МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 25
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Иргэн А.З-ийн гаргасан гомдлоор шүүгч А.М-д Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн А.З- гомдолдоо: "Миний бие А.З- нь П.Э-гийн өмгөөлөгч бөгөөд ...шатны шүүхийн шүүгч А.М-ын 2021.11.09-ний өдрийн ...захирамжтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн үйлдэл гаргах" заасан зөрчил гаргасан үндэслэлээр дараах гомдол гаргаж байна... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд П.Э-т холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагаас сэжигтэн, яллагдагчаар татсан зүйлгүй байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.04.06-ны өдрийн 5/390 дугаар хариу мэдэгдэх хуудаст П.Э- нь хэргийн оролцогч биш, зөвхөн гэрчийн хувьд мэдүүлэг өгсөн талаар тодорхойлжээ. Гэтэл шүүгч А.М- эрүүгийн хэргийн гэрчийг хэрэгт холбогдогч буюу сэжигтэн, яллагдагч мэтээр ойлгож, гэрчид холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мэтээр эрүүгийн хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэснээс гадна ажил олгогчийн тушаалын үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх хөдөлмөрийн маргааныг "О" ХХК-иас эд зүйл хулгайлсан этгээдийг олж тогтоохоос нааш шийдвэрлэх боломжгүй гэж илт үндэслэлгүй захирамж гаргасан... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, гэрчид холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг гэж хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн нь шүүгчийн ёс зүйд эргэлзэхэд хүргэж байна.
Шүүгчийн энэхүү хууль бус шийдвэрээс шалтгаалан 2020.08.31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл шийдэгдэхгүй удаашрахад хүрч, ажилтан хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч байх тул холбогдох журмын дагуу шалгаж, хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Шүүгч А.М- тайлбартаа: "...Шүүх хуралдаанд хариуцагч тал 2020.09.18-ний өдрийн мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 202900192 дугаартай тогтоолыг шүүхэд өгсөн. Уг тогтоолын олсон нь хэсэгт: "тус компанийн дотоод аудитын шалгалтаар Механикийн засвар үйлчилгээний менежер П.Э- нь 2017-2019 оны хооронд 231,589,907 төгрөгийг бараа захиалан хувьдаа завшсан гэх гомдол мэдээлэлд нотлох баримт цуглуулах, гэрч нараас мэдүүлэг авах, хэргийг шийдвэрлэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж," гэх үндэслэл заасан. П.Э-ийн нэхэмжлэлтэй "О" ХХК-д холбогдох маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж шүүх үзсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан..." гэжээ.
Гишүүн Б.Сугар 2022.01.06-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Шүүгч захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжид гаргасан гомдлыг хянасан шүүхийн тогтоол гарсан байх ба энэхүү ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, тодруулбал шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох асуудал нь Шүүхийн сахилгын хороонд хамааралгүй болно.
Иймд ...шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
...шатны шүүхийн шүүгчийн 2021.11.09-ний өдрийн 12775 дугаар захирамжаар П.Э-ийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...П.Э-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгаж байгаа учир шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэж үзжээ.
Дээрх захирамжид гаргасан гомдлыг ...шатны шүүх хэлэлцээд 2021.11.25-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээхдээ “2020.09.18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор, П.Э-т холбогдуулан 2017-2019 оны хооронд 231589907 төгрөгийн бараа захиалж хувьдаа завшсан гэх “О” ХХК-ийн гомдолд 202900192 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, Нийслэлийн прокурорын 2021.04.05- ны өдрийн хүсэлтийн хариу 5/390 тоотоор хэрэг шалгах ажиллагаа явагдаж байгаа нь нотлогдож, энэ хэрэг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтыг эрүүгийн шугамаар шалгаж байна. Иймд уг ажиллагааг дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" гэж заасан бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т "энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасан.
Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр болно.
Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар дүгнэлт хийх, өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй бөгөөд шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Сахилгын хорооны гишүүний шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал хэргийн баримтад үндэслэгдсэн байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ