info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-12

Дугаар 181

Улаанбаатар хот

    Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, ажиглагч Ш.Э , нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.М , ... шүүхийн шүүгч А.С нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...өргөдөлд дурдсан асуудлаар шүүгч Б.М д сахилгын хэрэг үүсгэн шалгаад Шүүхийн сахилгын хорооны 2022.02.24-ний өдрийн 89 дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр байна. Шүүгч А.С хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хуулийн зохицуулалтыг зүйлийг зөрчөөгүй, Ш.Э г ялгаварлан гадуурхаж өөртөө болон бусдад давуу эрх олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

Шүүгч Б.М  тайлбартаа “...Шүүхийн тухай хууль болон тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар оролцоогүй, ...хэрэг, нэхэмжлэл хуваарилах, нэгдсэн системд тойргийн дарааллаар шүүгчийн нэрс байршуулах үйл ажиллагаанд шүүгч оролцдоггүй” гэжээ.

Шүүгч А.С тайлбартаа “...... шүүхийн шүүгчийн 2021.11.08-ний өдрийн 8771 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг хэргийн хөдөлгөөний системээс хуваарилагдсан дагуу хүлээн авч, давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэн танилцуулсан ба 2022.02.1-ний өдрийн 136 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ шүүгчид хориглосон Шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дугаар зүйлийг зөрчсөн үйлдлийг гаргаагүй болно...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ НЬ:

Ш.Э  өргөдөлдөө “...шүүгч Б.М  нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авсан, давж заалдах гомдлыг авч, шүүгч А.С д хуваарилуулсан, шүүгч А.С давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлгүй гомдлыг хүлээн авч, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг Б ын ажил олгогч, хариуцагч улсын байцаагчид мэдээлсэн, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж, өөртөө болон бусдад давуу эрх олгож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан ...” гэх агуулга дурджээ.

  1. Шүүгч Б.М-ийн талаар:

“Б ” УТҮГ нь МХЕГ-ын улсын байцаагч З.М д холбогдуулан 2020.04.09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан, ... шүүхийн шүүгч Б.М  нэхэмжлэлийг хүлээн авч 2020.11.04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба энэхүү хэрэгт Ш.Э  гуравдагч этгээдээр оролцжээ.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1371 дүгээр тогтоолоор уг хэрэг шүүгч Х.Н т шилжсэн боловч тэрээр жирэмсний болон амаржсаны амралт эдлэх болсон үндэслэлээр шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0328 дугаар тогтоолоор шүүгч А.Н т шилжсэн, гуравдагч этгээдийн “...шүүгчээс татгалзах” хүсэлтийг ерөнхий шүүгчийн захирамжаар хангасан тул хэрэг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Б.М д хуваарилагдсан байна.

... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 8771 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “Б ” УТҮГ гомдол гаргажээ.

Ш.Э  дурдсан асуудлаар өмнө нь өргөдөл гаргасан, шүүгч Б.М д сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сахилгын хэргийг хянан хэлэлцээд “...шүүгч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, ...дахин гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, ...нэхэмжлэл болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021.11.08-ний өдрийн шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй тул энэ нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй...” гэж үзэж, 89 дүгээр магадлалаар түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2.-т “давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана” гэж заасан ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд шүүгч Б.М д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хэргийн баримтад үндэслэгдсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

  1. Шүүгч А.С ийн талаар:

... шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8771 дүгээр захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  гомдол гаргасныг тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, хэрэг шүүгч А.С д хуваарилагдсан байна.

Шүүгч хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 8 удаа хойшлогджээ.

... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 136 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8771 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч давж заалдах гомдол гарсан хэргийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.-т заасан хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан, шүүх хуралдаан хойшлогдсонд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг 50.1-т нэрлэн заасан.

Шүүгч Б.М  гомдлыг хүлээн авсан, шүүгч А.С давж заалдах гомдолтой хэргийг тогтоосон журмын дагуу хүлээн авч, шүүх хуралдаанд илтгэж танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг  зөрчөөгүй бөгөөд шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасанд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Б.М , ... шүүхийн шүүгч А.С нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                         Ц.ДАВХАРБАЯР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН