info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-21

Дугаар 203

Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Х.Талгат /цахимаар/, ажиглагчаар мэдээлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

АТГМШХ-ийн дарга, эрхэлсэн комиссар Х.Б-ээс Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ц, шүүгч Ц.Г, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө, шүүгч Д.М (одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч) нарт холбогдуулан гаргасан мэдээлэлд гишүүний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 527 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, харин захирамжийн 2 дугаар заалтаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгатад сахилгын хэрэг үүсгэжээ.

Шүүгч Х.Талгатад үүсгэсэн сахилгын хэрэгт дахин Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолд заасан шалгах ажиллагаа явуулаад, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаах тухай” тогтоолд:

“...1. Холбогдох шүүгч замын цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцсэн буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь дээрх мэдээлэл болон тайлбарт зөрж байгааг шалган тогтоох, тухайлбал энэ үйл баримт нь цаг хугацааны хувьд нэг өдөр болсон эсэхийг шалгах,

2. Шүүгчийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн гэх 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын 3...2 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нэр бүхий 7 алба хаагчаас гаргасан тайлбар болох нийт 11 хуудас, зарим нь хуулбар баримт сахилгын хэрэгт авагдсан байна. Эдгээр баримт нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх тул дахин нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах,

3. Шүүгч тайлбартаа “...Машинаас буугаад цагдаагийн ахлагч А-ийн араас нь дагаж аймгийн Цагдаагийн газрын байранд орж ирээд доошоо бууж, эрүүлжүүлэх, баривчлах байранд орж ирээд сандалд суугаад миний гарт согтуурлын хэмжээ шалгах драйгер өгөхөөр нь үлээгээд өгсөн” гэсэн, хуралдааны хэлэлцүүлэгт ч мөн ингэж тайлбарласан, гэтэл замын цагдаагийн албан хаагчдын ирүүлсэн тайлбарт “согтуурал хэмжих багаж үлээгээгүй, эсэргүүцсэн” гэх ба сиди бичлэгт хийсэн үзлэгт энэ талаар тэмдэглэгдээгүй байх тул энэ зөрүүг хэрхэн шалгаж, тухайн нотлох дүгнэлтэд дүгнэсэн болох нь тодорхой бус байгаа учраас холбогдох шүүгч согтуурал хэмжих багаж үлээсэн эсэх бичлэг байгаа бол түүнийг шалгах, гэрчээс тодруулах зэрэг ажиллагааг хийх,

4. Сахилгын хэрэгт авагдсан сиди бичлэгийн зарим хэсэгт казак хэлээр ярьсан байгаа нь үзлэгийн тэмдэглэлээс харагдаж байна. Үзлэг нь нэг талаар, үйл баримтыг зөвхөн тоочсон байгаагаас тухайн үед юу болсон болохыг дүгнээгүй, нөгөө талаар Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна” гээд, 6.1.1-д ”төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт” гэж заасан, казак хэлээр ярьсныг орчуулан буулгах ажиллагааг хийх нь хуулийн шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Эдгээр нь сахилгын хэргийн шалгах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тул хэргийг дахин шалгах үндэслэлтэй байх ба энэ нь шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх эсэх үндэслэлийг бүрэн бүрдүүлнэ гэж үзлээ...” гэж дүгнэж, уг сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн байна.

Холбогдох шүүгч замын цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх дээрх мэдээлэл болон тайлбарт дурдагдсан үйл явдал цаг хугацааны хувьд нэг өдөр болсон эсэхийг тогтоохоор АТГМШХ /тус хэлтсийг төлөөлж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд оролцсон Мөрдөгч, комиссар Д.Ц/-ээс тодруулахад иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр шүүгч Х.Талгат нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нарт баригдаж цагдаагийн газарт ирэхдээ "би шүүгч учраас согтуурал хэмжих багаж үлээхгүй, та нар надтай оролдвол хохино шүү" гэж албаны нэр хүндийг хууль бусаар ашиглаж ёс зүйгүй авирлаж, цагдаагийн алба хаагчийг дарамталсан гэх мэдээллийг шалгуулахаар хандсан бөгөөд тухайн үйл баримт нь цаг хугацааны хувьд нэг л үйл явдал гэсэн тайлбар өгсөн болно.

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голын гүүрэн дээр үүрэг гүйцэтгэж байхдаа 6...6 БӨ. улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон гэх Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Цагдаа зохицуулагч Н.А, С.Б нараас гэрчийн мэдүүлэг авахад тухайн өдөр нэг талын гэрэлгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг зогсохоор ойлгогдохоор дохиход зогсоогүй, хантаазтай замын голд зогсож байсан ба ойлгогдохоор дохиход зогсоогүй тул араас нь дагаж гудамжинд зогсоосон, тухайн иргэнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, драйгер багаж үлээлгэх гэхэд холоосон үлээсэн дүр үзүүлсэн, амандаа ойртуулж үлээх ёстой гэсэн шаардлага тавихад биелүүлээгүй, би одоо үлээхгүй гэж хэлээд дахиж үлээх оролдлого хийгээгүй гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Мөн замын цагдаагийн албан хаагчийн тухайн өдөр зогс гэсэн дохио өгсөн газар болон дагаж явсан зам, зогсоосон гэх газарт үзлэг хийж фото зургаар баримтжуулж үзлэгийн тэмдэглэл үйлдсэн.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Ахлах зохицуулагч А.М иргэн Х.Талгат согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан, үлээхгүй байна гэсэн учир та яагаад үлээхгүй байгаа юм бэ гэхэд шүүгчийн халдашгүй байдалд та нар халдахгүй, та нарт тийм эрх байхгүй, та нар миний хэн гэдгийг мэднэ шүү дээ, шүүгчийн биед халдаад байна, даргаа дууд гэсэн. Над руу ерөнхийдөө дайрсан хандлагатай ярьж байсан. Чи шийдэж чадахгүй бол даргаа дууд гээд утаснаасаа хууль гаргаж ирээд энийг унш гээд байсан. Мөн чамайг мэднэ шүү дээ гэх зэргээр дайрч байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Зохицуулагч К.Н гэрчийн хувиар өгсөн мэдүүлэгтээ гаднаас орж ирээд эрүүлжүүлэн саатуулах байранд ороход Н.А, С.Б хоёр 1 иргэний хамт байсан. Би сая драйгер үлээсэн дахиж үлээхгүй, би шүүгч хүн байна, танай цагдаа нар шүүгчийн халдашгүй байх эрхэнд халдаж байна гэх зэргээр эсэргүүцээд байсан гэж мэдүүлжээ.

Холбогдох шүүгч Х.Талгат драйгер үлээсэн, замын цагдаагийн албан хаагчид үлээгээгүй, эсэргүүцсэн гэсэн тайлбар хэлж байх бөгөөд бичлэгээс харахад шүүгч замын цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага болох драйгер үлээхийг хүсэхэд үлээхгүй байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд өмнө нь үлээсэн эсэхээс үл хамаарч цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд дарамт үзүүлж, удаа дараалан драйгер үлээхийг хүссэн хүсэлтийг үл хэрэгсэж, драйгер үлээхгүй байгаа үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Мөн бичлэгт хийсэн үзлэгт “...Цагдаагийн албан хаагч: Үлээчих л дээ тэгвэл гэхэд Шүүгч Х.Талгат “Үлээсэн шүү дээ би...” гэх зэргээр цагдаагийн албан хаагчийг үүргээ гүйцэтгэхэд дарамт үзүүлж, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь тодорхой ойлгомжтой бичигдсэн байгаа болно.

Мөн сахилгын хэрэгт авагдсан сиди бичлэгийн зарим хэсэгт казак хэлээр ярьсан байх бөгөөд шинжээч томилж тэдгээр казак хэлээр ярьсан хэсгийг орчуулуулсан.

Сахилгын хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд шүүгч Х.Талгат нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа түүнд та яагаад зогсохгүй байгаа юм бэ, би таныг гүүрэн дээр дээр зогс гэсэн. Алив нааш ир та. Машинаасаа буугаарай, хойшоо суугаарай. Явна шүү та гэхэд “Байж байгаараа, хүүе яагаад байгаа юм бэ, яагаад биед халдаад байна”, Би хэнийг мэдэх үү чи”, “Яах гээд байгаа юм бэ чи”, “Хэн зугтсан юм”, “Чи битгий өдөөд бай за юу. Би чиний албан тушаалыг мэднэ”, “Яах гээд байгаа юм бэ чи”, “Чи яах гээд өдөөд байгаа юм бэ. Чиний ажил энэ юм уу”, “Зүгээр бай за юу”, “Чи битгий өдөөд байгаарай”, “За яах юм тэгээд, одоо явлаа би, машины түлхүүр өг тэгээд болоо”, “Эрүүл байна би” гэх зэргээр албаны чиг үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасныг буюу “хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал ...зэргээр нь ...дарамт үзүүлэх” гэснийг зөрчсөн байж болзошгүй байна гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч Х.Талгат 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хариу тайлбартаа: ...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06....6 дугаар албан бичгээр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн танилцуулга, үүнд шүүгч Х.Талгат миний талаар дурдсан гомдол, мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар дараах тайлбарыг гаргаж байна.

...Х.Талгат миний бие 2008 онд "В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг жолооны дамжаанд суралцаж авсан бөгөөд 2012 оны 6 дугаар сард 1998 оны Тоёото хариер загварын тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод очиж Архангай аймгийн иргэнээс 12.600.000 төгрөгөөр худалдан авч, өөрийнхөө нэр дээр шилжүүлж, 6....6 БӨ. улсын дугаар авч одоо хүртэл уг тээврийн хэрэгслийг унаж байна.

Түүнээс хойш хугацаанд замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын цагдаа нар албаны үүргээ гүйцэтгэж байхад нь зогсоохоор аливаа шаардлагыг нь биелүүлж, шалгуулж ирсэн. Мөн өнөөдрийг хүртэл хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж байгаагүй.

... 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой ажлаас тараад Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуульд ирж хүүхдээ аваад гэртээ ирсэн. Оройн хоолоо идэж, буцаад ажил руугаа ирж шийдвэр бичээд 1 цаг гаруй сууж байхад эхнэр С.Б утасдаж "гэртээ ирэхгүй бол болохгүй, ээж чинь даралт нь ихсээд өвдөж байна, би сая эмийн сангаас эм авсан, мөн Оргил худалдааны төвөөс эд зүйл авч байна, замдаа намайг авч яваарай" гэхээр нь ажлаас гараад гэр лүү гээ ирж байхад Ховд голын гүүрний наад талын засмал замын уулзвар дээр замын цагдаа зогсож байсныг харсан. Би зүүн тийш эргэх дохио өгөөд шороон замд ороод гудамж дотор явж байхад эхнэр дахиж утасдаж "би чиний ард ирж байна шүү дээ, намайг хүлээж бай" гэхээр нь машинаа шороон замаас чөлөөлж зогсоод, машинаа унтраагаад дотор нь сууж байхад хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машин зогсоод цагдаа залуу /цагдаагийн ахлагч Н.А бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод машины түлхүүрийг гартаа авч, Цагдаагийн газар дагуулж очоод шалгана гэж хэлсэн. Тэгж байхад араас эхнэр маань ирээд машинд суугаад юу болсон талаар асуухаар нь "цагдаагийн албан хаагч одоо Цагдаагийн газарт дагуулан очиж шалгах гэж байна" гэж хариулсан.

Тэгээд би цагдаагийн ахлагч Н.А-ийн тавьсан шаардлагыг биелүүлж, машины түлхүүрээ өгч, өөрөө цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машины ард сууж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хашаанд ирсэн. Машинаас буугаад цагдаагийн ахлагч Н.А-ийн араас нь дагаж аймгийн Цагдаагийн газрын байранд орж ирээд доошоо бууж, Эрүүлжүүлэх, баривчлах байранд орж ирээд сандалд суугаад миний гарт согтуурлын хэмжээ шалгах драйгер өгөхөөр нь үлээгээд өгсөн. Тэгэхэд цагдаагийн ахлагч Н.А "Танд итгэхгүй байна, Та сэжигтэй байна" гэхээр нь би "Сайн дураараа цусны дээж өгч шалгуулъя" гэхэд "удирдлагад танилцуулна" гэж явсан. Цагдаагийн эрүүлжүүлэх, баривчлах байрны хаалгыг цоожлоод явсан байхаар нь тус байрны цагдаад учраа хэлж 1 дүгээр давхарт гарсан. Намайг гарч ирэхэд манай эхнэр хүлээж байсан ба Замын цагдаагийн тасгийн байцаагчийн өрөөнд орж ирэхэд "наанаа байж байгаарай, одоо ахлах байцаагч ирнэ" гэж хэлэхээр нь хүлээсэн. Дараа нь эхнэр С.Б-ыг дуудаж суулгасан.

Замын цагдаагийн ахлах байцаагчийг хүлээж байх хооронд би гар утсаар ээж рүүгээ залгаж, гэртээ очиж чадахгүй байгаа байдлаа хэлэх гэхэд утсаа аваагүй.

Тэр хооронд би гар утасны датаг нээж, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"-ыг олж аваад цагдаагийн ахлагч Н.А-д дөхөж очоод "Надаас архи согтууруулах ундаа үнэртэж байна уу, би энэ журмын дагуу сайн дураараа цусны дээж өгье" гэж хэлээд журмыг танилцуулах гэсэн боловч хүлээж авсангүй.Тус өрөөнд замын цагдаагийн дэслэгч Б.Е гэдэг залуу сууж байсан, мөн замын цагдаагийн байцаагч н.Т, н.Г нар орж ирээд буцаад гарсан.

Тэгээд хүлээж байхад замын цагдаагийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.М орж ирэхээр нь болсон явдлыг хэлсэн. Тэрээр надад шүүхийн машинаар яваа юм уу, согтуу юм уу гэхээр нь "өөрийнхөө машинаар яваа, журмын дагуу цусны дээж өгөөд шалгуулъя" гэхэд наанаа хүлээж бай, удирдлагад танилцуулна гэж өрөөнөөс гарч явсан.

Хэсэг хугацааны дараа цагдаагийн хошууч А.М дуудаж байна гэхээр нь өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороод "миний бие согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ журмын дагуу шалгуулъя, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад согтууруулах ундаа хэрэглэсэн маань тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулна, дээр нь та бүхэн энэ тухай албаны журмын дагуу Шүүхийн сахилгын хороонд мэдэгдэх үүрэгтэй" гэдгээ хэлээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсгийг танилцуулсан. Тэр өрөөнд анх ороход Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Е сууж байсан. Тамгын газрын дарга Б.Е-д болсон явдлыг хэлсэн. Цагдаагийн хошууч А.М надад өрөөнөөс гараад хүлээж бай гэхээр нь гараад байж байхад Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа П.Б ирээд намайг нөгөө өрөөнд дуудаж уулзсан. Дэд хурандаа П.Б-ийн дэргэд зогсож байгаад болсон асуудлыг үнэн зөвөөр хэлсэн. Цагдаагийн дэд хурандаа П.Б өөрөө намайг биечлэн ажиглаж харсан, хэлсэн үгийг минь сонссон. Тэр өрөөнд цагдаагийн хошууч А.М, Шүүхийн тамгын газрын дарга Б.Е нар байсан. Дэд хурандаа П.Б надад өрөөнөөс гараад хүлээж бай гэхээр нь өрөөнөөс гараад хэсэг хүлээсэн. Дараа нь П.Б гарч ирээд намайг дуудаж "явж болно" гэхэд "машинаа цагдаагийн хашаанд оруулсан, авч явах уу" гэхэд цагдаагийн ахлагч Н.А-г дуудаж машины түлхүүрийг өгөхөөр нь явсан болно. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа ирээд болсон явдлын талаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө-т танилцуулсан.

Тухайн үед Авлигатай тэмцэх газрын танилцуулгад дурдсан "би шүүгч учраас согтуурал хэмжих багаж үлээхгүй, та нар надтай оролдвол хохино шүү" гэсэн үгийг цагдаагийн ахлагч Н.А, цагдаагийн хошууч А.М, цагдаагийн дэд хурандаа П.Б нарт болон Замын цагдаагийн бусад албан хаагч нарт хэлж байгаагүй, хэн нэгэнд дарамт учруулаагүй.

Цагдаагийн байгууллагаас жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"-ын Хоёрдугаар бүлгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тогтоох бүрэн эрхтэй.

Миний хувьд тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодоогүй, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй, албаны нэрийг барьж хэн нэгнийг дарамтлаагүй, тухайн алба хаагч нарт "би шүүгч байна, шалгуулахгүй" гэсэн үг хэлж, үйлдэл гаргаагүй, харин ч сайн дураараа цусны дээжээ өгөөд шалгуулъя гэж хэлсэн.

АТГМШХ-ийн танилцуулгад "Баян-Өлгий аймгийн шүүхийн байгууллагын шударга бус, илт хууль бус шийдвэр гаргадаг" гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгатад сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

АТГМШХ-ээс ирүүлсэн мэдээлэлд “...шүүгч Х.Талгат согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагч нарт баригдаж цагдаагийн газар ирэхдээ  шүүгч учаас согтуурал хэмжих багаж үлээхгүй, та нар надтай оролдвол хохино шүү гэж албаны нэр хүндийг хууль бусаар ашиглаж ёс зүйгүй авирлаж, цагдаагийн албан хаагчийг дарамталсан...” гэх агуулга дурджээ. 

Шүүгч Х.Талгат 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн үед өөрийн автомашинаа жолоодон хөдөлгөөнд оролцож байх үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч зогсох дохио өгөхөд зогсолгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Иймд араас нь очиж тээврийн хэрэгслийг зогсооход тэрээр бичиг баримтаа гаргаж өгч шалгуулаагүй бөгөөд  замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж тодруулахаар аймгийн Цагдаагийн газарт хүргэж, согтолтын хэмжээг шалгах ажиллагаа явуулахад “...би шүүгч байна, драйгер үлээхгүй..” гэх зэргээр цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан хошууч А.М, тус тасгийн Цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.А, цагдаагийн ахлагч С.Б нарын тайлбар, мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Т-ын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2....1 дүгээр албан бичиг болон уг албан бичигт хавсарган ирүүлсэн тус цагдаагийн газрын теле хяналтын болон тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгээр тогтоогдож байна.

Тодруулбал, теле камерын бичлэгт цагдаагийн ахлах ахлагч Н.А согтуурал хэмжих багажийг үлээлгэхээр өгөхөд шүүгч 20 цаг 49 минут 32 секундэд холоос 1 удаа үлээгээд тоог нь хараад буцаан өгч байна. 20 цаг 49 минут 37 секундэд дахин холоос нэг удаа үлээгээд тоог нь хараад буцаан өгч байгаа нь бичигджээ. Улмаар цагдаагийн албан хаагч согтуурал хэмжих багажийг “та дахин үлээ” гэх шаардлага тавихад шүүгч 20 цаг 50 минут 20 секундэд “шалгуулахгүй явлаа”, 20 цаг 50 минут 28 секундэд “үлээхгүй, үлээхгүй за юу”, 20 цаг 50 минут 40 секундэд “үлээхгүй”, 20 цаг 50 минут 46 секундэд ”үлээхгүй”, 20 цаг 53 минут 18 секундэд “үлээхгүй би”, цагдаагийн албан хаагч “та энэ талд очиж үлээ” гэхэд шүүгч 20 цаг 53 минут 44 секундэд “үлээхгүй би”, 20 цаг 53 минут 56 секундэд цагдаагийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгчид хандан “үлээхгүй би зүгээр байна” гэж хэлж байгаа нь бичигджээ.

Мөн цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд хийсэн бичлэгт цагдаагийн ахлах ахлагч “таныг танихгүй байхгүй юу, одоо гаргаад явуулна” гэхэд шүүгч “Та нар ингэж болохгүй ш дээ, миний баривчлах шийдвэр гаргасан хүмүүс энэ дотор чинь явж байна” гээд бичлэгийн 20 цаг 54 минут 39 секундэд “П...” гэж, 50 цаг 54 минут 54 секундэд “П...-ууд” гэж хараалын үг хэлсэн байна.

Түүнчлэн цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт шүүгч Х.Талгат “би хэнийг мэдэх үү чи”, “чи битгий өдөөд бай за юу. Би чиний албан тушаалыг мэднэ. Намайг авчирсан чи, хүргэж өг. Тэгээд болоо” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Т  2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2....1 дүгээр албан бичигтээ “...Цагдаагийн албан хаагчдын зүгээс согтолтын хувь хэмжээг тогтоох зорилгоор драйгер багажийг үлээх шаардлага тавихад “...би шүүгч хүн, та нар шүүгчийн халдашгүй байдалд халдахгүй байх, шүүгч Х.Талгатын асуудлаар маргааш албан бичгээр хариу мэдэгдэх талаар хэлээд иргэн Х.Талгатыг, тээврийн хэрэгслийн хамт авч явсан ба өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй байна...” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн дэд хурандаа П.Б-ийн тайлбарт “...Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.М, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.А нар утсаар мэдэгдэхдээ шүүгч Х.Талгат архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байсныг Цагдаагийн газар авчирсан ба согтуурал хэмжих багажаар өөрийнхөө согтолтыг хэмжүүлэхгүй байна гэсэн, Тухайн нөхцөл байдлыг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Ө.Т-д утсаар танилцуулж, ажил дээр очиход шүүгч Х.Талгат замын цагдаагийн ахлах зохицуулагчийн өрөөнд байсан. Мөн аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Е гэх хүн хамт байсан бөгөөд шүүгчийг Б.Е авч явсан. ...шүүгч Х.Талгат нь ...шүүгчийн эрхэнд та нар халдах ёсгүй гэх үг хэлээд явсан болно” гэжээ.

Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад гэрч Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.М “...тасгийн дарга П.Б яриад Х.Талгат гэх шүүгч ажил дээр байгаа юм байна, очоод нөхцөл байдлыг танилцуулаадах гэсэн. Яваад очтол ...эхнэртэйгээ байсан. ...яагаад драйгер үлээхгүй байгаа талаар асуухад шүүгчийн халдашгүй байдалд та нар халдахгүй, та нарт тийм эрх байхгүй, та нар миний хэн гэдгийг мэднэ шүү дээ, шүүгчийн биед халдаад байна гэх зэргээр хэлсэн. Над руу ерөнхийдөө дайрсан хандлагатай ярьж байсан. Мөн чамайг мэднэ шүү дээ гэх зэргээр дайрч байсан...” гэх,

Гэрч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч К.Н “...би архи уугаагүй, сая драйгер үлээсэн, ахиж үлээхгүй. Би шүүгч хүн байна. Цагдаа нар миний шүүгчийн халдашгүй эрхэнд халдаж байна гэж хэлээд эсэргүүцээд байсан. ...манай өрөөнд ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.М орж ирээд та яагаад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна вэ гэхэд би шүүгч хүн байна. Та нар шүүгчийн эрхэнд халдаж байна гэсэн. ...Х.Талгатаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, сая драйгер үлээсэн дахиж үлээхгүй, Драйгер багаж үлээлгэж шалгуулаагүй зэргээр эсэргүүцээд байсан” гэх,

Гэрч Н.А “...Цагдаагийн газар авч ирээд эрүүлжүүлэх байрны камертай өрөөнд шинэ хошуу задлаад драйгер багаж үлээлгэх гэхэд холоос үлээсэн дүр үзүүлсэн. Тэгэхэд нь амандаа ойртуулж үлээх ёстой гэсэн шаардлага тавихад биелүүлээгүй, би одоо үлээхгүй гэж хэлээд дахиж үлээх оролдлого хийгээгүй...” гэх, 

Гэрч С.Б “...архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан. Цагдаагийн хошууч А.М орж ирээд та яагаад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ, үлээгээд явчхаж болдоггүй юм уу гэхэд Х.Талгат би үлээхгүй, чи яасан том болчихсон юм бэ гэж байсан. Би шүүгч байна. Та нар шүүгчийн эрхэнд халдаж байна. Би чамайг урьд нь ямар байсныг мэднэ шүү гэх мэт зүйл хэлж байсан....” гэх мэдүүлэг өгчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага нь  замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, мөн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох эрхтэй бөгөөд иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба хуулийн 50.1.37-д албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг, ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг  хориглосон.

Холбогдох шүүгч нь 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 20 цагийн үед албан үүргээ гүйцэтгээгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох ажиллагаа явуулахад өөрийгөө “...шүүгч” гэж хэлсэн нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтаар тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагын шалгах ажиллагааны явцад Х.Талгат шүүгч гэж хэлсэн нь өөртөө давуу байдал бий болгох зорилготой тул шүүгчийн үнэмлэх, тэмдгээ үзүүлсэнтэй адилтган үзэх үндэслэлтэй.  Өөрөөр хэлбэл, шүүгчийн үнэмлэх, тэмдгээ ашиглаагүй боловч шүүгч гэдгээрээ цагдаагийн албан хаагчдын хууль, журмын дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, өөрийн гаргасан зөрчилдөө хуульд заасан хариуцлага хүлээхгүй байх зорилгоор өөртөө давуу байдал бий болгох зорилготой, хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д заасан  “хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал зэргээр дарамт үзүүлэх” гэдэгт хамаарахгүй тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтээс сахилгын зөрчил гаргасан талаар дүгнэснийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.37-д заасан зөрчил гаргасанд тооцон үндэслэлийг өөрчилж, тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан холбогдох шүүгчид “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.37, 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгатад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

3. Энэхүү магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                       ГИШҮҮД                                           Д.АРИУНТУЯА

                                                                               Г.ЦАГААНЦООЖ