МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-28
Дугаар 171
Улаанбаатар хот
2022.04.28 171 дугаартай
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Я.М сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...“Т т" ХХК-ийн захирал О.У нь миний хамгийн бага ачийн эх, манай бэр юмаа. “Т т” ХХК нь 2019 оны 08-р сарын 15-нд “Н м” ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн захиалагчтайгаа байгуулсан явган хүний зам шинэчлэлийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Тэгэхдээ давхар гүйцэтгэгчээр иргэн Б тай гэрээ байгуулж ажилласан юм. Гэрээт ажлаа дуусгаад захиалагчид хүлээлгэн өгөхөд “Н м” ХХК, “Т т” ХХК иргэн Б нарын гэрээнд тусгагдсан талбайд зөрүү гарч энэхүү шүүхээр шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн юм. “Н м” ХХК, “Т т” ХХК-тай байгуулсан гэрээндээ 1500м2 талбайн ажлыг м2-ыг нь 10.000 төгрөгөөр, “Т т” ХХК нь иргэн н.Б тай байгуулсан гэрээндээ 1500м2 талбайн ажлыг м2-ыг нь 8.000 төгрөгөөр хийхээр тус тус тусгасан гэрээ байгуулсан юм. Гэрээт ажлууд дуусаад захиалагчид хүлээлгэн өгөхөд илүү талбайн ажил гүйцэтгэсэн болохыг иргэн Т.Б мэдэж асуудал яригдахад “Н м” ХХК нь талбай 2093м2 байсныг 1500м2 гэж илүү талбайгаа нууж байсан нь илэрч шинжээч томилуулахад хүрч шинжээч н.С ийн гаргасан дүгнэлтээр 2143.84 м2 болж иргэн н.Б шүүхэд хандсан юм. Гэрээнээс илүү гарсан талбайн хөлс 6359280 төгрөгийг иргэн н.Б д гаргаж өгөх шийдвэрийг шүүгч Б.Б 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 980 тоот шийдвэр гаргаж “Т т” ХХК-ийг их хэмжээний төлбөр төлөхөд хүргэсэн юм. ШШГА-аас “Т т” ХХК-д гүйцэтгэх ажиллагаа явуулах мэдэгдэл удаа дараа ирж байгууллагын болон хувийн дансыг, тэр ч байтугай хөхүүл хүүхдийн мөнгө авдаг дансыг хааж байснаас гадна иргэн н.Б мөнгө нэхэж янз бүрээр дарамталсаар 1.6 жил болж байна. Энэ хугацаанд “Т т” ХХК иргэн н.Б д мөнгө өгөх боломжгүй, “Н м” ХХК-аас мөнгө аваагүй, өөрийн ашгаа ч аваагүй байж (иргэн Б дундаас нь манай ашгийг авчихсан юм билээ..) гэх үндэслэлээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар давж заалдах шатны шүүхийн 18 тоот магадлалаар "шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь учир дутагдалтай байна...гэснээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирээд даруй жил болж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие иргэн Б гаас ирж байгаа янз бүрийн бүдүүлэг гэмээр дарамт, ШШГА-ны мэдэгдлүүдийг танилцуулж энэ хэргийн шийдвэрийг түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан боловч хариу аваагүй учир шүүхийн тамгын газар бичгээр хүсэлт тавьж хариу авч байсан. Би шүүгчтэй болон тамгын газрын даргатай уулзаж байгаагүй, утсаар ч яриагүй зөвхөн туслахаар нь болон нарийн бичгийн даргаар нь дамжуулан дандаа бичгээр харьцаж байсан нь хавтаст хэрэгт байгаа. Удаан хүлээсэн шүүх хурал шинжээч н.Чинтуяагийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 09 цагт зарлагдсан боловч шүүгч ШЕЗ-д нөлөөлж мэдүүлэг гаргаж татгалзан гаргасан учир хойшилсон билээ. Уг татгалзалдаа шүүгч Б.Б “...тодорхой ажилгүй Я.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өдөр болгон шахуу ирж шүүгчийн туслахад шүүгчдээ дамжуулаарай гэж янз бүрийн үг хэлэх, туслахаар шүүгчид хандсан элдэв бичиг өгүүлж хариу нэхэж, хэргийг миний талд шийдэхгүй бол сахилгын хороонд хандана” гэж дарамт үзүүлсэн. Энэ бүхнийг шүүхийн Тамгын газрын дарга М.Г, шүүгчийн туслах О.О , Б.С нар гэрчилнэ гэжээ. Шүүгчийн гаргасан энэ татгалзлыг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцээд ерөнхий шүүгч Б.Б гийн татгалзлыг хангахаас татгалзсан юм билээ. Ингээд шүүх хурал 2022 оны 02 дугаар сарын 21-ний 14.00 цагаас эхлэх гэсэн боловч хариуцагч “Н м” ХХК-ийн төлөөллүүд шүүгч Б.Б гийн башир үгэнд дөрөөлж шүүгчээс татгалзсанаас болж хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Энэ бүхнээс болж “Т т” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М миний бие дахин дарамтад орж “...орон байр байдаг юм бол барьцаанд тавьж мөнгө олж өг, юмаа зарж мөнгө олж өг,... би ажилгүй болсон мөнгө хэрэгтэй байна...” гэх дарамтууд дахин эхэллээ. Энэ бүхэн шийдэгдэхгүй удсанаас болж миний хүсэлт тайлбарууд шүүгчид болон шүүх хуралд нөлөөлсөн болж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг өөрийн талд гаргуулах гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад шүүгчийн татгалзалдаа бичсэн тайлбарт гомдолтой байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт удааж үүнд нь хүсэлт тавихад дургүйцэн хэрэгт оролцогч иргэн Я.М шүүгчид нөлөөлсөн мэтээр гүтгэж үүнээс улбаалан хэрэг дахин сунжрахад хүрч байгаа нь шүүгч Б.Б гийн ажилдаа хариуцлагагүй ханддаг ёс зүйгүй үйлдэл тул зохих арга хэмжээ авч хариу өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...... шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01383 дугаар шийдвэртэй, ... аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалтай “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-нд холбогдох Барилгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9,539,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Дээрх хэрэг нь хэрэг хуваарилах журмын дагуу шүүгч Б.Б над дээр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хуваарилагдсан байна. Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М , түүний өмгөөлөгч Р.Н нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/Ш32021/01924 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар ... аймгийн Барилгачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын мэргэшсэн төсөвчин, мэргэшсэн инженер Б.Тунгалагтуяа, “Орхон” ТӨХК-ын ерөнхий инженер Т.Чинтуяа нарыг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/Ш32022/00317 дугаартай захирамжаар сэргээсэн байна. ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч Б.Б миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргасан гэдэг үндэслэлээр нөлөөллийн мэдүүлэг бичсэн тухай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан. ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор ерөнхий шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан. ...Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М нар шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулсан. ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/Ш32022/01490 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлосон, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүгчээс татгалзсан. ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаартай тогтоолоор ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хуваарилах журмын дагуу дээрх хэрэг тус шүүхийн шүүгч Л.А хуваарилагдсан. Шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай 142/Ш32022/01734 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Харин иргэн Я.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзээтэй, шинжээчийн дүгнэлт ирээгүй байхад шүүгчийн туслахаар дамжуулан амаар болон бичгээр хэргийн хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж сахилгын хороонд бичнэ, арга хэмжээ авна гэж сүрдүүлж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байсан тул хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг бичсэн болно. Сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний тогтоолд үндэслэлийн талаар тодорхой дурдсан байсан тул энэ талаар ямар нэгэн тайлбар хийх шаардлагагүй байх гэж үзэж байна. Харин нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөнтэй холбоотойгоор шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж арга хэмжээ авхуулах гэж байгаад гомдолтой байна. Асуудлыг тал бүрээс нь нягтлан үзсэний үндсэн дээр хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...... шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 01619 дугаар захирамжаар Т.Б гийн нэхэмжлэлтэй “Т т” ХХК-д холбогдох 6,359,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. ... шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00980 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д заасныг баримтлан “Т т” ХХК-аас 6,359,280 төгрөг гаргуулан Т.Б д олгохоор шийдвэрлэсэн байна. ... шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00980 дугаар шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, тус гомдол хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. ... шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 04384 дугаар захирамжаар “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох 9,539,100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. ... шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01383 дугаар шийдвэрээр хариуцагч “Н м” ХХК-аас 2,842,720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т т” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.696.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус 01383 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М , хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нараас гаргасан давж заалдах гомдлыг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянаад 18 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 01383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 2021.03.09-ний өдөр шүүгч Б.Б дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхээс буцаасан “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох 9,539,100 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байх ба 2021.03.10-ны өдөр “Хүсэлт гаргаагүйд тооцох тухай” 01155, 2021.03.16-ны өдөр “Хүсэлт шийдвэрлэх тухай” 01235 дугаар захирамжуудыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэний хэргийн хугацаа сунгах тухай” 76 дугаар тогтоолоор “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол ... давж заалдах ... шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус хуульчлан зааж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааг зохицуулсны дагуу тус хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байна. Нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М нар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21/20 тоот албан бичгээр нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, нэр бүхий иргэдийг гэрчээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасныг шүүгч Б.Б хүлээн авч хянаад, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 01924 дугаар захирамжаар холбогдох баримтыг гаргуулах, мөн шинжээчээр ... аймгийн Барилгачидын холбооний тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын мэргэшсэн төсөвчин, мэргэшсэн инженер Б.Т, “О” АЗЗА ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Ч нарыг тус тус томилж, дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, шинжээчийн дүгнэлт иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болох нь сахилгын хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Дээрх шүүгчийн захирамжид заасан шинжээчийн дүгнэлт гаргуулж ирэх хугацаа дууссан байх тул шинжээчийн дүгнэлтээ яаралтай гарган ирүүлэхийг шүүгч албан бичгээр шаардаж байсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М аас шүүхэд болон шүүхийн Тамгын газарт хандаж удаа дараа тайлбар гаргаж, хүсэлт хүргүүлж байсан ба ... аймаг дахь Шүүхийн тамгын газар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 400 дугаар албан бичгээр түүний хүсэлтэд хариу өгч байжээ. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч дүгнэлтээ гаргаж, уг дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн тул шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” 00317 дугаар захирамжаар “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 00465 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлон зарлажээ. Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сэргээж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр товлон зарлажээ. Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаанд багтааж шүүх хуралдааныг товлон зарласан байх бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай, хууль бусаар сунжруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хуульд заасан хугацаанд багтааж шүүх хуралдааныг товлон зарлаж хуралдуулахаар шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шинжээч дүгнэлт гаргаж ирүүлэх нь шүүгчээс хамааралгүй ба шинжээч хараат бусаар мэргэжлийн дүгнэлтээ гаргаж ирүүлэх үүрэгтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт хэзээ, хэрхэн, яаж гарах, түүнийгээ шүүхэд ирүүлэх нь шүүгч болон хэргийн оролцогчдын хүсэл зоригоос үл шалтгаална. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн, татгалзал гаргасан тул шүүх хуралдаан хойшилжээ. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эсэх асуудал нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд шүүгч өөрт нь нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэдийд ч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрхтэй төдийгүй үүрэгтэй бөгөөд нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн асуудал нь Шүүхийн сахилгын хорооны харьяаллын бус асуудал юм. Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн асуудал нь шүүгч болон хэргийн оролцогчидтой холбоотой ба шалгах, шийдвэрлэх ажиллагаа нь тус сахилгын хороонд хамааралгүй, нөлөөлсөн гэж гүтгэсэн гэх гомдол нь Шүүхийн сахилгын хорооны харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй, харьяаллын бус асуудал болохыг дахин тухайлан тайлбарлах нь зүйтэй байна. Учир нь гүтгэсэн эсэхийг тогтоох эрх хэмжээг хуулиар тус хороонд олгоогүй. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүгч Б.Б гээс татгалзсан байх бөгөөд ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр уг татгалзлыг хүлээн авч хангаж шийдвэрлэжээ. Иймд ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн шүүгч Б.Б нь ... шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00980 дугаар шийдвэрээр хариуцагч “Т т” ХХК-аас 6,359,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б д олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор, мөн “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэт удаашруулж, энэ талаар хүсэлт тавихад дургүйцэн иргэн Я.М шүүгчид нөлөөлсөн мэтээр гүтгэж нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн, үүнээс улбаалан хэрэг дахин сунжрахад хүрч байгаа” гэх үндэслэлээр “Т т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М гомдол гаргажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул ... шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00980 дугаар шийдвэрийг гаргасан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй.
Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ, 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заасан бөгөөд “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н м” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амаар болон бичгээр гаргасан хүсэлтийг нөлөөлөлд тооцон нөлөөллийн мэдүүлэг хөтлөн тухайн хэрэг маргаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан шүүгчийн үйл ажиллагааг зөрчил гаргасан гэж үзэхгүй, нөлөөлөл мөн эсэхийг сахилгын хороо хянан шийдвэрлэх чиг үүрэггүй.
Энэ талаар болон шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай, хууль бусаар сунжруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН