info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-22

Дугаар 130

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны  танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар “М М К” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Г ын өргөдлөөр, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн С.Энхтөр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

"М М К" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г аас шүүгч Ц.О т холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан "Өргөдөл хуваарилах журам"-ын дагуу хүлээн авч хянаад Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлд зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 106 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, өргөдөлд бичсэн үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэх талаар дүгнэж, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал бичив.

"М М К" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г  гаргасан өргөдөлдөө: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 666 дүгээр шийдвэрээр "Д Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Ц.О шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш 68 хоногийн хугацаа өнгөрсөн боловч шүүх хуралдааны тэмдэглэл одоог хүртэл бэлэн болоогүй, хэргийн оролцогч, хариуцагч "М М К" ХХК-д одоог хүртэл танилцуулагдаагүй байх ба шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаан болсноос хойш 26 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарсан байдаг. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж чадаагүй боловч эрхээ хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах гомдлоо гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т зааснаар анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гараагүй шалтгааны улмаас давж заалдах гомдол гаргаснаас 29 хоногийн хугацаа өнгөрсөн байхад хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэл 68 хоног, шүүхийн шийдвэр 26 хоногийн хугацаа хэтэрч гарч, давж заалдах гомдлыг хүлээн авснаас 29 хоногийн дараа хүргүүлсэн зэрэг удаа дараа хуульд заасан хугацааг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан, шүүхэд итгэх иргэн, хуулийн этгээдийн итгэлийг алдагдуулж байна. Иймд шүүгчийн дээрх хууль зөрчсөн үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгч   Ц.О    гаргасан   тайлбартаа:   "Д г"   ххк-ийн нэхэмжлэлтэй "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж, уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардуулж өгсөн. Дээрх шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Б  шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь үнэн болно. Тэрээр бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүүхдээ эмнэлэгт сахиж, өөрөө ковид халдвар авч чөлөө авсны улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл гараагүйтэй холбогдуулан миний бие шүүхийн хэргийн хөдөлгөөний дарга, Тамгын газрын даргад яаралтай арга хэмжээ авах талаар удаа дараа шаардлага гаргаж байсан. Нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгснийг хянаж, мөн сарын 30-ны өдөр давж заалдах гомдлыг хүргүүлсэн болно. Шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй учир давж заалдах гомдлыг хугацаанд нь хүргүүлж чадаагүй гэжээ

Өргөдөлд бичигдсэн үйл баримтад хамааралтай бүрдүүлсэн нотлох баримт: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан баримт, хариуцагч талаас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдол, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан "...шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулж, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг хүссэн" хүсэлт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар "...хэргийг ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн" албан тоот, ... , ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар"... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас шүүх хуралдааны тэмдэглэл хугацаа хэтэрч албажуулсан нь үнэн болох талаарх" тодорхойлолт, Иргэн-2014 программ-д холбогдох шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл албажсан хэсгийг хуулбарласан баримт, Б.Б ийн чөлөөний хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тус шүүхийн Тамгын даргын тушаал, шүүгчийн туслах О.Б , Т.Н нарын ажил хүлээлцсэн баримт, гэрч О.Б , Б.Б , Т.Н нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд сахилгын хэрэгт авагджээ.

Холбогдох хуулийн зохицуулалтууд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивд шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ", 96 дугаар зүйлийн 96.2-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна", 119 дүгээр зүйлийн 119.3-т "Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна." 119.4-т "Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна." 163 дугаар зүйлийн 163.3-т "Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэж тус тус заажээ.

Санал: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О  даргалж, "Д Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг ... дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т д 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б д 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гардуулсан болох нь шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан баримтаар тогтоогдож байна. Хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан авсан байна.

Дээрх шүүхийн шийдвэр Иргэн 2014 системд шүүгчийн туслах О.Б ийн эрхээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр баталгаажигдсан байна. Энэ талаар гэрч О.Б  "...шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албажиж гарсан, ажил хүлээлцэх үе таарсан учир албажуулсан өдөр системд байршуулж чадаагүй" гэж, гэрч Т.Н "...ажил хүлээж авахад тус шүүхийн шийдвэр албажиж гарсан байсан, ажил хүлээлцэх үетэй давхацсан тул системд тэр даруй баталгаажуулаагүй үлдсэн байх" гэж тус тус мэдүүлжээ. Дээрх гэрчийн мэдүүлгүүд нь ..., ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/110 дугаар Т.Н г шүүгчийн туслахын албан тушаалд түр томилох тухай тушаал, шүүгчийн туслах О.Б ээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч Ц.О ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүд болон гомдол гаргах хугацаанд байгаа шийдвэрлэсэн хэргүүдийг Т.Н д хүлээлгэн өгсөн жагсаалтаар давхар нотлогдож байна. Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албажиж гарчээ.

Тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл Иргэн 2014 системд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталгаажигдсан байна. Энэ талаар уг хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Б  гэрчээр мэдүүлэхдээ "...миний бие бага насны хүүхэдтэй, илүү цагаар сууж ажиллаж чаддаггүй, тухайн үед хэргийн ачаалал өндөр байснаас олон шүүх хуралдаанд оролцсон, хүүхэд болон өөрөө өвдөж удаа дараа чөлөө авсан зэрэг өөрөөс шалтгаалах хувийн шалтгааны улмаас тэмдэглэлийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр албажуулж, Иргэн 2014 системд мөн сарын 03-ны өдөр баталгаажуулсан. Шүүгчээс тэмдэглэлээ гаргахыг удаа дараа шаардаж байсан" гэжээ. Үүнээс үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан хугацааг хэтрүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албажиж гарсан болох нь тогтоогдож байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б т 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл тус шүүхийн Тамгын газрын даргаас чөлөө олгосон болох нь түүний чөлөө хүссэн тухай өргөдөл, чөлөөний хуудсаар тус тус тогтоогдож байна. Мөн ..., ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар албан бичгээр тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хугацаа хэтэрч албажуулсныг үнэн болохыг тодорхойлсон бөгөөд шүүгч сахилгын хороонд гаргасан тайлбартаа шүүх хуралдааны тэмдэглэл хугацаа хэтэрч гарсан талаар тайлбарласан.

Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд албажаагүйгээс шалтгаалан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Ийнхүү шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас хугацаа хэтрүүлж гаргасанд шүүгчийг шууд буруутгах боломжгүй бөгөөд шүүгчээс дээрх хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлээ гаргахыг нарийн бичгийн даргаас удаа дараа шаардаж байсан болох нь Сахилгын хороонд гаргасан түүний тайлбар, гэрч Б.Б , О.Б , Т.Наранчимэг нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгч Ц.О  нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан "Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав гэжээ.

Шүүгч Ц.О ийн шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас, “... ХХК-ийн нэхэмжлэлтэй "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж, уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардуулж өгсөн. Дээрх шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Б  шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь үнэн болно. Тэрээр бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүүхдээ эмнэлэгт сахиж, өөрөө ковид халдвар авч чөлөө авсны улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй. ... нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгснийг хянаж, мөн сарын 30-ны өдөр давж заалдах гомдлыг хүргүүлсэн болно. Шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй учир давж заалдах гомдлыг хугацаанд нь хүргүүлж чадаагүй. ... шүүгчийн ажил үүргийн хуваарьт шүүх хуралдааны тэмдэглэл бичих үүргийг хүлээлгээгүй бөгөөд хяналт тавих үүргийнхээ хүрээнд хэргийн хөдөлгөөний дарга, Тамгын газрын даргад арга хэмжээ авч, ажиллахыг уг хугацаанд шаардаж ажилласан болно” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөлд,  ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр "Д Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Ц.О  шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

1.Шүүхийн шийдвэр гарснаас хойш 68 хоногийн хугацаа өнгөрсөн боловч шүүх хуралдааны тэмдэглэл одоог хүртэл бэлэн болоогүй, хэргийн оролцогч, хариуцагч "М М К" ХХК-д одоог хүртэл танилцуулагдаагүй,

2.Шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаан болсноос хойш 26 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарсан байдаг гэж өргөдөлд дурджээ.

            Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шинжлэн судалбал,

1.“... ХХК-ийн нэхэмжлэлтэй "М М К" ХХК-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэртэй шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаандаа албажаагүй нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах ... ажиллагааг хийж гүйцэтгэнэ", 96 дугаар зүйлийн 96.2-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно гэж үүргийг нь тодорхой заасан тул хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байсан нарийн бичгийн ажлын асуудлыг шүүгчид холбогдуулж буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Мөн шүүгч Ц.О  нь дээрх шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргуулах талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын дарга нарт шаардлага тавьж байсан нь гэрчийн мэдүүлэг, болон бусад баримтаар тогтоогдож байх тул шүүгч хэргийн хөдөлгөөнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

2. Дээрх шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гадуулсан баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б д 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  гардуулсан байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан авсан байх тул шүүгчийг шүүхийн шийдвэрийг бичих хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. “М М К” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Г ын өргөдлөөр Сахилгын хорооны гишүүн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.ДАВХАРБАЯР

 ГИШҮҮН                                                 Д.АРИУНТУЯА

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ