, зохисгүй санагдсан. ...Шүүх хуралдаанаар асуудал хэлэлцүүлж дуусаагүй байхад камер унтраалгасан шүүгчийн энэхүү үйлдэл нь хардлага төрүүлж байна.

5/ ... нийт 6 удаа шүүх хуралдаан болсон боловч түүнээс 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлтэй танилцсан. Бусад тэмдэглэл хэвлэгдэж гараагүй байсан тул танилцах боломж гарч байгаагүй ... шүүгч 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан дээр ... В.Н-гийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтэд шүүхээс тогтоол гаргасан ... гэж хэлсэн ... албан бичгээр хариу өгсөн. ... 1 л хүсэлтийн хариуг өгсөн ... бусад хүсэлтийн хариуг өгөөгүй ... энэ талаар огт авч хэлэлцээгүй ...

6/ ... шүүгч ... шүүх хуралдааныг удирдан явуулахдаа илтэд нэхэмжлэгч талд үйлчлэх, нэхэмжлэгчтэй дотно харьцах, хариуцагчийг аашилж загнасан байдлаар харилцах, нэхэмжлэгч талын зөв мэт ойлголт төрүүлэх, ер нь маргааныг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх байдал шүүх хуралдааны шийдвэр гарахаас өмнө мэдэгдэж байсан ... хурлын эцэст шүүгч ... зөвлөлдөх өрөө рүү явахдаа туслахыгаа тооны машин аваад ирээч гэж байсан. Зөвхөн энэ байдлаас харахад л хэний төлөө үйлчлээд байгаа нь шууд мэдрэгдэж байсан ... цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тусад нь нэхэмжлэх эрхтэй хэмээн заасан байгаагаас харахад энэ хүнд бүрэн үйлчилж байгаа нь харагдаж байсан.

7/ ... туслах У над руу утасдаж “шүүгч О.А гуайн гаргасан хүсэлтийг буцааж өг гэж байна. Та хамт ирсэн учраас ирж ав” гэсэн шаардлага тавьсан ... шүүгч өөрөө О.А луу утасдаж “А чамд давах эрх байхгүй шүү дээ. Чи ирээд энэ өргөдлөө авчхаач. Нэргүй л ингээд балайраад яваад байгаа юм байна л даа” гэж хэлсэн байсан ... шүүгч өөрөө хэргийн оролцогчид нөлөөлөх гэж оролдож байгаа нь журамд нийцэх үү? ...

8/ ... Миний бие хууль бусаар ажлаас халагдсан асуудлыг ... шүүхэд хандан гаргасан байгаа бөгөөд ... шүүх 2-хон шүүгчтэй ба Б.Э нь ерөнхий шүүгч учраас надад сөрөг хандах магадлал өндөр байгаад миний бие маш ихээр эмзэглэн санаа зовниож байна.

 Тиймээс ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.19, 50.1.20 ... гэсэн заалтыг зөрчин ёс зүйн алдаа гаргасныг шалган тогтоож сахилгын арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. Иргэн В.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны гаргасан нэмэлт өргөдөлдөө: “... А.Д-г ажлаас халагдсан асуудлыг давах шатны шүүхэд хандах эрхийг хуучин дарга болох В.Н надад албан бичгээр олгож, одоо давах шатны шүүхэд асуудал хэлэлцэгдэж байгаа хэмээн миний бие бодож байтал ...шүүгч Б.Э нь уг давах өргөдлийг илгээсэн мэтээр дүр үзүүлээд энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх талаар Захиргааны хэргийн давах шатанд албан бичиг дагалдуулан өгч 2 нүүр гаргасан байна. ... Иймд шүүгч Б.Э-ы явуулсан шүүх үйл ажиллагааны талаар миний гаргасан өргөдлийн дагуу зохих хариуцлагыг тооцож өгнө үү” гэжээ /х.х 59 дэх тал/.

Иргэн В.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нд ирүүлсэн нэмэлт өргөдөлдөө: “... А.Д-гийн нэхэмжлэлээр ... хариуцагчаар оролцох явцад “та нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 14 хоногийн дотор багтааж хариу тайлбар ирүүлэхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзээд хүсэлтийг нь хангаж шийдвэрлэнэ” гэсэн шаардлага шүүхээс тавьж байсан бол энэ удаа ... миний нэхэмжилсэн хэрэг дээр тийм зүйл огт яригдсангүй. “Таны хэргийн хариуцагч нэхэмжлэлээ ирж аваагүй байна” гэсээр сар гаруй хугацаа өнгөрсөн. Түүнчлэн тайлбар ирсэн боловч шүүх үйл ажиллагаа явуулах 60 хоногийн хугацаа хэтэрсэн байхад ямар ч ажиллагаа явуулахгүй байгааг би ... шүүгч Б.Э-ы нөлөөтэй гэж үзэж байна ...

...танай байгууллагад миний гаргасан гомдолд шүүгч Б.Э-ыг аймгийн Засаг дарга Ш.И-гийн нөлөөнд автаж түүний захиалгаар ... А.Д-гийн нэхэмжлэлийг илт хууль бусаар ханган шийдвэрлэж байсан. Тухайн үед одоогийн миний хэрэгт хариуцагч тал болох аймгийн Засаг дарга ... А.Д-гийн нэхэмжлэлтэй хэрэгт шүүгч Б.Э-тай илтэд хуйвалдаж, Ш.И-гийн томилсон хууль ёсны төлөөлөгч болох хүмүүсийг А.Д-гийн сонирхолд нийцүүлэн удаа дараа солих зэргээр Ш.Игийн нөлөөнд автаж тоглолт хийж шийдвэрлэсэн нь шүүгч хүний хувьд илтэд хууль бусаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж гомдол гаргасан ...Гэтэл ...Засаг дарга Ш.И, танай референт О нар нь ойрхон садан төрлийн хүмүүс болохыг олж мэдлээ ... О ч нийтийн албан тушаалтны хувьд өөрөө татгалзах ёстой байтал одоо хүртэл миний гомдолтой асуудлыг танай байгууллагад хариуцан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас үзэхэд эргэлзээ төрж байгаа тул хамаарал бүхий этгээд болох тул О-ыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулахаас эгүүлэн татаж өгнө үү ...

... би өөрийн хариуцагчаар оролцох эрхтэй байсан үеийн буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байгаа ба камерийн бичлэгтэй тохирч байгаа эсэхийг шалгуулах хүсэлтэй байна ...

...А.Д нь ажилдаа эгүүлэн томилогдмогц миний эсрэг юу ч хийхээс буцахгүй болж, ...дураар авирлаж ёс зүйгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байна. ... өмнө нь ийм байдал удаа дараа гаргасан учраас ажлаас халсан боловч шүүгч Б.Э түүнийг ажилд нь эргүүлэн тогтоосноор урдын алдаагаа давтан, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна. Ийм л хүнийг шүүгч Энхтайван илт хамгаалсан учраас би гомдол гаргасан ...” гэжээ.

Өргөдөл гаргагчаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярт нэмэлт өргөдлийг гаргасан байна.

...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь тайлбартаа: “... ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э би ... сумын иргэн А.Д-гийн нэхэмжлэлтэй, ...Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг даргалж, шийдвэрлэсэн байх бөгөөд өргөдөл гаргагч иргэн В.Н нь уг шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон байна. Тус хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн 28 дугаар шийдвэрээр "... ...Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Д-г ...Санхүүгийн хяналт, аудитын албаны Ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, А.Д-гийн "Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж" шийдвэрлэжээ.

1. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар:"... ...Санхүүгийн хяналт аудитын албыг хэн төлөөлж шүүх хуралдаанд оролцохийг тодруулах, ...Цагдаагийн газраас А.Д-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэх талаар тодруулах"-аар шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар хурлын дараа буюу мөн өдрийн 2/106 дугаар тус шүүхийн албан бичгээр "... А.Д-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэх талаар лавлагааг авахаар ...Цагдаагийн газарт хүргүүлжээ. ...Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46/3-2982 дугаар албан бичгийг тус шүүхэд хаяглан ирүүлснийг шүүх /2021.09.17-ны өдөр/ хүлээн авсан байна. Иймээс "...уг лавлагааг авахгүйгээр шүүх хуралдааныг хийж ... 2 талын гаргаж өгсөн Цагдаагийн байгууллагын тасгийн даргын өөр утга бүхий, зөрүүтэй албан бичгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байна" гэсэн гомдол үндэслэлгүй байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-д "Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах ..." арга хэмжээ авна" гэж заасны дагуу шүүх хуралдааныг даргалж явуулсан бөгөөд хуулийн энэ заалтад заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, ... хэргийн оролцогч нараас шаардлагатай зүйлийг тодруулахаар тал бүрээс нь асуулт асуусан болно. Тухайлбал: "А.Д-г ажлаас халсан тушаалын нэг үндэслэлд түүнийг "...албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй" гэсэн үндэслэлээр ажлаас халсан учраас нэхэмжлэгч А.Д-гийн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан, түүнийг ажил олгогчоос хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байсан талаар тодруулж асуусан болно.

Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Г даргалсан байх бөгөөд ... “нэмэлт нотлох баримт цуглуулах” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. Нэгэнт хэргийг шийдвэрлээгүй хойшлуулсан учраас дараагийн шүүх хуралдааныг шинээр хянан шийдвэрлэх учиртай тул өмнөх шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбарыг үргэлжлүүлэн шинээр эхэлсэн шүүх хуралдаанд авч хэлэлцэх шаардлагагүй, шинжлэн судлахгүй болно.

3. ... А.Д тус шүүхэд 2021 оны 04 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг... бүртгэл хяналтын системээс Ерөнхий шүүгч Б.Э-д хувиарласан байх ба холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч ... В.Н-д 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг өөрт нь гардуулан өгсөн, хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд гаргаж ирүүлжээ ... нотлох баримт цуглуулсантай холбогдуулан хариуцагчаас нэмэлт тайлбарыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авсан байна. Шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон О.А нь тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлахад оролцсон, мөн түүний өмгөөлөгч В.Э тайлбаруудыг гаргасан, ... нэхэмжлэгч А.Д болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргасан байна. ...А.Д-г ажлаас халсан тушаал гаргахдаа үндэслэл болгосон. ...үндэслэлүүдийг шүүх хуралдаан дээр нэг бүрчлэн шинжлэн судласан ба ... тушаалын үндэслэлд аль нь хамаарсан байх үндэслэлүүдийг тогтоохын тулд шүүх хуралдаан даргалагчаас асуудлыг тал бүрээс судлахын тулд энэ талаар нэг бүрчлэн шинжлэн судалж холбогдох асуудлыг хэргийн оролцогчдоос тодруулсан болно. Иймд нэхэмжлэгч талд хэт хөтлөгдөж шүүх хуралдаанаа хийсэн байдал гаргаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогч нарт адил тэгш эрх олгож, асуулт асууж, хариулт авсан байна.

4. ... А.Д тус шүүхэд ... нэхэмжлэл гаргасныг... 2021 оны 05 сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад 2021 оны 06 сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 сарын 23-ны өдрийн хооронд тус шүүхийн шүүгч Ж.Г нь Ковид өвчин туссан учраас тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э, шүүгчийн туслах С.У нар ойрын хавьтагч болсон учраас гэрийн тусгаарлалтанд орсон болно. Холбогдох ажиллагааг 06 сарын 23-наас эхлэн явуулахад нотлох баримт шаардахад хариуцагч В.Н нь эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явах болсон тул 2021 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл нотлох баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ хугацаанд Ерөнхий шүүгч Б.Э нь 2021 оны 06 сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан учраас Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу уг хэрэгт шүүгч Ж.Г хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Ерөнхий шүүгч Б.Э 2021 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа ороход шүүгч Ж.Г нь уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах, ирээгүй оролцогчдыг оролцуулах зэрэг шалтгаанаар 2021 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан байсан. Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу уг хэрэг Ерөнхий шүүгч Б.Э-д шилжиж, холбогдох ажиллагааг хийгдсэн байна.

2021 оны 09 сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдааныг "ирээгүй нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг заавал оролцуулах, хариуцагч В.Н-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай лавлагааг холбогдох газраас авах шаардлагатай гэх үндэслэлээр 169 дүгээр захирамжаар хойшлуулсан. 2021 оны 09 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас "хариуцагч В.Н-г албан үүргээсээ чөлөөлөгдсөн" тухай баримтыг шүүхэд өгсөн, хариуцагч В.Н нь "энэ шийдвэрт гомдол гаргачихсан байгаа" гэсэн нөхцөл байдал үүссэн учраас хариуцагчийг тогтоох, мөн нэхэмжлэгч А.Д-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулж, лавлагаа авах шаардлагатай болсон 175 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, 2021 оны 09 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны 28 дугаар шийдвэрээр... шийдвэрлэжээ. Дээрхи шүүх хурлууд хойшлогдсон шалтгаан нөхцөл хэргийн оролцогчдийн хүсэлтийг хангах шалтгаанаар хойшлогдсон байна. Уг захиргааны хэрэгт шүүхээс ажиллагаа хийж байх явцад буюу 2021 оны 09 сарын 03-ны өдөр хэргийн хариуцагч В.Н-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн баримт шүүхэд ирсэн учраас түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ахлах байцаагч, дотоод аудитор О.А-ыг шүүх хуралдаанд оролцуулсан. О.А нь хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хуралдаанд дээр энэ талаар тодруулахад танилцсан гэж тайлбарласан ба хэргийн материалтай дахин танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна. Мөн өмгөөлөгч В.Э-н хамт шүүх хуралдаанд оролцсон байна.

5. 2021 оны 09 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Ковид туссан шалтгаанаар ирээгүй байсан ба шинжилгээний хариуг хавсарган хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг хариуцагч болон өмгөөлөгч нарт танилцуулж, хуралдааны хойшлуулж, тов тогтоохоор түр завсарлах гэтэл өмгөөлөгч В.Э баримтуудыг танилцуулья гэснээр шүүгч дахин танилцуулсан бөгөөд мөн В.Н-г ажлаас чөлөөлсөн тухай хүсэлтдээ бичсэн тухай танилцуулсан болно. Энэ хуралдаан нь хэргийг хянан хэлэлцээгүй зөвхөн ирцтэй холбоотой, мөн хүсэлттэй холбоотой асуудал байсан учраас шүүх хуралдаан үргэлжлэн явагдаагүй хуралдаан хойшлуулж, товыг тогтоосон ...

...Харин нэхэмжлэгч нарын шинжилгээний хариуг хавсарган ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэхдээ "өвчний талаар эмчийн магадлагааг шаардлагагүй, уг хэрэг маргаантай учраас хуралд ирээгүй нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарыг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж шүүхээс үзсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хариуцагч В.Н-гийн ажлаас халагдсан талаархи баримтыг баталгаажуулан холбогдох газраас шаардан авах шаардлагатай учраас шүүх хуралдааныг хойшлуулсаныг тайлбарлаад даргалагчаас 'шүүх хуралдаан хаасныг мэдэгье" гэж хэлж хурал дуусгаад алх цохисны дараа камер унтраалгасан байна.

6. ... Шүүх хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар хүсэлт гаргагчид мэдэгдэх учиртай, ингэж мэдэгдсэнээрээ хэн нэгэнд үйлчилсэн биш, хэргийн оролцогчдын эрхийг хангасан үйлдэл юм. Иргэн В.Н нь шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлт ирүүлсэн боловч ...Санхүүгийн аудитын албаны даргын 2021 оны 09 сарын 03-ны өдрийн Б/33 дугаар ...Засаг даргын захирамжаар чөлөөлсөн талаар баримт ирсэн нь хариуцагч байгууллагыг төлөөлөх, шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалтай танилцуулах, В.Н-г хамтран хариуцагч болон гуравдагч этгээдээр оролцуулах боломжгүй, түүнд хэргийн талаар холбогдох хариуг өгөх шаардлагагүй болсон, тухайн хэргийн оролцогч биш болсон түүнд хамааралгүй нөхцөл байдал үүссэн учраас зөвхөн өөрт нь хамааралтай хүсэлтийн хариуг тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2/107 дугаар албан бичгээр өгсөн байна.

...Шүүх хуралдаан түр завсарлаж зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө тооны машин авчраад ширээн дээр тавьчихаарай гэж хэлсэн боловч уг тооны машиныг авчруулаагүй болно. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нэг бүрчлэн хянан шийдвэрлэх үүрэгтэй учраас "Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлииг нөхөн төлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч А.Д-д үйлчилсэн асуудал биш юм, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д "... хохиролын хэмжээний талаар маргаан хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу хохирлын хэмжээгээ тодорхойлж нэхэмжлээгүй байсан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид үйлчилсэн асуудал байхгүй юм.

7. ... ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э-ы даргалж шийдвэрлэсэн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг тухайн хуралдаанд хариуцагчаар оролцсон О.А нь эс зөвшөөрч давж заалдах 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ахлах аудитор О.А-ы гаргасан давж заалдах гомдлыг тус шүүхийн 2021 оны 11 сарын 08-ны 2/124 албан бичгээр буцаасан байна.  Гэтэл энэ тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч Б.Э миний нэр дээр /гарт нь/ хаяглан шуудангаар О.А ирүүлсэн учраас ...шүүгчийн туслах хүлээн авах боломжгүй болж, би шүүгчийн туслах С.У-ын хажууд задалж, улмаар албаны 7000000 дугаар утаснаас ...энэ тухай өөрт нь мэдэгдэж "миний гарт" гэж хаяглан ирүүлэхгүй байх, өмнөх хүсэлтийн хариу авсан эсэх, талаар ярьсан. Учир нь миний "гарт" гэж хаяглаж ирүүлсэн учраас түүнтэй энэ талаар ярьсан, хэрвээ хүсэлтийн хариугаа авсан бол энэ хүсэлтээ буцааж авах талаар ярихад дахин гаргаж байгаа гэж хариулж байсан. Ингээд хүсэлтийн хариуг өгсөн албан бичгийг зөвшөөрөхгүй дахин гомдол гаргасан юм байна гэдэг хариуг утсаар тодруулан асууж, улмаар уг гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхээс түүнд хариу өгсөн байна.

Шүүгч би шүүх хуралдааныг удирдан явуулахдаа нэг талд үйлчилсэн асуудал гаргаагүй ба нэхэмжлэгчийг огт танихгүй, дотно харьцсан болон хариуцагчийг аашилж загнасан байдал огт гаргаагүй, хэргийн оролцогчдод эрх тэгш харьцаж шүүх хуралдааныг удирдан явуулсан. Шүүхийн шийдвэрийг боловсруулж байх үедээ буюу 2021 оны 09 сарын 25-ны өдөр 09 цагаас 19 цаг хүртэл үргэлжилсэн 3-н хуралдаан хийх үеэр олон цагаар, олон оролцогчтой хурал хийсний улмаас тухайн өдрөөс эхлэн Ковид өвчний шинж тэмдэг илрэн гэртээ өвдөж, гэрээр эмчлүүлсэн боловч хүндэрч 2021 оны 10 сарын 04-ний өдөр сэхээн амьдруулах тасагт "маш хүнд, найдваргүй" оноштойгоор хүргэгдэн ухаангүй эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд сайжирч, улмаар тухайн өдөр аймгийн Халдвартын энгийн тасагт эмчлүүлж байгаад эмнэлгээс гарч шууд гэрийн тусгаарлалтанд эмчлүүлэх заалттайгаар 2021 оны 10 сарын 16-ны өдөр гэртээ гарч, гэрийн нөхцөлд эмчлэгдсэн. Гэвч өвдөхөөсөө өмнө хийсэн шүүх хурлуудын шийдвэрүүдийг гаргах шаардлагатай учраас 2021 оны 09 сарын 25-ны өдөр ажилдаа орж /тухайн үед бие муу байсан боловч/ 4 шүүхийн шийдвэр, захирамжуудыг ажлын 7 хоногийн хугацаанд бичгээр үйлдэн гаргаж, А.Д-гийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдөр хариуцагч нарт гардуулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д зааснаар "...14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарын үсэг зурна" гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д "...108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж ... гардан авна" гэж заасны дагуу гардуулан өгчээ. Иймд миний бие ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нийтийг хамарсан цар тахал буюу Ковид халдвараар маш хүндээр өвчилж гэртээ 7 хоног, сэхээний эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлсэн 13, эмнэлгээс гараад гэрийн тусгаарлалтанд 5 хоног байсан /2021.09.27-2021.10.22 дуустал/ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг хуулиар тогтоосон хугацаанд бичгээр үйлдэж чадаагүй хугацаа хэтрүүлсэн болно. 

Иймээс ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон эсхүл бусдад давуу байдал бий болгоогүй", 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн зүйл байхгүй, хэн нэгэнд илэрхийлээгүй, 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан хэргийн оролцогч нартай харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоосон асуудал гаргаагүй, 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан "хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн асуудал гаргаагүй болно. Миний бие шүүгчээр 29 жил гаруй ажиллахдаа хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар зүтгэж, хувийн ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөж яваагүй, чин шударгаар хэнээс хараат бус, зөвхөн хуулийн дагуу шударга шийдвэрлэж шүүгчийн нэр төрийг эрхэмлэн шүүгчийн ес зүйтэй байхыг баримтлан ажиллаж ирсэн” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь, иргэн А.Д-гийн нэхэмжлэлтэй ...Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ, мөн нэмэлт өргөдөлд дурдсан шүүгчид холбогдуулсан бусад үйл баримтуудад Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон эсхүл бусдад давуу байдал бий болгох", 50.1.4-д “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.19-д, “хэргийн оролцогч, бусад этгээдтэй  харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох”, 50.1.20-д "хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх" гэж заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдоогүй тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 143 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

                  ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай захирамжаар В.Н-н өргөдлөөр ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн А.Д-гийн нэхэмжлэлтэй ...Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох “...Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

1. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүхээс аймгийн Цагдаагийн газарт А.Д-д холбогдох хэргийн талаар лавлагаа авахаар албан бичиг хүргүүлсэн атлаа түүнийхээ хариуг авахгүйгээр шууд хурал эхлүүлсэн. ...ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийн талаар маргалдагч хоёр талаас тайлбар авалгүй ...нэхэмжлэгч талд хэт хөтлөгдөж шүүх хуралдаанаа хийсэн..” гэж дурджээ.

 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шүүгчийн захирамжаар  иргэн А.Д-гийн нэхэмжлэлтэй ...Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэрэгт ...Цагдаагийн газраас А.Д-д холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 Шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/106 дугаартай албан бичгээр ...Цагдаагийн газраас нотлох баримтыг шаардсан бөгөөд ...Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46/3-2982 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 62 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “......Цагдаагийн газраас ..А.Д нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн болно гэх  хариу албан тоотыг ирүүлсэн” гэж шинжлэн судалсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасны дагуу шүүгчээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарыг тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг удирдан явуулсан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.5-т “шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих” гэж заасан эрхээ эдэлж хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд оролцсон байна.

Иймд шүүгч Б.Э-ыг нотлох баримтыг аваагүй, хэргийн оролцогчоос тушаалын үндэслэлийн талаар тайлбар аваагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

2. Өргөдөл гаргагчаас “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширч энэ хугацаанд хариуцагч ...Санхүү хяналт, аудитын албаны дарга В.Н ажлаас халагдаж түүний оронд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр О.А-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гарсан. О.А уг захирамжийг тэр өдрийн 12 цаг гардан авсан бөгөөд шинээр хариуцагч болсны хувьд хэргийн материалтай танилцах шаардлагатай байсан. ...хэргийн материалтай танилцалгүй шүүх хуралдаанд оролцсон. ...Хариуцагч солигдох нь тодорхой болсон байхад 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хурлын товыг тогтоохдоо шинээр томилогдох хариуцагчид хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаагүй. ..нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдал үүсгэхээр зориуд арга хэмжээ авсан” гэх үндэслэлийг дурджээ.

Холбогдогч шүүгч Б.Э-аас “Уг захиргааны хэрэгт шүүхээс ажиллагаа хийж байх явцад буюу 2021 оны 09 сарын 03-ны өдөр хэргийн хариуцагч В.Н-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн баримт шүүхэд ирсэн учраас түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ахлах байцаагч, дотоод аудитор О.А шүүх хуралдаанд оролцуулсан. О.А нь хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хуралдаанд дээр энэ талаар тодруулахад танилцсан гэж тайлбарласан ба хэргийн материалтай дахин танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна. Мөн өмгөөлөгч В.Э-ын хамт шүүх хуралдаанд оролцсон байна” гэх тайлбарыг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг зэргээс үзвэл хариуцагч талаас хэргийн материалтай танилцах ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. О.А гэрчээр асуухад хэргийн материалтай танилцаж чадаагүй гэх зэрэг асуудлыг яриагүй бөгөөд хэргийн материал, хуульд заасан эрх үүргийг нь танилцуулж эрхээр нь хангасан байна.  Мөн хэргийн материал танилцуулсан баримтад хариуцагч О.А нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр гарын үсэг зурсан байна.

 Иймд шүүгчийг хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэхээр арга хэмжээ авсан гэх өргөдөлд дурдсан үндэслэл тогтоогдоогүй байна.

3. Өргөдөл гаргагчаас “шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Э нь удаа дараа орж байгаа шүүх хуралдаан болгоныг дэгийн дагуу явуулахгүй хаа хамаагүй, замбараагүй явуулсан нь шүүх хуралдааны  ач холбогдлыг бууруулсан. ...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагт болсон шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бид хоёроос өөр хүн орж ирэхгүй 10-иад минут хүлээлгэсэн. Шүүгч Б.Э орж ирээд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч ковидоор өвчилсөн учраас энэ шүүх хурлыг хойшлуулсан гэж хэлээд алхаа хальт тогшоод гараад явахаар хаалга зүглэхэд өмгөөлөгч В.Э“хурал хойшлуулах болсон баримтыг үзүүлсэнгүй, би танилцах эрхтэй” гэж сануулсан. Шүүгч Б.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г ковидоор өвчилсөн лабораторийн хариу байна гэж хэлсэн.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээс үзвэл шүүгч Б.Э нэхэмжлэгч талын хүсэлт, холбогдох баримтыг хариуцагч талд танилцуулсан бөгөөд хариуцагч хүсэлттэй холбоотой тайлбараа хэлж хариуцагчийн өмгөөлөгчөөс холбогдох баримтыг танилцуулах хүсэлт гаргасны дагуу шүүгч хүсэлтийг уншиж танилцуулсан байна. Шүүгч Б.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд ирцийн талаар хэлэлцэж шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулсан нь шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулсан байна гэж үзлээ.

Иймд шүүгч хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй, баримттай танилцуулаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Мөн тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгч хариуцагчийн өмгөөлөгчийг хүлээж байгаад хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны танхимд ирэхэд хуралдааныг эхлүүлсэн талаар шүүгч тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.

4. Мөн “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлтэй танилцсан. Бусад тэмдэглэл хэвлэгдэж гараагүй байсан тул танилцах боломж гарч байгаагүй. ...хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн 203800562 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа тул түүнийг шийдвэрлэгдтэл захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгч энэхүү хүсэлтийг огт авч хэлэлцээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. ...анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2/107 тоот албан бичгийг гардуулсан. ..уг албан бичигт нэг л хүсэлтийн хариуг өгсөн байсан ба бусад хүсэлтийн хариуг өгөөгүй орхисон ...” гэжээ.

.... аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 22–ны өдрийн 1/199 дугаар албан бичигт “тус захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байсан В.Н-гээс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах талаар хүсэлт ирүүлээгүй” гэжээ. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас үзвэл шүүгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдийг уншиж танилцуулсан бөгөөд хүсэлтийн хариуг хүргүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2/107 дугаартай албан бичгээр В.Н-гийн гаргасан хүсэлтийн хариуг хүргүүлсэн байна.

Дээрх өргөдлийн үндэслэлийн талаар илтгэгч гишүүн саналдаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нь тухайн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан, дээрх үйл баримтаар В.Н нь тухайн захиргааны хэргийн оролцогч биш болсон учраас Ерөнхий шүүгч өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар албан бичгээр хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйл /Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх/-ийн 4 дэх хэсэгт заасан “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн ... тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэсэн зохицуулалтад нийцнэ” гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

5. Түүнчлэн өргөдөл гаргагчаас “шүүгч Б.Э нь шүүх хуралдааныг удирдан явуулахдаа илтэд нэхэмжлэгч талд үйлчлэх, нэхэмжлэгчтэй дотно харьцах, хариуцагчийг аашилж загнасан байдлаар харилцах, ...зөвлөлдөх өрөө рүү явахдаа туслахыгаа тооны машин аваад ирээч гэж байсан. ...А.Д нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тусад нь нэхэмжлэх эрхтэй хэмээн заасан байгаагаас харахад энэ хүнд бүрэн үйлчилж байгаа нь харагдаж байсан” гэжээ.

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шүүхийн шийдвэрээр “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Д-г ...Санхүүгийн хяналт, аудитын албаны Ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, А.Д-гийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа “Тус захиргааны хэргийн 2021 оны 09 дүгээр сарын 06, 17, 20-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан даргалагч нь өргөдөлд дурдсан “илтэд нэхэмжлэгч талд үйлчлэх, нэхэмжлэгч талын зөв мэт ойлголт төрүүлэх, шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч талд шийдвэрлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн утга агуулга бүхий үг үйлдэл гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч, хариуцагч талуудтай харилцахдаа дотно, эсхүл аашилж загнах зэрэг ялгамжтай байдлаар зохисгүй харьцсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх эрх тэгш оролцоог хангасан байна. Нэхэмжлэлийн нэг шаардлага нь “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” байсан. Шүүгч шүүх хуралдааныг түр завсарлан, шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд ороход шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тооны машин авч ирж өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл хангах үүргээ хэрэгжүүлсэн, шүүхээс талуудын гарган өгсөн баримтаар үндсэн цалин зөрүүтэй буюу маргаантай гэх үндэслэлээр нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь “нэхэмжлэгчийн талд шийдвэрлээгүй”, харин хуулийн дагуу шийдвэрлэсэн болох нь нотлогдоно” гэж дүгнэсэн байна.

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан нь 03 цаг 39 минут үргэлжилсэн байх бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч тал харилцан мэтгэлцэж, шүүхээс хэргийн оролцогчдийн оролцоог тэгш хангаж хуралдааныг явуулсан байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ерөнхий шүүгч Б.Э-г шүүх хуралдаан завсарлаж зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө тооны машин аваад ир гэсэн нь шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. Мөн шүүгч нь шүүх хуралдааныг удирдан явуулахдаа илтэд нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй байна.

6. Өргөдөл гаргагчаас “давах хүсэлтийг О.А гаргасан бөгөөд шүүгч Б.Э ..“албан ёсны бланк, тамга тэмдэг  хэрэглээгүй” гэсэн шалтгаан заасан. Б.Э шүүгч өөрөө О.А луу уmасдаж “А чамд давах эрх байхгүй шүү дээ. Чи ирээд энэ өргөдлөө авчхаач. Нэргүй л ингээд балайраад яваад байгаа юм байна л даа” гэж хэлсэн. Шүүгч өөрөө хэргийн оролцогчид нөлөөлөх гэж оролцож байгаа нь журамд нийцэх үү. ...Шүүгч Б.Э нь уг давах өргөдлийг илгээсэн мэтээр дүр үзүүлээд энэ хэргийг авч хэлэлцэхгүй байх талаар Захиргааны хэргийн давах шатанд албан бичиг дагалдуулан өгч хоёр нүүр гаргасан байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагчид 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч В.Э-д 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гардуулсан байна.

...Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг ирүүлсэн бөгөөд шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/124 дугаартай албан бичгээр “танай албанаас буюу ...Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М-ын гарын үсэг бүхий 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/284 дугаар албан тоотыг, мөн ...Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар Аймгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс О.А чөлөөлсөн, Г.М-ыг тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай баримтыг шүүх ирүүлсэн болно. ...тус шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд та гомдол гаргах эрхгүй болсон. ...гомдол гаргахдаа албан ёсны бланк хэрэглээгүй, албан байгууллагын тамга тэмдэг дараагүй давж заалдах гомдол шүүхэд ирүүлсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг буцаажээ.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А давж заалдах гомдлыг дахин гаргасан бөгөөд давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/131 дугаартай албан бичгээр маргаан бүхий хэргийг гомдлын хамт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  рүү хүргүүлсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2096 дугаартай шүүгчийн захирамжаар “..улсын ахлах байцаагч О.А-ы гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт заасны дагуу буцааж, ..гомдол гаргахдаа албан ёсны бланк хэрэглээгүй, албан байгууллагын тамга, тэмдэг дараагүй нь хуулийн 115.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй” гэж давж заалдах гомдлыг буцааж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт “Давж заалдах гомдолд гомдол гаргасан этгээд, хуулийн этгээд гаргасан бол байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан байна”, 115.5 дахь хэсэгт “Гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх буцаана” гэж тус тус заасан байх тул О.А-ы дээрх давж заалдах гомдол хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. О.А, шүүгчийн туслах С.У нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс үзвэл шүүгч Б.Э нь О.А-ы гаргасан давж заалдах гомдлын талаар утсаар ярьсан бөгөөд О.А нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр Санхүү аудитын албаны даргын албан үүргээс чөлөөлөгдсөн учир түүнийг маргаан бүхий хэргийн хариуцагч гэж үзэх боломжгүй.

Мөн шүүгч нь шүүгчийн туслах С.У-ыг байлцуулан О.А-тай утсаар ярьсан байх тул шүүгчийг хэргийн оролцогчид нөлөөлөхөөр оролдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

7. “...Засаг дарга Ш.И, референт О нар нь ойрхон садан төрлийн хүмүүс болохыг олж мэдлээ. ..миний гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд референт О-ыг оролцуулахаас татгалзах хүсэлт гаргаж байна” гэж өргөдөл гаргагчаас дурджээ.

Дээрх өргөдлийн үндэслэл нь Шүүхийн сахилгын хорооны шалгах ажиллагааны чиг үүрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. “Миний нэхэмжилсэн хэрэг дээр тийм зүйл огт яригдсангүй. “Таны хэргийн хариуцагч нэхэмжлэлээ ирж авахгүй байна” гэсээр сар гаруй хугацаа өнгөрсөн. Түүнчлэн тайлбар ирсэн боловч шүүх үйл ажиллагаа явуулах 60 хоногийн хугацаа хэтэрчихсэн байхад ямар ч ажиллагаа явуулахгүй байгааг би ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э-ы нөлөөтэй гэж үзэж байна.” гэжээ.

            Өргөдөл гаргагчийн дээрх өргөдлийн үндэслэл нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байна. Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 5.2 дахь хэсэгт “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасны дагуу шүүгч нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бус байх зарчмыг баримталдаг болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                                              ГИШҮҮН                                     О.НОМУУЛИН

                                                                                       Д.ЭРДЭНЭЧУЛУУН