МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-16
Дугаар 123
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, холбогдох шүүгч У.Б , нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч У.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
“... Гомдлын агуулга нь: 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий газарт үзлэг хийхдээ ...шүүгч надтай албан үүргийн хувьд харьцахдаа зүй бус авирласан. Үзлэг хийх зорилгыг танилцуулаагүй. ...шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шийдвэр гаргахаасаа өмнө байр сууриа илэрхийлсэн. Үзлэгийн явцад үзлэгийн тэмдэглэл огт хөтлөөгүй, үзлэгээр юу илэрсэн гэж танилцуулаагүй.
Харин үзлэг дууслаа гээд урдаас хоосон цаасан дээр оролцогч нараар гарын үсэг зуруулсан. Үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, үзлэгийн явцад тэмдэглэл хөтлөөгүй, үзлэгт оролцогч нарт илэрсэн нөхцөл байдлыг танилцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлийн танилцаж засвар оруулах эрхийг эдлүүлээгүй гэжээ.
Өргөдөл гаргагчийн дурдсан гомдлын үндэслэл нь сахилгын хэрэгт цугларсан ... шүүхээс явуулсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг баримтууд болон гэрч З.Д ы гэрчийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3576 дугаар шүүх хуралдаан хойшлуулах захирамж “Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “шүүх хуралдаан хойшлуулах захирамжаар уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдосон боловч нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр “Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15” нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр хойшлуулжээ.
Энэхүү баярын өдөр хуралдаан товлосон гэсний тухайд уг шүүх хуралдаан товлосны дагуу тухайн өдөр болоогүй байна. Үүнийг шүүгч өөрөө залруулж өөрчилж зассан байна. Энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд ... шүүхийн шүүгч У.Б д холбогдуулан гаргасан иргэн С.П ийн гомдол цугларсан баримтуудаар тогтоогдоогүй тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч иргэн С.П оос ирүүлсэн гомдол нь шүүгч үзлэг хийх явцдаа буюу албан үүргийн хувьд харьцахдаа зүй бус авирласан, үзлэгийн явцад үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй, танилцуулаагүй, бүх нийтийн амралтын өдөр шүүх хурал зарладаг, хойшлуулдаг тул сахилгын хэрэг үүсгэн шалгаж өгөхийг хүссэн утга агуулгатай байна.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2021.05.18-ны өдрийн 10 цаг 45 минутад шүүхээс маргаан бүхий газар буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40, 50 мянгат Төмөрчний гудамжинд байрлах Голомт банкны замын эсрэг талд 4 давхар усан ягаан өнгийн барилга байсан тухай дурдаж үзлэгийн явц байдлыг 6 ширхэг гэрэл зургаар баталгаажуулж үзлэг 10 цаг 45 минутад дуусжээ.
Уг үзлэгийг шүүгч У.Б хийж, шүүгчийн туслах Г.Б үзлэгийн тэмдэглэлийг хөтөлж, хөндлөнгийн гэрч З.Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ё.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг байлцуулсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Үзлэгийн тэмдэглэл үйлдсэнтэй холбогдуулан гаргасан гомдол гаргагчаас хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, тэмдэглэл хөтлөөгүй, танилцуулаагүй гэсэн гомдол гаргасан байх бөгөөд энэхүү гомдол нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Учир нь үзлэгийн тэмдэглэлд гомдол гаргагч гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр үзлэг болсон болохыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болох нь тогтоогдож байна. Хэрэв гомдол гаргагч үзлэгийг эс зөвшөөрсөн бол гарын үсэг зурахгүй байх эрхтэй байсан төдийгүй энэ талаар гомдол мэдээлэл тайлбараа гарган маргаж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх, улмаар нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргах зэрэг эрх нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл хэргийн оролцогчийн хувьд бүхий л эрх нь хуулийн хүрээнд бүрнээ нээлттэй байсан байна.
Үзлэгийн тэмдэглэлтэй танилцах, хэргийн материал буюу хавтаст хэрэгтэй танилцах нь хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх байх тул хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хэзээ ч хэдийд ч үзлэгийн тэмдэглэлтэй танилцах эрх нь нээлттэй байжээ.
Зүй бус авирлаж олон хүний дэргэд аашилж загнасан гэх гомдлын тухайд гомдол гаргагчаас гомдолдоо болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ гомдлын агуулгаа дэмжсэн, харин холбогдогч шүүгч үгүйсгэсэн байр сууринаас тайлбар өгсөн байх бөгөөд энэхүү үйл баримт нь хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлогдож тогтоогдоогүй болно.
Харин гомдол гаргагчийн бүх нийтийн амралтын өдөр шүүх хурал зарладаг, хойшлуулдаг гэх гомдол үндэслэлтэй байх бөгөөд холбогдох шүүгч энэ гомдлыг хүлээн зөвшөөрч үл маргажээ.
Илтгэгч гишүүний баярын өдөр хуралдаан товлосон гэсний тухайд уг шүүх хуралдаан товлосны дагуу тухайн өдөр болоогүй, мөн шүүгч өөрөө уг алдаагаа засаж залруулсан тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэнийг бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд илтгэгч гишүүний ... шүүхийн шүүгч У.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч У.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН