info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-07

Дугаар 193

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Н.Б  /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Б.Сугар илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Б.Сугар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ... шүүхийн баримт №12 /Шийтгэх/цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан тухай/ баримтаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг улсын яллагч М.С  болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц  нар нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гардаж авсан байх бөгөөд тэд гарын үсгээ зурж тогтоол гардаж авсан болохоо баримтад баталгаажуулжээ. Харин шүүгдэгч Б.А  2021/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хүргүүлэхээр 2022 оны 01 дүгэр сарын 05-ны өдөр шууданд хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Монгол шуудан” ХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/07 тоот албан бичгээр ...  аймгийн шүүхэд “...шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 05-нд хүлээн авч RD159881625MN код нааж албажуулаад Д  сум руу 2022 оны 01-р сарын 07-ны өдөр бэлдээд явуулсан. Д  сум 2022 оны 01 дүгээр сарын 14-нд хүлээн аваад эзэнтэй нь ярьсан хөдөө байна очихдоо авъя гээд 2022 оны 01 дүгээр сарын 20-нд эзэн нь хүлээн авсан байна” гэж мэдэгдэж холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлжээ. Иргэн Б.А  2021/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргах хугацаа сэргээлгэхийг хүсэж хүсэлтээ бичгээр гаргасан байх ба тус хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянаад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 2022/ШЗ/102 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа “... шийтгэх тогтоол надад 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирэхэд нь гардаж авсан, ...шүүхийн шийдвэрийг миний хаягаар шууданд хийсэн өдрөөр шийдвэрийг хүргүүлсэнд тооцдог байна. Миний хувьд өөрт холбогдох хэргийн гэм буруу зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй боловч байгаль орчинд учруулсан хохиролд 323,067,500 төгрөгийн нөхөн төлүүлэх тухай хэсэгт хохирлын хэмжээг багасгуулах талаар давж заалдах гомдол гаргах хүсэлтэй...” гэжээ. Шүүх түүний хүсэлтийг хянаад Б.А  нь тус шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хугацаанд гардаж аваагүй тул түүний хаягаар 2022  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шуудан хийж хүргүүлсэн, түүний өмгөөлөгч Ж.Ц д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тогтоолыг гардуулсан, мөн Б.А  нь шүүх хуралдаанд өөрийнхөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж оролцсон өмгөөлөгч Ж.Ц гийн хамт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд ирж гүйцэтгэх хуудас бичүүлсэн нь гүйцэтгэх хуудасны бүртгэлийн дэвтрийн 50 дугаарт тэмдэглэгдсэн байна гэж дүгнэжээ. ... шүүхэд шүүгчийн туслах ажилтай Э.О  Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр үйлдэж ирүүлсэн тайлбартаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд Б.А , өмгөөлөгч Ж.Ц гийн хамт тус шүүхийн 111 тоот өрөөнд ирж түүнтэй уулзсан,  мөн шийтгэх тогтоолыг хүргүүлснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрч тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон талаар удаа дараа утсаар холбогдон тайлбарлаж байсан тухайгаа дэлгэрэнгүй дурдсан байна. Мөн шүүгчийн туслах Э.О тай хамт 1 өрөөнд буюу 111 тоот өрөөнд хамт сууж ажилладаг гэх шүүгчийн туслах Б.Ц  Шүүхийн сахилгын хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа өмгөөлөгч Ж.Ц , Б.А  нар манай өрөөнд ирж шүүгчийн туслах Э.О тай уулзаж байсан талаар, мөн уг уулзалтаар юу яригдсан талаар дурджээ. Шүүхийн сахилгын хороонд ...  аймгийн Д  сумын Шуудан үйлчилгээний газрын ажилтан Б.Д 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.А  нь суманд байхгүй байсан тул хадам ах Моононборд тухайн өдрийн 16 цаг 50 минутад бичгийг өгсөн. Ахад нь өгсөн учир шуудан хүргэгчийн дэвтэрт би өөрөө гарын үсэг зурсан. Б.А  гарын үсэг зурж аваагүй нь үнэн болно гэсэн тайлбарыг бичиж ирүүлсэн байна. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар Б.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Гарьдманлай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 26-ны өдрүүдэд эмнэлгийн магадалгаатай байсан байх ба тэрээр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн байранд нэвтэрч орсон, шүүхийн 111 тоот өрөөнд шүүгчийн туслахтай өмгөөлөгчийн хамт шүүхийн шийдвэр шийтгэх тогтоолын талаар буюу тодруулбал гүйцэтгэх хуудас бичигдэхтэй холбоотойгоор уулзсан болох нь шүүгчийн туслахуудын тайлбар болон Б.А ын гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Мөн тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ өгсөн гэх үйл баримтууд тогтоогдож байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гардуулан өгөх харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн байх бөгөөд мөн зүйлийн 1.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө, 2.Шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг шүүх мэдэгдэнэ, 4.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ гэж тус тус хуульчлан зааж өгчээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасны дагуу улсын яллагч болон өмгөөлөгчид гардуулан өгсөн байх бөгөөд энэ хугацаанд гардаж аваагүй Б.А  мөн зүйлийн 4-т “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ” гэж заасны дагуу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох шийтгэх тогтоолыг шууданд өгсөн тухай баримт, шуудангийн байгууллага хүлээн авч хаягаар нь хүргүүлсэн тухай, шууданч өөрт нь биш ч хамаарал бүхий этгээд болох хадам ах Моононборд нь тус тус гардуулсан тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар шийтгэх тогтоолыг хуульд заасан арга хэлбэрээр хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд өргөдөлд дурдсан шийтгэх тогтоолыг гардуулж өгөлгүйгээр шууд гүйцэтгэх хуудас бичсэн гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй, шүүгчийг шийтгэх тогтоолоо хуульд заасан журмын дагуу шүүгдэгчид гардуулаагүй, хүргүүлээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул ... шүүхийн шүүгч Н.Б т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Н.Б  сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө" гэж, 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ" гэж, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна" гэж тус тус хуульчилжээ. Б.А  нь тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хуулийн хугацаанд гардаж аваагүй тул түүний оршин суугаа "Д  сумын 1 дүгээр баг, "Баянцагаан" гэх хаягаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шууданд хийж хүргүүлсэн, мөн түүний өмгөөлөгч Ж.Ц д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан болох нь тус шүүхийн "шийтгэх цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан тухай баримт №12, шуудангийн 159881625 дугаартай код, "шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэл"-41-ийн 1376 дахь мөрөнд бичигдсэн зэргээр тогтоогджээ. Шүүх шийтгэх тогтоолыг гардуулаагүй талаар Б.А  нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол шуудан ХК-ны ...  аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/07 тоот “Б.А ын шийтгэх тогтоолыг Д  сум 2022 оны 01 дүгээр сарын 14-нд хүлээж аваад эзэнтэй нь ярихад хөдөө байна очихдоо авъя гээд 2022 оны 01-р сарын 20-нд эзэн нь хүлээн авсан байна" гэх албан бичиг, Д  сумын шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн 63 дугаарт бичигдсэн шийтгэх тогтоолыг гардуулж өгсөн баримт, бичиг захидал, боодол дотуур дагавар гэх баримтын хуудас, тус шүүхийн шийтгэх цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан тухай баримт №12, шуудангийн 159881625 дугаартай код, шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн 41-ийн 1376 дахь мөрөнд бичигдсэн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаас харагдаж байна. Б.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон Ж.Ц  нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шийтгэх тогтоолыг тус тус гардаж авсан нь баримтаар нотлогдох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацаа байсаар атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргаагүй юм.Шийтгэх тогтоолыг гардуулж, хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Ж.Ц  нар шүүхийн байранд өөрсдийн биеэр ирж шүүгчийн туслах Э.О гийн өрөөнд "шүүхээс дуудсаны дагуу гүйцэтгэх хуудас бичүүлэхээр" ирж 2021/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолын гүйцэтгэх хуудсыг бичиж тухайн өдөртөө ...  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлсэн байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас “...шүүгч шийтгэх тогтоолыг шүүгдэгчид гардуулаагүй, давж заалдах гомдол гаргах эрхээр хангаагүй, шийтгэх тогтоол гардуулаагүй атлаа гүйцэтгэх хуудас бичсэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Б  даргалж, Б.А  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 2021/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор “....Б.А ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 323,067,500 төгрөг гаргуулж...” шийдвэрлэсэн байна. Тус шүүх хуралдаанд улсын яллагч М.С , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц , шүүгдэгч Б.А  нар оролцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж, 4-т “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ” гэж тус тус заасан.

Дээрх шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын яллагч М.С  болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц  нарт гардуулж, иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайхан, Б.Чулуунчимэг, шүүгдэгч Б.А  нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь сахилгын хэрэг шалгаж ажиллагааны явцад авагдсан шийтгэх тогтоол гардуулсан, танилцуулсан баримт, шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэл №41 дэвтрийн холбогдох хэсгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй талаар зохицуулсан. Хэргийн оролцогчоос хуульд заасан хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир шүүгч мөн хуулийн 37.2 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар гүйцэтгэх хуудас бичжээ.

Сахилгын хэрэгт авагдсан, “Монгол шуудан” ХК-ийн ...  аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/07 тоот албан бичигт, “Н.А ын шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад RD159881625MN код нааж албажуулаад Д  сум руу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлдээд явуулсан. Д  сум 2022 оны 01-р сарын 14-ний өдөр хүлээн аваад эзэнтэй нь ярьсан хөдөө байна очихдоо авъя гээд 2022 оны 01-р сарын 20-нд эзэн нь хүлээн авсан байна” гэж дурджээ. Монгол шуудан” ХК-ийн ...  аймгийн шуудан хүргэлтийн ажилтан Б.Д “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А  нь суманд байхгүй байсан. Иймд хадам ах Моононборд мөн өдрийн 16 цаг 50 минутад өгсөн. Ахад нь өгсөн учир шуудан хүргэгчийн дэвтэрт би өөрөө гарын үсэг зурсан” гэх тайлбарыг Шүүхийн сахилгын хороонд бичгээр ирүүлсэн байна. Мөн шуудан хүргэгчийн шуудан, илгээмж хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэрт Б.А  хүргүүлсэн албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэжээ.

Шийдвэрийг гардан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл хамаарал бүхий этгээдэд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаар шийдвэрийг гардуулсанд тооцох боломжтой бөгөөд өргөдөл гаргагч нь дээрх шийтгэх тогтоолыг өөрийн хадам ах Ж.Моононбороос 2022 оны 3 дугаар сарын 20-доор хүлээж авсан гэж Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хэлжээ. Эдгээр баримтуудаар Б.А  нь уг шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардан авсанд тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч оршин суугаа хаягтаа байгаагүйгээс хамаарал бүхий этгээдээр дамжуулан шийтгэх тогтоолыг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний давж заалдах гомдол гаргах хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан тул шүүгчээс гүйцэтгэх хуудас бичсэнийг буруутгахгүй.

Түүнчлэн, Б.А  нь өмгөөлөгч Ж.Ц гийн хамт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа өнгөрч, гүйцэтгэх хуудас бичигдэж буй талаар мэдсэн болох нь Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн шүүгчийн туслах Э.О гийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү үйл баримтыг өргөдөл гаргагчаас гэрчээр асуугдахдаа үгүйсгэсэн тайлбар гаргаагүй болно.

Мөн Б.А аас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Дээрхээс дүгнэвэл, шүүгч Н.Б  нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасны дагуу гүйцэтгэх хуудас бичсэн байна. Иймд түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Б т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН