МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 24
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн С.Энхтөр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийв.
... аймгийн Засаг дарга Н.Н-аас гаргасан өргөдлийн дагуу шүүгч С.О-т Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
... аймгийн Засаг дарга Н.Н- нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.05.15- ны өдөр гаргасан өргөдөлдөө “...шүүгч С.О- ямар нэг шийдвэр гаргалгүйгээр 2020.05.14-ний өдөр товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020.05.12-ны өдрийн 17.30 цаг болгон өөрчилж, тайлбар нотлох баримт гаргах боломжийг хязгаарласан, мөн өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргаж, хэт нэг талыг баримталсан, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т заасныг зөрчсөн тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгч С.О- тайлбартаа “...хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг маргаан бүхий захиргааны актад холбогдох газрын дуудлага худалдаанаас өмнө хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн, ...холбогдох баримтыг судалж үзээд хойшлуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд хүсэлтийг хангасан, ...гомдол гаргагч нь захиргааны хэргийн хариуцагч бөгөөд өөрийгөө төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Б.Бт олгосон, тэрээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, тайлбар гаргасан. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг мөн өдөрт нь хэргийн оролцогчдод гардуулж, хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэжээ.
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О- нь 2020.04.22-ны өдрийн захирамжаар ... аймгийн Засаг даргад холбогдох 2019 оны А/1184 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий “А корпораци” ХХК-ийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,-т энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан, шүүгчийн 2020.05.12-ны өдрийн 0091 дүгээр захирамжаар дээрх захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхдээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага нь маргаан бүхий газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх эрх олгохоос урьдчилан сэргийлэх, хүн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэхгүй байх үүднээс...” гэсэн үндэслэл дурдсан ба шүүгчийн захирамжийг мөн өдөр хариуцагчийн төлөөлөгчид гардуулж, энэ тухай баримт үйлджээ.
... давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхдээ “...нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт дуудлага худалдаа зохион байгуулагдах болсон тул урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ...2020.05.12-ний өдрийн 17.30 цагт хийхээр хугацааг өөрчлөн, товлож, хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн байна, ...тэрээр урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон, тайлбар гаргасан байна...” гэж дүгнэжээ.
Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хянал тавих үүрэгтэй” гэжээ.
Шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрхгүй болно." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... аймаг дахь ... шүүхийн шүүгч С.О- нь 2020.04.22-ны өдрийн захирамжаар ... аймгийн Засаг даргад холбогдох 2019 оны А/1184 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий “А корпораци” ХХК-ийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгч захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020.05.14 өдөр хийхээр товлосон байсныг 2020.05.12-ны өдөр болгон өөрчилж, нэхэмжлэгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг, шүүгчийн 2020.05.12-ны өдрийн 0091 дүгээр захирамжаар хангаж, захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхдээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага нь маргаан бүхий газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх эрх олгохоос урьдчилан сэргийлэх, хүн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэхгүй байх үүднээс...” гэсэн үндэслэл дурдсан ба шүүгчийн захирамжийг мөн өдөр хариуцагчийн төлөөлөгчид гардуулж, энэ тухай баримт үйлдсэн байна.
Дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б оролцож “Би ч гэсэн хурдхан шиг урьдчилсан хэлэлцүүлгийг дуудлага худалдаанаас өмнө болоосой гэж бодож байсан. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Маргааш өглөө дуудлага худалдаа зохион байгуулагдаж, явагдах гэж байгаа юм байна. Маргаан бүхий 45000 м.кв газрыг 8 хэсэг болгоод дуудлага худалдаа явуулах гэж байгаа юм байна. Ийм учраас эцэс төгсгөлгүй маргаан болчихвий гэдэг үүднээс наана нь шийдүүлчихье. Тэгэхээр энэ түдгэлзүүлэх хүсэлтийг нь дэмжиж байна” гэж хэлжээ.
Уг захирамжид гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор “...нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт дуудлага худалдаа зохион байгуулагдах болсон тул урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ...2020.05.12-ний өдрийн 17.30 цагт хийхээр хугацааг өөрчлөн, товлож, хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн байна, ...тэрээр урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон, тайлбар гаргасан байна...” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Түүнчлэн ... аймаг дахь ... шүүхийн 2020.07.09- ний өдрийн 0020 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "А" ХХК-ийн "... аймгийн Засаг даргын 2019.11.13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн "А" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "... аймгийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн А/335 дугаар захирамжаар зарлагдсан Д сумын 3 дугаар баг, 24 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах газарт буюу нийт 8 байршилд явагдсан газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталжээ.
Уг шийдвэрийг ... давж заалдах шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 548 дугаар магадлалаар хянаад нэхэмжлэгч "А" ХХК-ийн "... аймгийн Засаг даргын 2019.11.13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн "А" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчилж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020.12.16-ны өдрийн 675 дугаар захирамжаар уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн ... аймаг дахь ... шүүхийн шүүгч С.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч С.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД С.ЭНХТӨР
Х.ХАШБААТАР