info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-23

Дугаар 134

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

.... шүүхийн шүүгч Ч.О д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Б.Н Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...2020 оны ээлжит орон нутгийн сонгуульд Монгол Ардын намаас дахин нэр дэвшиж, иргэд надад дахин итгэл үзүүлсний дүнд ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй болж өнгөрсөн бөгөөд ... аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сонгуулийн үр дүнг баталгаажуулсан. Гэтэл шүүгч Ч.О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар захирамжаар аймгийн сонгуулийн хорооны тогтоолын хавсралтын Д.Б, Б.Н нарт холбогдох хэсгийн биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлтэй танилцуулах, нэхэмжлэлийг гардуулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй, гуравдагч этгээдээр оролцох талаар ямар ч ойлголт өгөлгүйгээр шүүх хурал хийсэн. Шүүгч Ч.О нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомжийг зөрчиж ... аймгийн ... намд үйлчилж нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь түүний эцэг, эх нь ... аймгийн ... намын идэвхтэй гишүүд бөгөөд эцэг н.Ч нь ардчиллын анхдагч гишүүн гэгддэг. Эх И.Д нь 2012-2016 онд ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ... намаас төлөөлөгчөөр сонгогдож улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. .... шүүх нь гайхалтай хурдтайгаар энэ асуудал дээр бусдаас өөрөөр ажиллаж байгаа нь Ч.О-ы ... намын захиалгаар ажилласныг нотолж байна. Эдний гэр бүл ... намд үйлчлэх, дэмжих нь нээлттэй хэдий ч шүүгчээр ажиллаж байгаа охин нь ... намтай холбоотой асуудал маргааныг шийдвэрлэхэд оролцож болохгүй. Шүүгч Ч.О нь өөрөө энэ асуудалд хувийн ашиг сонирхолтойгоор оролцож байгаа нь зөв зохистой үйлдэл мөн үү, өөрөө энэ шүүх хурлаас татгалзах ёстой байсан. Шүүхийн процесс ажиллагааг хуульд зааснаар явуулалгүйгээр гуравдагч этгээд миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар захирамж нь үг үсгийн болон утга агуулгын маш олон алдаатай байгаа нь шүүгчийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч .... шүүхийн шүүгч Ч.О-ы ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгч Ч.О тайлбартаа: “...Иргэн Д.И, Ч.Ө нараас ... аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан “...... аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Нэхэмжлэгч нар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг нэхэмжлэлд хавсарган, дахин 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүгчийн 133 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр Д.Б, Б.Н нарыг татсан. Гуравдагч этгээд Д.Б, Б.Н нарыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд дуудан ирүүлж, нэхэмжлэл, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гуравдагч этгээд татан оролцуулах тухай” 133 дугаар захирамж, нэхэмжлэгч нарын “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтүүдийг танилцуулсан. Шүүгчийн туслах Г.М холбогдох баримтуудыг үйлдэж, гарын үсэг зуруулах гэхэд гуравдагч этгээд нар нэхэмжлэл, хүсэлтийг гардан авах, урьдчилан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн баримтууд дээр гарын үсэг зурахаас татгалзаж, шүүхээс гарч явсан байдаг. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.И, Ч.Өнараас удаа дараа ирүүлсэн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч ... аймгийн сонгуулийн хорооны дарга М.Ө, гуравдагч этгээд Д.Б, Б.Н нарыг оролцуулах, тайлбар, нотлох баримт гарган өгөх боломжоор хангахын тулд бүхий л арга хэмжээг авсан. Нэгэнт хэргийн оролцогч нар уг ажиллагаанд оролцохоос зайлсхийх, хүрэлцэн ирэхгүй тохиолдолд албадан ирүүлэх зохицуулалтгүй юм. Миний аав Л.Ч, ээж И.Д нар нь ... намын гишүүн гэдэг нь үнэн. Гэхдээ эцэг, эхийнхээ улс төрийн итгэл үнэмшилд нь нөлөөлөх, хориглох эрх, боломж надад байхгүй. Д.И, Ч.Ө нарын нэхэмжлэлтэй, ... аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний аав, ээж, ... намын зүгээс “шахалт, тулгалт, шантаж” үзүүлээгүй. Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Энэ хэрэгт дээрх хуулийн үндэслэл байхгүй учраас миний бие татгалзал гаргаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд захиргааны актыг түдгэлзүүлж болохгүй талаарх тайлбарыг шүүхэд гарган өгөх, урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, тайлбар гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болно” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... шүүгчийн эцэг Л.Ч, эх И.Д нар нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар ... намд ямар нэгэн сонгуульт албан тушаал эрхлээгүй, өндөр насны тэтгэвэрт суусан иргэд байх боловч ... аймгийн ... намын гишүүн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдож, улмаар эх И.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан, энэ талаар аймгийн ард иргэд, олон нийт мэдэж байгаа энэ тохиолдолд нэр бүхий шүүгч нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор, ... аймгийн ... намаас нэр дэвшиж өрсөлдсөн иргэдийн нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1-д зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор буюу богиносгосон хугацаанд шийдвэрлэдэг боловч хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж тодорхой заасныг зөрчих эрх олгосон заалт биш.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээ товлон, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн шүүгчийн үйл ажиллагаа Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар захирамжаар иргэн Б.Н-ийн өргөдлөөр .... шүүхийн шүүгч Ч.Од холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Д.И, Ч.Ө нараас ... аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий хэрэгт иргэн Д.Б, Б.Н нарыг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч Д.И, Ч.Ө нар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаартай захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон байна.

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн... дугаар шүүгчийн захирамжаар ... аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтын Д.Б, Б.Н нарт холбогдох хэсгийг биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө: “..нэхэмжлэлтэй танилцах, нэхэмжлэлийг гардуулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй, гуравдагч этгээдээр оролцох талаар ямар ч ойлголт өгөлгүйгээр шүүх хурлыг хийсэн” гэжээ.

Шүүгч Ч.О ирүүлсэн тайлбартаа “Гуравдагч этгээд Д.Б, Б.Н нарыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд дуудан ирүүлж, нэхэмжлэл, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Гуравдагч этгээд татан оролцуулах тухай” 133 дугаар захирамж, нэхэмжлэгч нарын “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтүүдийг танилцуулсан. Шүүгчийн туслах Г.М холбогдох баримтуудыг үйлдэж, гарын үсэг зуруулах гэхэд гуравдагч этгээд нэхэмжлэл, хүсэлтийг гардан авах, урьдчилан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн баримтууд дээр гарын үсэг зурахаас татгалзаж, шүүхээс гарч явсан” гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэхүү өргөдөлтэй холбогдуулан шүүгчийн туслах тайлбар, шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн камерын бичлэг зэрэг сахилгын хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтуудаар өргөдлийн үндэслэлийг тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө: “..Шүүгч Ч.О нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомжийг зөрчиж ... аймгийн ... намд үйлчилж нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь түүний эцэг, эх нь ... аймгийн ... намын идэвхтэй гишүүд бөгөөд эцэг н.Ч нь ардчиллын анхдагч гишүүн гэгддэг. Эх И.Д нь 2012-2016 онд ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ... намаас төлөөлөгчөөр сонгогдож улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан” гэж дурдсан.

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгчийн эцэг Л.Ч, эх И.Д нар нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар ... намд ямар нэгэн сонгуульт албан тушаал эрхлээгүй, өндөр насны тэтгэвэрт суусан иргэд байх боловч ... аймгийн ... намын гишүүн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдож, улмаар эх И.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан, энэ талаар аймгийн ард иргэд, олон нийт мэдэж байгаа энэ тохиолдолд нэр бүхий шүүгч нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор, ... аймгийн ... намаас нэр дэвшиж өрсөлдсөн иргэдийн нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ” гэж дүгнэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ тодорхойлсон.

... аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаартай албан бичгээр шүүгч Ч.О  эх И.Д нь ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2013-2016 он хүртэл ажиллаж байсан, эцэг Л.Ч 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 

... аймгийн ... намын хорооны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр “Л.Ч, И.Д нар нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар намын ямар нэгэн сонгуульт албан тушаал эрхлээгүй, өндөр насны тэтгэвэрт суусан иргэд болно” гэжээ.

Шүүгч Ч.О-ы эцэг, эх нь маргаан болох цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сард ... аймгийн ... намын үйл ажиллагаанд оролцдоггүй, өндөр насны тэтгэвэрт байгаа зэргээс үзвэл  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох, татгалзан гарах үүрэгтэй байсан гэж буруутгах үндэсгүй юм.

Шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийг “..2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр товлон, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явуулсан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 70.1.2-т “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”,  70.3 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан, шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийг хуульд заасан хугацаанд хийгээгүй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ....” гэж заасан.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар шүүгч Ч.О гаргасан сахилгын зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд энэ талаарх илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .... шүүхийн шүүгч Ч.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                           ГИШҮҮН                                      Х.ХАШБААТАР

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ