МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-22
Дугаар 77
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн Б.Б ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Ж.Э т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийн 2022 оны 02 дугаар сарын сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-д:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож би, шүүгч Ж.Э т холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.
Б.Б өргөдөлдөө "...А үр ХЗХ нь Э.Л д холбогдуулж нэхэмжлэл гаргасан, талууд эвлэрч гэрээ байгуулсан, шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан нь хууль зөрчсөн, ...захирамжийг бүтэн сарын дараа гаргаж өгсөн, ...уг захирамжийг хүчингуй болгох хүсэлтийг хангахаас татгалзсан...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 23-т заасныг зөрчсөн,...хариуцлага тоцож өгнө үү" гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа "...шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэмжлэгтэйгээр Э.Л А үр ХЗХ-ны хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад, нэхэмжлэгч ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь тодорхойгүй байсан тул хуримтлагдсан хүүгийн төлбөрт 17,383,333 төгрөг гэж тодорхойлсныг дүгнэх боломжгүй тул шүүгчийн захирамжаар баталгаажуулахаас татгалзаж, үндэслэлийг дурдсан. Мөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг хангаагүй, Шүүхийн тухай хуулиин 50.1.23-тзаасан үйлдэл, эс үйлдлийг гаргаагүй" гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар "А үр" ХЗХ нь ... дүүргийн Эвлэрүүлэн зуучлахад хандаж Э.Л д холбогдуулан өргөдөл гаргасан, талууд 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ.
... шүүхийн шүүгч Ж.Э 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14349 дүгээр захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан, "А үр" ХЗХ шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргасан, тус шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 15880 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7.-т зааснаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-т заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана.
Шүүгч эвлэрлийг гэрээг баталгаажуулахаас татгалзахдаа "...өргөдөл гаргагч тал хуримтлагдсан хүү 17,383,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,476,667 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч хэдэн сарын хугацааны хүү нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтыг зөрчсөн байна..." гэсэн дүгнэлт хийжээ.
Шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас, мөн хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлийг захирамжид тодорхой заасан бөгөөд сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэх хийх эрхгүй болно.
Түүнчлэн эвлэрлийг гэрээг баталгаажуулахаас татгалзах үндэслэлийг хуульд тодорхой заасан, энэ тохиолдолд шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-тзаасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7.-т зааснаар шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулах ба эвлэрлийг багалгаажуулах хүсэлтийг шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн байх тул хуульд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн "А үр" ХЗХ нь 2021 оны 11дүгээр сарын 11-ний өдрийн 14349 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан талаар 2021 оны 12 дугаар 03-ний өдрийн 15880 дугаар захирамжид заасан байх тул "...захирамжийг бүтэн сарын дараа гаргасан" гэх гомдол үндэслэлгүй.
Иймд шүүгч Ж.Э т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцуүлэхээр шийдвэрлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн Ж.Э т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, гишүүний санал үндэслэлтэй байна гэж үзлээ.
Илтгэгч гишүүн “... Шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас, мөн хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлийг захирамжид тодорхой заасан бөгөөд сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэх хийх эрхгүй болно” гэж үзсэн нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.7.-т зааснаар “шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулах” ба эвлэрлийг баталгаажуулах хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгч хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн байгааг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Хэргийн оролцогч нь эвлэрэх эрхтэй боловч шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.4-д “эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасны дагуу эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр заасантай нийцэхгүй гэж үзжээ. Тухайлбал: ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15880 дугаар шүүгчийн захирамжинд “... сард төлөх хүүгийн төлбөр хэд байх, хэдэн сарын хүүгийн төлбөрт 17 383 333 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй ...” гэж дүгнэж, хүсэлтийг хангаагүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Шүүхийн сахилгын хороонд иргэний гаргасан өргөдлийг агуулгыг хянавал, шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, илтгэгч гишүүний сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал үндэслэл бүхий байх тул хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Б.Б ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Ж.Э т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР