МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-04
Дугаар 173
Улаанбаатар хот
2022 05 04 173
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
“И х ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С ын ... аймаг дахь ... шүүхийн шүүгч Д.С д холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу түүнд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “И х ц” ХХК-ийн захирал Н.С ын өргөдөлд дурдсан “...шүүгч Д.С нь одоо гэр бүлийн хамт амьдарч буй орон сууцыг хямд үнээр авах зорилгоор өөрт давуу байдал олж авахын тулд зориудаар Т.Г д 5.700.000 төгрөгийг шан харамж болгон өгсний үндсэн дээр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Т.Г гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг олгосон...” гэх зөрчлийн тухайд гэрээ байгуулсан цаг хугацаа 2015 онд байх тул Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэх бол “...шүүгч Д.С нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд албан тушаалын давуу байдлаа ашигласан, өөрийн хувийн эдийн засгийн ашиг сонирхлын төлөө шүүгч Д.А т хууль бусаар нөлөөлсөн...” гэх зөрчлийн тухайд шийтгэх тогтоол гарсан цаг хугацаа 2021 оны 11 дүгээр сард байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн (2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон) 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгч Д.С нь дээрх хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй байна.
Тодруулбал,сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Д.С ийн нөхөр Д.М нь 2015 оны 03 дугаар сард “И х ц” ХХК-тай ... аймгийн ... хотын орон сууцны 7А хороололд “Е э т” төслийн хүрээнд баригдах орон сууцны 3 дугаар байрны 303 тоот 64,9 м.кв байрыг 1 м.кв-ыг 1.452.000 төгрөг буюу 94.234.800 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож “Орон сууц захиалан бариулах тухай” 42 дугаартай гэрээг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн огноотой байгуулсан, борлуулалтын үнэ 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр тогтоогдсон орон сууцыг “Э ү” ТӨҮГ-ын ажилчдад борлуулдаг 1.452.000 төгрөгөөр худалдан авахаар өөр огноотой гэрээ байгуулсан шалтгаан нь Б.Г гэх хүн захиалсан байраа авах боломжгүй болсон учраас тухайн хүний нэрээр байгуулагдсан гэрээг Д.М болгож өөрчилсөн, орон сууцны үнэд 5.700.000 төгрөгийг “И х ц” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г бэлнээр өгч үлдэгдэл төлбөрийг банкны зээл авч төлсөн, ийнхүү Д.М г “Э ү” ТӨҮГ-ын ажилтан Б.Г ийн захиалсан байранд оруулж, зөрүү мөнгийг Б.Г т өгнө гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх Т.Г гийн үйлдэл эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Г г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/08 дугаар магадлалаар “...шүүгдэгч нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М , ...нд “Э ү” ТӨҮГ-ын ажилчдад орон сууц худалдан борлуулах хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан борлуулж, гэрээ байгуулан өөртөө болон бусдад давуу байдал тогтоосон үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх ...хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү “И х ц” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г г өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М д “Э ү” ТӨҮГ-ын ажилчдад орон сууц худалдан борлуулах хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан борлуулж, гэрээ байгуулан өөртөө болон бусдад давуу байдал тогтоосон үйл баримт давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байхад шүүгч Д.С ийг шүүгчийн бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн амьдарч буй орон сууцаа хямд үнээр авсан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, шүүгч Д.С нь шүүгчийн албан тушаалын нэр хүндийг ашиглан хөнгөлөлттэй үнээр орон сууц аваагүй нь эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Б.Г , Х.Б , яллагдагч Т.Г нарын мэдүүлгээр нотлогджээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно” гэж заасныг хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүргээ хувийн ашиг сонирхлоо хангахад ашигласан, шүүгчийн албан тушаалын нэр хүндийг ашиглаж хангамж эдэлсэн тохиолдлыг хамааруулан ойлгож зөрчилд тооцох бөгөөд шүүгч Д.С нь “шүүгч” нэрийг ашиглаж хөнгөлөлт эдэлсэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч Д.А нь шүүгдэгч Т.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, хууль тайлбарлан хэрэглэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаардаг бөгөөд ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэг байранд хамт ажилладаг шүүгч Д.С нөлөөлсөн байх магадлалтай гэж таамгаар дүгнэх боломжгүй.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.23, 50.1.37-д заасныг зөрчөөгүй” гэжээ.
Шүүгч Д.С Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Дээрх гомдол нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагч Н.С нь шүүгчид нөлөөлсөн гэж үзэж байгаа бол энэ байдлаа нэгдүгээрт нотлох ёстой гэж үзэж байна. Шүүгч нь аливаа нөлөөллөөс ангид байж, өөрт хуваарилагдсан хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нөхөр Д.М болон миний зүгээс гомдол гаргагч Н.С ын бичсэнчлэн “...шүүгч Д.А т нөлөөлсөн...” бол шүүгч Д.А нь ядаж л Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “Нөлөөллийн мэдүүлэг” хөтлөх арга хэмжээг авах байсан. ... аймагт бие даасан 5 өөр шүүхүүд 1 байранд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шүүгч Д.А нь ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг, харин миний бие ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг өөр, өөр шүүхийн шүүгчид төдийгүй хуулиар хүлээлгэсэн зарчмын хүрээнд ажилладаг, тааралдвал мэндэлдэг.
...Шүүгч Д.С би шүүхийн байгууллагад 20 жил ажиллаж байгаагаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр 16 жил тасралтгүй ажиллаж байгаа, Хөвсгөл аймгаас ... аймагт 2012 онд шилжин ирсэн. Энэ хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, Шүүхийн байгууллагын нэр хүндийг ямагт эрхэмлэн хуулийн дагуу ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа бусад шүүгч нарт нөлөөллийн байдлыг нэг ч удаа гаргаж байгаагүй, зөв төлөвшилтэй, зөв үлгэрлэж ажиллахыг эрмэлздэг жирийн нэгэн төрийн тусгай албан хаагч бөгөөд ...шүүгч Д.А т ямарваа нэг хэлбэрээр нөлөөлөөгүй болохоо хариуцлагатайгаар хэлж байна.
Гомдол гаргагчийн ярьж буй эрүүгийн хэрэг маргаан нь одоо эцэслэн шийдвэрлэгдээгүй, Монгол Улсын дээд шүүхэд хянагдахаар явсан (нөхөр Д.М гийн хэлснээр) байгаа бөгөөд би тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан. Гомдол гаргагч нь Д.М болон намайг “...Т.Г , Х.Ч нарт 5.700.000 төгрөгийн шан харамж өгч, орон сууцыг хямд үнээр авсан...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэрэгт Т.Г , Х.Ч нар нь биднээс 5.700.000 төгрөгийг төөрөгдүүлж, хууран мэхлэн залилж авсан гэж мөрдөн байцаалтын шатанд үзэж, нөхөр Д.М г хохирогчоор татсан байдаг. ...Борлуулалтын ажилтан Т.Г нь хэд хоногийн дараа манай нөхөр лүү утсаар залгаж, "...захиралтай ярилцлаа, 3 давхрын тааз намхан орон сууцаа Э үт ажилладаг хүнийхээ шаардлагыг зөвшөөрвөл манай компаниас 1 м.кв-ыг 1.452.000 төгрөгөөр худалдахад татгалзах юмгүй, 6 давхрын орон сууцыг 1.650.000 төгрөг" гэж хэлсэн. 3 болон 6 давхрын орон сууц нь яг ижил м.кв-тай, 2 өрөө байсан тул өөрсдийн эдийн засгийн боломжийг харгалзаад 3 давхрын орон сууцыг худалдан авахаар тохирсон. Учир нь 6 давхрын орон сууцыг 107.000.000 гаруй төгрөг төлж авахаар байсан. Ингээд тааз намхан 2 өрөө орон сууцыг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, 64,9 м.кв орон сууцны үнэ 94.234.800 төгрөгийг (5.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 89.234.000 төгрөгийг Хаан банкны орон сууцны зээлээр) “И х ц” ХХК-д өгч, 5.700.000 төгрөгийг Э үт ажилладаг хүнд (тухайн хүн нь хөдөө явсан, мөд ирэхгүй, намайг аваад байж бай гэж хэллээ гээд Т.Г нь манай нөхөр рүү утасдаад, авсан байдаг) өгсөн. Манайх худалдан авсан орон сууцаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 5,44 м.кв дутуу байсан тул энэ талаар нөхөр Д.М гаас “И х ц” ХХК-д холбогдуулан иргэний хэргийн шүүхэд анх 2017 онд нэхэмжлэл гаргасан, хамгийн сүүлд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШТ2020/00541 дүгээр тогтоол гарсан. Бидэнд 7.898.880 төгрөгийн бодит хохирол, бусад хохирол учирсан тул шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан. Эхнэр, нөхөр нь шүүгч байлаа гээд эсхүл шүүгчээр ажилладаг гээд шүүхэд гомдол гаргаж, хохирлоо барагдуулах эрх хязгаарлагдахгүй. Гомдол гаргагч Н.С нь аливаа хэлбэрээр далайлгаж, “...шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тат, татахгүй бол шүүгч эхнэрийг чинь ажилгүй болгоно шүү”, мөн нөхөр Д.М бид хоёрыг ажлынхаа өрөөнд (2019 оны 12 дугаар сарын 26-ны үед) иргэний хэрэг дээрээ эвлэрье гэж дуудсан бөгөөд иргэний хэрэг маргаанаа талууд эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хуульд заасан боломжтой тул бид орж уулзсан. Тэр үед Н.С нь: “...Т.Г , Х.Ч нарт мөнгө өгсөн гээд мэдүүлэг өгчих, тэгвэл танай орон сууцны талбайн хэмжилт дутууг бодолцож, хойно шинэ ашиглалтад орж байгаа байранд 3 өрөө болгож өгье, татгалзах аргагүй санал тавьж байна гэх мэт хууль бус шаардлагыг тавьсан тул бид хүлээж авахгүй гарч ирж байсан. Түүнчлэн, гомдол гаргагч Н.С нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэргийг шалгаж буй шүүгчид намайг нөлөөлсөн гэх гомдлыг Сахилгын хороонд 2018 онд гаргасныг хэрэгсэхгүй болгож байсан.
Дээрх шан харамж өгсөн гэх 5.700.000 төгрөгийн асуудлыг гомдол гаргагч Н.С нь Т.Г болон Ч нар биднээс залилж авсан болохыг мэдсээр байж, мэдээгүй юм шиг үгүйсгэж, хууль, хяналтын байгууллагыг төөрөгдүүлж бичиж байгааг гайхаж байна. Т.Г нь энэ талаар анх манайхыг орон сууц худалдан авахад Н.С т хэлэхэд зөвшөөрсөн, энэ дагуу Н.С нь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нөхөр Д.М гийн нэр дээр гарсан, нөхөр бид 2 ч энэ тухай 2017 оны 04 дүгээр сарын эхээр (өдрийг тодорхой санахгүй байна, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнөх) Н.С т албан өрөөнд нь орж уулзахдаа ажилчдынх нь дэргэд хэлж байсан. Тухайн эрүү, иргэний хэрэг маргаан нь тусдаа шийдвэрлэгдэх журамтай, хуультай тул энэ талаар дэлгэрэнгүй бичих шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд гомдол гаргагч “И х ц” ХХК-ийн захирал Н.С ын гомдол нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “И х ц” ХХК-ийн захирал Н.С Шүүхийн сахилгын хороонд “...шүүгч Д.С нь шүүгчийн албан тушаал, хамт олон, нэг нутаг, найз нөхдийн гээд байж болох бүх хүрээнд шүүгч Д.А тэй хамааралтай байгаа нь түүнийг давуу байдлаа ашиглан шүүгчид нөлөөлөн хэрэг хянан шийдвэрлэхэд хууль бусаар нөлөөлсөн хэмээн үзэж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.23, 50.1.37-д заасныг зөрчсөн хэмээн үзэж шалгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Т.Г гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “би Д.С , Д.М нарт худлаа хэлж та хоёрын одоо авах гэж байгаа байрыг урьд өмнө захиалсан байсан хүн нь гэрээ шилжүүлсэн юм бол 5.700.000 төгрөг авна гэж байна гэж хэлээд би хувьдаа 5.700.000 төгрөгийг Д.М гаас бэлнээр Е э т хороололд байх 3-303 тоот ажлын өрөөндөө авсан. Энэ талаар Б.Г мэдэхгүй. Б.Г гэрээгээ шилжүүлэх юм бол мөнгө авна гэж надад хэлж байгаагүй, би мөнгөтэй болох гэж худлаа хэлж мөнгө авсан. Гэхдээ 2017 оны 06 дугаар сард худлаа хэлж мөнгө авсан талаараа Д.С д хэлж уучлалт гуйгаад түүний данс руу 2 хувааж 5.700.000 төгрөгийг нь өгсөн” гэх мэдүүлэг,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрч Б.Г аас мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Би анх захиалсан байраа болиод жижиг м.кв-тай байр захиалан бариулж авсан. Ямар учиртай 5.700.000 төгрөгийн талаар яриад байгааг ойлгохгүй байна. Би анх захиалсан Е э т хотхоны 3-303 тоот байрыг захиалан бариулах гэрээгээ бусдад шилжүүлээд 5.700.000 төгрөг авах талаар И х ц ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г гэх хүнд хэлж байгаагүй. И х ц ХХК-аас байр авах гэж 5.000.000 төгрөг урьдчилгаа өгсөн, буцаагаад ..нэг ч төгрөг аваагүй”, “...надад мөнгө өгөөгүй. Юу нь мөнгөний талаар яриад байгааг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрч Х.Б гаас авсан мэдүүлэгт “И х ц ХХК-ийн Е э т хорооллоос миний танил шүүгч Д.С эгч орон сууц авах гээд борлуулалтын ажилтан Г тай уулзаж урьдчилгаа мөнгө өгсөн чинь Г компанидаа тушаалгүй өөрөө авчих шиг боллоо, тухайн компанийн ажилтан нь юм чинь өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэх утгатай зүйл ярьж байсан. Яг хэдэн төгрөг Г д С эгч, түүний нөхөр өгсөн талаар мэдэхгүй байна. С шүүгч И х ц ХХК-аас орон сууц авахдаа Г д хахууль өгч орон сууц худалдан авсан гэх утгатай зүйл ярьж байгаагүй. Харин байрны урьдчилгаа мөнгө гэхээр нь өгсөн чинь Г нь өөрөө авчих шиг боллоо гэж ярьж байсан. Би өмнө нь бас гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлж байсан” гэх мэдүүлгүүдийг тус тус өгчээ.
... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.С , түүний нөхөр Д.М нар нь “И х ц” ХХК-аас “Э ү” ТӨҮГ-ын ажилчдад борлуулдаг ... аймаг, Эрдэнэт хот, 7А хороолол, “Е э т” төслийн хүрээнд баригдсан 3 дугаар байрны 303 тоотод байрлах 64,9 м.кв байрыг 1 м.кв-ийг 1.452.000 төгрөг буюу нийт 94.234.800 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
Шүүгч Д.С , түүний нөхөр Д.М нар 1 м.кв-ыг 1.650.000 төгрөгөөр борлуулдаг байрыг 1 м.кв-ыг 1.452.000 төгрөгөөр тооцож, худалдан авахаар гэрээ байгуулсан шалтгаан нь “Э ү” ТӨҮГ-ын ажилтан Б.Г захиалсан байраа м.кв-ыг том, төлбөрийг нь төлөх боломжгүй байна гээд өөр арай бага м.кв-тай байр авах болсон тул түүний байгуулсан гэрээг Д.М болгон өөрчилнө гэж хэлсэн “И х ц”ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Т.Г гийн үгэнд итгэн, түүнд байрны урьдчилгаанд 5.700.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг Хаан банкны зээлээр “И х ц” ХХК-д төлжээ.
Т.Г гийн Д.М г “Э ү” ТӨҮГ-ын ажилтан Б.Г ийн захиалсан байранд оруулж, зөрүү мөнгийг Б.Г т өгнө гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилан мэхэлж авсан зэрэг үйлдлүүдийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Г г гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.
Уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Н.С , түүний өмгөөлөгч А.А нар давж заалдах гомдол гаргаснаар ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/08 дугаар магадлалаар “...шүүгдэгч нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М , Э.Батмөнх болон өөрийн нөхөр Х.Ч нарт “Э ү” ТӨҮГ-ын ажилтнуудад орон сууц худалдан борлуулах хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан борлуулж, гэрээ байгуулан өөртөө болон бусдад давуу байдал тогтоосон үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх ...гэрээний аль ч үе шатанд өөр санал гаргах, татгалзах, цуцлах эрх, хугацаа байсан ...өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой байсан нь нотлогдоогүй ...гэмт хэргийн шинжгүй...” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Дээрхээс дүгнэж үзвэл шүүгч Д.С нь шүүгчийн албан тушаалын нэр хүндийг ашиглан хөнгөлөлттэй үнээр орон сууц аваагүй болох нь ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоол, ... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/08 дугаар магадлал, гэрч Б.Г , Х.Б , яллагдагч Т.Г нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.
... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А нь ... дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримтлан хараат бусаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлж, 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолоор яллагдагч Т.Г г гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгч Т.С ийг түүнд нөлөөлсөн гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгч Д.С д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүн О.Номуулингийн саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.С д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР