info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-27

Дугаар 205

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ...  шүүхийн шүүгч Д.У т холбогдох Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Д.Ш  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “Н.Д ын нэхэмжлэлтэй Д.Ш  нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ...  шүүхийн шүүгч Д.У  нь шүүхийн шийдвэр бичгээр гаргалгүй өмчлөгч Д.Ш  миний эрхийг зөрчсөөр байна.

Хэргийг 2021.12.01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрээ хуульд заасан хугацаанд бичгээр гаргаагүй, шүүгчийн туслахаас лавлахад шүүгч шийдвэрээ өгөөгүй байна гэх хариу өгсөн болно. Хэрвээ шүүхийн шийдвэр хугацаандаа гарсан бол нөгөө тал давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаад дуусах хугацаа өнгөрөөд байна.  Хуулийн хугацаандаа шийдвэрээ бичгийн хэлбэрээр гаргахгүй байгаа шүүгчид хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Р.Д ын нэхэмжлэлтэй Э.Б ад холбогдох иргэний хэргийг шүүгч Д.У  2021.12.01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2346 дугаар шийдвэр гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, тухайн шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон архивын хэргүүдэд тулгалт хийж хүлээлцсэн ажлын тайлангаар тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-ийг хоригложээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3.-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

Тодруулбал, Р.Д ын нэхэмжлэлтэй Э.Б ад холбогдох иргэний хэргийн шийдвэрийг танилцуулснаас хойш шүүгч 14 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулах буюу хүргүүлэх, ингэснээр зохигч талууд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл бүрдэнэ.

Гэвч шүүгч Д.У  нь шүүхийн шийдвэрийг бичгээр гаргалгүй /шүүх хуралдаан болсноос хойш/ 5 сар 25 хоног болсон байх бөгөөд ийнхүү шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гаргаагүй үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон нотлох баримт гаргаагүй болно.

Иймд шүүгч Д.У  нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлтийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Өргөдөл гаргагч Д.Ш оос ...  шүүхийн ерөнхий  шүүгч Д.У т холбогдуулан  “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаж өгөхгүй  байгаа” гэх агуулга бүхий өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 680 дугаартай захирамжаар шүүгч Д.У т сахилгын хэрэг үүсгэжээ.

2.Сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, өргөдлийн хувийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох шүүгч гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан[1] боловч өргөдөлд дурдсан асуудлаар тайлбар өгөөгүй байна.

3....  шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолоор шүүгч Д.У т хугацаанд өвчний улмаас 2022 оны 05 дугаар 23-ны өдрийг хүртэл нийт 2 сар 28 хоногийн хугацаагаар чөлөө олгосон байсан тул илтгэгч гишүүн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 835 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2022 оны 05 дугаар 25-ны өдрийн 1006 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сэргээж шийдвэрлэжээ.

4.Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Р.Д ын нэхэмжлэлтэй Э.Б , Д.Ш т нарт  холбогдох  иргэний хэргийг шүүгч Д.У  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд Д.Ш оос  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргах үед хуульд заасан хугацааг 2 сар гаруй, илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлт гаргахад 5 сар гаруй буюу 173 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд шүүгч Д.У ээс хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэх талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

Түүнчлэн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 447 дугаартай албан бичгээр “...өнөөдрийн байдлаар дээрх иргэний хэргийн шийдвэр албажиж гардуулагдаагүй, холбогдох иргэний хэргийг шүүгч өвчтэй байх хугацаандаа өөр дээрээ авсан” гэх хариуг ирүүлсэн байх бөгөөд тухайн шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон архивын хэргүүдэд тулгалт хийж хүлээлцсэн ажлын тайлангаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3.-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заажээ.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-д заасан сахилгын зөрчилд  хамаарахаар байна.

Шүүгч Д.У  нь сахилгын зөрчил гаргасан талаарх илтгэгч гишүүний нотлох дүгнэлт сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд  сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч Д.У ийг Монгол Улсын шүүхийн шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчил гаргасан буруутайд тооцон, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан ...  шүүхийн шүүгч Д.У т “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                             

ДАРГАЛАГЧ                                      Х.ХАШБААТАР                                             

ГИШҮҮН                                      Ц.ДАВХАРБАЯР                                                                                   

 С.ЭНХТӨР

 

 

[1] Сахилгын хэргийн 26-27 дахь тал