МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-07
Дугаар 142
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, ажиглагч Н.Э , нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүгч Д.Б , ...шүүхийн шүүгч Б.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...Н.Э нь өргөдөлд дурдсан асуудлаар шүүгч Д.Б т холбогдуулан гомдол гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо 2016.11.24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд 193 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна. Б.М нь ... шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2015.01.16-ний өдөр наадхаа зайлуул гэж орилж хашгирсан, ...шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад намайг тавласан өнгөөр ёжилж байсан гэх зөрчил гаргасан нь тогтоогдоогүй болно. Иймд нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
Шүүгч Д.Б тайлбартаа “...Н.Э ын И.И нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2016.12.08-ний өдрийн 6961 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. Миний хувьд Н.Э ыг дарамталсан зүйл огт байхгүй бөгөөд өргөдөлд дурдсан асуудлыг тухайн үед Шүүхийн ёс хороо сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байгаа” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа “...өргөдөлд дурдсан тахар Т.Б ыг над руу турхирсан, шүүх хуралдаан хойшлуулахдаа ёжилсон гэсэн нь ямар ч үндэслэлгүй, шүүгчийг албан үүрэгтэй нь холбогдуулан гүтгэж доромжилсон гэж үзэж байна. Н.Э нь шүүгч Ц.Ц оос татгалзсан тул шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд түүний бие нь өвдсөн, халуурсан гэсэн ямар ч яриа болоогүй бөгөөд хэргийн оролцогчийг загнах, доромжлох ёжлох эрх байхгүй, ийм үйлдэл гаргаагүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Н.Э өргөдөлдөө “...шүүгч Д.Б шүүх хуралдаан дээр чи битгий ганцаараа гудамжинд яваа юм шиг орилоод бай гэж доромжилсон, шүүгч Б.М наадхаа зайлуул гэж орилж хашхирсан, тахар Н.Б миний зүүн гарыг мушгиж хөнгөн гэмтэл учруулсан, ...шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад тавласан доромжилсон өнгөөр үнэхээр халуураад байна гэж үү, шүүх хурлаа хойшлуулсан болж үзэхээс дээ гэж ёжилж байсан...” гэсэн агуулга дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
1. ...шүүгч Д.Б нь Н.Э ын И.И нарт холбогдуулан гаргасан хашаа байшин гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ...шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, УДШ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ.
Н.Э “...шүүгч Д.Б шүүх хурал дээр чи битгий гудамжинд яваа юм шиг орилоод бай гэж дарамталсан, ...үг яриулахгүй, маш дээрэлхүү...” байсан гэсэн гомдол гаргасныг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч шалгаад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 193 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч Н.Э гомдол гаргасан, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 66 дугаар магадлалаар тус хорооны 193 дугаар тогтоолыг хэвээр баталсан байна.
Н.Э ын өргөдөлд дурдсан үйл баримтын талаар шалгаад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа, энэ тохиолдолд шүүгч Д.Б т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал хэргийн баримтад үндэслэгдсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т заасныг зөрчөөгүй байна.
2. Б.М нь ... шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр наадхаа зайлуул гэж орилж хашхирсан, ...шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад тавласан доромжилсон өнгөөр харьцаж, ёжилж байсан...” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
... прокурорын газраас Т.Б нь ... шүүхийн байранд тахарын үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Н.Э ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаад прокурорын 2015 оны 03 дугаар сарын 27-ны 96 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл, хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан, шүүгч Б.М хууль болон дүрэмд заасан зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүгч Д.Б , ...шүүхийн шүүгч Б.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН