info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-17

Дугаар 125

Улаанбаатар хот

Сахилгын зөрчил нотлох дүгнэлтийг шийдвэрлэх тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяаг  оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Тус хуралдаанаар өмгөөлөгч Э.А гийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Т.Э т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа Сахилгын зөрчил нотлох дүгнэлтдээ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа би, Э.А гээс ...шүүхийн шүүгч Т.Э т холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авч, сахилгын хэрэг үүсгэн хянаад

 Нэг. Өмгөөлөгч Э.А : “ Миний бие Э.А  нь Улаанбаатар хот, ...шүүхэд иргэн Ө.А н нэхэмжлэлтэй, ... дүгээр цэцэрлэгт холбогдох ажлаас хууль бусаар халагдсан тухай иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Тус шүүхийн шүүгч Т.Э  даргалж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүх хурал болсон бөгөөд шүүгчийн гаргасан ... тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргахдаа дараах хууль бус үйлдэл гаргасан учир шалгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүгч шүүхийн шийдвэртээ хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй баримт бичиг үнэлсэн тухайд:

Хэргийн 212 дугаар хуудаст авагдсан ... дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 27н'7730 тоот албан бичиг болох “Ө.А д холбогдуулан хариуцагч ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгээс гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно" гэх агуулга бүхий бичгийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэрэгсэхгүй болгосон. Тус албан бичиг нь “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангагдаагүй байдаг. Энэ тухай өмгөөлөгчийн гаргасан гомдол хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилогдсон шүүх бүрэлдэхүүн ч мөн адил тогтоосон байна.

Энэхүү үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн шүүгчийн үйл ажиллагаа үндсэн зарчмын 1. Хараат бус, бие даасан байх буюу гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргах, 2. Хууль дээдлэх буюу хуулийн биелүүлж хэрэгжүүлэх гэх зарчмуудад харш бөгөөд тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-т заагдсан эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргасан байна.

Шүүгчийн шийдвэрт ашиг сонирхол агуулагдсан, хуульд нийцээгүй тухайд:

Хариуцагч болох Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/З6 тоот тушаалдаа “...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэл дурдагдсан, харин ... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Ө.А д холбогдох “Байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх"-ийг шалгаж байгаа талаар гомдол гаргасан. Гэвч шүүгч хамааралгүй харилцааг хамааралтай хэмээн хууль бус шийдвэр гаргасан байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн нөхрийг хариуцагч Д.Э өмгөөлөгчөөр хөлсөлсөн тул ерөнхий шүүгч П.Ц өөрөө татгалзан гарсан, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж тус шүүхийн шүүгч П.Т өөрөө татгалзан гарсан.

Харин шүүгч Т.Э  нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй өөр харилцааг хамааруулан, нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх зөрчлүүд илэрч байх тул миний гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Хоёр. Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Т.Э  2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Ө.А н нэхэмжлэлтэй, ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч Э.А  гомдолдоо хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдлын тухайд: Хариуцагч ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн ... дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 27н-1/730 дугаар албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж ирүүлсэн.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн. Одоо тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримтыг буруу үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн мэтээр гомдол гаргасан байна. Миний хувьд ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй болно” гэжээ.

Гурав. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ө.А  нэхэмжлэл гаргаж, хариуцагч ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбараа ирүүлсэн.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Ерөнхий шүүгч П.Ц ын татгалзан гарах тухай хүсэлтийг, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч П.Туяагийн татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар Ө.А н нэхэмжлэлтэй иргэний хэргийн хэлэлцэх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Э ийг томилсон шийдвэрийг албажуулжээ.

... дүүргийн ... дүгээр цэцэрлэгээс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаар албан бичгээр “..мэдээлэл цацсан Т.МН сайт болон мэдээлэл өгсөн иргэнийг тодруулан хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлт”-ийг Нийслэлийн ... дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна.

... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичгээр “..Ө.А д холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авч ... 210400005 дугаар авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэжээ.

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  ... дугаар шүүх хуралдааны тэмдэглэл,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар “...Ө.А н нэхэмжлэлтэй, ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгт холбогдох 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус маргаан бүхий хэргийг ...  аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 шүүх хуралдааны тэмдэглэл,

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор “..шүүгчийн захирамжийн үндэслэл болсон тухайн албан бичиг нь “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангагдаагүй байна. ..Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гомдол нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

...шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасны дагуу ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрээр “..Ө.А г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 7.274.590 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар магадлалаар тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

 Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяагаас авсан тодруулга зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Дөрөв. Гомдлын агуулга нь: Шүүгч шүүхийн шийдвэртээ хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй баримт бичиг үнэлсэн ... шүүгчийн захирамжид ашиг сонирхол агуулагдсан, хуульд нийцээгүй гэжээ.

Гомдол гаргагчийн дурдсан гомдлын дээрх үндэслэл нь сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийн үндэслэл болсон ... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичиг нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан байх бөгөөд тус хуулбар үнэн тэмдэгт хуулбарлан олгож байгаа өдөр нь бичигдээгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” гэж заажээ.

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийн үндэслэл болсон ... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27н-1/730 дугаар албан бичиг нь дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Мөн өмгөөлөгч Э.А гийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах гомдлыг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн байхгүй улмаас ...шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус маргаан бүхий хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор “..шүүгчийн захирамжийн үндэслэл болсон тухайн албан бичиг нь “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангагдаагүй байна. ..Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гомдол нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй хэмээн үзэж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 Иймд шүүгч Т.Э ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гомдол гаргагчийн “... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27н-1/730 дугаар “..Ө.А д холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авч ... 210400005 дугаар авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх албан бичгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хоорондоо хамааралгүй харилцааг хамааралтай гэж үзсэн”  гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд ...шүүхийн шүүгч Т.Э  зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв гэжээ

Шүүгч Т.Эндэнэтунгалаг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас,

“... Өмгөөлөгч Э.А  гомдолдоо хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдлын тухайд: Хариуцагч ... дүүргийн ... дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн ... дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 27н-1/730 албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “Төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын  “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаарлагыг хангаж ирүүлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн Д.Ариунтуяагийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай сахилгын зөрчил нотлох дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд, нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Өргөдөлд, “... шүүгч шүүхийн шийдвэртээ хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй баримт бичиг үнэлсэн ... шүүгчийн захирамжид ашиг сонирхол агуулагдсан, хуульд нийцээгүй гэжээ.

...шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийн үндэслэл болсон ... дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичиг нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан байх бөгөөд харин хуулбарлан олгосон өдөр нь бичигдээгүй байна.

Захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолд “...шүүгчийн захирамжийн үндэслэл болсон тухайн албан бичиг нь “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангагдаагүй байна. ...Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гомдол нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй хэмээн үзэж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүн, шүүгч Т.Э ийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт бичсэн.

Шүүгчийн захирамжийг хянаад “... Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гомдол нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй” хэмээн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон байх ба шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд явуулсан үйл ажиллагааг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй, тухайн зөрчил гэх үйл баримт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна гэж үзэж илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмгөөлөгч Э.А гийн өргөдлөөр ...шүүхийн шүүгч Т.Э т холбогдуулан гаргасан нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Ц.ДАВХАРБАЯР

           ГИШҮҮН                                                      Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН