info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-20

Дугаар 155

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Ж.К д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...Ц.Б д холбогдуулан гаргасан М ТББ-ын нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч татгалзах үндэслэлгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй. Хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд шүүгчийн туслах хариуцагчийн хаягийг тодруулах ажиллагаа хийсэн ба хариуцагч шүүхийн дуудсан цагт ирээгүйгээс мэдэгдэх хуудас бичсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй. Тэрээр шүүхээс удаа дараа дуудахад ирээгүй тул албадан ирүүлэхээр захирамж гаргаж, нэхэмжлэл гардуулсныг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй...” гэжээ.

Шүүгч Ж.К тайлбартаа “...нэхэмжлэлийг хүлээн авч, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулахаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаягаар удаа дараа дуудахад ирээгүй тул шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийг хуульд зааснаар цагдаагийн байгууллага гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч иргэний хэрэг үүсгэснээс хойш 18 хоногийн дараа нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Эдгээр ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд сахилгын зөрчил гаргаагүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ц.Г өргөдөлдөө “...дурдсан гэрчилгээнүүдийг хавсаргаж өгөөгүй, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан нь хууль зөрчсөн, мөн шүүхийн харьяалал зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад иргэний хэрэг үүсгэсэн, иргэний хэрэг үүсгэхээс өмнө хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичиж, уг хуудсаа гардуулалгүй албадан ирүүлэх захирамж гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М” ТББ нь Ц.Б д холбогдуулан ...гэрээг хүчингүйд тооцож, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ... шүүхэд гаргасан, шүүгч Ж.К нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр шүүхэд ирэхийг хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн ... дүгээр захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэсний дагуу нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 66 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж үзжээ.

Өргөдөл гаргагч “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад иргэний хэрэг үүсгэсэн” гэсэн байх ба энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэгт хаяг бичигдээгүй, бүрэн бус, дутуу бичигдсэн, бичигдсэн хаяг нь өөрөө буруу, мөн бичигдсэн хаягт хариуцагч оршин суудаггүй байхыг ойлгох ба хариуцагчийн хаяг тодорхой бус байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.

Энэ үүднээс шүүгч, шүүгчийн туслах 2021 оны 10 дугаар сарын 20, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийг дуудахад хариуцагч Ц.Б ойлголоо, очно гэсэн хариу өгсөн талаар шүүхийн мэдэгдэх хуудаст тэмдэглэгдсэн байх ба хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг болох нь тогтоогдсоны дараа иргэний хэрэг үүсгэжээ. Иймд хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичсэн, тэрээр шүүхээс удаа дараа дуудахад ирээгүй тул албадан ирүүлэх захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “М” ТББ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхтэй гэснийг зөрчөөгүй байна.

Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах ба шүүгч Ж.К мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, шүүгч Ж.К д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Ж.К д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

Д.ЭРДЭНЭЧУЛУУН