info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-26

Дугаар 14

Улаанбаатар хот

           Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн саналыг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...ийн 2021 оны 7 дугаар сарын 09, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн хуулбарыг авч өргөдөл гаргагчийн гомдолд дурдсан “...2021 оны 7 дугаар сарын 09-нд дахин шүүх хуралдаан болох ёстой байтал 2-ын нэг өмгөөлөгч ямар нэг шалтгаанаар ирээгүй энэ өдөр шүүгч Б хохирогч Ж намайг хэл амаар доромжилж хүн болгон хамраа хугалдаг чи ганцаараа хамраа хугалаагүй зэргээр загнаж ёс зүйн алдаа гаргасан мөн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар илт нэг талыг барьж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын танил тал гэдгээрээ хохирогч Ж миний хохирол гомдлыг шударга шүүж чадаагүй учир би маш их гомдолтой байна....” гэсэн агуулгатай гомдлыг шалгаж тогтоохоор бичлэгийг үзлээ.

            2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны бичлэгийг үзэхэд гомдолд дурдсан асуудал болоогүй, харин 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд шүүгч Н.Б бичлэгийн 3 минут 35 секундэд шийтгэх тогтоолыг уншиж сонсгоод тогтоолыг тайлбарласан байна.

            Бичлэгийн 6 минут 31 секундэд ... энэ гэмт хэрэг гарахад хохирогч Ж-гийн хууль бус, зүй бус үйлдэл хамгийн их нөлөөлсөн, ааш авир аяг би гэсэн байр сууринаас хандсан нь би эрхтэй, энд хүлээцтэй, ухаалгаар хандсан бол ийм үүсээд байгаа нөхцөл байдал гарахгүй байсан. Хамар нь хугарахгүй, гэмтэл авахгүй байх бүрэн боломжтой байсан. Хохирогчийн энэ үйлдлийг дэврээсэн хүмүүс бол худалдаа эрхлэгч нар байсан....гэж хэлж байна. 10 минут хүртэл үргэлжилсэн байна.

            Шүүгч Н.Б шийтгэх тогтоолыг шүүх хуралдааны оролцогчдод тайлбарлахдаа Ж-г хэл амаар доромжилж хүн болгон хамраа хугалдаг, чи ганцаараа хамраа хугалаагүй гэж загнасан гэсэн гомдол нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна.

            Өмгөөлөгч нарын танил тал гэсэн гомдол цугларсан баримтаар тогтоогдоогүй

Болно.

            Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар 28-ны өдрийн ...ийн шүүгч Н.Б-д

сахилгын хэрэг үүсгэсэн 118 дугаар захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна, гэжээ.

            Шүүгч Н.Б тайлбартаа: “Хохирогч Ж-гаас надад холбогдуулан гаргасан гомдолтой танилцаж өөрийн тайлбарыг холбогдох баримтууд болох шүүх хуралдаануудын бичлэг, тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, магадлал, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг эрүүгийн хэргийн хамаарал бүхий баримтуудыг хуулбарлан хүргүүлж байна. Уг материалууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэргийн оролцогч нартай шүүгч, шүүгчийн туслахаас харьцсан харилцааг баталгаажуулсан баримт юм. Шүүгч, шүүгчийн туслахын зүгээс оролцогч нартай доромж үг хэллэг хэлж харилцсан ямар нэг байдлаар загнаж зандарсан үйлдэл огт гаргаагүй бөгөөд эсрэгээрээ доромжлуулах, загнуулах байдал цөөнгүй гарч л байдаг.Шүүгчийн хувьд оролцогч нартай харилцах нь зөвхөн шүүх хуралдааны явц бөгөөд, энэ нь видео бичлэгт тусгагдаж байдаг. Бусдаар оролцогчтой харилцах шаардлага байдаггүй. Хохирогч Ж-г доромжилсон, загнасан зүйл ердөө ч байхгүй. Уг хэргийг шийдвэрлэхдээ ямар нэгэн ёс зүйн гэж ойлгогдохоор алдаа дутагдал гаргаагүй ээ. Уг гомдол гаргах шалтгаан нь хохирол нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлээгүйд л оршиж байна. Хохирлын нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрхэн шийдсэнийг сонсоод шүүхийн шийдвэрийг тайлбарлаж байхад энэ байдлаа илэрхийлэн хуралдааны танхимаас гарч явж байсан юм. Ж-гийн хохирсон хэргийг шийдвэрлэхэд хэн нэгэнд ямар нэгэн давуу байдал олгоогүй аль нэг талд нь үйлчлээгүй, тийм шаардлага ч алга. Улсын яллагч, өмгөөлөгч нар, шүүгдэгч нар хохирогч гээд хэргийг аль ч оролцогчийг таньж мэдэхгүй, анх удаа л энэ хэрэгт оролцоход нь харж харилцаж байна.Хохирлыг буруу шийдвэрлэсэн эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнэх учиртай. Уг хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд хохирогч Ж гомдол гаргасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн байгааг livecourt.mn сайтаас үзнэ үү. Хохирогч Ж-гийн надад холбогдуулж гаргасан гомдлыг холбогдох баримтуудыг нягтлан үзэж, шаардлагатай бол шүүх хуралдааны бусад оролцогч нараас тайлбар авч дүгнэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105.11 дүгээр зүйлийн 105.11.2 дахь хэсэгт зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Жич ... хохирогч Ж намайг хэл амаар доромжилж хүн болгон хамраа хугалдаг. Чи ганцаараа хамраа хугалаагүй зэргээр загнаж ёс зүйн алдаа гаргасан ... гэдэг нь миний хэлсэн үг ямартай ч биш шүү.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаар захирамжаар ...ийн шүүгч

Н.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.

            Гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...ийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

            Тус сахилгын хэрэгт ...ийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1842 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, тус өдрийн 2021/ШЗ/1842 дугаар захирамж, тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 824 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, тус өдрийн 2021/ШЦТ/824 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ДШМ/805 дугаар магадлал, ...ийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1160 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, тус өдрийн 2021/ШЦТ/1160 дугаар шийтгэх тогтоол, шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай баримт зэрэг нотлох баримтууд авагджээ.

            Дээрх баримтуудаар буюу шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээр шүүгч Н.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана.”  гэж заасны дагуу шийтгэх тогтоолыг тайлбарлах ажиллагааг явуулахдаа Жг  хэл амаар доромжилж хүн болгон хамраа хугалдаг, чи ганцаараа хамраа хугалаагүй гэж загнасан болох нь тогтоогдохгүй байна. Харин тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон үндэслэл, шалгаан нөхцөлийн талаар тайлбарлажээ.

            Өргөдөлд дурдсан дээрх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн
55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд
заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид
“сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэсэнд хамаарахгүй
байна. Өөрөөр хэлбэл, шүүгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй олгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн  авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Магадлалыг         гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

            3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар
магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон
өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар
баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд
даалгасугай.

            4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                         С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                       Д.ЭРДЭНЭЧУЛУУН