МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-19
Дугаар 149
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч М.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... шүүхийн шүүгч М.М нь “Монголын залуучуудын холбоо” НҮТББ-аас хариуцагч Э.Н, А.А, Ж.Н, Г.Ч, П.А, Б.Д, Б.Т, Г.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2021/15850 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгч талын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/15965 дугаар шүүгчийн захирамжаар хангасан байна.
Өргөдөл гаргагчаас “...нэхэмжлэлийг 7 хоногийн дотор гардуулаагүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсныг мэдээгүй, хариуцагч тал уг захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан, ингэснээр гомдол гаргах эрхээ алдсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тайлбарлажээ.
Шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудан ХК-ийн гибрид /цахим/ шуудангаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсон хариуцагч нарын хаягаар нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагааг явуулж, хариуцагч нарыг шүүхэд дуудсан боловч хаягтаа байхгүй талаарх Засаг даргын тодорхойлолтууд иржээ. Иймд шүүгч М.М-ийн удирдлага дор шүүгчийн туслах А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 09, 2022 оны 01 дүгээр сарын 11, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд хариуцагч нарыг утсаар дуудах ажиллагааг явуулсан боловч зарим утас нь дуудлага авахгүй, зарим нь холбогдох боломжгүй байсан байна.
2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Б.Д нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ бусад хариуцагч нараас итгэмжлэл авч ирсэн боловч хэргийн оролцогчдын нэрсийг сольж бичсэн тул итгэмжлэлийг засуулахаар буцаан өгсөн, дахин авчирч өгөөгүй талаар гэрч А.Б мэдүүлэгтээ мэдүүлсэн.
Хариуцагч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/15965 дугаар шүүгчийн захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, уг захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШТ2022/00088 дугаар шүүхийн тогтоолоор хэвээр үлдээжээ. Өргөдөл гаргагч өргөдөлдөө дээрх захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авснаар захирамжид гомдол гаргах эрхээ алдсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
Түүнчлэн, Г.Б нь Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан байх ба “Монголын залуучуудын холбоо” НҮТББ-аас өөрт нь холбогдуулан нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн гэдгийг мэдэж байсан гэж үзэхээр байна. Хариуцагч Г.Б, А.А, П.А, Ж.Н нар нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг нэхэмжлэлд дурдсан хаягаар болон утсаар явуулсан байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг хугацаа алдан гардан авсанд шүүгчийг буруутгах боломжгүй.
Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2022/04397 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Ч, Б.Т нарыг албадан ирүүлэх захирамж гарч, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Г.Ч-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/04866 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр товлож, тус өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Г.Б-ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хойшилсон байна.
Иймд шүүгч М.М хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэн үндэслэлд хамаарахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн Г.Б-с шүүгч М.М-д холбогдуулан ... шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 102/ШЗ2021/15965 дугаар захирамжийг болон нэхэмжлэл гардуулах ажиллагааг хуульд заасан хугацааны дотор явуулаагүйгээс уг захирамжид гомдол гаргах эрхээ алдсан тул шийтгэл ногдуулж өгнө үү гэсэн утга агуулгатай гомдол гаргажээ.
... шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 102/ШЗ2021/15850 дугаар захирамжаар хариуцагч Э.Н, А.А, Ж.Н, Г.Ч, П.А, Б.Д, Б.Т, Г.Б нарт холбогдох “Монголын залуучуудын холбоо” НҮТББ-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.
Шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөхөөр ажиллагаа явуулахад нэр бүхий 8 хариуцагчаас зөвхөн нэг хариуцагч нь хаяг дээрээ байсан тул шүүхээс ажиллагаа хийж түүнд буюу Б.Д-д иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр гарын үсгээ зурж гардаж авсан болохоо баталгаажуулж баримтжуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно.
Харин хариуцагч Г.Б, П.Ар, А.А, Ж.Н нарт эрх үүргийг нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан байх бөгөөд ийнхүү хугацаа алдаж хариуцагч нартай холбогдож ажиллагаа хийсэн үйл баримт нь шүүхийн болон шүүгч М.М-ийн хууль бус, санаатай үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй, нэр бүхий хариуцагч нар нь бүртгэлтэй гэх хаягтаа байхгүй байснаас шууд шалтгаалсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн иргэн Г.Б-с ирүүлсэн өргөдлийг Шүүхийн сахилгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 46 минутад хүлээн авсан байх ба тэрээр уг өргөдөлдөө “... бид нэхэмжлэл болон Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан болно...” гэж өөрт нь холбогдуулан иргэний хэрэг үүссэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан болохыг мэдсэн байжээ.
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Б.Д ... шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 102/ШЗ2021/15965 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба уг гомдолдоо тус захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан тул хугацааг мөн өдрөөс тооцож гомдол гаргасан болохоо тодорхой дурдсан байна.
... шатны шүүх гомдлыг хүлээн авч 2022.02.14-ний өдөр хянан хэлэлцээд ... шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 102/ШЗ2021/15965 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ийн гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэжээ.
Дээрх дурдсан үйл баримтуудаар нэхэмжлэлийг хариуцагч Г.Б-т гардуулсан, хариуцагчийн гомдлоор ... шүүхийн шүүгчийн 2021.12.06-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 102/ШЗ2021/15965 дугаар захирамжийг хянасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул илтгэгч гишүүний шүүгч М.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч М.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН