info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-15

Дугаар 117

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн С.Энхтөр, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, өргөдөл гаргагч Ц.Г /ажиглагч/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э /хуучнаар/ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ц.Г 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “...Хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн М Ю Ю (үн: №000000000) “-” ХХК-аас өмгөөлөгч Д.Э-д 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлүүд дээр өөрөө гарын үсэг зурсан” гэдгээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин Яамны Консулын газар баталгаажуулсан нотариатын бичиг (2011) ZTDZZ №0000 ирүүлж нотолсон. Ц.Г нь надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үйлдэл холбогдлын гэм бурууг эцэслэн шийдвэрлээгүй, “итгэмжлэл” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан хэрэг нотлох баримт биш байхад ... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э нар Монгол Улсын шүүхийн 2013 оны 05 сарын 16-ны өдрийн .... шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1989 онд байгуулсан “Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх” гэрээний 7 дугаар зүйл, Монгол Улс 2008 онд нэгдэн орсон “Гадаадын албан ёсны баримт бичиг баталгаажуулах шаардлагыг халах тухай” Гаагийн 1960 оны конвенц, Монгол Улсын Консулын дүрэм, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2, 179.1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд шүүгч Л.Б, Ш.О, Д.Э нарт хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

 

... шүүхийн /хуучнаар/ шүүгч Л.Б, Ш.О, Д.Э ирүүлсэн  тайлбартаа: “...Гомдолд дурдсанаар ... шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” тогтоолыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2, 179.1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. ... Прокурорын газраас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “... Ц.Г нь 2008 оны 09 дүгээр сард иргэн Х.О ийн 2, Б.Б-гийн 1 орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавьж тэднийг хууран мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь ... дүүргийн прокурор 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр .... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн ... дүүргийн мөрдөн байцаах тасаг мөрдөн байцаалт явуулж байгаа нь шинээр илрэв. Б дүүргийн шүүгчийн захирамжийн заалтыг дутуу шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалт зөрчиж Ц.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...дугаартай прокурорын тогтоолыг Б дүүргийн прокурор Н.Э 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болгож хэргийг сэргээн, .... дугаартай эрүүгийн хэрэгт 000000 дугаартай хэргийг нэгтгэн шалгуулахаар ... дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Уг шийдвэр гаргах үед дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Ц.Г мэдэгдээгүй, шүүх бүрэлдэхүүн мэдэх боломжгүй байсан. Эдгээр нотлох баримтууд нь ...... дугаартай эрүүгийн хэргийн материалаас гарч ирсэн.

Иймд дээр дурдсан шинээр илэрсэн нөхцөл байдлууд илэрсэн тул ... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулна” гэх агуулга бүхий хүсэлтийг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, прокурор, нэхэмжлэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан шүүх хуралдаанаар мэтгэлцүүлэн хэлэлцээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 3 үндэслэлээр хянан үзэх юм. ... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэртэй хэргийн оролцогч болох прокурорын байгууллагаас шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3 дахь хэсэгт хамаарах үндэслэлийг зааж холбогдох нотлох баримтыг хавсаргасан байсан.

Тодруулбал .... тоот шүүхийн шийдвэрийг гаргах болсон хууль зүйн үндэслэл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол болох 689.433.663 төгрөг гаргуулах хүсэлт нь Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд үндэслэгдсэн байсан. Гэтэл Б дүүргийн прокурор Н.Э-гийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дүгээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоолоор “...Б дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 740 дүгээр захирамжид заасан зүйлүүдийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх үндэслэл зааж дээрх .... тоот шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ...дугаар тогтоолыг хүчингүй болгож 000000 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн байна.

            Иймд шүүхээс шийдвэр гаргах, иргэний хохирлыг гаргуулах шаардах эрхийн үндэслэл болсон төрийн байгууллагын шийдвэр буюу прокурорын 2012 оны ...дугаар тогтоолыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зохих журмын дагуу хууль бус байсны улмаас хүчингүй болгосон тул ... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3-т зааснаар хүчингүй болгосон. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн хэргийн баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 117/153/с дугаар тогтоолоор Ц.Г-ын нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 689.433.663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг буцаасан байх ба тус тогтоолд Ц.Г нь гомдол гаргаагүй байна. Шүүх .... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосноор, улмаар нэхэмжлэлийг буцааснаар иргэн Ц.Г-ын тухайн асуудлаар дахин шүүхэд хандах эрхийг хязгаарлаагүй болно” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Ц.Г-д холбогдох Эрүүгийн 000000 дугаартай хэргийг сэргээн шалгасантай холбогдуулан прокуророос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу ... Шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай “Ц.Г-д Засгийн газрын нөөц сангаас 0000000 төгрөгийг гаргуулан олгох”-оор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Эрүүгийн ...... дугаартай хэргийг сэргээн шалгаж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэх үндэслэл тогтоогдсон буюу шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд ... Шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг гаргасан байна. Прокурор хүсэлтдээ: “Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрүүгийн 000000 дугаартай хэргийн шийдвэр хүчингүй болсон. 2013 оны 11 дүгээр сарын 20-нд дээд шатны прокурорын шийдвэрээр уг эрүүгийн хэргийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг сэргээн шалгаж байгаа талаар мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.3–т заасан үндэслэл илэрсэн. Хүсэлтэд дурдсан нөхцөл байдал .... дугаартай шийдвэрийг гаргах цаг хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын 16-нд мэдэгдээгүй байсан” гэж тайлбарлажээ. Ингээд ... шүүх хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгч Л.Б, шүүгч Ш.О-д, Д.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд 132 дугаар шүүхийн тогтоолоор прокурорын “Шинээр илэрсэн  нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлтийг хангаж, ... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгч Л.Б, Ш.О, Д.Э нарт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Г-оос ... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э /хуучнаар/ нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрээр “..Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 0000000 төгрөгийг гаргуулан иргэн Ц.Г-д олгохоор” шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн үндэслэлд “..өмгөөлөгч Д.Э-д хуурамч итгэмжлэл бүрдүүлэн өгсөн хуурамч баримт ашиглан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ...эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...тоот прокурорын тогтоолоор Ц.Г-ын үйлдэлд иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хүсэлт гаргагч Ц.Г нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389, 390 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна” гэж дурджээ.

Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дүгээр прокурорын тогтоолоор “...иргэний хэргийн шүүх таслах ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүн таслах байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...дугаартай эрүүгийн 000000 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 000000 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулсан байна.

Прокурор Ц.Б “...... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай шийдвэр гарах үед дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Ц.Гмэдэгдээгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн мэдэх боломжгүй байсан. Эдгээр нотлох баримтууд нь ...... дугаартай эрүүгийн хэргийн материалуудаас гарч ирсэн. ...дээр дурдсан шинэ нөхцөл байдлууд илэрсэн тул ....... дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах саналтай” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

... шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар шүүгчийн тогтоолоор шүүгч Л.Б даргалж, шүүгч Ш.О, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй ... прокурорын “... шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэж тус шүүхийн .... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно”, 179.1.3-т “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 0000000 төгрөгийг Ц.Г-д олгохоор шийдвэрлэсэн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэлийн Б дүүргийн прокурорын газрын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...дугаар прокурорын тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дүгээр тогтоолоор хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг сэргээсэн үйл баримт нь .... дугаар шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзэх үндэслэл болсон байна.

Өргөдөл гаргагч өргөдлийн үндэслэлдээ “... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э нар Монгол Улсын шүүхийн 2013 оны 05 сарын 16-ны өдрийн .... шийдвэр хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1989 онд байгуулсан “Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх” гэрээний 7 дугаар зүйл, Монгол Улс 2008 онд нэгдэн орсон “Гадаадын албан ёсны баримт бичиг баталгаажуулах шаардлагыг халах тухай” Гаагийн 1960 оны конвенц, Монгол Улсын Консулын дүрэм, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2, 179.1.3 дахь заалтуудыг зөрчсөн” гэж дурдсан байх бөгөөд тус үндэслэлээр холбогдох шүүгч нарыг хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй юм.

Түүнчлэн өргөдөл гаргагчид холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэр бүхий шүүгч нарыг шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э /хуучнаар/ нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Л.Б, Ш.О, Д.Э /хуучнаар/ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

      ДАРГАЛАГЧ                                          Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 Ц.ДАВХАРБАЯР

                                                                          С.ЭНХТӨР