МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-29
Дугаар 209
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, гэрч ... дүүргийн ПГ-ын ЕП-ын орлогч Б.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
... дүүргийн ПГ-ын ЕП, хууль цаазын шадар зөвлөх Х.Б-ийн ... шүүгч Д.Ч-т холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг гишүүн хүлээн аваад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 839 дүгээр захирамжаар шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ.
Шүүгч Д.Ч-т үүсгэсэн сахилгын хэрэгт гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт” үйлдсэнийг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ: ...Өргөдлийн дагуу шалгах ажиллагаа явуулж Налайх, Багахангай дүүргийн ПГ-ын ЕП-оос олгосон итгэмжлэлийн дагуу ЕП-ын орлогч Б.Б-аас өргөдлийн үндэслэлийг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлэгтээ “...04 дүгээр сарын 28-ны өдрийн хурал дээр та нар над дээр гомдол гаргасан гээ биз дээ хэн нь дийлэх ээ харах уу. Хуулиа сайн уншиж хуралдаа ороорой. 4 дүгээр сарын 28-ны өдөр манайхыг наашаа хандсаныг мэдсэн байсан. Илт та хэд ингэлээ гэж хурал болгон дээр ярьсан. Хурал болгон дээр ийм асуудал гарсан. Та нар Сахилгын хороог мэддэг гэлүү та хэдийг сургасан биш одоо бүр даварлаа шүү гэсэн. 2022 оны 3 дугаар сарын 14-ний хурал дээр /зөрчлийн хурал/ өмнө нь та хэдийг загнаад байхад овоо сайжирч байсан одоо чадахгүй бол олны өмнө шараа болоорой. Та нараас мэдрэл муутай асуулт тавихаас залхлаа. Цагдаатайгаа нийлж юу ч хийж чадахгүй. ...Хурал нь 12 цагаас эхэлсэн. 3 сарын 14-ний өдөр. 06 гээд манай прокурор ирсэн. Чи ганц хурал дээр ямар уддаг юм бэ гэхэд шүүгч микрофоноо хааж байгаад хоёр цаг загначихлаа гэж хэлсэн. Эрх бүхий албан тушаалтан хоёрыг загнасан байсан. ... 2 цаг загнасан зүйл дээр танай прокурорын томилгоог яаж явдгийг би мэднэ, танайх ажлаа яаж явуулдгийг би мэднэ гэж хэлсэн байсан” гэж мэдүүлжээ.
... дүүргийн шүүхийн Тамгын газраас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1..7 дугаар албан бичгээр ирүүлсэн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд ...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөрчилд холбогдогч Я.Б-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад шүүгч “...22:28-26:52 Хууль зөрчиж шударга ёс тогтохгүй байгаа нь яг үнэндээ танай прокурор, цагдаагийн байгууллага шүү дээ. ...Дээрээс нь хяналт тавих байгууллага нь танай прокурорын байгууллага шүү дээ. Хуулиараа тийм байгаа биз дээ. Айн. Тавьж байгаа царай нь энэ. Хэрэгжүүлж байгаа царай нь энэ. Та нар өнөөдөр прокурор, цагдаа нийлж ийм юм хийж байгаа. Одоо та нар надаа энэ бичлэгийг аваад ир маргаж байна гэхэд та нарт юу ч байхгүй шүү дээ. Юу ч байхгүй. Уг нь бол хяналт тавих байгууллага нь прокурор. Чи хяналт тавих гэсээр байтал наад бичлэг чинь устаж байгаа байхгүй юу. ...31:53-36-21 Айн. Солиороод байгаарай. Хууль дээрээс гаргаад ир. ...37:10-46:17...Эсхүл та нар эмэгтэй хүн эрэгтэй хүнийг шалгаж байгаа гээд ашиг сонирхлыг зөрчилтэй байна уу, шударга ёс хаана байна. Яагаад тийм байгаа юм бэ, Яагаад ийм тайлбар гаргаад хууль зөрчөөд байгаа юм бэ, өөр дээр нь арга хэмжээ авахгүй юм уу, яагаад та нар хуулийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой, шинжээч томилсон тогтоолоо үзүүлэх ёстой байтал үзүүлэхгүй хувийн сонирхолтой хандаад байгаа юм бэ, яагаад нэг талыг бариад байгаа юм. Энэ дээр та нар нэг талыг барьсан байна. ...Тийм учраас би та нарыг эрх зүйч мөн үү, яагаад юм шалгаж чадахгүй байгаа юм бэ гээд байгаа учир нь энэ шүү дээ. ...” гэжээ.
Мөн өдрийн зөрчилд холбогдогч У.Т-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгт шүүгчээс “07:09-10:30 Хуудасны тоогоо бичдэггүй юм уу, прокурор мрокурор нь хянадаггүй юм уу, улам л муудаад байна ямар учиртай юм. Би та нарын арга барилыг ерөөсөө ойлгохгүй байна. Уг нь загнуулах тусам улам л сайжирч байх ёстой байтал та нар улам муудаад байгааг ойлгохгүй байна. Хууль зөрчөөд бай, болоод бай гэсэн үг юм уу, Ер нь аль аль нь, та нарын хууль зөрчөөд увайгүй загнаад байгаа нь хууль шүүхийн байгууллага хүлээн зөвшөөрч байх ёстой юм уу, яагаад та нар хүний сэтгэлгүй хандаад байгаа юм. Энэ хуудасны тоог нь бичдэггүй юм уу. Хуудасны тоог нь бичихгүйгээр та нар энэ дундаас нь ямар нотлох баримтыг хасаж, нэмэх гээд байгаа юм. Ямар хувийн сонирхол байгаа юм. Яах гэж хуудасны тоо тавьдгийн учир утгыг та нар ирэх биш надаар заалгуулахгүй мэддэг байлгүй дээ.... 13:06-15:37...Та нарт шалгагдаж байгаа энэ хүмүүс зүгээр уншчихаад чамд хэлэх юм бол чи уурлана. Битгий хуцаад бай чи мэддэг юм уу гээд хэлнэ мэддэггүй хүмүүс нь анзаарахгүй уншина. Өнөөдөр прокурор нь анзаарахгүй уншаад байна. Тэгэхээр адилхан гэсэн үг. Чадахгүй бол шараа болж амьдар за юу. Өнөөдөр та нар залуу амьдарч байж энэ зэргийн юмыг мэдэхгүй хуулийн салбарт ажиллаж байна гэдэг нь үнэхээрийн гутамшиг шүү. Ийм юм хийж байгаа хүн яаж та нар хүнлэг, шударга байх юм. Ганц бичгийн цаас санал гаргаж чадахгүй. Прокурор яаж гэж уншиж гарын үсэг зурах гээд байгаа юм. Хянуулах гэж л гарын үсэг зураад байгаа юм. Г.Г-ээ ойлгож байгаа биз дээ. Энэ санал дээр гарын үсэг зуруулаад байгаа нь хянуулах гэж л гарын үсэг зуруулаад байгаа юм. ...27:12-33:02 Би ёстой уйдаж байна. Ийм та бүгдэд мэдрэл муутай асуулт тавьж байгаадаа өөртөө ч гутарч байна. Хууль хэрэглээ мэдэхгүй. Дээрээс нь яаж зөрчлийг хэрэг яваад байгаа юм. Авч байгаа материалаас ийм юм асууж байгаагаа мэдэхгүй. Хууль хэрэглээний ийм хүмүүст. Одоо татгалзах нь хэцүү. Гаргаж байгаа санал нь ийм хэцүү авагдаж байгаа доторх материал нь хэцүү. Хянаж байгаа прокурор нь ийм. Яг үнэндээ та хуулийн байгууллага юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм. Шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Сая асуугаад байгаа материалуудыг хий. ...Дээрээс нь жаахан юм мэддэг хүмүүсээс нь юм асууж сурч яв. Эсхүл мэдэхгүй бол гэмт хэргийн агуулга утга санааг яаж ойлгохоо сургалтад суу. Тэрийгээ хянаж чадахгүй бол прокурор хяналтын шатны прокуророосоо асуу. Жаахан та нар ичиж амьдар. Би та нарын увайгүй ийм зүйлийг өнөөдрийн шүүх хурлаар шийдэх боломжгүй, ...Та нар хоорондоо асууж тодруулж зөрчлийн хэргийн сургалт явуулаад зөрчлийн хэргийн агуулгыг хэлэлцээд байна. Юу ч хэлэлцээд юу ч ойлгоод хоёулаа ийм байхаар чинь та нараас юу гарах юм. Ний нуугүй хэлэхэд та хоёрын хэлж байгаа наад зарчим чинь би нүүр нүүрээ харж байгаад хэлж байгаа шүү. эр хүнийхээ хувьд тэрнээс биш хоёрын хооронд танай дарга руу чинь яриад та хоёрын энэ алдааг чинь яриад. Та нар ичиж амьдрахгүй бол би дараагийн шат руу чинь явна. Та нар засрахгүй бол. Та нар засрахгүй байна. Та нар саяхан зөрчлийн хэргийн хурал хийсэн биз дээ. Хоорондоо хуралдаад, зөвлөлдөөд нэг мундаг юм болоод байсан сураг байсан. ...Энэ хэлбэр дахиад цаашдаа яваад байх юм бол өнөөдөртөө ганцхан ингэж шийдэж байна. Энэ зарчим дахиад өөрчлөгдөхгүй бол шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг шийдвэрлэнэ. Яагаад гэхээр би шаардлага тавиад нөгөө хоёр шүүгч шаардлага тавихгүй бол энэ зөрчил арилахгүй байна. Хэрвээ дараа дараагийн удаа энэ зөрчлүүд чинь ингээд орж ирээд байх юм бол та хоёр шаардлага тавихгүй та хоёр ингээд шийдээд байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Битгий зөрчлийн хэрэгт хууль зөрчөөд бай. Та хоёр энэ зарчмаар явна гэж байгаа бол би өөрийнхөө шаардлагыг тавилаа шүү. Зохих ёсныхоо газар би өөрийнхөө хуулийнхаа шаардлагыг тавиад зохих ёсны байгууллагад хандлаа шүү. би хоёр шүүгчид яриагүй. Хоёр шүүгчийн зөрчлийн хэрэг яаж явж байгааг би мэдэхгүй. Гэхдээ та нар ингэж яваад байгаа учраас над дээр орж ирээд байгаа байхгүй юу. Ойлгосон уу” гэжээ.
...3 дугаар сарын 15-ны өдрийн зөрчилд холбогдогч Б.Ш-т холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгт шүүгч “Та нарын дутуу хийсэн ажиллагааг шүүх бүрэлдэхүүн хангах гэж зовж байна. Ойлгосон уу? Прокуророо. Хяна, хар, унш, хүний төлөө яв. Хуулийн дагуу ажил ойлгосон уу, би хэлээд байгаа шүү хуулийнхаа дагуу яв гэж хэлээд байгаа шүү. Хуулийн дагуу ажил ойлгосон уу, Би хэлээд байгаа шүү. Та нар хуулийн байгууллага хуулийн дагуу ажил гэж хэлээд байгаа шүү. Хүний төлөө явж чадахгүй нэг талыг бариад байгаа бол хохино шүү” гэжээ.
...4 дүгээр сарын 28-ны өдрийн зөрчилд холбогдогч Б.Б-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгт “11:04-12:14 Шүүгчээс: Та нар чинь гомдол гаргаад байна гэсэн. Яааваа хуулийнхаа хүрээнд яах ёстой юм. ...Наадахыгаа өмнө нь хэлж болоогүй юм уу. Мундаг хуулийнхаа дагуу явдаг. Болдоггүй юм гээд байсан. Хуулиа харж байгаа царай нь харъя л даа гэв. ...14:41 Хуулиа унш. Хуулийн дагуу яаж ёстой байдаг вэ. Хуулийнхаа дагуу яв. Та нар ямар үүрэг гүйцэтгэх ёстой байдаг юм. Энэ шүүх хуралдаанд ямар байр суурьтайгаар оролцох ёстой юм. Яах ёстой юм” гэжээ.
Тус шүүх хуралдаанд байлцсан прокурор Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, эрх бүхий албан тушаалтан Ө.Д нараас шүүх хуралдааны нөхцөл байдлыг тодруулж гэрчийн мэдүүлэг авсан.
Прокурор Г.Г мэдүүлэгтээ: “3 дугаар сарын 15-ны өдөр хурал дууссаны дараа цагдаагийн ахлах ахлагч Ө.Д бид хоёрыг 2 цаг загнасан. Танай прокурорын байгууллагын томилгоо яаж явагддагийг мэднэ. Би тээврийн мөрдөгч байхад танай прокурорынхон хумсаа будаад сууж байдаг байсан. Та нар тэгж л ажлаа хийдэг шүү дээ гэсэн. Та нар ойрд загнуулаагүй ажлаа мэдэхгүй болсон. Овоо гайгүй байсан гэсэн. ...Гомдол өгснөөс хойш хурал дээр бичлэг асаалттай байхад замын эрх бүхий албан тушаалтантай хурал дээр та нар надад гомдол гаргасан. Та нар хуулиа хэр мэддэгийг чинь харья гэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1...8 зөрчлийн хэрэг шийдвэрлэх хурлын бичлэг дээр байсан гэв. ...Прокурорын байгууллага руу хандсан зүйл их яриад байдаг. Та нар ажлаа яаж хийдгийг мэднэ, та нар ажлаа мэдэхгүй байдаг. Загнуулахгүй болохоор ажлаа мэдэхгүй байна гэх ч юм уу. Та нарыг загнаж байж чиглүүлж байна. Хурлаа зогсоож байгаад нэг цаг ярихад тэгсэн. Нэг бол би та нарын зөрчил болгоныг цаасан дээр буулгаж байя. Эсхүл хэдүүлээ тохиролцъё. Яаж тохиролцох вэ гэхээр би та нарын зөрчлийг чинь гурав болохыг хүлээж байгаад цаасан дээр бичээд танай байгууллагад чинь өгнө. Гэхдээ танай Налайх руу чинь өгөхгүй. Улсын ерөнхий прокурор луу явуулна. Яг ямар албан бичиг явуулах гэж байгааг нь мэдэхгүй. Шаардлага бичих гэж байгаа юм уу, мэдэгдэл бичих гэж байгаа юм уу мэдэхгүй. Үгүй гэх юм бол өдөр тутамдаа загнуулаад яв. Цаасан дээр тохироод явъя гэж ярилцсан. Тохиролцъё гэдгээс болоод манай байгууллага гомдол гаргахаар болсон” гэжээ.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан Ө.Д мэдүүлэгтээ: Ер нь шүүх хуралдааны үеэр хохирогч холбогдогчийн хажууд прокурор, цагдаагийн албан хаагчийг загнадаг. Тэгээд нөгөө хүмүүсээ явуулчихдаг. Хуралдаанд дуусгаад эргээд нөгөө холбогдогч нь олдоггүй. Шүүгч прокурор, цагдаагийн албан хаагч нарыг загнасан юм чинь гээд олдоггүй. Та нарын буруу юм чинь намайг буруугүй байхад хуралдаанд оролцууллаа гэдэг. Зөрчил шалгахад тэр нь аймар хэцүү байдаг. Зөрчлийн хурлын үеэр загнахаар холбогдогч нар олдоггүй, гараад алга болчихдог. ...Прокурор та нарт олон удаа хэлээ биз дээ гэдэг ч юм уу. Цагдаагийн байгууллага та нарт хэлээ биз дээ гэдэг. Прокурор, Цагдаагийн алба хаагч та нарыг юу хийж, яаж хууль завхруулдгийг чинь мэднэ шүү би гээд та нар ер нь юу ч хийж чаддаггүй шүү дээ гээд холбогдогчийн дэргэд хэлдэг. ...Та нар өмнө нь нэг бус удаа ийм зүйл гаргасан гэсэн. Би томилогдоод удаагүй. Оны өмнө томилогдсон. Тэрнээс жил орчмын өмнө прокурорууд хоорондоо шүүгч Д.Ч ингээд байна гээд гомдол гаргаад явж байсан юм шиг байна лээ. Тэрний талаар яриад байсан. Дахиж заргалдаад хэрэггүй. Та нар угаасаа намайг дийлэхгүй гэж тиймэрхүү зүйл ярьж байсан” гэжээ.
Сахилгын хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны бичлэг зэргээс үзвэл шүүгч Д.Ч нь шүүх хуралдааны явцад эрх бүхий албан тушаалтан болон прокурорт хандан “...солиороод байгаарай. ...хохино. ...жаахан юм мэддэг хүмүүсээс нь юм асууж сурч яв. Эсхүл мэдэхгүй бол гэмт хэргийн агуулга утга санааг яаж ойлгохоо сургалтад суу. Тэрийгээ хянаж чадахгүй бол прокурор хяналтын шатны прокуророосоо асуу. Жаахан та нар ичиж амьдар. ...Чадахгүй бол шараа болж амьдар за юу. ...Би ёстой уйдаж байна. Ийм та бүгдэд мэдрэл муутай асуулт тавьж байгаадаа өөртөө ч гутарч байна. Хууль хэрэглээ мэдэхгүй. ...Гаргаж байгаа санал нь ийм хэцүү авагдаж байгаа доторх материал нь хэцүү. Хянаж байгаа прокурор нь ийм. Яг үнэндээ та хуулийн байгууллага юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм. ...Хуудасны тоогоо бичдэггүй юм уу, прокурор мрокурор нь хянадаггүй юм уу, улам л муудаад байна ямар учиртай юм. Би та нарын арга барилыг ерөөсөө ойлгохгүй байна. Уг нь загнуулах тусам улам л сайжирч байх ёстой байтал та нар улам муудаад байгааг ойлгохгүй байна. Хууль зөрчөөд бай, болоод бай гэсэн үг юм уу, Ер нь аль аль нь, та нарын хууль зөрчөөд увайгүй загнаад байгаа нь хууль шүүхийн байгууллага хүлээн зөвшөөрч байх ёстой юм уу. ...энэ зэргийн юмыг мэдэхгүй хуулийн салбарт ажиллаж байна гэдэг нь үнэхээрийн гутамшиг шүү ...Та нар чинь гомдол гаргаад байна гэсэн” зэргийг хэлсэн байх ба хэргийн оролцогч болох зөрчилд холбогдогч, хохирогч нар хуралдааны танхимд байсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно” 6 дахь хэсэгт “Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 6.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 6.2.шийтгэл оногдуулах; 6.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх” гэж тус тус заасны дагуу шүүгч нь зөрчлийн хэргийг хянан үзээд нэмэлт ажиллагаа шаардлагатай бол нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр даалгах бүрэн эрх нь олгогджээ.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны бичлэгээс үзвэл зөрчлийн хэргийг бүрдүүлэхдээ эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн алба хаагч, прокурор нь баримт дутуу, процесс ажиллагааны алдаатай зэрэг нөхцөл байдал харагдаж байгаа хэдий ч шүүгч шүүх хуралдааны явцад прокурор, цагдаагийн алба хаагч нарыг ажлаа хийж чадахгүй, хэргээ хянаж чадахгүй, нэг талыг барилаа, сур, хяналт тавьж байгаа царай нь энэ, хэрэгжүүлж байгаа царай нь энэ, та нарыг эрх зүйч мөн үү, яагаад юм шалгаж чадахгүй байгаа юм бэ ... гэх зэргээр хэлж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-т “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн прокурор Г.Г гэрчийн мэдүүлэгтээ “...3 дугаар сарын 15-ны өдөр хурал дууссаны дараа цагдаагийн ахлагч Ө.Д бид хоёрыг 2 цаг загнасан. Танай прокурорын байгууллагын томилгоо яаж явагддагийг мэднэ. Би тээврийн мөрдөгч байхад танай прокурорынхон хумсаа будаад сууж байдаг байсан. Та нар тэгж л ажлаа хийдэг шүү дээ гэсэн. ...Эсхүл хэдүүлээ тохиролцъё. Яаж тохиролцох вэ гэхээр би та нарын зөрчлийг чинь гурав болохыг хүлээж байгаад цаасан дээр бичээд танай байгууллагад чинь өгнө. Гэхдээ танай Налайх руу чинь өгөхгүй. Улсын ерөнхий прокурор луу явуулна. Яг ямар албан бичиг явуулах гэж байгааг нь мэдэхгүй. Шаардлага бичих гэж байгаа юм уу, мэдэгдэл бичих гэж байгаа юм уу мэдэхгүй. Үгүй гэх юм бол өдөр тутамдаа загнуулаад яв. Цаасан дээр тохироод явъя гэж ярилцсан. Тохиролцъё гэдгээс болоод манай байгууллага гомдол гаргахаар болсон” гэж мэдүүлсэн.
Эрх бүхий албан тушаалтан Ө.Д нь дээрх мэдүүлэгтээ холбогдуулан “Прокурор та нарт олон удаа хэлээ биздээ гэдэг ч юм уу. Цагдаагийн байгууллага та нарт хэлээ биз дээ гэдэг. Прокурор, Цагдаагийн алба хаагч та нарыг юу хийж, яаж хууль завхруулдгийг чинь мэднэ шүү би гээд та нар ер нь юу ч хийж чаддаггүй шүү дээ гээд холбогдогчийн дэргэд хэлдэг” гэжээ.
Дээрх мэдүүлгүүдийн дагуу шүүгч Д.Ч-ийн даргалан явуулсан 3 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааны бичлэгүүдэд үзлэг явуулахад зөрчилд холбогдогч Б.Ш-т холбогдох зөрчлийн шүүх хуралдааны төгсгөлд шүүгч “улсын яллагч цагдаагийн албан хаагч хоёр байж бай. Хохирогч, холбогдогч хоёрыг гаргачих” гэснээр хуралдааны бичлэг дууссан.
Хуралдаан дууссаны дараа шүүгч нь эрх бүхий албан тушаалтан болон прокурорыг үлдээн 2 цаг загнасан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон, түүнчлэн хуралдааны явцад “солиороод бай”, “хохино шүү”, “шараа болоорой” гэх зэргээр зүй бус үг хэллэг хэрэглэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.
Иймд ... шүүгч Д.Д.Ч-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.36-д заасан зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Д.Ч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хариу тайлбартаа: ...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Д.Ч миний бие томилогдон ажилласнаас хойш Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шүүн таслан ажиллагаа хэрэгжүүлж ажиллахдаа аливаа иргэн, хуулийн этгээд болон хэргийн оролцогч нарын ажил хэргийн нэр төр, алдар хүндэд нь халдсан аливаа үйлдэл гаргаж байгаагүй. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас гаргасан гомдолтой танилцахад шүүгч миний үйлдлийн талаар дурдахдаа ямар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа хэн гэдэг албан тушаалтны эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар дурдаагүй, гомдолд дурдсан үйлдлүүдийг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад прокуроруудын хувийн байр сууринаас хандсан мэдээлэл, таамаглалд тулгуурлан гомдол гаргасанд харамсаж байна. Миний бие нь хуваарилагдан ирсэн аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын хуулийн хүлээн мэтгэлцэх, нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас ханддаг бөгөөд даргалагчийн байр суурийг илэрхийлж байгаа аливаа шийдвэрийг талуудад болон хэргийн оролцогч нарт тухай бүр нь бүрэн танилцуулж ажилладаг. Миний дангаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд прокурорууд оролцохоос халшрах, тэдний хүсэлт зоригийг мохоох гэх мэт ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хүргэсэн үйл баримтын талаар гомдол гаргагч байгууллага баримттай, бөгөөд бодит үйл явдалд тулгуурласан үр дагаврын талаар шүүгч надад хэн нь ч хандаж байгаагүй. Иймд уг гомдлын дурдсанчлан шүүгч Д.Ч миний зүгээс Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон аливаа зөрчлийг үйлдээгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна” гэжээ.
Шүүгч Д.Ч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт тайлбартаа: “...Ялангуяа зөрчлийн хэрэг дээр цагдаа, прокурорын байгууллага холбогдогчийн эрхийг зөрчдөг. Тэр болгон дээр шүүгч оролцогчийн эрхийг хангаж оролцож байгаа. Энэ зөрчлүүд нь 5, 6 жил болж байна. Өмнө ийм зөрчлүүд гаргаад байна гээд прокурорын байгууллагатай зөвлөгөөн хийдэг байсан. Хоёрдугаарт нь би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас процессын ажиллагааг сайн мэдээд нарийн шаардлага тавиад байж магадгүй. Налайх дүүрэг нь бусад дүүргүүдээс онцлогтой. Хэргийн ачаалал харьцангуй бага дээрээс нь өдөр шөнөгүй шүүх хуралдаан ороод байхгүй. Мөн зөрчлийн хурал өдөр болгон ороод ачаалал ихсээд шүүх хуралдаанд давхцаад ачаалаад байхгүй. Тэр үүднээс хуулийн хүрээнд зөв ажиллахыг хичээдэг. Хурлууд их биш учраас хүний эрхийг зөрчихгүйгээр хуралдаан тайван явдаг. ..Шүүх хуралдаан дээр голцуу зөрчилд холбогдогч болон хохирогч нар нь хууль эрх зүйн мэдлэггүй орж ирдэг. Прокурор, цагдаагийн байгууллага эрхийг нь зөрчиж орж ирдэг. Дээрээс нь үндэслэлгүйгээр хуулийн зүйл заалт тавьдаг. Шүүх хуралдаанд байнга ийм зөрчлүүд гардаг учир шүүх хуралдаан завсарладаг. Энэ нь удааширч яваад хэтэрсэн. Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага хоёрыг хоёуланг байлцуулж байгаад яагаад энэ зөрчлүүдийг гаргаад байгаа юм бэ, прокурор яагаад хянахгүй байгаа юм бэ, цагдаагийн байгууллага яагаад зөрчөөд байгаа юм. Дээрээс хэрэг бүртгэх эрхгүй хүн зөрчил шалгаад ороод ирсэн. Шүүх хуралдаан дээр асууж тодруулж байж илрүүлсэн. Тийм учраас шүүх хүний эрхийг зөрчихгүйн тулд шударга явуулахын тулд тэгш эрхийг хангахын тулд шаардлага тавьж байгаа. Гэхдээ энэ нь би тухайн прокурорын байгууллага, цагдаагийн байгууллагын албан хаагчид өөрт нь хэлж байгаа болохоос биш хэн нэгэн дарга цэрэг, тогтоол захирамж дээр дурдахыг хүсээгүй. Ийм зөрчлийг дахин гаргаж болохгүй шүү, ийм алдаа зөрчлүүд гаргаад байна шүү гээд өөрт нь холбогдуулж хэлсэн. Энэ нь хурал дээр загнаад байна гээд байх шиг байна. Би тэгж харж байна. Тухайн зөрчлийн хэрэг дээр 10 хоног нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр завсарлуулсан байгаа. Энэ ажиллагаануудыг хий, битгий хууль зөрчөөд бай гэдгийг хэлсэн. Дээрээс нь ямар заалтаар ямар хүнийг ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Уг нь прокурорын байгууллага хянаж орж ирэх ёстой. Нэгдүгээрт үндэслэлгүйгээр заалт тавьчхаад хүнийг яллана гэдэг нь хүний эрхийг зөрчиж байна. ..Процессын зөрчлийн талаар зөрчилд холбогдогчийн дэргэд зарим зүйлийг хэлж болохгүй. Хүний эрхийг зөрчөөд байна тэр болгоныг танайх анхаараач ээ гэсэн. Хэн нэгэн прокурор, цагдааг ганцаарыг байлгаад тэгээгүй. Яагаад гэвэл хоёр тал хоёулаа байж байна. ...Хоёрдугаарт нь зөрчлийн хэрэг бүртгэгч нь хуулиа мэдэхгүй хүмүүс ирдэг. Шүүх хуралдаан дээр нотлох үйл явц алдагддаг. Юу судлахаа мэддэггүй. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэргийг нотлох үүргийг Цагдаагийн байгууллага хүлээдэг. Тэр дагуугаа нотлох үйл явцыг ганцхан Ө.Д биш бусад өөр хэрэг бүртгэгч нар байдаг. Тэр улсууд өөрийнхөө алдаа зөрчлийг ойлгоод явдаг. Дараа нь надад баярлалаа гэж хэлдэг. Гэхдээ надад хувийн өс хонзон гэх зүйл байхгүй. Хууль зөрчигдөх үүднээс анхаарах зүйлсийг л хэлдэг. Би бол барахгүй гэдэг зүйл хэлээгүй. Ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Хуулийнхаа дагуу шалгагдах байх гэсэн. ...Б.Б надтай ирж хэлээд байсан. Шүүгч та ингээд байна гэж хэлсэн. Надтай ирж уулзсан. Надад тийм зүйл уг нь бол яриагүй. ...Гэхдээ яахав уг нь бол энэ хууль зөрчөөд байгаа үйлдлүүдийг яаж ойлголцоод, яаж явбал урагшаа явмаар байна гэсэн. Миний хурал дээр микрофонд ойртоод чанга яриад байсныг бол үгүйсгэхгүй. Нэг мөр ойлголттой явах гэж хичээсэн. Энийг намайг аашилж байна. Загнаж байна гэж байна. Би дүгнэлт хийж байна. Магадгүй таны үнэн. Мэдээж таны хэлж байгаагаар уурлахгүйгээр ажиллаад яваад байвал болно. ...Нөгөөтэйгөөр нь би бас бодож байсан. Хэлэхгүй яваад байж болох уу. Зөрчлүүдийг дурдаж байж болох уу, хүн юм болохоор хүний зөрчлүүдийг тэр болгон дээр нь Прокурорын байгууллага, Цагдаагийн байгууллагад цаасан дээр буулгаад байх нь хэр их зөв юм болоо. Цаана нь хүний амьдрал явж байгаа. Тэгэхгүй тулд миний дотоод сэтгэлийн хувьд гаргасан зөрчлүүдийг нь өөрт хэлээд явъя л гэж байгаа. Миний алдаа байж магадгүй. Ер нь бол би харамсаж л байна. Юунд их харамсаж байна вэ гэхээр хэрвээ би энэ хэрэг дээр зөрчил холбогдогч юм уу шүүгдэгч нар нь намайг хүнийг эрхийг зөрчлөө гэвэл би хүлээж авна. Ойлгоно. Би буруу байгаа юм байна. Тэр хүмүүс нь хүний эрхээ зөрчүүлээд байгаа. Би ямар эрхээ зөрчүүлээд байгаа мэдэхгүйгээр шүүх хуралд орж байна гэдэг нь хуулийн байгууллага хүний эрхийг зөрчөөд яваад байж болно гэж ойлгоно. Дээрээс нь цагдаагийн байгууллагад өмнө нь байсан хүмүүс хууль зөрчихгүй байх. Өөр хэрэг бүртгэгч нар танаас их зүйл сурсан шүү гээд хэлдэг л юм. Ийм алдаануудыг харахгүй явж. Ийм алдаануудыг ийм хууль хэрэглээтэй байна гэж хэлж өгдөг. Илүү их ойлгодог. Тэр үүднээс залуу хүүхдүүдийг мохоогүйн тулд хүний эрхийг битгий зөрчөөч. Зөрчилд холбогдогч нар өмгөөлөгч авах чадваргүй, хуулийн мэдлэг байхгүй. Өмгөөлөгч авах чадвар байхгүй. Зарим нь тайлбарлаж мэдэхгүй. Зөрчлийн хэрэг дээр хүний эрхийг зөрчөөд ороод ирэхээр нь энэ алдаа зөрчлүүдийг битгий гаргаач гэсэн. Түүхэндээ прокурорын байгууллага гомдол гаргасантай холбогдуулаад нийт даяар прокурорууд надтай ярьж байна. Нийслэлийн бүх прокуроруудын дунд Налайхын прокурорууд намайг дуулиан болгоод байна. Таньдаг таньдаггүй бүх хүмүүс хэлж байна. Энэ нь хуулийн байгууллага нэг дор хуулийг хэрэгжүүлэхийн тулд хүний эрхийг зөрчихгүй байх талаар хэлсний төлөө ийм байдал үүсгэж байна. Над дээр орж ирээд хэлсэн бол би ойлголцоно. Би гэхдээ энэ байдлыг болимоор байна гэдгээ хэлсэн. Би хурал дээр та нарыг загнаад байна гэж хэлж байна. Гэхдээ та нарын алдаа зөрчлийг хэлээд байгаагаа би болимоор байна. Яг ний нүүгүй хэлэхэд Х.Баярмаа, н.Гэрэлчимэг, өмнөх зөрчлийн прокурорууд нь өмнө нь бол баярлалаа, ийм алдаа гаргадаг байсан байна. Би ойлголцоод явдаг байсан. Би цаасан дээр зөрчлийг хэлэхээр арга хэмжээ авхуулах үндэслэл нь би болох байсан. Тэрнээс нь тойрч амаар хэлсэн царай маань энэ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Х.Баярмаа “...шүүгчийн гаргаж байгаа үйлдэл нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.31, 50.1.36 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж байна. Шүүгч Д.Ч-ийн хууль бус, ёс зүйгүй үйлдэл, шүүх хуралдааны явцад хүн загнадаг, дарамталдаг зүй бус авирын талаарх асуудлыг сахилгын хэрэг үүсгэн шалгаж, таслан зогсоох арга хэмжээг авч өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл, мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн.
Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан 10 шүүх хуралдаануудын бичлэгүүдээс үзвэл шүүгч Д.Ч нь зөрчлийн хэргийн 3 шүүх хуралдааны явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал,
1. Я.Б-д холбогдох зөрчлийн хэргийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 22 минут 28 секундээс 26 минут 52 секундийн хооронд шүүгч Д.Ч нь “Хууль зөрчиж, шударга ёсыг тогтоохгүй байгаа нь яг үнэндээ танай прокурор, цагдаагийн байгууллага шүү дээ. ... Хяналт тавьж байгаа царай нь энэ. Хэрэгжүүлж байгаа царай нь энэ”,
31 минут 53 секундээс 36 минут 21 секунд хооронд “Солиороод байгаарай. Хууль дээрээс гаргаад ир. ...Иймхэн заалтаа мэдэхгүй та нар нээрээ. Эрхтэй гэдэг зүйл ярьсан явж байх юм. Ганц хуулиа зөв ашиглаж чадахгүй. Хуулийн утга агуулга ямар учиртайг ч мэдэхгүй. Юу шалгаад байгаа талаар мэдрэмжгүй. ...Одоо яах вэ, гаргаж байгаа шийдвэр чинь хүчин төгөлдөр үйлчилж байх ёстой юм биш үү”,
37 минут 10 секундээс 46 минут 17 секунд хооронд “Чадаж байгаа чинь хаана байна. ...Ийм мэдрэл муутай юмнууд цуглуулж ирчхээд яаж дүгнэлт гарга гэж хэлээд байгаа юм” гэж,
2. У.Тулгаад холбогдох зөрчлийн хэргийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 07 минут 09 секундээс 10 минут 30 секунд хооронд шүүгч Д.Ч “хуудасны тоогоо бичдэггүй юм уу, прокурор мрокурор нь хянадаггүй юм уу, улам л муудаад байна ямар учиртай юм. ... Уг нь загнуулах тусам улам л сайжирч байх ёстой байтал та нар улам муудаад байгааг ойлгохгүй байна”,
13 минут 06 секундээс 15 минут 37 секунд хооронд “ ...Чадахгүй бол шараа болж амьдар за юу. Өнөөдөр та нар энэ зэргийн юмыг мэдэхгүй хуулийн салбарт ажиллаж байна гэдэг нь үнэхээрийн гутамшиг шүү. Ганц бичгийн цаас санал гаргаж чадахгүй. ...Г.Г-ээ ойлгож байгаа биз дээ”,
27 минут 12 секундээс 33 минут 02 секунд хооронд “би ёстой уйдаж байна. Ийм та бүгдэд мэдрэл муутай асуулт тавьж байгаадаа өөртөө ч гутхрч байна. ... Хянаж байгаа прокурор нь ийм. ... Жаахан та нар ичиж амьдар. Би та нарын увайгүй ийм зүйлийг өнөөдрийн шүүх хурлаар шийдэх боломжгүй” гэж,
3. Б.Шинэбаярт холбогдох зөрчлийн хэргийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт шүүгч Д.Ч “...Ямар том эрхтэй улсууд бэ та нар. ...Хүний төлөө явж чадахгүй нэг талыг бариад байгаа бол хохино шүү” гэж,
4. Б.Баяржаргалд холбогдох зөрчлийн хэргийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 11 минут 04 секундээс 12 минут 14 секунд хүртэл шүүгч Д.Ч “та нар чинь гомдол гаргаад байна гэсэн. ...Хуулиа харж байгаа царайг нь харъя л даа” гэж тус тус хэлсэн болох нь шүүх хуралдаануудын бичлэгүүдэд бичигдсэн байна.
Гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзвэл:
1. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Г 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ:
“...манайх зөрчлийн нэг л прокурортой. Би бүх хуралдаанд оролцсон. ...Ерөнхийдөө шүүх хуралдаан эхлэхэд холбогдогч, хохирогч руу чиглэхгүй прокурор, эрх бүхий албан тушаалтан руу чиглэсээр байгаад хуралдаан дуусдаг. Нэ ...3 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан дууссаны дараа цагдаагийн ахлах ахлагч Ө.Д бид хоёрыг 2 цаг загнасан. Та нар ойрд загнуулаагүй ажлаа мэдэхгүй болсон. ...нэг өдрийн зайтай 2 өдөр бид хоёрыг хурлын бичлэгийг зогсоож байгаад нэг өдөр нь 1 цаг гаран, нэг өдөр нь 2 цаг загнасан. ...Д.Ч шүүгч нь эрх бүхий албан тушаалтныг бол жаахан хүүхэд шиг загнадаг. Ерөнхийдөө хамт хуралд ороход их стресс авдаг. Гомдол өгснөөс хойш хурал дээр бичлэг асаалттай байхад замын эрх бүхий албан тушаалтантай хурал дээр та нар надад гомдол гаргасан. Загнуулахгүй болохоор ажлаа мэдэхгүй байна гэх ч юм уу. Та нарыг загнаж байж чиглүүлж байна. ...Эсхүл хэдүүлээ тохиролцъё. Яаж тохиролцох вэ гэхээр би та нарын зөрчлийг чинь 3 болохыг хүлээж байгаад цаасан дээр бичээд танай байгууллагад чинь өгнө. Гэхдээ танай Налайх руу чинь өгөхгүй, улсын Ерөнхий прокурор луу явуулна. Үгүй гэх юм бол өдөр тутамдаа загнуулаад яв...” гэх,
2. Эрх бүхий албан тушаалтан болох Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлагч Ө.Д 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ:
“...ер нь шүүх хуралдааны үеэр шүүгч хохирогч холбогдогчийн хажууд прокурор, цагдаагийн албан хаагчийг загнадаг. ...Хохирогч, холбогдогч нарын дэргэд өндөр дуугаар эрх бүхий албан тушаалтанд босгож загнаж байгааг зүй бус авирласан гэж үзэж байна. Шүүгч Д.Ч шүүх хуралдааны дараа эрх бүхий албан тушаалтан, прокурорыг үлдээж 2 цаг загнахад би байсан. Шүүгч шалгаж байгаа хэрэгт хамааралтай холбоотойгоор загнасан. ...шүүгч хохирогч, холбогдогч сууж байхад гэнэт уурлаад, ...дахиж заргалдаад хэрэггүй, та нар угаасаа намайг дийлэхгүй гэж тиймэрхүү зүйл ярьж байсан” гэх,
3. Налайх, Багахангай дүүргийн ПГ-ын ЕП-ын орлогч Б.Б 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гэрчийн мэдүүлэгтээ болон сахилгын хэргийн хуралдаанд гаргасан нэмэлт мэдүүлэгтээ:
“...Шүүх хуралдаанд оролцдог 7 прокурор шүүх хурлын явц байдлын талаар надад танилцуулдаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орлогчоор томилогдсоны дараа тус шүүхийн шүүгч нартай уулзсан. Прокурорууд хэргээ шийдвэрлэсэн, буцсан талаар танилцуулахдаа дандаа ёс зүйтэй холбоотой гомдлыг надад хэлдэг тул шүүгч Д.Ч-той уулзаад “манайд ийм юм яриад байх юм” гэхэд “Би танайхыг сургаж байгаа юм. Би хүмүүсийг чинь чиний өмнөөс сургаж байгаа. ...хамтарч ажиллахад бэлэн байгаа зөрчлүүдийг чинь би шийтгэх тогтоол дээр дурдаж байгаа. Энэ талаар анхаарч ажиллаарай” гэж хэлэхэд “прокурорууд ийм алдаа гаргаж байгаа бол засаад явна” гэж би хэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд шүүхээс болон цагдаагийн байгууллагаас нэг, нэг удаа санаачлан уулзалт зохион байгуулж байсан. Тухайн уулзалтуудад шүүгч Д.Ч нь оролцоод мөн хэлж байсан” гэх мэдүүлгүүд өгчээ.
Түүнчлэн шүүгч Д.Ч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тайлбартаа “...Би 2014 онд мөрдөн байцаагч байж байгаад шүүгч болсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад хэрэг шалгахад ямар хүндрэлтэй асуудал байдгийг мэднэ. Тэр утгаараа илүү хараад дүгнээд байгааг үгүйсгэхгүй. ...Гэхдээ надад хувийн өс хонзон гэх зүйл байхгүй. Хууль зөрчигдөх үүднээс анхаарах зүйлсийг л хэлдэг. ...Загнасан гээд байгаа. Ер нь бол битгий дахиж ийм зөрчил гаргаад байгаач. ...Уг нь бол энэ хууль зөрчөөд байгаа үйлдлүүдийг яаж ойлголцоод, яаж явбал урагшаа явмаар байна гэсэн. Миний хурал дээр микрофонд ойртоод чанга яриад байсныг бол үгүйсгэхгүй. Нэг мөр ойлголттой явах гэж хичээсэн. Энийг намайг аашилж байна. Загнаж байна гэж байна. ...уурлахгүйгээр ажиллаад яваад байвал болно.
Гэхдээ Налайх дүүрэг нь бусад дүүргүүдтэй адилхан олон хэрэг бүртгэгч, олон прокуроруудтай бол ингэж тавих нь утгагүй, асуудал цэгцэлж чадахгүй. Манай Налайх дүүрэг нь зөрчлийн нэг прокурортой, цөөхөн хэрэг бүртгэгчтэй. Энэ улсуудад хэлээд ойлголцоод яваад байж болно. Нөгөөтэйгөөр би бас бодож байсан. ...хүн юм болохоор хүний зөрчлүүдийг тэр болгон дээр нь Прокурорын байгууллага, Цагдаагийн байгууллагад цаасан дээр буулгаад байх нь хэр их зөв юм болоо. Цаана нь хүний амьдрал явж байгаа. Тэгэхгүйн тулд миний дотоод сэтгэлийн хувьд гаргасан зөрчлүүдийг нь өөрт нь хэлээд явъя л гэж байгаа. Миний алдаа байж магадгүй...” гэх зэрэг тайлбар өгчээ.
Дээрхээс дүгнэж үзвэл шүүгч Д.Ч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих бүрэн эрх, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэхэд хэрэгжүүлэх бүрэн эрх, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хуульд нийцүүлэн ажиллах шаардлага тавьж байгаа хэдий боловч прокурор, эрх бүхий албан тушаалтан нарт тавьж байгаа шаардлагынх нь арга, хэлбэр нь буруу, өөрөөр хэлбэл хуульд нийцэхгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгч Д.Ч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт “албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан...” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болох нь түүний даргалсан шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Харин мөн хуулийн 50.1.36 дахь хэсэгт заасан “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасан зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Цаашид шүүгч Д.Ч нь прокурор, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нартай албан үүргийн хувьд харилцахдаа зүй зохистой хэлбэрээр, зөв арга барилаар шаардлага тавин ажиллаж байхыг анхаарч ажиллавал зохино.
Иймд сахилгын хорооны гишүүний “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4,112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүгч Д.Ч-т “цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ