МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-29
Дугаар 141
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугар илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Гомдол гаргагч нь урьдчилсан хэлэлцүүлгийн товыг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй улмаас хойшилсон, анхнаасаа нэхэмжлэлд байгаагүй 2 хуудас материалыг нөхөн оруулж, нэхэмжлэлийн 3-р нүүрийг сольсон гэсэн утга агуулгатай гомдол гаргажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримт болох 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтээр өмгөөлөгч Б.М нь нэхэмжлэгч Б.Б , О.Н , Э.М , Б.Д нарын өмгөөлөгчөөр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0127, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0134 дугаарын бүртгэлтэй итгэмжлэлүүдээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн баримт болон ...шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2/65 тоот албан бичгээр 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 30 минутад эхлэх урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийн оролцогчдод мэдэгдсэн. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Г ад хандаж урьдчилсан хэлэлцүүлэгт шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр нэг удаа 7 хоног хойшлуулах хүсэлт гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д шаардлагатай бол урьдчилсан хэлэлцүүлгийг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан байх бөгөөд шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. Шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг үндэслэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж шийдсэн байх бөгөөд энэхүү хойшлуулж үйл баримт нь шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдох учиргүй юм. Учир нь шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулахдаа өөрийн дур зоргоор, хуульд заагаагүй, эсхүл хуулийн илэрхий тодорхой зүйл заалтыг санаатай болон ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр, хуульд заасан хугацаанд нь багтааж шийдвэрлэсэн байгаа болно. ...шүүхийн “Нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл №6 дэвтэр”-т 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгээр уг дэвтрийн №1011 дугаарт бүртгэгдсэн Б.Б нарын нэр бүхий иргэдээс ... дүүргийн хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 34 минутад хүлээн авсан, хуудасны тоо 18, нэхэмжлэгчид гардуулсан нэхэмжлэлийн хувь 3 хуудас, хуваарилагдсан шүүгч С.Г байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар батлагдан нотлогдож байгаа болно. Дээрх үзлэг хийсэн тухай баримтууд, “Нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл №6 дэвтэр”, нэхэмжлэл, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд болон шүүгчийн захирамжууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгч С.Г нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нартай үгсэн хуйвалдаж хавтаст хэрэгт байгаагүй 2 хуудас материалыг нэмж оруулсан, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 3-р нүүрийг сольсон, илт хууль бус нотлох баримтыг хэргийн бусад оролцогчдод мэдэгдэлгүйгээр хавтаст хэрэгт оруулсан, шүүгчийн ёс зүйн ноцтой алдаа гаргасан, хэргийн оролцогчдын эрх ашгийг хохироож нэг талд үйлчилсэн гэх гомдол гаргагчийн гомдол нь баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх бөгөөд гомдол гаргагч иргэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хардах эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан, урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах үед хэрэгтэй танилцахад хэргээ дугаарлаагүй байсан, би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дундаас нь гуравдагч этгээдээр оролцсон, урьдчилсан хэлэлцүүлгийн үед нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөрүүтэй тайлбар хийж байсан тул гомдол гаргасан, шүүгч, туслах санаатай буруу зөрүү үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна, тус шүүх нь хэрэгтэй танилцуулж байгаа байдал нь их задгай, хараа хяналтгүй байсан гэж мэдүүлж тайлбар өгч байсан болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна. Гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байх бөгөөд шүүгч С.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн буюу мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд ...шүүхийн шүүгч С.Г ад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав гэжээ.
Шүүгч С.Г гаргасан тайлбартаа: “Шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэлийг шүүгч, шүүгчийн туслах хүлээж авдаггүй бөгөөд хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авдаг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан тусдаа байдаг болно. Маргаан бүхий тохиолдолд, иргэн Б.Б нараас ... дүүргийн Хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан А.С хүлээн авсан бөгөөд нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт нийт 18 хуудас материалыг хүлээн авсан байна. Хүлээн авсан 18 хуудас материалд гомдол гаргагчийн гомдолд дурдагдсан нэхэмжлэлд хавсаргасан баримтад байгаагүй гэх 2 хуудас баримт нь байсан байна. Мөн нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэлийн 3-р нүүрийг солиогүй бөгөөд солих ч боломжгүй юм. Энэ талаар шүүхээс үзлэг хийж, хариуцагч нарт гардуулсан нэхэмжлэлийн хувьтай тулгасан болно. Миний бие иргэн Б.Б , О.Н , Э.М , Б.Д нарын нэхэмжлэлтэй ... дүүргийн Хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын нэгийг ч танихгүй бөгөөд ямар нэгэн үгсэн хуйвалдсан зүйл байхгүй юм. Иймд "И М" СӨХ-ийн гүйцэтгэх захирал А.А аас надад холбогдуулан гаргасан гомдол нь огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй байх тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагчаас “...шүүгч, шүүгчийн туслахтай үгсэн хуйвалдаж, анх нэхэмжлэлд байгаагүй, 2 хуудас баримтыг нөхөн хэрэгт хийж, нэхэмжлэлийн 3 дугаар нүүрийг сольсон, шүүгчийн туслах Б.Б нь өөрийн хариуцсан ажилдаа хайнга хандаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны товыг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүйн улмаас хуралдаан хойшилсон...” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна.” гэж заасан.
Б.Б , О.Н , Э.М , Б.Д нараас ... дүүргийн Хөгжлийн төвд холбогдуулан 3 хуудас нэхэмжлэл, түүнд хавсаргасан 15 хуудас баримт, нийт 18 хуудас материалыг шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл, дардаст бичигдсэн тэмдэглэл, энэ талаар хүсэлт гаргасантай холбоотойгоор уг иргэний хэрэгт тус шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.М , А.С нарын гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М ын өгсөн гэрчийн мэдүүлэгт “...шүүхэд 18 хуудас буюу 3 хуудас нэхэмжлэл, 15 хуудас хавсралт баримт хүлээлгэн өгсөн” гэж, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, А.С гоос өгсөн гэрчийн мэдүүлэгт “...нэхэмжлэлийг 2 хувь бүртгэж аваад, 1 хувийг нь хавсаргасан баримттай нийлүүлэн тоолж нийт хэдэн хуудас байгааг тэмдэглэж авдаг” гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргагч А.А гаас өгсөн гэрчийн мэдүүлэгт “...хэргийн материалтай танилцахад маш хайнга, үдэж дугаарлаагүй баримтууд авчирч өгсөн. Хэн ч баримтыг солих магадлалтай санагдсан. Би хэрэг дундаас нь орсон болохоор баримтууд сольсон эсэх талаар сайн мэдэхгүй ч хариуцагч маргаж байсан болохоор анхаарсан. Тухайн зохион байгуулалтгүй байдлыг хараад шүүгчийг буруутгасандаа санаа зовсон. Манай эрх ашиг хөндөгдөж байгаа учир хардах эрхийнхээ хүрээнд уг гомдлыг гаргасан” гэж өргөдөлд дурдсан агуулгаас зөрүүтэй байдлаар мэдүүлжээ.
Иймд шүүгч С.Г нь хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нартай үгсэн хуйвалдаж хавтаст хэрэгт байгаагүй 2 хуудас баримтыг нэмж оруулсан, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 3 дугаар нүүрийг сольсон гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анх хүлээн авсан 18 хуудас нэхэмжлэл, баримтаас өөр нэмж ямар 2 хуудас баримтыг хэргийн оролцогч нарт танилцуулалгүй хэрэгт хавсаргасан болон нэхэмжлэлийн 3 дугаар хуудсыг сольсон гэх үйл баримт сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн өргөдөл гаргагчаас урьдчилсан хэлэлцүүлгийн товыг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүйн улмаас хуралдаан хойшилсон талаар өргөдөлдөө дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг тогтоосон бөгөөд 70.3.-т “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан.
2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Б , О.Н , Э.М , Б.Д нараас Б.М ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад товлож, хуралдааны товыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.У, А.А нарт 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн болох нь Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай баримт №10 тогтоогдож байна.
...шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2/65 тоот албан бичигт “...урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах болон хойшлуулахад шүүгчийн захирамж бичгээр гардаггүй” талаар дурджээ. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэхэд уг өдөр товлогдсон урьдчилсан хэлэлцүүлэг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М ын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хойшилсон байна. Энэ талаар гэрч Б.М шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...урьдчилсан хэлэлцүүлэгт заавал нэхэмжлэгч нар биечлэн оролцох шаардлагагүй гэж үзээд миний бие 4 нэхэмжлэгчээ төлөөлж, хүсэлт гаргасан. Хуралдааны товыг надад мэдэгдсэн” гэжээ. Иймээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуульд заасны дагуу хэргийн оролцогчдод мэдэгдсэн гэж үзнэ.
Дээрхээс үзвэл өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд шүүгч С.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Шүүгч С.Г ыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55-р зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч С.Г ад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР