МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-05
Дугаар 144
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагч Ц.З ын өргөдөлдөө дурдсан шүүгч Д.А ийн хаанаас, ямар эх сурвалжаас хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй дэвтрүүдийг хавтаст хэргээс гадуур шууд хуралдаанд оруулж, шийдвэрт нөлөөлүүлэхээр зүтгэж буй хууль бус үйлдлийг гаргасан гэх тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлт гаргасны дагуу шүүгч гэрч Х.Д , С.Б , Л.Б нараас мэдүүлэг авчээ. Гэрч Х.Д , С.Б нар нь “... ... аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд оролцохдоо зөвлөлийн нарийн бичгийн даргаас дэвтрээ авч тэмдэглэл хөтлөөд хуралдаан дуусахад хураалгаад гардаг байсан. Тэр дэвтэр Төрийн албаны салбар зөвлөлд хадгалагдаж байгаа” гэж, Л.Б нь “би одоо санахгүй байна” гэж тус тус мэдүүлжээ. Шүүгч Д.А нь дээрх дэвтрүүдийг байгаа эсэхийг тодруулахыг шүүгчийн туслах Н.Э т даалгаж, дэвтрүүдийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд явуулсан ажиллагаа гэж үзнэ. Шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй, хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй, шүүх хуралдаан хэзээ болохыг нууцалж, хуралдаан болохын өмнө мэдэгдэж хэргийн оролцогчдыг илтэд ялгаварласан, шүүх хуралдааныг олон хоногоор хойшлуулдаг, хууль бус үйлдэлтэй албан тушаалтан нарт давуу байдал үүсгэсэн гэх тухайд: С.А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад товлосныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр товлосон шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З болон бусад хэргийн оролцогч нарт тус тус мэдэгдсэн нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар нотлогдож байна. Уг захиргааны хэргийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилжээ. Ц.З нь шүүгчийн захирамжид гомдол гаргасныг ...шүүх “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, ...хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан тул захирамжийг хянан хэлэлцэх боломжгүй” гэх үндэслэлээр шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1900 дугаар захирамжаар гомдлыг буцааж шийдвэрлэжээ. Шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанаар Ц.З нь “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна. Шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр товлож, хэргийг шийдвэрлэсэн болох нь шүүгч Д.А ийн тайлбар, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтууд, шүүгчийн туслах Н.Э ын тайлбар зэргээр тогтоогдож байна. Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл дээрх хугацаанд шүүх хуралдаан хойшилж байсан нь шүүгчээс бус, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З хүсэлтээс шалтгаалжээ. Ц.З нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, ...хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” эрхийнхээ хүрээнд хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан. Шүүхээс мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “...долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзнэ. Б.Г ын нэхэмжлэлтэй, Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба ... шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар “...Х.Г ыг ...гэм буруутайд тооцсон” шийтгэх тогтоол нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дараа гарсан болох нь ... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, ...шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2021/0337 дугаар магадлал, тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл шүүгч Д.А ийг нэхэмжлэгч Б.Г д давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй. М.У ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Засаг дарга болон ... аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох захиргааны хэрэгт...өнөөдрийг хүртэл буюу 14 хоногоос дээш хонож байхад шийдвэрээ бичгээр гаргаж өгөөгүй гэх тухайд: Дээрх захиргааны хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 55 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарт гардуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З т 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан болох нь тус шүүхийн 55 дугаартай шийдвэр, шүүхийн шийдвэр гардуулсан тухай баримтаар нотлогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна” гэж тус тус заасныг шүүгч Д.А зөрчсөн гэж үзэхгүй. Тус шүүхийн ерөнхий шүүгч Т.О ийн шууд удирдлага доор байдаг учир нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан гэх тухайд: Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.О д С.А гийн нэхэмжлэлтэй, Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хуваарилагдсан байх ба тус шүүгч нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, уг захиргааны хэргийг шүүгч Д.А т шилжүүлсэн болох нь Ерөнхий шүүгч Т.О ийн хүсэлт, тус шүүхийн 73 дугаар зөвлөгөөний тогтоолоор нотлогдож байна. Ерөнхий шүүгч Т.О ийг шүүгч Д.А тэй нэг шүүхэд ажиллаж байгааг нь түүнд нөлөөлж, нэр бүхий хүмүүст ашигтай шийдвэр гаргуулсан гэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Иймд шүүгч Д.А ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.
Шүүгч Д.А ээс Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Ц.З нь С.А , Б.Г , М.У нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухайд анх ерөнхий шүүгч Т.О д хуваарилагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ерөнхий шүүгч Т.О “нэхэмжлэгч С.А нь нөхөр Д.Б тай ...хамтран ажиллаж байсан тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр татгалзан гаргаснаар тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай тогтоолоор Д.А надад шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахад “Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанд гишүүд тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд салбар зөвлөлдөө үлдээдэг байсан” гэж мэдүүлсэн тул ... аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс гишүүдийн хөтөлж байсан дэвтэр байгаа эсэхийг тодруулахад, Х.Д , Л.Б , С.Б нарын нэртэй 3 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг ирүүлснийг хэрэгт хавсаргаж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг 3 дэвтэр хэрэгт хавсаргасан талаар танилцуулсан. Ямар нэг байдлаар нэг талд баримт цуглуулаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэсэн. Шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Н.Э мэдэгдсэн бөгөөд хурлын товыг нууцалж, ялгаварласан үйлдлийг гаргаагүй. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасныг тус өдрийн 313 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжид хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах саналаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх болсон тул хэрэгт хавсаргасан 3 дэвтэрт үзлэг хийж, холбогдох хэсгийг хуулбарлан хэрэгт хавсаргасан болно. ...шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1900 дугаар захирамжаар хариуцагчийн гомдлыг буцааж, шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлосон. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан тул шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагт товлосон. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж,... аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар шийдвэр гарсан. ...шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслахаас “Ц.З шүүх хуралдаан эхлэх үеэр шүүхэд ирээд шүүгчийн талаар сахилгын хороонд гомдол гаргасан” гээд шуудангийн тасалбар үлдээгээд, хуралдаа орохгүй явсныг мэдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б ... аймгийн шүүхэд 2005 оноос 2010 онд шүүгчийн туслахаар ажиллаж байсан ба 2010 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Бид гэр бүлийн найз нөхдийн холбоогүй болно. Б.Г ын нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухайд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба ...шүүхийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч талаас уг хэрэгт шинээр илэрсэн нөхцөлийг хянуулах хүсэлт гаргасан тул хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр эрүүгийн шийтгэл оногдуулсан. М.У гийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Б.Г ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дугаартай захирамжаар хангасан. Б.Г ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүх рүү буцаахад хугацаа удааширсны улмаас шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 340 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Ямар нэг бусад шалтгааны улмаас шүүх хуралдааныг олон хоногийн зайтай хийсэн зүйлгүй. М.У гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн ба хуулийн хугацаанд бичсэн шийдвэрийг хэргийн оролцогч нарт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гомдол нь шүүх хуралдаан болсноос хойш 12 хоногийн дараа байна. ...шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 55 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ц.З нь С.А , Б.Г , М.У нарыг ... аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б ы хамаарал бүхий хүмүүс тул ерөнхий шүүгч Т.О ийн шууд удирдлага доор ажилладаг Д.А нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж гомдолдоо дурджээ. Миний бие нь ерөнхий шүүгч Т.О ийн хамт тус шүүхэд ажилладаг ч ерөнхий шүүгчийн удирдлага доор ямар нэгэн хэрэг, маргааныг шийдвэрлэж байгаагүй болохыг тэмдэглэж байна. Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хороонд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ц.З аас 5 үндэслэлээр ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А т холбогдуулан өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Б.Г ын нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох захиргааны хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр, М.У гийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох захиргааны хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр, С.А гийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэжээ. Дээрх захиргааны хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.З оролцож, шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалжээ.
Нэгдүгээрт, С.А гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй 3 дэвтэр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны өмнө хэрэгт авагдсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
С.А гийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Д “...зөвлөлийн гишүүдэд тэмдэглэл хөтөлдөг дэвтэр байсан, бид зөвлөлийн хуралдаанд оролцохдоо нарийн бичгийн даргаас дэвтрээ авч тэмдэглэл хөтлөн хуралдаан дуусахад хураалгадаг байсан. Уг дэвтэр Төрийн албаны салбар зөвлөлд хадгалагдаж байгаа” гэж, гэрч С.Б “...зөвлөлийн хуралдаанд ямар гишүүд оролцож, ямар санал гаргасныг салбар зөвлөлийн гишүүд өөрсдөө тэмдэглэдэг ба энэ нь дэвтрээс нь харагдана. Тухайн дэвтрүүд төрийн албаны салбар зөвлөлд хадгалагдаж байгаа” гэж тус тус мэдүүлжээ. Хэдийгээр уг гэрчийн мэдүүлгүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр сахилгын хэрэгт авагдсан байх боловч холбогдох шүүгч Д.А Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “...гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн 3 дэвтрийг хэрэгт хавсаргасан” гэж, шүүгчийн туслах Н.Э “...шүүгчээс гэрчийн мэдүүлэгт дурдсан 3 дэвтэр Төрийн албаны салбар зөвлөлд байгаа эсэхийг тодруулж, байгаа бол хэрэгт хавсаргахыг даалгасан. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс дээрх дэвтрүүдийг өөрөө очиж авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З ыг хэргийн материалтай танилцахад дэвтрүүд хэрэгт баримтаар авагдсан талаар хэлсэн” тухай тус тус тайлбарлажээ.
Иймд шүүгч Д.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд 3 дэвтрийг нотлох баримтаар гаргуулан авч холбогдох хэсгийг тэмдэглэл үйлдэн хуулбарлан хэрэгт хавсаргасан нь сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй.
Хоёрдугаарт, С.А гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг тухайн өдрийн өглөө 8 цагт мэдэгдсэн, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн, ингэснээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжтай танилцах боломж олгоогүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “...шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.” гэж заасан.
Дээрх захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 310 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад товлон зарлаж, хуралдааны товыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчийн туслах Н.Э хэргийн оролцогчдод мэдэгдсэн болох нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар захирамжаар шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзаж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 402 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлон зарлажээ.
Уг шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Н.Э оос 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн оролцогчдод мэдэгдсэн болох нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байх ба шүүгчийн туслах Н.Э ын сахилгын хороонд ирүүлсэн “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З д 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай захирамж гарсан талаар мэдэгдсэн” гэх тайлбараар давхар тогтоогдож байна. Иймд өргөдөл гаргагч Ц.З д шүүх хуралдааны товыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзнэ.
Түүнчлэн, Н.Э ын сахилгын хороонд ирүүлсэн тайлбараар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З д Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай захирамж гарсан талаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байхын зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар түүнд хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан байна.
Гуравдугаарт, тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар шүүхийн шийдвэр, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоор нэг хэргийг 2 өөр байдлаар шийдвэрлэсэн, шүүгч уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиргааны хэргийг түдгэлзүүлэх шаардлагатай байхад түдгэлзүүлээгүй, бусдад давуу байдал үүсгэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаартай шийдвэрийг ...шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар магадлалаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Шүүгч Д.А нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Тодруулбал, дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь бусдад давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Дөрөвдүгээрт, М.У гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
М.У гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З т 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус гардуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна” гэж тус тус заасан. Дээрх шүүхийн шийдвэрээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан авсан байна. Иймд шүүгч Д.А нь дээрх шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаа хэтрүүлж албажуулсан гэж үзэхгүй.
Тавдугаарт, шүүгч Д.А нь тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.О ийн шууд удирдлага дор ажилладаг учир нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.А гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.О д хуваарилагдаж, тэрээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, уг хэргийг шүүгч Д.А т шилжүүлсэн байна.
Ерөнхий шүүгч Т.О нь шүүгч Д.А т нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрхээс үзвэл өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байх ба шүүгч Д.А нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55-р зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН